| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/04886/И |
| Дугаар | 101/ШШ2024/04322 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/04322
| 2024 09 18 | 101/ШШ2024/04322 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК /рд:*******/-д холбогдох,
69,662,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аавынхаа өмчлөлийн хашаа байшинг борлуулж мөн цуглуулсан орлогоо нийлүүлэн ******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа ******* апартментын А блокийн 15-р давхрын 35,31 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилготой 2022 оны 06 сарын 22-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулан урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасны дагуу төлсөн билээ.
Захиалсан орон сууцны нэгж м.кв-ийн үнэ нь 1.750.000 төгрөг буюу нийтдээ 61.792.500 төгрөг болж байгаа юм. Үүний ихэнх төлбөр болох 48.545.625 сая төгрөгийг гүйцэтгэгч компани Хаан банкны тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байдаг.
Тус орон сууц маань 2022 оны 4-р улирал буюу хамгийн сүүлийн хугацаа гэхэд 2022.12.31-ний өдөр гэхэд ашиглалтад оруулна гэж гэрээний 4.1-т заасан. Гэтэл уг барилга маань захиалга өгч төлбөрөө төлснөөс хойш барилга угсралтын ажил нь захиалга авах үедээ хэлж байснаас хойш 1 давхар л дээш цутгагдсан бөгөөд гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй 2 жил болсон бөгөөд энэ ондоо ч орох ямар ч боломжгүй байна.
Аавынхаа амьдарч байсан хашаа байшинг 30 сая төгрөгөөр худалдан борлуулаад би өөрөө дээр нь мөнгө нэмж энэ орон сууцны төлбөрийг өгсөн. Энэ орон сууцыг хүлээж байх хугацаанд эхний 1 жил аавдаа нэг өрөө байр хөлсөлж өгсөн. 2023 онд хүү маань оюутан болоод үнэхээр мөнгө төгрөгийн боломжгүй байсан тул сар сард нь төлж хажуу өрөөнд амьдруулж байсан тул цагаан сарыг нь хийж өгч чадаагүй. Аав маань гэр оронгүй тэнэж, амьдарч байна гэж ярьж маш их сэтгэл гутралд ороод байнга бие нь өвддөг боллоо, өвдөх бүрд нь мөнгө зээлж эм тариа авсаар миний хувьд ч өр зээлд баригдаж гүйцлээ. Бид энэ төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөнгө төгрөг, сэтгэл санаагаар маш их хэмжээгээр хохирч байна. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орох ямар ч боломжгүй байгаа тул төлбөрөө буцааж авах талаар тус байгууллагад удаа дараа хандсан боловч илт худлаа ярин төөрөгдүүлж сүүлдээ утсаа авахгүйн дээр гэрээгээ цуцалмаар байвал цуцал, шүүхээр яв гэх мэт даапаалсан маягаар харьцдаг.
Төсөл хэрэгжүүлэгч гүйцэтгэгч нь 4-р зүйлд заасан үүрэг хангалттай зөрчигдсөн бөгөөд Иргэний хуулийн 227-р зүйлд заасан хохирлоо арилгуулах хүсэлтэй байна. Гэрээний 4.10-т заасан хугацаа нь хангалттай өнгөрсөн бөгөөд аль болох эв зүйгээр асуудлыг шийдвэрлэхээр хандсан боловч төсөл хэрэгжүүлэгч тал нь холбогдох боломжгүй байдгийн дээр байнга худлаа ярьж аргацаасан байдалтай байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар барилга нь зогсонги байдалтай 15 давхар барилга нь 11-р давхартаа дөнгөж цутгалт нь явж байгаа юм. Иймд миний бие бэлэн болсон юм уу бодит хугацаандаа орох барилгаас захиалга өгөх эсвэл бэлэн байр худалдан авч хохирлоо хязгаарлах буюу амьдралд үүссэн хүнд нөхцөл байдлаас гарах хэрэгтэй байгаа тул хуулийн дагуу богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү.
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА
1. ******* ХХК-ийн Хаан банкны тоот дансанд Гэрээ байгуулснаас хойш төлсөн ******* тоот гэрээний төлбөр 48.545.625 төгрөгийг
2. Гэрээний 4.1-т заасан хугацаанд ороогүй бөгөөд түүнээс хойш 2024 оны 5 сарын 1-ны өдрийн байдлаар гэрээний 4.10-т заасанчлан алдангийг 2023.03.10-ны өдрөөс эхлэн тооцоход 435 хоног бөгөөд өдрийн 48.545,6 төгрөг буюу нийт 21.117.346 төгрөг Нийтдээ 69.662.971 / Жаран есөн сая зургаан зуун жаран хоёр мянга есөн зуун далан нэгэн төгрөгийг / гаргуулж өгнө үү.
1а. Төлсөн төлбөрт 48,545,625 төгрөг, алдангид 21,117,346 төгрөг, нийт 69,662,971 төгрөг гаргуулна. 2022 оны 6 сард хариуцагчид байр захиалсан. Байр 8 давхар болсон байсан. 12 сард ашиглалт орно гэж байсан. Захиалга өгөхдөө 30 саяыг өгөөд дээр нь 7,150,000-г нэмж өгсөн. Үлдсэн мөнгийг нь байр ашиглалтад ороход өгөхөөр тохиролцсон. 2022 оны 10 сард очиход нэмж бариагүй байсан. Ашиглалтад орохгүй юм байна мөнгөө авъя гэхэд өгөхгүй байгаа юм. Тэр жилдээ аавдаа байр хөлсөлж өгч байсан. Байрыг аавдаа авч өгч байсан юм. Үлдэх төлбөрийг машин өгөхөөр ярьж байсан юм. Байр хөлсөлсөөр байтал үлдэгдэл төлбөр дууссан тул намайг хохироосон. Бөөн хэрүүл болсон. Ингээд аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Алдангийг гэрээний 4.10-р нэхэж байгаа юм. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээгээ болиод өгсөн мөнгөө алдангийн хамт авна гэв.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.******* нь ******* ХХК-ны Баянзүрх дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж 35,31 метр квадрат байрыг 1 м.кв-г нь 1,750,000 төгрөгөөр нийт 61,792,500 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.
А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус ХХК-с 69,662,971 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр талын хооронд байгуулсан гэрээний 4,8-д захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлах тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ноогдуулж тухайн орон сууцыг худалдан борлуулсан дараа үлдэгдэл төлбөрийг буцаан олгохоор заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2а. Байр ашиглалтад ороогүйд уучлалт хүсье. Тодорхой шалтгаанаар удааширсан. Сарын өмнөөс зээл аваад ажил явагдаж байгаа. Нэхэмжлэгч нь нийт 48,545,625 төгрөг төлсөн. Гэрээнд алданги заасан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тул өгсөн авснаа буцаана. Иймд өгсөн мөнгийг өгөхөд татгалзахгүй. Мөн 4.8-д зааснаар 5 хувийн суутгал хийж байрыг зарсны дараа мөнгийг төлөхөөр заасан. Иймд 5 хувийг суутгаад төлнө, алданги зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээнээс татгалдсан тул нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзсанаар 4.8-р зөвшөөрөхгүй гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс 2 ширхэг гэрэл зураг /хх15-16/, орон сууц захиалгын гэрээ /хх31-33/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх35-54/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 48,545,625 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,117,346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.******* нь гэрээний дагуу төлсөн төлбөр 48,545,625 төгрөг, алданги 21,117,346 төгрөг, нийт 69,662,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул төлсөн төлбөрөөс гэрээнд заасны дагуу 5 хувийн суутгал хийж үлдэх хэсгийг орон сууц бусдад зарагдсаны дараа буцаан олгоно, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай 61,792,500 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан. /хх31-33/
Гэрээний 4.1-т зааснаар хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн дотор орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 48,545,625 төгрөг төлсөн болох нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгийн хэмжээгээр төлбөр төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй. /хх35-54/
Гэвч уг байр өнөөдрийг хүртэл байнгын ашиглалтад ороогүй талаар зохигч хэн аль нь маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул шүүх зохигчийн маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж байгааг үгүйсгэж маргаагүй.
Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагч нь үүнийг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэг хүлээнэ.
5. Гэрээний 4.8-д зааснаар захиалагч гэрээнээс татгалзвал гүйцэтгэгч нь төлбөрөөс 5 хувийн суутгал хийхээр заасан байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дан ганц өөрийн хүсэл зоригоор гэрээнээс татгалзаагүй. Иймд хариуцагчид Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардах буюу суутгал хийх эрх үүсэхгүй. Үүнээс гадна хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчид ямар нэг хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
6. Нэхэмжлэгч нь нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг буюу гэрээнд заасан алданги шаардах эрхгүй. Тодруулбал, гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд алдангид холбогдох 21,117,346 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.
7. Дээрхээс гадна нэхэмжлэлд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирлын талаар дурдсан байх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол шаардаагүй байгааг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 48,545,625 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,117,346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 400,678 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.3, 1*******.4, 1*******.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД