Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Э.Х-т холбогдуулан хохиролд 12 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баялагмаа, түүний өмгөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Э.Х-ыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогчийн 85/18 дугаар тушаалаар авто засварчнаар томилж, мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Хишигнямын Тоёота Ланд круйзер 200 маркийн 19-70 УББ улсын дугаартай автомашины тосыг солихдоо цаасан маслын шүүрний тогтоогч гол төмөр унасныг анзаарахгүй боосноос автомашин асахад маслын шүүрт өндөр даралт өгч цаасан маслын шүүр мушгираад масло нь эргэх боломжгүй болж мотор цохисноор эвдэрч, ашиглах боломжгүй болсон тул мотор худалдан авч сольж өгөхөөс өөр аргагүй болсон.

 Хариуцагчийн буруугаас үйлчлүүлэгчийн автомашинд учирсан хохирлыг арилгахаар “Х” ХХК нь иргэн Г.Хишигнямаас 14 000 000 төгрөгийн үнэ бүхий мотор худалдан авч, бусад сэлбэг хэрэгслийг байгууллагаас гаргаж, 2 хүнд 3 000 000 төгрөгийн хөлс төлж засварлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр талууд “Хохирол барагдуулах тухай” баримт үйлдэж 14 500 000 төгрөгийн хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 29 сарын хугацаанд сар бүр 500 000 төгрөг төлөх, хохирол барагдуулах хугацаанд Э.Х- өөрийн нэр дээрх автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс захирал Ш.Есөн-Эрдэнийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөр төлөлтийн 5 дахь сараас эхлэн цалингийн зээл авах эрх үүсэх боломжтой болсон тохиолдолд цалингийн зээлээр барагдуулж болно” гэх агуулгатай баримт үйлдсэн. Гэвч Э.Х- тохиролцсон ёсоор өөрийн нэр дээрх автомашинаа Ш.Есөн-Эрдэнийн нэр дээр шилжүүлээгүй. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 2 400 000 төгрөгийг цалингаасаа суутгуулаад 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаа орхин явсан, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50 000 төгрөг нэмж төлсөн. Иймд Э.Х- нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх үедээ ажлын алдаа дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулсан тул үлдэгдэл 12 050 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие “Х” ХХК-ийн хороолол дах салбарт байрлах “Автокэйр” засварын газар засварчнаар ажиллаж байх үедээ 19-70 УББ улсын дугаартай V8 дизель хөдөлгүүртэй, цагаан өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины моторын тосыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сольсон. Энэ үед машины эзэн н.Бааска гэх залуу миний дэргэд байсан бөгөөд шүүрний гол гарч ирээгүйг харсан, гол гарч ирээгүй талаар би түүнд анхааруулсан. Автомашины эзэн ямар ч тайлбар хэлээгүй шинэ масло, шүүр надад авч өгөөд би маслыг сольж дуусаад автомашиныг өргөгч рүү оруулан шпилк сольсон. Ингээд масло, хойд дугуйны шпилкийг солиод ахлах механикч Н.Батболдтой хамт шалгаж үзээд явуулсан. Автомашины эзэн болон ахлах механикч Н.Батболд нар нь найз нөхдийн хамааралтай.

Гэтэл 3 хоногийн дараа автомашины эзэн Төв аймгийн Заамар сум руу явж байгаад мотор цохисон гээд автомашинаа авч ирсэн. Үүний дагуу ахлах механикч Н.Батболд автомашиныг өргөж байх зуур эзэн нь шүүрний голыг тосны тосгуураас оллоо гэж ирсэн. Өглөө, орой бүр цэвэрлэгээ хийдэг, тосгуур болон ойр орчинг тогтмол цэвэрлэдэг бөгөөд анх солиход байсан шүүрний гол олдох үндэслэлгүй худал гэж үзэж байна. Автомашин юунаас болж эвдэрсэн ямар засвар орох, мөн ямар нэг техникийн дүгнэлт мэдээлэл надад өгөөгүй. Улмаар 9 хоногийн дараа “Х” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Есөн-Эрдэнэ намайг дуудаж Г.Хишигням гэх хүнээс 14 000 000 төгрөгөөр мотор авсан, чи байгууллагад 14 500 000 төгрөгийн хохирол учруулсан үүнийг төл гэсэн. Би төлөх боломжгүй, миний буруу биш гэдгээ хэлэхэд цалингаас суутгахаар “хохирол барагдуулах баримт” үйлдэн албадан гарын үсэг зуруулсан.

Цалингаас албан хүчээр мөнгө авдаг бөгөөд зарим тохиолдолд суутгаж авсан мөнгөний баримт өгдөггүй байсан ба удаа дараа ерөнхий нягтлан бодогч Ж.Баасанхүүгээс нэхэхэд угаасаа хасагдсан шаардлагагүй гэдэг байсан. Автомашины эзэн н.Бааска, ахлах механикч Н.Батболд, мотор худалдан авсан Г.Хишигням болон компанийн удирдлагууд бүгд бие биенээ таньдаг түншүүд. Иймд нэхэмжлэлийн шаардлага 12 050 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Х-аас 12 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207 750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1. 498.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Х-аас гэм хорын хохирол нэхэмжилсэн. Уг хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх атал дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн, тосыг сольсноос хойш хэдий хугацааны дараа ямар учраас мотор цохисон, хэдэн төгрөгөөр хэрхэн мотор сольж тавьсан зэрэг нь талууд хохирол барагдуулах тухай баримт үйлдэж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулахаас өмнө тодорхой болсон, Э.Х- мотор эвдэж гэмтсэн байдлыг шалгах үед өөрөө байлцаж нүдээр үзсэн, засварын явц болон холбогдох баримтуудыг үзэж танилцсан тул маргахгүй төлж барагдуулахаа баталгаажуулж “Хохирол барагдуулах тухай” баримт үйлдсэн.

Тэрээр байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулахаар ажил олгогчтой тохиролцсон нь “Хохирол барагдуулах тухай” баримт, моторыг сольсон гэрч н.Батболд, н.Төр нарын мэдүүлэг, мотор худалдан авсан төлбөрийг шилжүүлсэн баримт, хохирол учруулснаас хойш Э.Х- өөрийн сайн дураар 3 удаагийн гүйлгээгээр нийт 1 500 000 төгрөг шилжүүлсэн, ажил олгогч сүүлийн 3 сарын цалингаас нь 300 000 төгрөг суутгасан, 2019 оны 7 дугаар  сарын 05-ны өдөр ажлаа орхин явсны дараа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50 000 төгрөг шилжүүлсэн зэргээр хангалттай нотлогдож байна.  

Э.Х- нь 14 000 000 төгрөгөөр сольж тавих хуучин моторыг хаанаас хэрхэн хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар судалж, хамт хайж байлцсан тул өөрөө мэдэж байсан, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа амлаж гарын үсэг зурж, төлөлт хийж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу “Х” ХХК нь үйлчлүүлэгчийн автомашинд учирсан хохирлыг арилгаж, мотор худалдан авч сольж засварлаж өгсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 500 000 төгрөгийн цалин Э.Х- авч байсан талаар талууд маргаагүй гэж энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй, талууд ийм хэмжээний цалин авч байсан гэж тайлбар хийгээгүй байхад шүүгч нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Бодит байдалд Э.Х- 1 сард дунджаар 1 383 121 төгрөгийн цалин авч байсан. Иймээс Э.Х-аас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт заасны дагуу хохирол нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1-т ажилтан нь ажил олгогчийн шаардах хууль ёсны мэргэжлийн өндөр ур чадвартай бусад бүх нөхцөлүүдийг хангасан байхыг шаарддаг бөгөөд дурдсан нөхцөлүүдийг хангаагүйн улмаас бий болсон хохирол болон бусад асуудлыг ажилтан өөрөө хариуцах, үүний улмаас ажил олгогчид учруулсан алдагдал хохирлыг нөхөн төлөх үүрэгтэйг гэрээний 3.3-т, ажилтан нь ажил олгогчийн эрх ашгийн төлөө үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин биелүүлэх үүрэгтэйг 3.7-д заасан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.17-д ажилтан нь өөрийн буруугаас ямар нэг байдлаар ажлын хариуцлага алдсан тохиолдолд харилцагч, үйлчлүүлэгчид учирсан хохирлын баримтаар нотлогдох зардлыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж, 10.3.3-т... хэрэв ажилтан ажил үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас болон бусдад шилжүүлснээс үүдэн компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж жинхэнэ гарсан алдагдлаар төлбөрийг барагдуулан компанийг бүрэн хохиролгүй болгох үүрэгтэй гэж тус тус заасан.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдан хөдөлмөрийн харилцаа явагдаж байсан ч хариуцагч нь шууд байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулаагүй, харин ажил үүргээ гүйцэтгэх үедээ үйлчлүүлэгчийн буюу гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны өмнөөс байгууллага хохирлыг барагдуулаад, 498.5 дах хэсэгт зааснаар ажилтан Э.Х-аас уг хохирлыг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хэрэв гэм хорын хохирлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ёстой байтал шүүгч дангаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах, харин хууль ёсны бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзвэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Э.Х-т холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, улмаар тухайн хохирлыг байгууллага барагдуулсан тул төлбөрийн үлдэгдэл 12 050 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 23/

 

Хэрэгт ажил олгогчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 85/18 дугаар “Ажилд авах тухай” тушаал /хх 11/, “Хөдөлмөрийн гэрээ” /хх7-9/ авагдсан бөгөөд эдгээр баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үзвэл, Э.Х- нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Х” ХХК-д засварчнаар ажилд орж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлд дурдсан 19-70 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогдох ба талууд энэ талаар маргаагүй. Харин тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, үүний улмаас төлбөрийг ажил олгогч төлж барагдуулсан зэрэгт хариуцагч буруутай эсэхэд маргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг тусгайлан заагаагүй, ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, “Хохирол барагдуулах тухай” тушаал ямар баримтад үндэслэсэн, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж байгаа эсэх, цалингийн хэдэн хувийг суутгаж байгаа нь тодорхой бус, хариуцагч уг хохирлыг хүлээн зөвшөөрч төлөх тухай харилцан тохиролцсон гэж үзэхгүй гэх агуулгаар дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.4 дэх хэсэгт заасанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

 

Учир нь, талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй байх боловч хөдөлмөрийн гэрээний /хх7-9/ 8.3-т ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тохиолдлуудыг нэрлэн заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Э.Х-, нэхэмжлэгч байгууллагын ерөнхий захирал Ш.Есөн-Эрдэнэ нарын үйлдсэн “Хохирол барагдуулах тухай” баримтад дурдсан хохирлыг хариуцагч төлөх талаар хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүй. /хх 12-13/ Тодруулбал, уг баримтад хариуцагч нь ажил олгогчид учруулсан 14 500 000 төгрөгийн хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 29 сарын хугацаатай сар бүр 500 000 төгрөгийг “Хаан банк” ХХК-ийн 5027543893 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд тохиролцоо ёсоор тухайн дансанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 1 550 000 төгрөг шилжүүлсэн, мөн 3 сарын цалингаас 900 000 төгрөг суутгуулж, нийт 2 450 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. Эдгээрээс дүгнэвэл, хариуцагч Э.Х- нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. /хх32-38/

 

Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан Н.Батболдын “...Тухайн өдөр манай найз н.Баасанбат машиныхаа тосыг  солиулах үйлчилгээ авахаар ирсэн. Миний бие өөрөө завгүй байсан учраас Э.Х-аар солиулсан, ...масло солих үед шүүрний голыг хийхгүйгээр мартаж, үүний улмаас манай найз шөнийн 12 цагийн үед надруу залгасан, маргааш нь машинаа аваад ирэхэд нь шалгахад моторын тосны шүүрний гол байхгүй учраас мотор цохисон байсан, ... шинээр орж байгаа хүмүүсийн ажлыг шалгах ёстой, ...Хэрлэнбаяр ажлаа хийгээд дууслаа гэж хэлээд шалгуулах ёстой” гэх мэдүүлэг, гэрч Э.Төрийн “...Маслын шүүрэн дотор байдаг чиглүүлэгч турбаг хийгээгүйн улмаас мотор цохисон...” гэх мэдүүлэг /хх 57-58/ зэргээр үйлчлүүлэгчийн машины “мотор цохисон” болон хариуцагч уг засвар үйлчилгээг хийсэн үйл баримт тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх31/, нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлэг зэргээр “Х” ХХК нь иргэн Г.Хишигнямд моторын төлбөрт 14 000 000 төгрөгийг шилжүүлж, тухайн эд зүйлийг худалдан авсан, улмаар үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулсан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 2.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар Э.Х-аас байгууллагад учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч тухайн ажилтан дангаар хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд ажил олгогч нь ажилтны хийж гүйцэтгэж буй ажлын үр дүнг шалгах, хяналт тавих  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Энэ нь үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсанд нөлөөлсөн байх тул 14 000 000 төгрөгийг ажил олгогч, ажилтан нар хамтран хариуцах нь хэргийн үйл баримтад нийцэх бөгөөд талуудад ногдох хэсгийг тус бүр                               7 000 000 төгрөг гэж тооцно. Үүнээс хариуцагч Э.Х- нь хохирол барагдуулах баримтын дагуу 2 450 000 төгрөгийг төлсөн тул дээрх үнийн дүнгээс хасч үлдэх 4 550 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дах хэсэгт заасан гэм хорын хохиролд тооцогдох тул хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь буруу гэжээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх талаар зохицуулсан байдаг. Гэтэл уг хэргийн нэхэмжлэл нь ажил олгогчоос гэм хорын хохирлыг шаардсан бус харин ажилтны бусдад учруулсан хохирлыг ажил олгогч төлж барагдуулсан, үүнийг ажилтнаар нөхөн төлүүлэх үндэслэлээр гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан маргаанд хамаарна.  Иймд шүүх хэргийг дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар 82.1.2-т заасантай нийцэх ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтуудад зохих өөрчлөлт хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Х-аас 4 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Х-аас 87 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 207 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ                                                               

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА