Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 У.Өд холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм

Шүүгдэгч У.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж хийсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч У.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор У.Өд холбогдох 2216000300038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Х овогтой У-ийн Ө, Д......... регистрийн дугаартай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Т баг, С хороо .......... тоотод оршин суух хаягтай, 19... оны ....... дүгээр сарын ........-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Урьд Говь-Алтай аймгийн шүүхийн 1981 оны 05 сарын 12-ны өдрийн А/23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1, 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1985 оны 07 сарын 17-ны өдрийн А/19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн 88.6, 169 дүгээр зүйлийн 169.6-д зааснаар 6 жилийн хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 сарын 28-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн тус шүүхийн 2002 оны 05 сарын 23-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч У.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор ........... улсын дугаартай, Ө.Б-Э-ийн эзэмшлийн “T.......” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр багийн 12-3 тоот хашаанаас иргэн Ү.Н-ийн эзэмшлийн “I W” маркийн авто машины туслах кроп 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч У.Өг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үүнээс 990,000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Ү.Н-д олгож, үлдсэн 3,10,000 /гурван сая арван мянга/ төгрөгийг улсын орлого болгож, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь- Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 47 дугаар бүхий Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч У.Ө нь төлбөрийн чадваргүй, томилогдсон өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн шатанд хууль зүйн туслалцааг үзүүлсэн бөгөөд хэргийн материалтай танилцахад шүүгдэгчийн хувьд бусдын эд зүйлийг хууль бусаар авсан болох үйлдэлээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлдэг, гэвч хэргийн зүйлчлэлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар буюу шүүгдэгч хэргийн газраас авто машины туслах кроп 2 ширхэгийг авч явахдаа уг үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, кропыг зөөж тээвэрлэх зорилгоор машин ашигласан гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогддоггүй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналын үндэслэл болсон барммт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдэлээ хялбарчилах зорилгоор машин механизм ашигласан гэж дүгнэж эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Хэргийн зүйлчлэлийн хувьд хөнгөн зүйл ангиар зүйлчилж эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой.

Мөн шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан байдал, гэмт хэргийн улмаас 990,000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан зэргийг харгазлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эрх хэмжээ нь шүүх бүрэлдэхүүнд байгаа гэдгийг хэлмээр байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Шүүгдэгч төлбөрийн чадваргүйн улмаас томилолтоор өмгөөлөгчөөр оролцож байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, У.Өг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн юм. У.Ө 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бтай наймаа хийсний дагуу мотороос тайлж авсан эд зүйлсийг авахдаа 2 кроп байхаар нь аваад машин дээрээ тавьсан. Анхнаасаа машинаар кроп авах зорилго байгаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 306 дугаартай тогтоолд “Гэмт хэрэг үйлдэхдээ машин механизмыг урьдчилан бэлтгэж зориуд ашигласан” гэсэн нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй гэсэн хууль хэрэглээний тайлбар байдаг.

Гэтэл гэмт хэрэг үйлдэх анхны сэдэлт нь төмрийн хаягдал хайлш авах гэсэн санаа зорилго байдаг. Хүний эзэмшлийн кропыг хүүхдийнхээ эмчилгээний зардалд нэмэрлэх гээд амьдралын зайлшгүй нөхцөл байдлын улмаас зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ үйлдлийн улмаас учруулсан хохирол болох 2 ширхэг кропны үнэ 990.000 төгрөгний хохиролыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барагдуулсан болно.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 2022/шцт/47 дугаартай шийтгэх тогтоолыг дахин магадлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг давж заалдах шатны шүүх хэрэглэх боломж нь байгаа гэв.

 

Шүүгдэгч  У.Ө  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх У.Ө надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд энэ нь миний амьдралд хүнд тусч байна.

У.Ө би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б-тай наймаа хийсэн.  Мотор тайлаад ав гэсэн.  Хүүгээ очиж аваад моторын задалсан юмыг тайлаад ачих гэж байхад 2 кроп байхаар нь аваад машин дээрээ тавьсан.

Анхнаасаа машинаар кроп авах зорилго байгаагүй.

Хүний эзэмшлийн кропыг хүүхдийнхээ эмчилгээний зардалд нэмэрлэх гээд амьдралын зайлшгүй нөхцөл байдлын улмаас зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 9-13 насны хоёр хүүхэдтэй. Саяхан 05 дугаар сард нэг нь 70,000,000 төгрөгийн хагалгаанд орсон. Тэгээд одоо явж чадахгүй байгаа. Ар гэрийн байдал хүнд байгаа. Намайг харж үзээд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү? гэж хүсэж байна. Тухайн үед хохирлыг төлж чадалгүй дараа нь хохирлыг төлж ямар нэгэн хохиролгүй болгосон гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх шүүгдэгч У.Өг хэргийн газраас машины туслах кроп хоёр ширхгийг авч явахдаа кропыг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч У.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-3 тоот хашаанаас хохирогч Ү.Нийн эзэмшлийн Исузу визард маркийн авто машины 2 ширхэг туслах кропыг Ө.Б-ий эзэмшлийн Т к маркийн ........ улсын дугаартай авто машинаар авч явсан байна.

Энэ үйл баримт нь хохирогч Ү.Нгийн: “2021 оны 12 дугаар сарын 26-ны 16 цаг 30 минутын үед Б над руу залгаж 2 кропоо аваад явсан юм уу гэхэд нь үгүй гэж хэлээд Б-ынд яваад очсон. Тэгээд ямар хүмүүс ирсэн талаар асуухад нэг хүн хүүтэйгээ цуг цагаан өнгийн корола маркийн машинтай ирж хөнгөн цагааны хаягдал авсан. Тэр хүн аваад явчих шиг боллоо гэсэн. Тэгээд маргааш нь Өнөрзаяагийнд очиж Бын өгсөн хөнгөн цагааныг үзэхэд туслах кропны таг, завсарлагч хоёр гарч ирэхээр нь чи туслах кропыг авсан байна шүү дээ гэхэд аваагүй гэж хэлж байсан боловч цагдаад мэдэгдсэний дараа уулзахад Би авсан нь үнэн гэж хэлсэн.” тухай мэдүүлэг (хх-ийн 35-38-рд),

            Гэрч С.Б ын мөрдөн байцаалтад өгсөн “Ө ирээд хөнгөн цагаан авна гэхээр нь би тайлж өгөх завгүй байна гээд 3 мотороос тайлж авах эд зүйлсийг нь зааж өгөөд гэртээ орсон  хойгуур Ө нь зааж өгсөн эд зүйлсийг ачаад явсан. Ө нь манай хашаанд орж ирээд зогсохдоо алдагдсан кропнууд байсан газарт машинаа байрлуулаад эд зүйл ачаад явсан учир түүнийг авсан гэж сэжиглэсэн. Ө-гийн авч явсан шуудайтай хөнгөн цагааныг нь асгуулаад үзэхэд алдагдсан 2 кропны завсарлагч, таг зэрэг гарч ирснийг нүдээр хараад Визард машины кропны эд анги болохыг шууд таньсан” тухай мэдүүлэг (хх-ийн 40-41,49-рт),

Гэрч Ө.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Аавынхаа гуйлтын дагуу Харзат багийн Б гэдэг хүний хашаанд байсан 3 ширхэг машины моторын коллекторыг нь тайлж аваад мөн грашын үүдэнд байсан хөнгөн цагаан хаягдлуудыг аваарай гэж зааж өгснийг аваад машиныхаа багажинд ачсан юм. Тэгээд явах гэж байхад тэр хашааны зүүн урд талын хэсэгт жорлонгийн ойролцоо 2 автомашин зэрэгцүүлээд байрлуулсан байсны орчмоос манай аав 2 ширхэг бөөрөнхий туслах кроп байсныг машиндаа хийсэн би ойлгохдоо манай аавыг хөнгөн цагаанд тухайн кропуудыг ав гэсэн юм байх л гэж ойлгосон. Нэгийг нь аав задалж байсан. Тухайн үед бол тэр 2 ширхэг туслах кропыг хулгайлж авсан гэж ойлгоогүй. Аавыг ав гэсэн юм байх гэж ойлгосон. Харин маргааш өглөө Б гэдэг хүн нэг Н гэдэг хүнтэй ирээд туслах кроп хашаанаас аваад явчихсан байна гээд ирэхэд нь л хэлэлгүй авчихсан юм байна гэдгийг ойлгосон.” гэсэн  мэдүүлэг (хх-ийн 43-44, 51-рт),

            Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “56-89 УНЛ Тоёота королла  автомашиныг У.Өгийн ажлын хөлсөнд бодож өгсөн. 2021 оны 08 сард тооцоо дууссан. У.Өг машинаа нэр дээрээ шилжүүлж ав гэхэд аваагүй байгаа”  тухай мэдүүлэг (хх-ийн 58-рт),

            Хулгайд алдагдсан Ис в-д маркийн автомашины 2 ширхэг туслах кропыг 960.000 төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлт (хх-ийн 61-66-рт),

У.Өгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №1/245 дугаартай үнэлгээний дүгнэлт (хх-ийн 71-рт) нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.           

  2. Нотлох баримтын талаар.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

  1. Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч У.Өгийн үйлдэл нь биеэр авч явж чадахгүй эд хөрөнгө болох 2 ширхэг авто машины туслах кропыг тоёота королла маркийн суудлын авто машины тээшэнд хийн авч явж захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг хангаж байна.           

           Мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

           Давж заалдах гомдлын талаар:

Шүүгдэгч У.Ө нь суудлын авто машины хэрэглээний ашигтай чанарыг ашиглаж, өөрөөр хэлбэл авто машины ачаа, эд зүйл тээвэрлэх зориулалт бүхий тээшний хэсэгт биеэр нэг дор авч явах боломжгүй хоёр ширхэг авто машины туслах кропыг тээвэрлэж тухайн эд зүйлсийг хулгайлах зорилгоо гүйцэлдүүлсэн, тухайн авто машингүйгээр тухайн цаг хугацаанд уг гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан зэрэг нь шүүгдэгч машин механизм ашигласан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч У.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүгдэгч У.Өгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдал уг гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригоо илэрхийлж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бага,  ар гэрт нь учирсан хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдал уг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхэд олгогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Өд холбогдох 2216000300038 дугаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан” гэсэн хэсэг нэмж, 2, 3 дахь заалтад “2 жилийн хугацаагаар хорих” гэснийг “1 (нэг) жилийн хугацаагаар хорих” гэж өөрчлилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заал

заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан зүйлчлэлийг өөрчлөх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Өгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 115 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцохыг болон, шүүгдэгч гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

               

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                 ШҮҮГЧИД                               Ш.БАТТОГТОХ

 

                                                    Ч.ЭНХТӨР