| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0342/Э |
| Дугаар | 336 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 336
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,
улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал,
шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт В-ын Г-д холбогдох эрүүгийн 1703000010054 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Хөгжил Трейд” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц овогт В-ын Г.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч В.Г нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-3-ын зүүн талын замд “Ford Transit” маркийн **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчиж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн гаргасан мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолоочийн үнэмлэх зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар Цахилгаан станцын хажууд түгээлт хийж дэлгүүр рүү ороод “бараа авах уу” гэхэд худалдагч нь “өнөөдөр бараа авахгүй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс гарсан. Урд машин байсан болохоор толиндоо хараад ухрах үйлдэл хийхэд хажууд явж байсан хүн “хөөе хүн” гэхээр нь яасан юм бол гэж бодоод буугаад хартал ахимаг насны эмэгтэй хүн газар уначихсан байсан. Би “юу болсон бэ” гэж асуухад “эгчийгээ мөргөчихлөө” гэхээр нь би түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирж Б.Г-г аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би араас нь эмнэлэг дээр очсон гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч В.Г мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Хөгжил Трейд” ХХК-ийн борлуулалтын **-** УБЛ дугаартай Tranist маркийн автомашинаар сальфитка, нойлын цаас түгээгээд явж байсан. Өдрийн 14 цагийн үед 3-р Цахилгаан станцын зүүн талын зам дагуу байрлах Хүнсний дэлгүүрт түгээлт хийхээр ортол худалдагч нь “өнөөдөр бараа авахгүй” гэхээр нь дэлгүүрийн урдаас ухарч байтал хажууд явж байсан танихгүй эмэгтэй хүн “хөөе хүн” гэхээр нь буугаад машиныхаа ар талд очтол ахимаг насны эмэгтэй хүн газар уначихсан “ёо ёо” гээд орилж байсан. Тэр хүний өвдөг нь шалбарсан байхаар нь би өөрийн гар утаснаас 102, 103 руу залгаж ослын талаар мэдэгдсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд тэр хүнийг аваад явсан. Мөн цагдаа нар ослын газарт ирж, үзлэг хийсэн. Би хохирогчид ойролцоогоор 550.000 төгрөгийн хохирол барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
2. Хохирогч Б.Г 2017.09.18-ны өдөр мэдүүлэхдээ: 2017.07.26-ны өдөр 14.00 цагийн үед би гэртээ харих гээд ТЭЦ-3-ийн хажуугийн автобусны буудлын зүүн талд автобус хүлээгээд зогсож байтал гэнэт л нэг машин намайг хүчтэй мөргөхөд нь би газар унасан. Намайг мөргөсөн машины жолооч бууж ирээд гар утсаараа түргэн тусламж дуудсан ба удалгүй эмнэлгийн машин ирээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний биеийн байдал гайгүй байгаа. Надад өөрөөс гаргаж өгсөн баримт байхгүй. Жолооч залуу миний эмчилгээний төлбөр, шинжилгээ, эм тариа зэргийг авч өгсөн. Би Гэмтлийн эмнэлэгт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
3. Иргэний хариуцагч Э.Б 2017.09.21-ний өдөр мэдүүлэхдээ: Ford transit маркийн **-** УБЛ улсын дугаартай автомашин нь “Хөгжил Трейд” ХХК-ийн эзэмшлийнх юм. Манай байгууллагын эзэмшлийн автомашинд ямар нэгэн явах эд анги болон тормос зэрэг нь хэвийн ажиллаж байсан. Би хариуцагчийн хувьд үүргийг нь мэдэж байгаа боловч осол гаргасан жолооч бүхий л хохирлыг өөрөө даана...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9707 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Г-гийн биед зүүн талын сүүж ясны тогооны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн талын түнхний үений мултрал, баруун мөр, тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 33-р хуудас/,
5. Замын цагдаагийн албын 379 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ford Transit маркийн **-** УБЛ дугаартай автомашиныг жолоодож явсан В.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 /Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй/ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг, схем зураг, үзлэгийн тэмдэглэлд зам тээврийн осол болсон гэх газрын замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх зүйл байхгүй байна. /хх-ийн 37-р хуудас/,
6. Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 11-р хуудас/,
7. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12, 15-р хуудас/,
8. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/,
9. Шүүгдэгч В.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-55-р хуудас/,
10. Өвчний түүх /хх-ийн 63-71-р хуудас/
11. Шүүгдэгч В.Г-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч В.Г-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч В.Г нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-3-ын зүүн талын замд “Ford Transit” маркийн **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчиж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Г-гийн ...Би гэртээ харих гээд ТЭЦ-3-ийн хажуугийн автобусны буудлын зүүн талд автобус хүлээгээд зогсож байтал гэнэт л нэг машин намайг хүчтэй мөргөхөд нь би газар унасан. Намайг мөргөсөн машины жолооч бууж ирээд гар утсаараа түргэн тусламж дуудсан ба удалгүй эмнэлгийн машин ирээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний биеийн байдал гайгүй байгаа. Надаас гаргаж өгсөн баримт байхгүй. Жолооч залуу /В.Г-/ миний эмчилгээний төлбөр, шинжилгээ, эм тариа зэргийг авч өгсөн. Би Гэмтлийн эмнэлэгт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
Иргэний хариуцагч Э.Б-ийн ...Манай байгууллагын эзэмшлийн автомашинд ямар нэгэн явах эд анги болон тормос зэрэг нь хэвийн ажиллаж байсан. Би хариуцагчийн хувьд үүргийг нь мэдэж байгаа боловч осол гаргасан жолооч бүхий л хохирлыг өөрөө даана...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9707 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Г-гийн биед зүүн талын сүүж ясны тогооны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн талын түнхний үений мултрал, баруун мөр, тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 33-р хуудас/,
Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 379 дугаартай дүгнэлтэнд:
1. Ford Transit маркийн **-** УБЛ дугаартай автомашиныг жолоодож явсан В.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 /Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй/ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг, схем зураг, үзлэгийн тэмдэглэлд зам тээврийн осол болсон гэх газрын замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх зүйл байхгүй байна. /хх-ийн 37-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд: шүүгдэгч В.Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч В.Г нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-3-ын зүүн талын замд “Ford Transit” маркийн **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчиж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Б.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №9707 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/, Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №379 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч В.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч В.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч В.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч В.Г-ыг 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч В.Г нь хохирогч Б.Г-д эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 92-р хуудас/ гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч В.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч В.Г-ын №****** дугаартай ВСD ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Ц овогт В-ын Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч В.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч В.Г-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох, үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар В.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5. Шүүгдэгч В.Г-аас Хохирогч Б.Г-д 800.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тэнсэгдсэн этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР