Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0131

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б*******  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.З*******      

Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал   

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*******, хариуцагч Л.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал      

2.1.Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/12 дугаар тушаалаар Хүрэлчулууны Б*******г Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн даргаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр түр томилжээ. 

2.2.Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/31 дүгээр тушаалаар Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна.   

2.3.Тус шүүх Х.Б*******гаас гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралд холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.   

 

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тушаалаар программ хангамжийн инженер ажлын байранд, тус төвийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар тушаалаар Программ хангамжийн хэлтсийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Мэдээллийн технологийн төвийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн 67 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн төвийн захирлын ажлын байранд, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байсан.

 

Гэтэл Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тушаалыг хүчингүй болгож төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болно.

 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсноор Мэдээллийн технологийн төвийн албан хаагчдын эрх зүйн байдал өөрчлөгдсөн буюу Төрийн үйлчилгээний албан хаагч байсныг Төрийн захиргааны албан хаагч байхаар хуульчлагдсан. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Х.Б******* миний бие Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 сарын 15-ны өдөр өгч төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн болно.

 

Төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэнээр төрийн албан хаагчийн баталгааг эдлэх боломжтой болсон төрийн албан хаагч намайг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т зааснаар миний эрхэлж байсан ажил албан тушаал нь тухайн ажлын байрны чиг үүрэг хамгийн ойр хамааралтай албан хаагч гэдэг утгаар түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байхад хууль бус томиллыгоо гэх агуулгаар буюу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар тогтоолд хамааруулан тушаал хүчингүй болгох байдлаар хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн тушаал болсон.

Иймд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.  

 

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 оноос хойш Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийг анх байгуулагдсан цагаас нь хойш 11 жил 8 сар энэ байгууллагад тасралтгүй ажилласан. Энэ хугацаандаа эхлээд инженерээр ороод дараа нь хэлтсийн даргаар ажиллаад, тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор захирлаар ажиллаад, үүний дараа эргүүлэн хэлтсийн даргаар түр орлогч хийж байгаад 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр чөлөөлөгдсөн байгаа. Хууль бусаар халсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү.”гэжээ.     

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн захирлын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар тус Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тушаалын хууль зүйн үндэслэл нь иргэн Х.Б*******г чөлөөлөөд байна уу, эсвэл халаад байна уу гэдэг зохицуулалт нь өөрөө тодорхойгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 гэсэн заалтуудыг баримталдаг. Эдгээр нь төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагын шалгууруудыг бичсэн байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1414 дугаар тогтоолоор баталсан журмыг зааж өгөөд, энэ журмуудыг баримтлаад 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэж байгаа юм. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байх гэдэг нэн тэргүүний шаардлага байгаа. Х.Б*******гийн хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг өгсөн, энэ нь хавтаст хэргийн 91 дүгээр тал дээр Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын дүнгийн хуудсаар ерөнхий шаардлагаа хангачихсан гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Программ хангамжийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албыг хашихын тулд тусгай шаардлага хангасан байх шаардлагатай. Тусгай шаардлага хангана гэдэг нь албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад, зарласан тохиолдолд Х.Б******* тухайн шаардлагад нийцээгүй бол албан тушаалд ажиллах эрхгүй байна. Гэтэл Х.Б*******гийн хувьд түр орлон гүйцэтгэх журмын дагуу энэ ажил, албан тушаалыг эрхэлж байсан гэдэг нь харагдаад байгаа юм. Тушаалаар нь чөлөөлөөд байгаа юм уу, халаад байгаа юм уу гэдэг зохицуулалтыг зааж өгөөгүй.

Захиргааны ерөнхий хуульд тушаал, захиргааны акт нь өөрөө хуульд үндэслэсэн байхыг шаарддаг. Тушаалыг хүчингүй болгоод байгаа заалт нь ерөнхий агуулгаараа Х.Б******* гэдэг хүний төрийн албанд ажиллах нөхцөл боломжийг нь үгүйсгэж, халаад байгаа нь тодорхойгүй, чөлөөлөөд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Хууль зүйн үндэслэлийн хувьд үндэслэлгүй гарсан тушаал гэж үзэж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан Төрийн албаны тухай хуулийн хориглох зүйл төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл иргэн Х.Б*******г чөлөөлөөд байгаа юм уу, халаад байгаа юм уу гэдэг л ойлголт тодорхойгүй. 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс чөлөөлөөд, ажил хүлээлцэх тухай шийдвэр гаргаад байгаа юм. Төрийн албаны тухай хуульд заасан халаад байна уу, чөлөөлөөд байна уу гэдэг зохицуулалт энэ тушаал дээр байхгүй. Иргэн Х.Б*******г хуульд заагаагүй нөхцөл байдлаар чөлөөлөөд байна гэж үзэж байгаа юм.

Маргаан бүхий тушаалыг гаргасан Мэдээлэл технологийн төвийг төлөөлөн шүүх хуралдаанд орж байгаа Л.Л******* гэж хүн байгаа. Л.Л******* гэдэг хүн 10 дугаар сарын 23-ны өдөр Б/31 гэдэг тушаалыг гаргажээ. Төрийн байгууллага нь өөрөө Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болоод Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар байгуулагдсан байгууллага. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Сонгуулийн ерөнхий хороо Мэдээллийн технологийн төвийн захирлыг томилж чөлөөлнө гэж байгаа юм. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т хороо нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргана гэж байгаа юм. Л.Л******* гэдэг иргэнийг хэзээ, хэрхэн томилсон гэдэг тушаалыг хэрэгт нотлох баримтаар авхуулсан байгаа. Гэтэл Л.Л*******ын хувьд Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамж 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр захирлын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо гэж байгаа юм. Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Булгамааг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Программ хангамжийн хэлтсийн ахлах референт Л.Л*******ыг тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо гэж байгаа юм. Сонгуулийн автоматжуулсан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т мэдээллийн технологийн захирлыг н.Д******* гэдэг хүн ганцаараа захирамж гаргаад томилчихгүй юм байна. Үүнийг хороо хуралдаад хуралдаанаас тогтоол гаргана.

 Тогтоолоор Л.Л******* гэдэг хүнийг томилох ёстой. Гэтэл манай тохиолдолд Л.Л******* гэдэг хүн өөрөө Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар тухайн Мэдээллийн технологийн төвийн захирлаар томилогдсон байна. Эрх олгогдоогүй этгээд захирамжийг гаргачихжээ гэж үзээд байгаа юм. Маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаар тушаал нь өөрөө нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй буюу Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна. Нөгөө талаасаа эрх олгогдоогүй этгээд энэ захирамж, тушаалыг гаргасан байгаад байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны хууль бус акт гэдэг нь өөрөө эрх зүйн зөрчилтэй актыг хэлнэ гэж байгаа юм. Тиймээс анхнаасаа эрх олгогдоогүй этгээд тушаал гаргасан байна. Хоёрдугаарт энэ актын эрх зүйн үндэслэл нь өөрөө Төрийн албаны тухай хуульд заагдаагүй байна гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.    

 

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Х.Б******* нь Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023.10.23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т зааснаар түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байхад Төрийн албаны зөвлөлийн 2023.03.21-ний өдрийн 87 дугаар тогтоолд хамааруулан тушаал хүчингүй болгох байдлаар хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн, мөн Төрийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн тушаал болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт 2020.01.30-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байхаар хуульчилсан боловч Х.Б******* нь 2023.10.23-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд төрийн албаны тусгай шалгалт өгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоогүй болно.

Х.Б******* нэхэмжлэлдээ Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021.11.15-ны өдөр өгч төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн гэж бичсэнээс үзэхэд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй болохыг өөрөө нотлон харуулж байна.

Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Б******* томилогдон ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 43.3.3, 62.1.1 дэх заалтад заасан төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаанд хамаарахгүй болно гэж үзэж байна. Мөн хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны албанд анх орохдоо тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болсон гэдгийг баталгаажуулдаг.

Түүнчлэн Х.Б******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хугацаанд Мэдээллийн технологийн төвийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийн дагуу өөрийгөө болон бусад албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албаны ерөнхий, тусгай шалгалт өгөх ажлыг зохион байгуулж албан тушаалын сул орон тоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээг авсан бол энэ асуудал гарахгүй байсан.

2. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөл нь 2023.03.10-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн албан хаагчдыг Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсныг тогтоосон.

Төрийн албан зөвлөлийн 2023.03.21-ний өдрийн 87 дугаар тогтоолоор хууль тогтоомж зөрчиж томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээг авахыг зөвлөж, уг тогтоолыг биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ." гэж заасны дагуу Төрийн албан зөвлөлийн 2023.03.21-ний өдрийн 87 дугаар тогтоолыг биелүүлж хууль тогтоомжийг зөрчин Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Б*******г томилсон Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023.01.23-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/12 дугаар тушаалыг 2023.10.23-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" Б/31 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

3. Мөн нэхэмжлэлдээ Сонгуулийн ерөнхий хороонд 2023.10.31-ний өдөр гомдол гаргасан, гомдлын хариу өгөөгүй гэжээ. Х.Б******* нь 2023.10.31-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гаргасан гомдлын хуулбарыг Сонгуулийн ерөнхий хорооны архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан шинжээчид 2023.10.31-ний өдөр хүлээлгэн өгсөн нь Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023.10.23-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" Б/31 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаа мэдэгдсэн үйлдэл гэж харж байх тул Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан гэж үзэхгүй байна.

4. Х.Б******* нь "Төрийн албаны зөвлөлийн 2023.03.21-ний өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" 87 дугаар тогтоолыг баримталж Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023. 10.23-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" 5/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байранд томилохыг даалгаж өгнө үү" гэж Төрийн албаны зөвлөлд 2023.10.31-ний өдөр гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөл нь Х.Б*******гийн гаргасан гомдол, холбогдох баримтыг судалж үзээд 2023.11.24-ний өдрийн 01/2561 дүгээр "Гомдолд хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "Х.Б*******г томилсон 2023.01.23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгосон Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023.10.23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг буруутгах боломжгүй тул хүчингүй болгож, Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно" гэж хариу хүргүүлсэн байна.” гэжээ.

 

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагчаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Л******* би Х.Б*******гийн ажлын харилцааг зогсоосонтой х*******тойгоор тайлбар хэлье. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл нь эрх мэдлийнхээ хүрээнд томилгоотой х*******той ажлыг шалгана. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Төрийн албаны зөвлөлийн гаргасан тогтол, шийдвэрийг эрх бүхий этгээд заавал хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Төрийн албаны тухай хуулийн 2021 оны 87 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, энэ төрийн албаны хууль зөрчиж томилсон томилгоо болох Х.Б*******гийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Төрийн захиргааны албан тушаалтныг томилох, чөлөөлөх харилцааг Төрийн албаны тухай хуульд зааснаар хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Х.Б*******гийн төрд томилсон томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 буюу Төрийн албан тушаалд томилогдоход тавигдах тусгай шаардлагын 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 гэсэн хэсгүүдийг тус тус зөрчсөн учраас Төрийн албаны зөвлөл тогтоол гарчээ. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хүлээн авсан этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл энэ тогтоолыг хүлээж аваад Мэдээлэл технологийн төвийн бүх албан хаагчид танилцуулсан. Х.Б******* өөрөө танилцаж гарын үсэг зурсан байсан. Уг тушаалыг 30 хоногийн дотор Х.Б******* хүлээн аваад хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхэд гомдол гаргаагүй учраас Х.Б*******гийн томилсон томилгоо хуульд нийцээгүй гэж үзээд энэ тогтоолын хэрэгжилтийг би хангасан. Түүнээс би хууль зөрчиж ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тийм учраас Х.Б*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний томилгоотой х*******той асуудлыг ярьж байна. Би төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд сэлгэн ажиллаж байгаа. Хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч буюу хамгийн ойр байгаа албан тушаалтнаар түр орлон гүйцэтгүүлж байгаа л гэж ойлгож байгаа. Хэрэв миний томилгоотой х*******той гомдол гаргах гэж байгаа бол тусад нь гаргаад хэлэлцүүлэх нь зүйтэй байх.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       

2.Нэхэмжлэгчээс “Төрийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн тушаал болсон гэж”, хариуцагчаас “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж” тус тус маргажээ.   

3.Нэхэмжлэгч Х.Б******* нь 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд инженер, үйлчилгээний хэлтсийн дарга, төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж ирсэн байна.

4.Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Х.Б*******г ажилд томилох тухай” 67 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Х.Б*******г Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлаар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн томилжээ.

5.Дээрх тогтоол нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг. Коронавируст /Ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2018 оны 382 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна.

6.Сонгуулийн ерөнхий хорооны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Х.Б*******г ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар тогтоолоор Коронавируст /Ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн үйлчлэл дууссантай х*******тойгоор нэхэмжлэгч Х.Б*******г Мэдээллийн технологийн төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тогтоолтой маргаагүй тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

7.Дээрх тогтоолоор нэхэмжлэгч нь албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Б*******г Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

8.Нэхэмжлэгч Х.Б*******г дээрх тушаалын дагуу Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байхад нь Төрийн албан зөвлөлөөс Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийсэн байна.

9.Дээрх хяналт, шалгалттай х*******тойгоор Төрийн албан зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоолыг гаргажээ.

10.Уг тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1.1, 3.1.2.“в”, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд дээрх тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 16 дугаар тогтоолоор баталсан “төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албан тушаалд шатлан дэвшлүүлэх журам”-ыг тус  тус зөрчсөнийг тогтоосон байна.

11.Дээрх тогтоолын 2 дахь заалтаар тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 10 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргад үүрэг болгожээ.

12.Тогтоолын хавсралтын 1-т нэхэмжлэгч Х.Б*******г бичсэн байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Б*******г Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэжээ.

13.Нэхэмжлэгч Х.Б******* нь Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолын өөрт холбогдох хэсэгтэй маргаагүй байх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

14.Төрийн албаны зөвлөл нь дээрх тогтоол гарсантай х*******той 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” 04/751 дугаартай албаны бичгийг Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны даргад хүргүүлжээ.

15.Уг албан бичигт:“... Уг хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын тайланг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар хуралдаанаар хэлэлцэж, тус хорооны Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн зарим төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, уг зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн Зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 87, 88 дугаар тогтоол болон хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын тайланг үүгээр хүргүүлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар Зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, тогтоолын биелэлт, холбогдох мэдээллийг заасан хугацаанд ирүүлнэ үү.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтад заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн тухайд чөлөөний хугацаа дууссаны дараа хүний нөөцийн зохих шийдвэрийг гаргах нь зүйтэй.

Хууль бус шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх бүрэн эрхтэй болохыг анхаарна уу. ...” гэжээ.

16.Хариуцагчаас Төрийн албан зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй х*******тойгоор маргаан бүхий Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/31 дүгээр тушаалыг гаргасан байна.

17.Маргаан бүхий дээрх тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоол, Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дүрэм”-ийн 3.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд дээрх тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”, “Төрийн алба тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ыг зөрчин Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Б*******г томилсон Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

18.Төрийн албаны тухай 30 дугаар зүйл.“Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт”, 30.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.”, 30.2.“Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.”, 65 дугаар зүйл.“Төрийн албаны төв байгууллага”, 65.6.“Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана.Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.”, 66 дугаар зүйл.“Зөвлөлийн бүрэн эрх”, 66.1.3.“иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;” гэж тус тус заажээ.

19.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй х*******той асуудлаар хяналт, шалгалт хийх эрхтэй байх бөгөөд хууль тогтоомж зөрчигдсөн тогтоогдвол хугацаа үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, холбогдох байгууллага, албан тушаалтан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

20.Дээрхээс үзвэл Төрийн албан зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гаргасан маргаан бүхий Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/31 дүгээр тушаал үндэслэл бүхий байна.  

21.Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 06 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.“Мэдээллийн технологийн төвийн захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 3.2.2.“Төвийн ажилтнуудыг томилж, тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дүгнэх;” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргах эрхтэй байна.

22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Б*******гаас Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралд холбогдуулан гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан Х.Б*******гаас Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралд холбогдуулан гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ