| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00494/И |
| Дугаар | 138/ШШ2024/00543 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00543
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, оршин суух, *******, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******
Хариуцагч: Дорнод аймаг, тоотод байрлах, , утасны дугаартай, Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, “************** *******” ХХК
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 9-р баг, Ялалтын 9-р гудамжны 21 тоотод оршин суух, “************** *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, 94094483 утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэг хангуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие "******* ******* *******" ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай "Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ" байгуулан 48м² талбай бүхий палкан байшинг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 10 000 000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа тус компанийн данс руу шилжүүлсэн. Байшингийн материалыг ирүүлж байшин барьж эхлэхээр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тохиролцсон боловч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр барилгын материал болох палк, банз, дээврийн төмөр ачиж, ажиллах 3 хүний хамт ирсэн. Гэрээнд тусгасны дагуу барилгын материал ирсэн өдөр 16 000 000 төгрөгийг шилжүүлэхээр заасан тул 2022 оны 08-р сарын 12-ны өдөр 16 000 000 төгрөгийг гийн данс руу шилжүүлсэн. Дээврийн төмөр тавьсан нөхцөлд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг шилжүүлэхээр мөн гэрээнд тусгасан тул 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэсэн дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд жижиг цонхны хэмжээ 1:1м байсныг томруулж 1:1,2м хэмжээтэй болгохоор тохиролцож, цонхны зөрүү мөнгө, нэмж 1 модон хаалга захиалж нийт 300 000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д. гэсэн данс руу шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу элс, хайрга, цемент зэрэг байшингийн хундам барихад шаардлагатай материалыг манайх бүрэн хангаж, барилгын ажил 12 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд барилгын ажилд миний бие бас хамт ажилласан. Байшингийн хана, дээврийг барьж 2022 оны 08 сарын
21-нд дуусган, дотор заслын материалыг авч ирнэ гэж яваад эргэж ирээгүй. Үүнээс хойш ярих тоолонд янз бүрийн хоног хугацаа хэлж хойшлуулсаар байсан. Одоо болохоор утсаа авахгүй, бидний утсыг блоклож, өөр дугаараас залгахаар уурлаж, утсаа шууд тасалдаг. Улаанбаатар хотод очиж уулзах гэхлээр хөдөө байна, эзгүй байна гэсэн шалтгаан хэлж уулздаггүй. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн салхин шуурганы улмаас дээврийн төмөр хууларсан тул буулган авч, дахин шинэ төмрөөр дээврийг төмөрлөсөн. Палк хоорондын зайг хөөсөөр бөглөсөн. Дээврийн эргэн тойрныг хаяалж битүүлсэн. Цахилгааны монтажийг хувь хүнээр хийлгэсэн. Цэвэр ус, бохирын шугамыг татаж барилга баригдахаас өмнө оруулсан боловч байшин бүрэн гүйцэт баригдаж дуусаагүйн улмаас цэвэр усны шугам хөлдөж, гэсгээж мөн хөдлөхөөс сэргийлж халаагуур тавьж нэмэлт тогны зардал үүсэж, цаг хугацаа алдсан хүндрэл их гарч байна Иймд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 117 дугаартай гэрээнд "А тал 8*6 хэмжээтэй мансардгүй палкан байшинг байшингийн хана, шал, тааз, лампиран тааз, шувуун нуруу дээврийн төмөр 3-ын банзан дээвэр, паркетан шал, обой, 5ш вакум цонх, 3 ш модон хаалга, дээврийг дулаалгын шилэн хөвөн, тугалгатай цаасаар дулаална, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж шохойтой цаас хадаж, обой нааж Б талд хүлээлгэн өгнө." гэж заасан боловч "А тал байшингийн хана, шал, тааз, лампиран тааз, паркетан шал, обой, 2 ш модон хаалга, дээврийг дулаалгын шилэн хөвөн, тугалгатай цаасаар дулаална, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж шохойтой цаас хадаж, обой наана" гэсэн эдгээр бараа материалыг захиалагч талд гүйцэтгэж өгөөгүй тул гэрээний энэхүү үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “************** *******” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Дашжамцын тэй байшин барих гэрээ хийсэн нь үнэн. Байшинг 90 хувьтай барьж өгсөн. Одоо доторлогоо, паркетан шал, лампиран тааз, ханыг нь шилэн шилэн хөвөнгөөр дулаалж шохойн хавтан хадан, обой нааж өгнө. Эдгээр ажлуудыг 2024 оны 09-р сарын 30-нд очиж хийж гүйцэтгэнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “************** *******” ХХК-д холбогдуулан “Гэрээний үүрэг хангуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “************** *******” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч “************** *******” ХХК нь *******ийн “Гэрээний үүрэг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн “Гэрээний үүрэн хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “************** *******” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 156 475 төгрөг, хариуцагч “************** *******” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 156 475 төгрөгийг тус тус гаргуулж *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА