| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 101/2020/00459/и |
| Дугаар | 882 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 882
“Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/00459 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Г.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123 399 902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Г.Э-той 616/ЗГ, 616/БГ дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Үүний дараа зээлийн дүн нэмэгдүүлэх, хугацаа сунгах гэрээнүүдийг нэмэлтээр хийсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 49 999 962 төгрөг, хүүгийн үлдэгдэл 73 399 940 төгрөг, нийт 123 399 902 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээний дагуу барьцаалсан улсын 07-12 УНД дугаартай, арлын JTMHV05J105014417 дугаартай хар өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Талууд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 50 000 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Уг мөнгөн хөрөнгийг “Немон” ХХК-д сарын 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлүүлсэн боловч тус компанийн үйл ажиллагаа төрийн байгууллагаас шалтгаалан зогсонги байдалд орсон гээд үүргээ биелүүлэхгүй байна. Үүний улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн зээлийн хүүгийн төлбөр үндсэн төлбөрөөс хэт их байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г.Э-оос нийт 123 399 902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 07-12 УНД улсын дугаартай, арлын JTMHV05J105014417 дугаартай, хар өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 774 949.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 774 949.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх зарчмаар хангаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх талаар шүүхэд удаа дараа амаар илэрхийлсэн боловч уг эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэн.
Хариуцагчаас үл хамаарах шалтгааны улмаас “Ж ББСБ” ХХК-д зээл болон зээлийн хүүг төлж чадахгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Г.Э-, “Немон” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргах гэсэн боловч хариуцагч гадаад улсад зорчсон учраас шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлын талаар шүүгчийн туслахад удаа дараа амаар болон утсаар мэдэгдсэн. Шүүх нотлох баримт бүрэн цуглараагүй байхад тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Зээлийн хүүгийн төлбөр нь үндсэн төлбөрөөс хэт өндөр байгаа тул хүүгийн төлбөрийг нарийвчлан тооцох шаардлагатай. Хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 796 700 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, 7 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 27 796 700 төгрөгийг хэдэн сарын хүүгийн төлбөрт тооцсон нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Г.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 49 999 962 төгрөг, хүүгийн үлдэгдэл 73 399 940 төгрөг, нийт 123 399 902 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал зарим хэсгийг буюу зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28/
2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талууд 616/ЗГ дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Ж ББСБ” ХХК нь зээлдэгч Г.Э-од 30 000 000 төгрөгийг, хэрэглээний зориулалтаар, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.7 хувь байх, зээлийн үнийн дүнгийн 0.5 хувь буюу 150 000 төгрөгөөр тооцож зээлийн үйлчилгээний шимтгэл суутгах нөхцөл тус бүрийг харилцан тохиролцсон байна. /хх 8-11/ Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн 07-12 УНД, арлын JTMHV05J105014417 дугаартай, хар өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх 12-14/
Талууд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 616/01/ЗГ дугаартай гэрээг /хх15/ байгуулж, зээлийн хэмжээг 50 000 000 төгрөг болгож бусад нөхцөл хэвээр байхаар тохиролцсон, үүний дараа 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 616/02/ЗГ дугаар /хх16/, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 616/03/ЗГ дугаар /хх 17/, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 616/04/ЗГ дугаар /хх18/ гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний ерөнхий хугацааг 42 сар буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байхаар сунгасан үйл баримт тогтоогджээ.
Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгахгүй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах буюу хариуцагчаас төлөх зээлийн хүүгийн хэмжээг хэрхэн тооцоолсон талаар баримтгүй байна. Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр 21.2 дах хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зохицуулсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаж байгаа тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлоход зээлийн дансны хуулга чухал ач холбогдолтой. Энэхүү баримт хэрэгт авагдаагүй байхад талуудын хооронд маргаж буй зээлийн гэрээний үүргийг эцэслэн тогтоох боломжгүй бөгөөд зээлдэгчийн төлсөн эргэн төлөлтийн төлбөр зээлийн нийт төлбөрт хэрхэн тооцогдсон нь хэргийн 19 дэх талд авагдсан хүснэгтээр эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн 5 удаагийн гүйлгээгээр төлсөн гэх 27 796 700 төгрөгийн хэмжээнд талууд маргаагүй боловч үүнийг зээлийн төлбөрт хэрхэн тооцсон нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг нөхөн гүйцэтгэх буюу нотлох баримт бүрдүүлэх замаар анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй, хуулиар энэ ажиллагааг хийх эрх олгогдоогүй тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу зээлийн гэрээний үүргийн хэмжээний талаар тодруулснаар тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүгнэлт хийх боломжтой болох юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/00459 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Э-оос төлсөн 774 949.51 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Т.ТУЯА