Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

   Д.Соёмбод холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0166/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Батсүх            

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Соёмбод холбогдох 2218000600145 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Авж овгийн Дарханбаатарын Соёмбо, 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 18 дугаар гудамж 595а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД:УК98071937/,

Шүүгдэгч Д.Соёмбо нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 118 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэн Г.Гэрэлцацралын 36 размерын цаа бугын арьсан хос годон гутлыг хулгайлан авч, 1250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.Соёмбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Соёмбод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Авж овогт Дарханбаатарын Соёмбыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Авж овогт Дарханбаатарын Соёмбод ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Соёмбод оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Соёмбод анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Соёмбод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч Д.Соёмбо нь хохирогч Г.Гэрэлцацралын гутлыг хулгайлахдаа "...хаалга нь онгорхой байсан учир хаалганы завсар гараа оруулаад гутлыг нь авсан" гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гутлыг хулгайлахдаа гэрт нь түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй байна...” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Бусдын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан үйлдлийн улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нь Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж буй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцүүлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зөв зүйлчилж, түүний гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Олон улсын гэрээ конвенцод “хэний ч орон байрны халдашгүй байдалд халдах ёсгүй” гэж, Монгол Улсын Үндсэн хуульд “...Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд “2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан нь дээрх үзэл баримтлалыг тусгасан гэж үзэхээр байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор 2002 оны Эрүүгийн хуульд 145 дугаар зүйлд, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд тус тус хуульчилсан бөгөөд тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд өөр өөр зүйлд заасан боловч үйлдэл, агуулгын хувьд нэг гэмт хэргийн талаар хуульчилсан гэж үзнэ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “9,..."орон байр" гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно...., 11. Мөн зүйлийн 145.2 дахь хэсгийн "орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн" гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ...” гэж тайлбарласан байна.

Мөн орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Д.Соёмбо нь хохирогч Г.Гэрэлцацралын зөвшөөрөлгүйгээр иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашигт аюул занал учруулан шөнийн 01 цагийн орчим эд зүйл хулгайлах зорилгоор гэрт нь нэвтэрч орсон үйл баримт тогтоогдсон байхад шүүх хууль бус нэвтрэлтийн үндсэн шинж болох орон байрны эзний зөвшөөрөлгүйгээр орсон байхыг анхаарч
үзэлгүйгээр Д.Соёмбын үйлдлийг гэрийн хаалга нь түгжигдээгүй байхад гэрээс эд
зүйл хулгайлсан гэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй
байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх
тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна
.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ: Илтгэгч шүүгч эсэргүүцлийг дэлгэрэнгүй танилцууллаа. Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн орон байранд нэвтэрсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Заавал түлхүүр хэрэглэж хүч хэрэглэсэн байхыг шаарддаггүй. Түүний хувьд сэм мэдэгдэхгүй байдлаар хохирогчийн гэрт нэвтэрсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба тайлбартаа: Орон байранд нэвтэрч орох хайлга онгорхой байхад гутлыг авсан нь өөр өөр ойлголт юм. Хавтаст хэрэгт авагдсан ажиллагааг нөхөж хийсэн. Анх хэргийн материалтай танилцахад байгаагүй зүйлийг нөхөж хийсэн. Энэ асуудлыг анхан шатны шүүх хурал дээр хэлэлцүүлсэн. Нөхөж хийсэн ажиллагаагаа огт танилцуулаагүй. Хавтаст хэргийн хуудаснууд бүгд засварлагдсан байсан. Шүүгдэгч хаалга онгорхой байсан тул хаалганы завсраар гараа оруулж авсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин тайлбартаа: Нэвтэрсэн үйлдлийг л тайлбарласан хуулийн тайлбар байдаг. Нэвтрэх гэдэг үгний утга нь аливаа зүйлийн цаана гарсан байхыг хэлдэг. Шүүгдэгч хаалганы завсраар гараар оруулж тухайн гутлыг авсан байдаг. Эргэлзээтэй нөхцөл байдал байсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Соёмбо нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 118 тоотоос 36 размерын цаа бугын арьсан эмэгтэй хүний хос годон гутлыг хулгайлан авч, 1250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орсон уу? эсхүл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан уу гэдгийн нарийвчлан тогтоож чадаагүй байна.

Хохирогч Г.Гэрэлцауралаас авсан эхний байцаалтаар алдагдсан гутал яг хаана байсныг асууж тодруулаагүй ба шүүгдэгчийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн болгох зорилгоор хохирогчоос 2 дахь удаа авсан байцаалт болон хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн байж болзошгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч удаа дараагийн байцаалтаар “…гэрт ороогүй. Онгорхой хаалгаар гараа оруулж хаалганы ойролцоо байсан гутлыг авсан” гэж мэдүүлж байгаа зэрэг байдлуудаас шүүгдэгч “хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орсон” гэх үзэхэд эргэлзээ бүхий байна.

Иймд хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдлыг бүрэн тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах эсхүл анхан шатны шүүх, шүүгдэгчид холбогдох хэргийг илтэд үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн алдааг засуулахаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулиар “хүчингүй” болгосон тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР