Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/733

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

хохирогч Ц.Ө, түүний өмгөөлөгч О.Чулуунгэрэл,

шүүгдэгч Д.О,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ө-н гаргасан давж заалдах гомдлоор Д.О-д холбогдох 2206 01590 1343 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

С  овгийн Д-н О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .......... худалдааны төвийн 1 дүгээр давхарын жимсний лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ “жимсэнд гараа дүрлээ” гэх шалтгаанаар иргэн Ц.Ө-тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овогт Д-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр .......... худалдааны төвийн жимсний лангуун дээр худалдагч Д.О-д зодуулж, хөнгөн гэмтэл авсны улмаас цагдаагийн байгуудлагад хандсан билээ. Миний өргөдөл, гомдолтой хэргийг шалгаад зохих арга хэмжээ авахуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хийж, түүнд 450.000 төгрөгөөр торгох, тухайн торгуулиа 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэсэн. Миний хувьд тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад үнэхээр гомдолтой байна. Учир нь, шүүх хуралдаан дээр миний бие муу байгаа, Д.О-д зодуулснаас болж толгой тархи хөдөлсөн, хамаг бие хөндүүр, нүд бүрэлздэг болсон зэрэг олон сөрөг үр дагавар бий болсон, цаашдаа эмчилгээ, асаргаа, сувилгаа зайлшгүй хэрэгцээ шаардлагатай тухайгаа илэрхийлсэн. Гэвч миний уг үндэслэлийг шүүх харгалзан үзэхгүйгээр цаашдаа учрах хохирол эмчилгээтэй холбоотой баримтуудыг судлахгүйгээр, цаашид эмчилгээ хийлгэвэл шүүгдэгчээс шаардах эрхгүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь миний эмчилгээ авах, цаашид учрах хохирлоо нэхэмжлэн гаргуулж авах боломжийг хязгаарласан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний хувьд хууль мэдэхгүй, шүүх хуралдаанд орж байгаагүй учраас өөрт учирсан хохирлын баримтаа гаргаж өгч чадаагүйн зэрэгцээ эмчилгээ хийлгэсэн баримтуудыг гаргаж өгөх ёстой талаар мөрдөгч, прокурор хүртэл хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг өөрчилж, миний цаашид учрах хохирлыг нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү. Мөн миний хувьд шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын хэмжээ үйлдсэн үйлдэлдээ тохирсон бус хэт бага шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Ц.Ө-н өмгөөлөгч О.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо хэргийн зүйлчлэл болон агуулгатай маргаагүй. Өөрөөсөө ахмад хүнийг зодож, гэмтээсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгчид хөнгөн ял, шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд цаашид учрах хор уршгийн талаар дурдаагүй байна. Хохирогч Ц.Ө нь эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтаа авч очиход шийдвэрлэж өгөөгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг дүгнэхэд бусдад зодуулсны улмаас цаашид үүсэх үр дагавар буюу эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээгээгүй нь буруу байна. Иргэний журмаар нэхэмжлэл гаргаад явахад нэхэмжлэх эрхгүй мэт агуулгатай байна. Тиймээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлдлийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал зэргийг нотлох баримт байвал төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Эмчилгээний зардалд хохирогч Ц.Ө-д 500.000 төгрөгийг өгсөн. Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 470.000 төгрөг гэж тогтоогдсон боловч миний зүгээс хохиролд 500.000 төгрөгийг төлсөн. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь багадсан гэж үзэж давж заалдах гомдол гаргажээ. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Д.О-с 500.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр өгөх хохирлын талаарх баримт байгаа эсэхийг асуухад баримт өгөөгүй. Өнөөдөр ч хохирлын баримт гаргаж өгөөгүй байна. Иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэд нь тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ............. худалдааны төвийн 1 дүгээр давхарын жимсний лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ “жимсэнд гараа дүрлээ” гэх шалтгаанаар иргэн Ц.Ө-тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ө-н “... Би “........” төвийн 1 дүгээр давхраас хүнс худалдан авахаар орсон ба жимсний тасагт очоод жимс авах гээд амсаж үзтэл амт муутай байхаар нь өөр лангуунаас жимс худалдаж авах гээд зогсож байтал жимс амсаж үзсэн лангууны худалдагч О намайг хэл амаар доромжилж хараагаад байсан. Гэнэт үсдэж аваад миний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохисон. ...” /хх 17-18/,

Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би яагаад намайг доромжлоод байгаа юм, би таньд хийсэн гэм байхгүй, ингээд явчих гэж хэлтэл тоохгүй байхаар нь баруун гараараа түүний нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. ...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Ө-н биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4839 дугаартай дүгнэлт /хх 27-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Д.О-г хохирогч Ц.Ө-г  цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Д.О-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “... хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” -аар зохицуулсан бөгөөд хохирогчийн гомдолд дурдсанаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул хохирогч Ц.Ө-н гаргасан “...Д.О-д оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. ...” гэх гомдлын үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Ц.Ө-г цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг хэрхэх талаар тусгаагүй, шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Иймд хохирогч Ц.Ө-н давж заалдах гомдлоос “... хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Ц.Ө нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Ө-н гаргасан давж заалдах гомдлоос “... шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР