Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Б.Нямханд,

хохирогч Н.Норовсүрэн

шүүгдэгч Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, “Хас” караокег түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Л . Шүүгдэгч Л 2017 оны 9 дүгээр сарын 9-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” караокед хамтран амьдардаг Н.Норовсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Норовсүрэн бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, миний өөрийн нэг дагавар хүүхэд байдаг. Одоо бид хамт амьдарч байна. Норовсүрэнд гар хүрсэн нь миний буруу гэв. Хохирогч Н.Норовсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Би нөхрийгөө буруугаар ойлгосноос болж энэ асуудал гарсанд миний өөрийн буруу ч бас байгаа гэж бодож байна. Л  бид хоёр дундаасаа хүүхдүүдтэй одоо хамт амьдарч байгаа. Л д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Л  бид хоёр хааяа муудалцах үе байдаг ч яг ийм байдалд хүрч байгаагүй, намайг байнга цохиж зодсон зүйл байхгүй гэв. Хавтаст хэргээс: Хохирогч Н.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн орчим “Хас” караокед ирэхэд манай нөхөр намайг хөөсөн. Тэгснээ миний нүүрэн тус газар хоёр удаа цохиж авсан. Тэгээд би гарч зугатаад цагдаа дуудсан. Цагдаа Л  бид хоёрыг машинд суулгасан ба манай нөхөр миний гарыг хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/ ...“Би Л  гэх хүнтэй 2014 оноос хойш хамтран амьдарч байгаад 2017 оны 4 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. 2017 оны 9 дүгээр сарын 7-нд Л гийн 99643039 дугаараас эмэгтэй хүн над руу яриад “Л г хайрладаг хүн байдаг юм. Чи хоёр хүүхдээ аваад зүгээр яв” гэж яриулахаар нь би Л тэй уулзахаар түүний ажиллуулдаг “Хас” караокед очсон. Намайг очиход Л  байгаагүй ба түүний дагавар хүүхэд нь болох Хувьтөгөлдөр байсан. Би Хувьтөгөлдөрөөс орлогын мөнгөний тал болох 100000 төгрөгийг зөөгч залуугаас авч явсан. Маргааш орой нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 8-нд Л тэй уулзахаар 20 цагийн үед “Хас” караокед очсон. Намайг очиход Л  уурлаад байхаар нь би хөл рүү нь нэг удаа өшиглөхөд зөрүүлээд миний нүүрлүү цохичихоод гараад явсан. Би араас нь гараад очиход Л  намайг гараараа түлхчихээд цаашаа явахад түүний хамаатны залуу “Чи манай ахыг дээрэлхлээ” гээд миний хоолойноос гараараа барьж багалзуурдаад, цохих гэснээ больсон. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд, цагдаагийн машинд суугаад явж байхад Л  миний баруун гарын эрхий хурууг хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ Яллагдагч Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Хас” караокед ажлаа хийж байхад манай эхнэр Норовсүрэн 00 цагийн орчим гаднаас согтуу орж ирээд намайг алгадаад өшиглөсөн. Би гарч яваад үүдэн дээр гарч зогссон. Тэгэхэд намайг үсдээд бас өшиглөж зодсон. Би буцаж ороод дээд талын хаалгыг бариад оруулахгүй гэсэн. Тэгтэл хүчээр татаж орж ирсэн. Тэгээд буудлын гадаа намайг дахиад зодохоор нь би “энэ болихгүй юм байна” гэж бодоод гараад явсан. Удалгүй буцаж очиход цагдаа ирсэн байсан. Өчигдөр шөнө манай зөөгч миний 15 настай хүүг цаг гаруй зодсон хэл амаар доромжилсон, миний түрийвчинд байсан 200000 гаруй мянган төгрөгийг авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь манай зөөгч Од, манай хүү 2 маань гаргахгүй гээд хашиж зогссон чинь зодоод байсан нь камерын бичлэгт туссан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/ ...“2017 оны 9 дүгээр сарын 8-ны 22 цаг болж байхад “Хас” нэртэй караоке дээрээ ажлаа хийгээд байж байтал Норовсүрэн гаднаас согтуу орж ирээд намайг текний ард зогсож байтал чи яагаад намайг тусгай зөвшөөрөлгүй паб ажиллуулдаг гэж цагдаад хэлж байгаа юм бэ, чамаас болоод би цагдаад торгууллаа гэж ирээд шууд нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан ба тухайн үед олон үйлчлүүлэгч байсан болохоор би санаа зовоод гадагшаа гарсан юм. Тэгтэл Норовсүрэн араас дагаж гарч ирээд миний толгойн ар хэсэг рүү хоёр удаа гараараа цохиод хөл болон бэлэг эрхтэн рүү хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би дотогшоо ороод дахин зодуулахгүйн тулд гадаа хаалгаа татсан чинь гаднаас татсаар байгаад Норовсүрэн орж ирээд дахиад л хөл толгойгүй цохиж зодоод намайг үсдээд доош нь дарчихаар нь би уурлаад тэвчилгүй, Норовсүрэнг тэвэрч аваад түлхэж унагаагаад нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохьчихсон юм. Тэгээд би гадагшаа гарч жаахан тайвширч алхаж байгаад буцаад иртэл Норовсүрэн цагдаа дуудчихсан байсан. ...Норовсүрэн намайг элдэв янзаар доромжлоод байн байн салаавч гаргаад ам руу хийгээд байхаар нь би баруун гарынх нь эрхий хурууг хазчихсан юм. /хх-ийн 41/ Гэрч А.Тэрбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тото нэртэй буудалд хамгаалагчаар ажилладаг ба буудлын доод давхарт “Хас” караоке ажилладаг. 2017 оны 9 дүгээр сарын 8-нд ажил дээрээ байж байтал гаднаас Норовсүрэн согтуу орж ирээд шууд доошоо караокены хаалгыг хүчтэй нүдэж байгаад дотогшоо орсон. Төд удалгүй Л  түрүүлээд гадагшаа гарсан ба араас нь Норовсүрэн ирээд “Чи миний ажиллуулдаг пабыг цагдаа явуулж хаалгууллаа” гээд байсан. Намайг ресторан руугаа орчихоод гараад ирэхэд Норовсүрэн Л г хөл гараараа нүүр нүдгүй цохиж зодож байсан. Тэгээд Л  хэсэг зодуулж байгаад уурлаад Норовсүрэнг текний хажуу руу түлхэж газар унагаагаад дээрээс нь ганц хоёр удаа нүүр лүү нь цохьчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №11478 дугаартай Шинжээчийн дүгнэлт: “Н.Норовсүрэнгийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, баруун гарын 1-р хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн шуу, зүүн дал, нуруу, баруун ташаа, хэвлийн цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь ммохоо ирмэгтэй ба мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36/ Камерийн бичлэг хуулбарласан нэг ширхэг флаш, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, ял шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Л 2017 оны 9 дүгээр сарын 9-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” караокед хамтран амьдардаг Н.Норовсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Н.Норовсүрэнгийн“...2017 оны 9 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн орчим “Хас” караокед ирэхэд манай нөхөр намайг хөөсөн. Тэгснээ миний нүүрэн тус газар хоёр удаа цохиж авсан. ..манай нөхөр миний гарыг хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/ ...намайг очиход Л  уурлаад байхаар нь би хөл рүү нь нэг удаа өшиглөхөд зөрүүлээд миний нүүр лүү цохичихоод гараад явсан” /хх-ийн 31-32/ гэх мэдүүлэг, гэрч А.Тэрбишийн“...Л  хэсэг зодуулж байгаад уурлаад Норовсүрэнг текний хажуу руу түлхэж газар унагаагаад дээрээс нь ганц хоёр удаа нүүр лүү нь цохичих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 36/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-27/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Прокуророос Л д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Л г гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Норовсүрэнгээс “миний бие нөхөр болох Л тэй эвлэрсэн тул хэргийг энгийн аргаар шийдэж өгнө үү, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Л г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Л цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ