Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/04328

 

 

 

 

 

 

 

 

                             2024       09          18

            101/ШШ2024/04328

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин А. нь эрүүгийн гэм хэргийн хохирогч болсон учир энэ хэрэгт өмгөөлөгч хэрэгтэй болсон юм. Т.******* надтай уулзаад эрүүгийн хэрэгт охиныг маань өмгөөлөгч өгье. Би өмгөөлөгч хүн гэж хэлсэн. Гэхдээ надад хуульч өмгөөлөгчийн үнэмлэх үзүүлээгүй. Би *******д өмгөөлөгчийн хөлс гэж 2,000,000 төгрөгийг охин ийн Хаан банк дахь тоот данснаас *******гийн Хаан банк дахь тоот дансанд 2024.04.04-ны өдөр шилжүүлж өгсөн. Гэтэл Т.******* хуульчийн холбооны гишүүн өмгөөлөгч биш байсан учир хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаанд огт оролцоогүй, хүсэлт, тайлбар өгөөгүй, өөрөөр хэлбэл огт ажиллаагүй тул би Т.*******гээс мөнгөө буцааж авах тухай хэлэхэд өгөхгүй биднийг хохироож байна. Иймд хариуцагч Т.*******гээс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. Өмнөх хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон. Хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зурсан. Гэтэл хариуцагч нь шүүхийг үл хүндэтгэж ирээгүй тул хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдэх саналтай.

Хариуцагчаас аман хэлцлийн үүрэгт 2 сая төгрөг гаргуулна. нь эрүүгийн хэргийн оролцогч болоод өмгөөлөгч шаардлагатай болсон. Улмаар ийн эх ******* хариуцагчтай уулзсан. Тэгэхэд өмгөөлөгч гээд оролцох болсон. Хэрэг Сэлэнгэ аймагт шийдэгдсэн. Ингээд итгүүлээд ажлын хөлсөнд 2 сая төгрөг авсан. Гэтэл эрүүгийн хэрэгт оролцох боломжгүй. Учир нь төлөөлөгчийг тогтоол гаргаж томилдог. Иймд үндэслэлгүйгээр итгэлийг ашиглаж өмгөөлж өгнө гэж 2 сая төгрөг авсан тул буцаан гаргаж өгнө үү. Эрүүгийн хэрэг нь хүчингийн хэрэг байсан юм. Нэхэмжлэгчийн охин нь хохирогчоор оролцсон юм. ******* ******* нар анх өмгөөлөгч хэрэгтэй гэж уулзсан бөгөөд хуульчдын холбооны гишүүн биш байсан тул төлөөлөгчөөр оролцох талаар ярьж итгэмжлэл хийсэн юм. Гэтэл шийтгэх тогтоолоос үзэхэд Амартүвшин өмгөөлөгчөөр оролцсон байдаг бөгөөд хариуцагч нь хэрэгт оролцоогүй. Итгэмжлэл хийлгээд хариуцагч нь өөрөө аваачиж өгөөд оролцоно гэж хэлсэн юм. Дараа нь мөрдөгч утсаар өмгөөлөгч авах эсэх талаар асуухад оролцоогүйг мэдээд уулзахад *******т байсан итгэмжлэлийг авсан юм. Эрүүгийн хэрэг нь 2024.3.20-нд үйлдэгдсэн хэрэг юм. Энэ үед 17 нас, хэдэн сартай байсан. Шүүхэд нэхэмжлэлийг 2024.6.9-нд гаргасан. ******* хууль мэдэхгүй өмгөөлөгч хэрэгтэй болоод очиход ******* тайлбарлаж итгэмжлэл олго гэсэн юм гэв.

 

2.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

2а. Нэхэмжлэгчээс Хаан банк дахь А.ийн дансны хуулга /хх5/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх25-29/, А.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх30/, А.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх31/,

2б. Хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А.ээс Т.*******д олгосон итгэмжлэл /хх20/, Т.*******гийн дипломын хуулбар /хх21-22/, Шихихутаг сургуулийн 1995 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 25 дугаар тодорхойлолтын хуулбар /хх23/, дадлагын тодорхойлолтын хуулбар /хх24/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Т.******* нь гэрээний дагуу төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Шүүх хариуцагч Т.*******д 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.            Нэхэмжлэлд дурдсанаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн охин А. нь эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон бөгөөд тухайн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болсон. Улмаар хариуцагчтай уулзахад тэрээр өөрийгөө хуульч хэмээн танилцуулж, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн. Гэвч хариуцагч нь хуульч, цаашлаад өмгөөлөгч биш байсан тул эрүүгийн хэрэгт оролцоогүй, хууль зүйн туслалцаа үзүүлээгүй гэж тайлбарлаж байна.

4а. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч Б.Мөнгөнсүхэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд уг хэрэгт А. хохирогчоор оролцжээ. /хх25-29/

Энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсгээс үзэхэд хариуцагч Т.******* нь тухайн эрүүгийн хэрэгт оролцоогүй байна. Мөн тэрээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.

“************” хууль зүйн дээд сургуулийн 1997 оны дипломоос үзэхэд хариуцагч Т.******* нь тухайн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. /хх21/

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно. Мөн зүйлийн 3.1.2-т зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг хэлнэ. Цаашлаад Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

Дээрхээс үзэхэд эрх зүйч мэргэжил эзэмшсэн байдал нь хуульчийн, түүнчлэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх олгохгүй.

Эдгээрээс үзэхэд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгээ нотлоогүй тул  түүнийг дээр дурдсан үндэслэлээр хуульч, мөн өмгөөлөгч гэж үзэх боломжгүй байна.

4б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 болон 1.1-д зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодог. Өөрөөр хэлбэл, хэргийн 20 дугаар талд авагдсан итгэмжлэлийн дагуу хариуцагч нь эрүүгийн хэрэгт хохирогчийг төлөөлөх боломжгүй юм.

 

5.            Нэхэмжлэгчийн төрүүлсэн охин А. нь эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон болох нь дээрх шийтгэх тогтоол, А.ийн иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх30, 31/

Энэхүү баримт бичгийн хуулбараас үзэхэд А. нь 2005 оны 07 дугаар сарын 31-ны өдөр төрсөн байх тул шийтгэх тогтоолд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тэрээр 18 нас, 7 сар, 20 хоногтой байжээ.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар 18 нас хүрсэн хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж үзнэ.

Улмаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А.ээс хариуцагч Т.*******д эрүүгийн хэрэгт төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон байна. Гэвч дээрх үндэслэлээр тухайн эрүүгийн хэрэгт хариуцагч нь хохирогчийн төлөөлөгчөөр оролцох боломжгүй бөгөөд шийтгэх тогтоолоос үзэхэд оролцоогүй.

 

6.            Хаан банк дахь А.ийн дансны хуулганаас үзэхэд тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр дугаар данс уруу 2,000,000 төгрөг шилжүүлжээ. Энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан дансыг хариуцагч эзэмшдэг эсэх талаар зохигч хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2,000,000 төгрөг хүлээн авсан талаар үгүйсгэж маргаагүй тул хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

Энд хэдийгээр А. нь 2,000,000 төгрөгийг итгэмжлэл олгохоос өмнө шилжүүлсэн байх боловч хууль зүйн туслалцаа авах тухай хэлцлийг амаар байгуулж, улмаар хариуцагчийн тавьсан шаардлагын дагуу хожим итгэмжлэл олгосон гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

7.            Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийг өөрийн хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааны талаар амлалт өгч төлбөр авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

8.            Гэвч хэдийгээр нэхэмжлэгч нь А.ийн эх мөн байх боловч түүний охин А. насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул нэхэмжлэгчийг хууль ёсны төлөөлөгч гэж үзэхгүй. Мөн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч олгоогүй. Тодруулбал, хэдийгээр 2,000,000 төгрөгийн эх үүсвэр нь нэхэмжлэгчээс гарсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, цаашлаад А.ээс шаардах эрх шилжүүлсэн баримтгүй байна.  Иймд нэхэмжлэгч нь А.ийн бусдад шилжүүлсэн энэхүү мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй юм.

 

9.            Харин эрх бүхий этгээд нь энэ асуудлын талаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

10.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.*******д холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНБОЛД