Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0972

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ж***,  

Нэхэмжлэгч:М*** ХХК,

Нэхэмжлэгч: *** ХХК,

Нэхэмжлэгч: *** ХХК,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Ө***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А***,

Гуравдагч этгээд: Э.З***,

Гуравдагч этгээд: Д.Н***,

Гуравдагч этгээд: Д.Ч***

Гуравдагч этгээд: П.М***,

Нийслэлийн *** дүгээр байрны мансардын давхарт тоот хаягт байрших 358.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ч***ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох,

Б тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ***ын өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах,

А тоот хаягт байршилтай 158.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.З***гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн өмгөөлөгч Т.М***, П.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө***, Н.А***, гуравдагч этгээд Э.З***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*** гуравдагч этгээд Г.М***, Д.Ч*** нарын итгэмжлэгдсэн өмгөөлөгч Э.М***/цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ч.Ж***,М*** ХХК, *** ХХК, *** ХХК нь “*** дүгээр байрны мансардын давхарт тоот хаягт байрших 358.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ч***ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаягийн мансардын давхрын баруун жигүүрийн Б тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ***ын өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах, дээрх хаягийн мансардын давхрын зүүн жигүүрийн А тоот хаягт байршилтай 158.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.З***гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан.  

          2.Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ***, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар албан бичгээр тус тус өмчлөгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярсайхан нарт гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгчээ.  

          3.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжуудаар З.Э***, Ч.Ж***, Ж.М***, М*** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар *** ХХК, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Э***, Ж.М***нар нэхэмжлэлээсээ татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Д.Ч*** 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт 14 дүгээр байрны мансардын давхар 358.6 м.кв талбайг өмчлөх мэдүүлэг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээ авсан.

          Д.Ч*** болон П.М*** нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр  358.6 м.кв талбайгаас 200 м.кв талбайг П.М***т шилжүүлэн эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээ олгосон.

          Д.Ч*** болон Э.З*** нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр 158.6 м.кв талбайг Э.З***д шилжүүлэн эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэж, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг олгожээ.

          Тус барилга нь анхнаасаа 4 давхар байсныг Д.Ч*** нь дээврийг мансардын давхар болгон өмчилж авсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, доод хонгил, дээвэр, Дээврийн хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарна" гэж заасныг зөрчсөн,

          Д.Ч***ийн мэдүүлэгт 5-р давхрын байгуулалт (бүтэн, М1:100) зургийг хавсаргасан, мөн 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар барилгыг ашиглах зөвшөөрөл олгосон байхад Д.Ч*** М.Э*** нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн бүртгэсэн.

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 4.5-д ... мэдүүлэгт шаардлагатай бол улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана" гэж заасан Д.Ч***ийн мэдүүлэгт 14 дүгээр байрны Мансардын давхрыг хүлээн авсан акт хавсаргаагүй.

          Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх зэргээр нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалт, төлөвлөлтийг өөрчлөхийг хориглоно" гэсэн хэсэг ноцтой зөрчигдөж, мөн Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 9 дүгээр зүйлд зааснаар мансардан барилгын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани даац, бат бэхийн хэмжилт шалгалт хийлгэх давхар нэмэх боломжийг судлан дүгнэлт гаргуулах; техникийн нөхцөл гаргуулах; инженер геологийн судалгааны дүгнэлт, зураг төсөл гаргуулах зэрэг шаардлагууд огт хангагдаагүй байдаг.

          2021 оны 10 дугаар сард тухайн байр өөрөө нэг орцтой, орцны 4 давхрын дээд талын таазыг шатны хэсгээр цөмлөснөөр маргаан үүссэн. Энэ маргаанаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, Нийслэлийн мэргэжлийн хяналтад гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг үүсэж Зөрчлийн хуулийн дагуу шийтгэсэн. Энэ талаар  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 01 сарын 28-ны өдөр дугаар бүхий албан тоотоор 9 хуудас хавсралт материалтай баримтуудыг шүүхэд ирүүлсэн байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар арга хэмжээ авсан талаараа итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмчлөгч нарт хариу өгсөн.

          Энэ мансардын давхарт Д.Ч*** 2015 оны 12 сарын 4-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдүүлэг гаргахдаа 4 давхар орон сууцыг барьсан “***” ХХК-ийн 2005 оны 12 сарын 8-ны өдөр дуусчихсан гэрчилгээ

2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц, оффисын барилга хамтран барих тухай гэрээг хавсаргаж өгсөн. Энэ нь мөн тухайн барилгыг 2006 онд барьж байхдаа барьж байсан хүмүүс нийлж хоорондоо байгуулсан гэрээг өгсөн, 2006 оны 5 сарын 12-ны өдрийн *** гэсэн барилга байгууламжийг хасах, ашиглалтад орох улсын комиссын актыг хавсаргаж өгсөн. Шинээр энэ барилгыг улсын комисс хүлээж авсан, давхар нэмж барьсныг улсын комисс хүлээж авсан баримтыг өгөөгүй.

          Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 20.2-т заасан шаардлагаар харахад өмчлөгч, эзэмшигч, ашиглагч барилга байгууламжийн эвдрэл гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламж дотор байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг  хориглосон байдаг. Аливаа барилга дээр шинээр барилгыг өргөтгөх, шинэчлэх тохиолдолд заавал барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, эцэст нь тухайн барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах комиссын акт гарч байж. Энэ бүх баримт бичиг, бусад баримтыг үндэслэж улсын бүртгэлийн байгууллага холбогдох мэдүүлэг гаргагч этгээдэд гэрчилгээ олгох  зохицуулалттай байгаа.

          Д.Ч*** гэдэг хүн мансардын давхрыг дангаараа өмчлөх эрхтэй субъект мөн байна уу гэдгийг шалгах ёстой байдаг. Энэ нь эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 15.1-д тухайн этгээд уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана гээд тодорхой заасан байгаа. Тэгэхээр нийт 358 м.кв талбайтай мансардын давхрыг иргэн Д.Ч*** гэдэг хүн үнэхээр ганцаараа өмчилж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад хангалттай хэмжээний нотлох баримт, мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн байна уу гэдгийг шалгаагүй.

          Тухайн орон сууц өмчлөгч Д.У***, Г.С***, ***, С.Х***, ***, Ц***, А*** гээд 7 иргэний гарын үсэгтэй, огноогүй өргөдлийг мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн байгаа. Д.У***ын хувьд мэдүүлэг гаргах үедээ 2015 оны 12 сард орон сууцын өмчлөгч биш байсан. Энэ хүн орон сууцаа 2013 оны 9 сарын 13-нд Ж.М***ад шилжүүлчихсэн байдаг учир зөвшөөрөл өгөх эрхтэй орон сууц өмчлөгч биш. С*** өмчлөгч М***т шилжүүлсэн. *** зоорины давхрын өмчлөгч байсан. С.Х*** нь 2012 оны 11 сарын 29-ний өдөр Оюунгэрэлд орон сууцаа шилжүүлсэн байдаг. Оюунгэрэл нь 2014 онд М*** компанид орон сууцаа шилжүүлчихсэн. Харин ***, Ц*** нар нь орон сууцын өмчлөгч байсан. А*** гэдэг иргэний хувьд мөн орон сууцын өмчлөгч биш байгааг шалгаж үзээгүй Д.Ч***ийн нэр дээр гэрчилгээг гаргасан.

          Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөл, эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д орон сууцын байшингийн гадна хана, даацын хана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил нь орон сууцын, байшингийн дундын өмчлөлд хамаарна гээд маш тодорхой заачихсан Сууц өмчлөгчдийн холбоондоо байх ёстой. Гэтэл нэг иргэнд шууд орон сууцын зориулалттай гээд гэрчилгээ гаргаад өгчихсөн байгаа.

          Орон сууцын тухай хуулийн 15.1-д орон сууц, байшингийн үндсэн хийц бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх зэргээр нийтийн зориулалттай орон сууцын байшингийн зориулалт, төлөвлөлтийг өөрчлөхийг хориглоно гээд маш тодорхой заалт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Хот байгуулалт хөгжлийн газар болоод Мэргэжлийн хөгжлийн төв нараас шүүхээс албан бичгээр шаардсан. Үүнд нэмж давхар барихдаа ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авсан, зураг төслийг магадлал хийж батлуулсан гэдэг зүйл бол байхгүй.

          Зөвшөөрөл, техникийн дүгнэлтгүйгээр  шууд мансардын давхар нэмж бариад, өөр хүмүүс өмчлөөд, СӨХ засвар үйлчилгээгээ яаж хийх юм гэдэг ч юм уу, энэ бүх асуудал ингээд маш тодорхойгүй байдалтай байгаа гэдгийг нэмж хэлмээр байна. Д.Ч***ийн нэр дээрээс бусад хүмүүс рүү гэрчилгээ шилжчихсэн ийм нөхцөл байдал байгаа.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Д.Ч*** 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр *** дүгээр байр мансардын давхар тоот хаягт байршилтай 358 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрын байршлын кадастрын зургийн хуулбар, контор орон сууцны барилгын өргөтгөл мансардын төлөв байдалд шалгалт хийсэн талаарх Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар дүгнэлт, Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас уг барилгад дугаар олгосон албан бичиг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц барилга хамтран барих гэрээ, фото зэрэг баримт бичгийг хавсарган өгсөн байна.

          Дээр дурдсан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.16/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангасан байсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн олгосон нь хууль, журмын дагуу хийгдсэн бүртгэл юм.

          Иргэн Д.Ч***ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан мэдүүлэг болон 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн 200 м.кв талбайтай хэсгийг П.М***т шилжүүлж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн байна. Ийнхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хууль болон Нотариатын тухай хууль /2011.02.10/-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.16/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжсэн байна.

          Улсын бүртгэлийн байгууллага нь *** дүгээр байр мансардын давхар тоот хаягт байршилтай 358 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Ч***ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, уг эд хөрөнгийн 200 м.кв талбайтай хэсгийг иргэн П.М***ын өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль журмын дагуу хийгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дах заалтыг тус тус зөрчөөгүй байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 14 дүгээр байр мансардын давхар тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг холбогдох хууль, журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул хууль бус гэж үзэх, мөн илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Мөн мансардын давхрын 358.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Ч*** нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг холбогдох нотлох баримт гаргаж хандсаныг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн байна. Д.Ч***ийн мэдүүлэгт уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан тухай өргөдөл, оршин суугчдын мансардын давхарт Д.Ч*** нь үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй талаарх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, Д.Ч***ийн орон сууц, оффисын барилга хамтран барих тухай гэрээ, албан ёсны хаяг болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас иргэн Д.Ч***т тус мансардын давхар нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан "Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан" заалтыг зөрчөөгүй тул цаашид контор, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой байна гэсэн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргасан байдаг.

          Д.Ч***ийн мэдүүлгээр гаргасан хүсэлт нь улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан бүрдүүлбэл зохих нотлох баримтууд бүрдсэн байсан тул улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Д.Ч*** нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгөө 158.6 м.кв, 200 м.кв талбайгаар 2 хувааж бүртгүүлсэн байна.

          Улмаар Д.Ч*** нь 158.6 м.кв хэсгийг иргэн Э.З***д, 200 м.кв хэсгийг П.М*** нарт удалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан байна. Төрийн эрх бүхий байгууллагын орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлттэй, оршин суугчдын Д.Ч***т гаргаж өгсөн өргөдөл болон тус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлэх үедээ мэдүүлгээр гаргасан нотлох баримтын план зураг, фото зурагт үл хөдлөх хөрөнгө бодитойгоор байсан учраас улсын бүртгэлд бүртгэсэн.

          Орон сууц “***” ХХК-ийн газар дээр баригдсан. Жишээ нь нэг компани дээр эзэмшлийн газар үүсчихсэн тухайн газар дээр объект барьчихвал хэсэг хэсгээр нь хувааж, өмчлөгч дээр нь бүртгүүлнэ гэсэн ойлголт практик болон хуульд байхгүй. Нэхэмжлэгч нарын өөрсдийнх өмчлөлийн орон сууц “***” ХХК-ийн газар дээр байж байгаа. Аливаа орон сууц, нийтийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулахад улсын комиссын акт гардаг. Тухайн акт нь тухайн барилгынхаа м.кв, эзлэхүүн, бусад зүйлтэй холбоотой ямар улсын комисст ажиллах нь тогтоогддог. Тухайн барилгыг анх улсын комисс ашиглалтад оруулж авсан. Барилгын тухай хуульд барилгын хийцийг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэж өөрчилж болохоор заасан байдаг. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийхдээ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 8 сарын 17-ны өдрийн дугаар бүхий дүгнэлт ирсэн байдаг юм. Энэ дүгнэлт нь одоог хүртэл хүчин төгөлдөр байж байгаа. Нэхэмжлэгч тал зөвхөн өөрсдийнхөөрөө нэг барилга байгууламж барьчихвал өөрчилж болдоггүй. Эсвэл ахиж улсын комисс ашиглалтад авдаг юм шиг ярьж байна. Үнэндээ нэг улсын комисс ашиглалтад авчихсан бол дахиж улсын комисс авна гэсэн хууль эрх зүйн зохицуулалт одоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид байдаггүй юм байна гэдгийг хэлэх хэрэгтэй байна.

            6.Гуравдагч этгээд Э.З***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.З*** нь тус байрыг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Ч***ээс худалдах худалдан авах гэрээгээр худалдан авч, хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсон. Анх мансардын давхрыг Д.Ч*** барьж ашиглалтад оруулж, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 358,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан. Улмаар мансардын давхрын баруун жигүүрийн 200 м.кв талбайг нэхэмжлэгч П.М***т 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр худалдан борлуулж, 200 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ П.М***аар, үлдэх зүүн жигүүрийн 158.6 м.кв талбайг иргэн Д.Ч*** өмчилж, өмчлөх эрхийн 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар гэрчилгээ гаргуулсан.

Нэхэмжлэлд дурдсан шиг Э.З*** нь тухайн мансардын барилгыг барьж байгуулаагүй бөгөөд ашиглалтад орсон, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй объектыг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан юм. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага ***д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн атлаа хариуцагч байгууллагын ямар буруутай үйл ажиллагаа байгаагаас ийнхүү нэхэмжлэл гаргах болсон нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй. Тухайлбал нэхэмжлэгч П.М*** нь мансардын давхрын баруун жигүүрийн өмчлөгч атлаа мансардын барилга оршин суугчдын зөвшөөрөлгүй хууль бусаар баригдсан гэж нэхэмжлэл гаргаж, мансардын барилгын зүүн жигүүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Гуравдагч этгээд Д.Н*** шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Н*** би Э.З***той 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцаанд Э.З***гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- *** дугаартай ***-р байрны мансардын давхарт 158.6 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Улмаар хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Э.З*** нь тус эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдаж авсан байсан ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, аливаа ямар нэгэн маргаангүй байсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Э.З*** анх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан биш түүнээс өмнө хэд хэдэн өмчлөгчтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ аль эртнээс байсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.  

          8.Гуравдагч этгээд Д.Ч*** П.М*** нарын өмгөөлөгч Э.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “...Барилгад нэмэлт давхрыг 2015, 2016 онд ашиглалтад оруулсан байтал 2016-2022 он хүртэл 7 жилийн дараа нэхэмжлэгчтэй маргаад байгаа. Тухайн үед байранд амьдарч байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эзэмшигч нар энэ барилгыг бүгд дэмжээд гарын үсэг зурсан байдаг юм. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 14.5-д илт хууль бус акттай маргая гэвэл хөөн хэлэлцэх хугацаа байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч нар нь  Д.Ч*** П.М***, Э.З*** нартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой 7 жилийн дараа маргаж байгаа нь илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй учраас шууд илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хүчингүй болгоно гэвэл нэхэмжлэгч нар нь 2017 онд энэ асуудлаар маргах эрхээ алдчихаж байгаа юм. Яагаад гэвэл нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн зарим нь татгалзсан байдаг. Үл хөдлөхийн гэрчилгээ гарчихсан байсныг бүгд л мэдэж байгаа. Дээр нь мансардтай гэдгийг бүгд мэдээд түрээслээд худалдан авсан ийм хүмүүс. Тэгээд хэсэг хугацааны дараа дээшээ нэг хонгилын давхар хийх гэсэн чинь 2 иргэн хоорондоо маргалдаад энэ асуудал үүсчихсэн. Хөөн хэлэлцэх хугацааны талаар нэг дүгээрт анхаарахыг хүсэж байна. Мөн 5 давхарт мансард баригдсанаараа нэхэмжлэгч иргэдийн орц, гарцыг хаасан болон ямар нэгэн эрх ашиг сонирхлыг огт зөрчөөгүй.

          Өөрөөр хэлбэл 4 давхарт эзэмшдэг П.М***, Э.З*** нар нь өөр өөрсдийнхөө 4 давхрын эзэмшил дотор дээшээ өгсөөд 5 давхар руу очдог байдлаар галын гарц зэргийг яаж шийдэх гэдэг нэг орцоороо дээшээ нэг хонгил ухах гэсэн чинь зарим иргэд маргаад хэл ам хийсэн. Тухайн үед Э.З*** нь зөвшөөрөлгүй, хана ухахгүй гээд байцаагч зөрчлийн хэрэг үүсгээд торгосон байдаг юм. Ингээд энэ маргаан дуусчихсан боловч үл хөдлөх дээр нь маргаад явчихсан байдаг. Тэгэхээр 5 давхар барилга баригдахад тухайн үедээ иргэд нь зөвшөөрчихсөн байдаг. Үүнийг  худалдаж авчхаад дараа нь маргана гэдэг нь байж боломгүй зүйл юм аа.

          Одоогийн энэ нэхэмжлэгч нар тухайн үедээ Цагдаагийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасан гэдэг баримтыг гаргаж өгсөн байдаг. Гуравдагч этгээдээс яг энэ гомдлыг төрийн байгууллагад гаргасан эсэх лавлагааг шүүхийн журмаар гаргуулахад тухайн байгууллагуудаас энэ иргэд яг энэ гомдол хүсэлтийг тухайн үедээ гаргаж байгаагүй байна гэдэг. Улаанбаатар хотод дээрээ мансардтай барилга зөндөө байдаг. Бүгдэд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараад өнөөдөр худалдаад гараад хөрөнгө болоод явж байгаа. Тухайн үедээ өмчлөгч нар нь бүгдээрээ зөвшөөрөөд бүгд дэмжээд Д.Ч*** мансард барьсан.

          Барих явцад яг эрх бүхий мэргэжлийн хяналтын байцаагч 2015 онд дүгнэлт гаргаад Барилгын тухай хууль зөрчихгүй юм байна гэдэг дүгнэлт гаргаад холбогдох бүх материалаа бүрдүүлээд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гэрчилгээ авсан байдаг. Нэхэмжлэгч нараас хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 2015 оны байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацаагаа зөрчсөн байна гэдэг үндэслэлээр татгалзаад, давж заалдах гомдол гаргаад давж заалдах шатны шүүхээр мөн хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн байна гээд тухайн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваагүй. Яг үүнтэй адилхан 2016 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан.

          Барилгын 5 давхарт амьдарч байгаа юм чинь үл хөдлөхийн гэрчилгээтэй байх нь тодорхой. Тэгэхээр тухайн үед барилгын техникийн улсын байцаагч мансард барих нь хэн нэгний эрхийг зөрчөөгүй барилгын норм дүрэм, стандартад нийцсэн гэдэг дүгнэлт гаргачихсан өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ингээд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд заасан бүх материалыг нь бүрдүүлчихсэн, тухайн үедээ 2016 онд амьдарч байсан эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нар нь бүгд зөвшөөрсөн, хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан.

          Тэгэхээр энэ актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Зарим өмчлөгч нар нь өмчлөгч биш, түрээслэгчид бас байдаг. Одоо жишээлбэл Ж.М*** гэдэг хүний татгалзсан тайлбар дээр бид энэ орц, гарцын асуудлаар буюу нүх ухсан асуудлаар гэж ойлгосон болохоос биш яг энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй маргах гээгүй юм гэдэг. Үүнээс эцэслэн дүгнэхэд нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн, хоёрдугаарт нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг ерөөсөө хөндөгдөөгүй, гуравдугаарт энэ 5 давхар барилгад эрх бүхий мэргэжлийн хяналтын байцаагч нь дүгнээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахаас татгалзах хуульд заасан үндэслэл ерөөсөө байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.“ гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

        1.Нэхэмжлэгч Ч.Ж***ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,М*** ХХК, *** ХХК, *** ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Д.Ч***ийн *** дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“... мансардын давхрын баруун жигүүрийн Б тоот хаягт байршилтай 200 м.кв,  П.М***ын *** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах, зүүн жигүүрийн А тоот хаягт байршилтай 158.6 м.кв Э.З***гийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2. *** дүгээр байрны мансардын давхарт байрших 358.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ч***ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          2.1.Нэхэмжлэгч нараас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр /х.х-186/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

        2.2.Д.Ч*** нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 358.6 м.кв талбайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж, *** дугаар гэрчилгээ,

          Д.Ч***ээс дээрх 358.6 м.кв талбайн 200 м.кв-ийг П.М***т 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр  шилжүүлэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн *** дугаар бүртгүүлж, *** дугаар гэрчилгээ,

          Д.Ч***ээс 158.6 м.кв талбайг Э.З***д 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн *** дугаарт бүртгүүлж, *** дугаар гэрчилгээг тус тус авсан.

          2.3.Д.Ч*** нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр *** дүгээр байр мансардын давхар 358 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрын байршлын кадастрын зургийн хуулбар, контор орон сууцны барилгын өргөтгөл мансардын төлөв байдалд шалгалт хийсэн талаарх Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар дүгнэлт, Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас уг барилгад дугаар олгосон албан бичиг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц барилга хамтран барих гэрээ, фото зэрэг баримт бичгийг хавсарган өгсөн байна.

          2.4.Улсын бүртгэлийн байгууллага дээр дурдсан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн Д.Ч***ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ү-*** дугаарт бүртгэж, *** тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

          2.5.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Д.Ч***ийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримтыг шалгаагүй, давхар нэмж барьсныг улсын комисс хүлээж авсан баримтыг өгөөгүй, мансардын давхрыг дангаараа өмчлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад бүртгэсэн гэж маргадаг боловч эдгээр үндэслэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй.

          2.6.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бусад тооцох зохицуулалттай бөгөөд Д.Ч***ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй.

          2.7.Иймд нэхэмжлэгчМ*** ХХК, *** ХХК, *** ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “*** дүгээр байрны мансардын давхарт байрших 358.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ч***ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         

             3. Мансардын давхрын Б хаягт байршилтай 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг П.М***ын *** дугаар өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээ, мансардын давхрын А тоот хаягт байршилтай, 158.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Э.З***гийн өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          3.1.Д.Ч***ийн *** дүгээр байр мансардын давхар 358.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ дагуу бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

          Улмаар уг мансардын Б тоот хаягтай  200 м.кв м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн П.М***т шилжүүлж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт, А тоот хаягтай 158.6 м.кв  талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Э.З***д шилжүүлж, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэжээ.

          3.2.Д.Ч***ийн Орон сууц, оффисын барилгын төлөв байдлын талаар  Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар /2х.х-217/ дүгнэлтээр “ ... тус мансардын давхар нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан” заалтыг зөрчөөгүй тул цаашид контор, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой ...” гэж дүгнэсэн.

          3.3.Нэхэмжлэгч нараас хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжаар /4х.х-73/ хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны *** дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна.

          3.4.Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/1483 дугаар албан бичгээр “...14 дүгээр байрны ашиглалтын /нэмэлт давхар/ төлөв байдалд ... шалгалтыг хийж гүйцэтгэлээ. ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд тооцох хөөн хэлэлцэх хугацаа /8 жил/ өнгөрсөн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй” гэсэн хариугМ*** ХХК-д өгчээ.

          3.5.Түүнчлэн Д.Ч*** нь 2016 онд мансардын давхрын 358.6 м.кв үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэгт тухайн орон сууцны оршин суугч Д.У***, Г.С***, Ц.***, С.Х***, Ц.***, Б.Ц***, Ч.А*** нарын гарын үсэг бүхий зөвшөөрлийг хавсаргаж өгсөн байдаг.

          3.6. Нэхэмжлэгч Мөнхдаатгал ХХК нь С.Х***аас *** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  өмчлөгчөөр бүртгэгдсэн, *** ХХК нь  Ц.***ээс өмчлөх эрхийг шилжүүлэн авч 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *** дугаарт өмчлөгчөөр бүртгэгдсэн, *** ХХК нь Ц.***ээс өмчлөх эрхийг шилжүүлэн авч 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаарт өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд 2016 онд мансардын давхар баригдсантай холбогдуулан маргаж байгаагүй болох нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10792 дугаар албан бичиг /3х.х-60/, Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгээр /3х.х-87/ нотлогдож байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Ж***, Мөнхдаатгал ХХК, *** ХХК, *** ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

          4.Нэхэмжлэгч Ч.Ж***ийн хувьд Б.Ц***аас *** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн, Б.Ц*** нь 2016 онд мансардын давхрыг барихыг зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд Ч.Ж*** мансардын давхар баригдсаны дараа уг орон сууцыг Б.Ц***аас худалдан авсан.

          4.1.Үүнээс үзэхэд Ч.Ж*** “Д.Ч***ийн *** дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан“-д зааснаар Н.Жигжидийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          5.Эдгээр нотлох баримт болон үйл баримтыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ч.Ж***ийн нэхэмжлэлийг 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,М*** ХХК, *** ХХК, *** ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Д.Ч***ийн *** дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Ч.Ж***,М*** ХХК, *** ХХК, *** ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Мансардын давхрын Б хаягт байршилтай 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг П.М***ын өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаар гэрчилгээ, мансардын давхрын А тоот хаягт байршилтай, 158.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Э.З***гийн өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчМ*** ХХК, *** ХХК, *** ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасанД.Ч***ийн *** дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ж***ийн гаргасан  “Д.Ч***ийн *** дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”, Ч.Ж***,М*** ХХК, *** ХХК, *** ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Мансардын давхрын Б хаягт байршилтай 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг П.М***ын өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаар гэрчилгээ, мансардын давхрын А тоот хаягт байршилтай, 158.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Э.З***гийн өмчлөлд бүртгэсэн *** дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН