Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 793

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-т холбогдуулан ажил олгогчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингийн нэмэгдэл 409 509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюун-Ундрам, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Э- нь 2013 оноос хариуцагч байгууллагад мэргэжилтэн, 2015 оны 6 дугаар сараас ахлах мэргэжилтэн, 2015 оны 10 дугаар сараас захиргаа удирдлагын хэлтсийн дарга, 2017 оны 2 дугаар сараас технологи мэдээлэл, сургалт, судалгааны хэлтсийн дарга, 2019 оны 5 дугаар сараас захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогдож, тус байгууллагад нийт 7 жил ажилласан. Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ сайн хийж гүйцэтгэсэн ба сахилгын шийтгэл авч байгаагүй. Нягтлан бодогч С.Золзаяа, М.Оюун-Ундрам нар тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ажлын байр болон сэтгэл санааны хууль бус дарамтанд орсон. 2019 оны 5, 6 дугаар сард үндэслэлгүйгээр цалингийн 15 хувийг хассан. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нарийн бичиг утсаар “ажилдаа ирэх хэрэггүй, ажлаас халах тушаал гарсан, дуудсан цагт ирж ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэсэн. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр захирлын 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбарыг хүлээн авсан.

Дээрх тушаалд олон дүрэм, журам зааврыг дурдсан боловч яг ямар зөрчил, хэрхэн гаргасныг тодорхой заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй зүйлсийг тушаалд заасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд ажилдаа ирээд хуралд орсон, 16-ны өдөр “битгий ир” гэж хэлсэн. Нэхэмжлэгч зохих ёсны дагуу ажлын шаардлага тавьсны төлөө хавчигдаж, гадуурхагдсан. Түүнчлэн, тус төвийн бүтэц, ажлын байр, албан тушаалын нэр өөрчлөгдөх тохиолдол бүрд ТЭЗҮ, барилгын зураг төсөл, барилгын угсралтын ажил болон ажлын явцад хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах гэсэн ажлын чиг үүргийг гүйцэтгэж байсан учир барилгын инженерийн мэргэшсэн зэргийн нэмэгдлийг хамтын гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу үндсэн цалингийн 15 хувиар олгож байсныг үндэслэлгүйгээр хассан.

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хэлтсийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар энэ асуудалд гомдолтой байгааг илэрхийлсэн, энэ үед Захиргаа санхүүгийн хэлтсийн ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдон төвийн санхүүгийн тооцоо баримт, санхүүгийн тайлан, нягтлан бодогчийн ажил, мөнгө зарцуулалт, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулж байгаа, зарцуулах гэж байгаа талаар зөрчлүүд илэрсэн учир шүүмжлэлтэй хандаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж тодруулж эхэлсэн. Үүнээс болж төвийн дарга А.Буяннэмэх, нягтлан бодогч С.Золзаяа нар илтэд ажлаа хийх боломжгүй байдалд оруулж, олон өдөр сэтгэл зүйн дарамтанд байлгасан. Сүүлдээ ямар ч ажилтан надад шаардсан материалыг өгөхгүй, хэн ч үг хүлээх авахгүй, нэгдсэн арга хэмжээнд оруулахгүй, дуудахгүй, мэдэгдэхгүй болсон.

Иймд урьд эрхэлж байсан Санхүү захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 8 697 666 төгрөг, цалингаас суутгасан 15 хувийн зэргийн нэмэгдэл 409 059 төгрөг, нийт 9 106 725 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус төвд 2019 оны 4 дүгээр сард хийгдсэн хяналт, шалгалтын ажлын тайлангийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2.1-д хоёр орон тоон дээр барилгын болон сургалтын мэргэжилтэн авсан, нэгжийн даргад мэргэжлийн бус ажилтан тавьсан зэрэг зөрчилтэй, төмөр замын хөдөлгөөн удирдлагын дадлага туршлагатай мэргэжилтэн боловсон хүчнийг сонгох заалтыг хэрэгжүүлж, төвийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Технологи, мэдээлэл, сургалт, судалгааны хэлтсийн дарга Б.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Захиргаа санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Б.Э- нь дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 2.8.5 дахь заалтыг удаа дараа зөрчиж, ажлын байранд ажилтнуудыг хэл амаар дайрч доромжлох, дарамт шахалт үзүүлэх зэргээр зүй бус үйлдэл гаргаж, энэ нь ажилтнуудын өргөдөл, гомдлоор нотлогдсон ба хүндэтгэх шалтгаангүйгээр 2019 оны 7 дугаар сарын 9, 10, 16-ны өдрүүдэд ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.9-т заасныг зөрчсөн. Ажил тасалсан шалтгаан нь ямар нэг чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагаар нотлогдоогүй, 09-ний өдөр удирдлагад мэдэгдэлгүй шалтгаангүйгээр ажил тасалж, ажилчдын цалингийн төлбөрийн хүсэлт, яаралтай албан бичгүүдэд тамга, тэмдэг дараагүй, 10-ны өдөр мөн шалтгаангүй ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны А/34 дугаар сахилгын шийтгэлийн тушаалыг захирал, хүний нөөцийн мэргэжилтний дэргэд урж, шидсэн зөрчил гаргасан. Удирдах албан тушаал хашиж байсны хувьд тэрээр байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг хэрхэн хэрэгжүүлэхэд үлгэр дуурайлалтай байх атал ийнхүү сахилгын зөрчил гаргаж байсан нь ойлгомжгүй юм.

Ажлаас халах тушаалд шалтгаануудыг тодорхой заасан нь нотлох баримтаар тогтоогдоно. Ажилчид 2 удаа Б.Э-ын ёс бус үйлдлээс болж гомдол гаргаж байсан. Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод барилгатай холбоотой ажил байхгүй учраас өмнө авч байсан зэргийн нэмэгдлийг хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчил удаа дараа гаргасан үндэслэлээр ажлаас халсан, 2 өдөр дараалан ажил тасалсан, 7 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирээгүй гэдгээ 7 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн зөвлөлийн хуралд хэлсэн. 7 дугаар сарын 10, 16-ны өдөр ажил хийгээгүй, ажлаас халах тушаалыг урсан. Цалингийн баримтуудад удаа дараа тамга дараагүйг гэрчүүд хэлсэн, хурууны хээгээ уншуулж бүртгүүлдэггүй, ажилчидтай зүй бус харьцдаг.

Захиргааны дарга болсноос хойш албан ёсоор чөлөө авч байгаагүй. Ажлын уур амьсгалыг таагүй болгодог, орилж хашгирдаг, ажилчид бүгд түүнээс айдаг, 2 хурал хийхдээ ерөөсөө ажил яриагүй ажилчдыг хараасан, дарамталсан зүйл бүтэн цаг ярьсаар дуусгасан. Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй нь тогтоогдоно. Яагаад ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй. Үүнтэй холбоотой цалин болон 15 хувийн нэмэгдэл гаргуулах шаардлагыг гаргасан. Ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн гэрээний 2.8.1-д заасныг дурдсан. Түүнийг ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.Э-ыг “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 8 330 288 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 776 437 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 148 243 төгрөг гаргуулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаал хуульд заасан шаардлагад нийцээгүй, тушаалд дурдсан зөрчлүүдийг Б.Э- хэзээ, хэрхэн гаргасан нь тодорхойгүй тул хөдөлмөрийн гэрээний 2.8.1, 2.8.5, 2.8.6, 2.8.7-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэжээ. Гэтэл ажил олгогчийн тушаалд Б.Э- нь дараалан 2 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тамга тэмдгийг хувийн сэдлээр түшсэн, хэвлэмэл хуудас урж үрэгдүүлсэн, бусад ажилчдын ажил үүргээ хэвийн явуулахад саад учруулсан зэрэг асуудлуудыг нэг бүрчлэн дурдаж тушаалаа гаргасан.

Нэхэмжлэгч дурдсан зөрчлүүдийг гаргаагүй гэж тайлбарлан мэтгэлцэж, 2019 оны 7 дугаар сарын 09,10,16-ны өдрүүдэд ажил тасалсан, таслаагүй гэж хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн гэж, тамга тэмдгийг хувийн сэдлээр түшсэн, түшээгүй гэж, хэвлэмэл хуудас урж үрэгдүүлсэн, үрэгдүүлээгүй гэж, бусад ажилчдаас ажил үүргээ хэвийн явуулахад нь саад учруулсан, учруулаагүй гэж маргаж мэтгэлцсэн. Шүүх энэ талаар өөрөө ч холбогдох дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн атлаа “Б.Э- хэзээ, хэрхэн зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэгт үзүүлж, үдээс хойш нь болон 7 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт, захирлын шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон гэж дүгнэсэн. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өвчтэй байсан талаар удирдлагад огт мэдэгдээгүй, энэ талаар ажил олгогчоос албан ёсоор чөлөө аваагүй, чөлөө авах хүсэлт гаргаагүй, эдгээр нотлох баримтыг ажил олгогч болон шүүхэд гаргаж өгөөгүй буюу “чөлөө авсан” гэх үйл баримтаа нотлоогүй байхад шүүх “амбулаториор эмчлүүлэгсдийн карт" гэх баримтыг үнэлж ажлаа таслаагүй гэж дүгнэсэн нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөө авах журамд нийцээгүй. Ажил олгогч ажилтныг зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байхад энэ агуулгыг ажилдаа ирсэн нь тогтоогдож байна гэх агуулгаар тайлбарлаж, алдаатай дүгнэлт хийсэн. Ажилтан өөрийнх нь асуудлыг хэлэлцэх хуралд ирээд ажил үүргээ гүйцэтгэлгүй, ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлаа тасалсан нь гэрч нарын мэдүүлэг, хурлын тэмдэглэл, ажлын цагийг хурууны хээгээр бүртгэх бүртгэлээр хангалттай тогтоогдсон.

Нэхэмжлэгч маргаж буй ажлын 2 өдрийн бүтэн цагт, ажил олгогчийн өмнө Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажилласан гэдгээ өөрөө нотлох ёстой атал хэрэгт энэ талаар баримтгүй, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь ажил олгогчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зэргийн нэмэгдэл 409 059 төгрөгийг гаргуулахаар дээрх шаардлагаа нэмэгдүүлснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, талууд ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн эсэх талаар маргажээ. /1хх1-2, 16-17, 185-186, 2хх 7-8/

 

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх4-5/, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ” /1хх134-135/ ажил олгогчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал болон зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч байгууллагад 2013 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга албан тушаалд тус тус томилогдон 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогч нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Б.Э-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан, хүч түрэмгийлсэн үйлдэл гаргасан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/34 дугаар тушаалыг урж байгууллагын хэвлэмэл хуудас үрэгдүүлсэн, төвийн тэмдэгийг түших хугацаанд хувийн сэдэл удаа дараа гаргасан, яаралтай албан бичиг тушаал, цалингийн баримт дээр тэмдэг дараагүй хугацаа хоцроосон тул захирлын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 10, 17-ны өдрийн хурлаар хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналд үндэслэсэн гэжээ. /1хх 136/

 

Талуудын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.8-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байна. /1хх 134-135/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байранд ажилтнуудыг хэл амаар доромжлох, дарамт шахалт үзүүлэх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 2.8.1. хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хүлээсэн үүргийг биелүүлээгүй, 2.8.5. ажилтныг ажил үүрэгтэй нь холбогдуулж болон бусад сэдлээр ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан, хүч түрэмгийлсэн зөрчилд хамаарна. Энэ нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 27, мөн оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл /1хх 18-28/, хурлын аудио бичлэг, зарим ажилтнуудтай харилцсан гар утасны бичлэгт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 95-100/, ажилтнуудаас 2019 оны 6 дугаар сарын 11, 20-ны өдрүүдэд захиралд гаргасан шаардлага /1хх 29-34/, түүнийг шийдвэрлэсэн Захиргаа, Ёс зүйн хороо, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 10, 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, /1 хх37-46/ дүгнэлт /1хх 51/, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоно гэжээ.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Б.Э- нь тухайн зөрчил тус бүрийг хэзээ, хэрхэн гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргасан нотлох баримтаар түүнийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд нэрлэн заасан ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарах ноцтой зөрчил тус бүрийн алийг нь хэдийд гаргасан нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхээс энэ талаар  хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, ажил олгогчийн зүгээс Б.Э- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, дараалан ажлын 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж дээрх тушаалд тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлдээ, “2019 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, мөн 7 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирсэн боловч бүтэн цагаар ажиллаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 10, 17-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл болон уг тэмдэглэлд үндэслэн ажил олгогчоос 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/36 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсан талаар талууд маргаагүй бөгөөд энэхүү тушаал /1хх 206/, хурлын тэмдэглэл, “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт” /1хх 195-196/ зэргийг харьцуулан үзвэл, “ажил тасалсан” гэх өдрүүдэд нэхэмжлэгч ажилдаа ирсэн үйл баримт тогтоогджээ. Хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн 2 өөр тушаал гаргасан байна.

 

Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 2.8.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, 2.8.7-д зааснаар дараалан ажлын 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Тодруулбал, Б.Э- нь ажил тасалсан гэх тухайн цаг хугацаанд эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь дээр дурдсан баримтаар нотлогдсон. Үүнийг ажил олгогчийн зүгээс мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч талаас гаргасан нэхэмжлэгчийг зохих журмын дагуу чөлөө аваагүй, удирдлагад мэдэгдээгүй гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн тушаалд “2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/34 дугаар сахилгын шийтгэлийн тушаалыг урж байгууллагын хэвлэмэл хуудас үрэгдүүлсэн” гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарахгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1, 4.4.7, 4.4.9, 4.4.17-д заасныг удаа дараа зөрчсөн, төвийн тэмдэгийг түших хугацаанд хувийн сэдэл удаа дараа гаргасан, яаралтай албан бичиг тушаал, цалингийн баримтад тэмдэг дараагүй хугацаа хоцроосон” гэж дурдсан боловч ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд гаргасан зөрчлийг нь шалган тогтоосон байх учиртай.

 

Гэтэл хэргийн баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан ажил олгогчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага тус бүрийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан “үндэслэлгүйгээр хасагдсан 2019 оны 5, 6, 7 дугаар сарын зэргийн нэмэгдэл цалингийн 15 хувь буюу 1 сарын 136 353 төгрөг, нийт 409 509 төгрөг гаргуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж зохицуулсантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв” УТҮГ-ын захиргаа, ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд байгуулсан 2017-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний /1хх231-237/ 2.3.9-д заасан мэргэжлийн зэргийн нэмэгдлийг нэхэмжлэгчид Мэргэшсэн инженерийн зэргийн дагуу Технологи, мэдээлэл, сургалт, судалгааны хэлтсийн даргын ажил үүрэг гүйцэтгэж байхдаа сарын үндсэн цалингийн хэмжээний 15 хувиар зэргийн нэмэгдэл олгогдож байсан нь тогтоогдсон боловч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс шинээр томилогдсон Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэгт дээрх Мэргэшсэн инженерийн зэрэг хамаарахгүй нь уг албан тушаалд томилогдсоноос хойш зэргийн нэмэгдэл олгохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Харин, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг анхан шатны шүүх буруу тооцсон байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.А-д тус тус зааснаар Б.Э-ын дундаж цалин хөлсийг Нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтийн дагуу тооцон 1 сарын дундаж цалин хөлсний хэмжээг 1 261 275 төгрөг гэж тодорхойлсон нь зөв боловч ажлын 142 хоногоор  өдрийн цалинг үржүүлсэн нь буруу. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг тооцвол нийт 6 сар 11 хоног байна. 1 сарын цалин 1 261 275 төгрөгийг 6 сар 11 хоногт тооцоход нийт 8 198 287 төгрөг болох тул энэ дүнгээр өөрчлөлт оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...8 330 288 ...” гэснийг “...8 198 287...” гэж, “...776 437...” гэснийг “...908 438...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                    

                                    ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА