Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 156

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиу овогт Тогтохын Сад холбогдох 1730000930070 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр  сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 50 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Т.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.С нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх 5 кг ургамал, 57 ширхэг цагаан зээрийн эврийг 49-05 сүа улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрний доод хөндийд нууж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт дэх боомтоор Монгол улсын хил,  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 

Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 сарын 30-ны өдөр Монголын хилээр гарах гэж байгаад машиныхаа запас дугуйнд дэрэвгэр жиргэрүү ургамал хийсэн байсан. Бас хоёр гишгүүр дороо зээрийн эвэр хийсэн байсан. Тэгээд хил дээр баригдсан. 5 кг нойтон өвсийг Дорнод аймгаас 7000 төгрөгөөр худалдаж авсан. Зээрийн эврийг нэг килограмм нь 8000 төгрөгөөр нийт 4 кг эвэр худалдаж авсан гэв.  

  

- Шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалтанд өгсөн:..Би Дорнод аймаг явж модлог ургамал нэг танихгүй хүнээс 1 килограмм нь 7000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байх гэртээ авчирсан юм. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн Истана маркийн 49-05 сүа улсын дугаартай тээврийн хэрэгслийн илүү дугуйндаа хийсэн. Харин зээрийн эврээ би нэг кг-ийн 8000 төгрөгөөр худалдаж авсан. Уг эврийг ширхэгээр нь тоолбол 57 ширхэг зээрийн эврийг би Истана маркийн тээврийн хэрэгслийнхээ зөв талын хаалганы хармаанд хийсэн юм. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би уг тээврийн хэрэгслээр улсын хил гарах гэж байгаад саатуулагдаж шалгуулахад миний машинд байсан 57 ширхэг зээрийн эврийг хууль бус бараа хилээр гаргах гэлээ гээд хурааж авсан. Харин миний илүү дугуйг бол задалж чадаагүй юм. 5 кг нойтон ургамал авсан одоо бол хатаад жин нь буусан байгаа байхаа. Би ганцаараа байсан миний хажууд ямар нэг хүн бол байгаагүй” гэх мэдүүлэг,  / хх-н 33  х /, 

 

- Иргэний нэхэмжлэгч М.Борчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн хэсэг газраар ургадаг юм. Уг ургамал бол Монгол Улсын Засгийн газрын тогтоол Жагсаалт батлах тухай Ховор ургамлын жагсаалт 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот тогтоолын 350 дугаарт бичигдсэн байдаг. Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг үндэс 50.000 төгрөг юм. Уг хэрэгт 5 кг гэж бодохоор 250.000 төгрөг болж байна. Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь биологийн идэвхт бодис бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байдаггүй юм. Дорнын уламжлалт анагаахад даарч хөөрснөөс хатгалгаа туссан үед халуун болон толгойн өвчин намдаах, хөлөргөх, саа, мэдрэлийн эмгэг, үргэлжилсэн удаан хугацаагаар халуурах, чичрэх зэрэгт хэрэглэдэг юм. Анагаахын чиглэлээр эм гаргаж авах зорилгоор ашиглах зориулалтаар ашигладаг. Зээрийн эврийг худалдах, худалдан авахыг хориглодог юм. Зээр буюу Ооно нь 2 эвэртэй /хос/ бөгөөд 2 ширхэг эврийг 1 хос гэж үзэж 1 толгой цагаан зээрээр тооцдог. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоол “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээний ’’ 1-р хавсралтын 8 зааснаар цагаан зээр /эр/ нь 500,000 төгрөг, Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэсэн заалт байгаа учраас 1 толгой цагаан зээрийн ооныг 1,000,000 /нэг сая төгрөг/-өөр нөхөн төлбөр тогтооно. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилхан үзэж нөхөн төлбөр ногдуулдаг.  Дээрх нөхцөлийг үзэхэд 57 ширхэг зээрийн эврийг 29 толгой цагаан зээрийн ооно агнасан байна гэж үзэхэд 29.000.000 төгрөгийн хохирол экологид учирсан байна. Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлын үндэс болон цагаан зээрийн ооны хохирол нийтдээ 29.250.000 төгрөг болж байна. Хуулийн дагуу улсын орлого болгож төлбөрийг Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын санд төвлөрүүлж өгөхийг хүсэмжилж байна” гэх мэдүүлэг, / хх-н 17 х /,

 

Иргэний нэхэмжлэгч М.Борчулуун шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Т.Сын хэрэгт  иргэний нэхэмжлэгчээр  тогтоогдсон. Тус шүүхэд болох 2017.12.12-ны  15 цагт  болох хуралдаанд оролцох  боломжгүй байна. Учир нь АЗДТГ-т  ажлын хэсгийн хуралтай давхцаж  байна.  С нь ховор  ургамлын  жагсаалтанд орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж байгаль экологид  хохирол учруулсан тул экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 кг нь 50.000 төгрөгөөр  үнэлж, 250.000 төгрөгийг  аймгийн татварын дансанд  оруулахыг нэхэмжилж байна гэжээ.

 

              - Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бичигт боомтын хяналтын талбай дээр хуваарийн дагуу хяналт шалгалтаа хийж байхад 15 цаг 50 минутын орчимд Истана маркын 49-05 сүа улсын дугаартай авто машиныг шалгах үедээ запас дугуйг нь тайлуулаад би өргөж үзэхэд хэмжээнээсээ илүү хүнд юм шиг санагдахаар нь задал гэхэд С гэх жолооч нь дугуйгаа задалж болохгүй заавал дугуй засвараар тайлуулна гээд задлахгүй байхаар нь Бичигт боомтын цагдаа С.Оыг дуудаж нарийвчилсан шалгалт хийх гэж дугуйг нь задлах гэсэн боловч задалж чадаагүй. Харин уг авто машины жолооч талын болон эсрэг талын урд гишгүүр доор нь үзэхэд зээрийн эвэр гарч ирсэн. Өөр хориглосон эд зүйл илрээгүй. Засгийн газрын 173 дугаар тогтоолоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараанд ордог юм” гэх мэдүүлэг, / хх-н 19-20 х /,

            - Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бичигт  боомтын шалган нэвтрүүлэх 2 дугаар хаалтан дээр хяналтын үүрэг гүйцэтгэж байх үед 16 цагийн үед Мал эмнэлгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч утсаар машинд үзлэг хийх шаардлагатай байна, лобарторын урд хүрээд ирээч гэхээр нь яваад очиход С гэх жолоочтой истана маркын 49-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би хилийн 0146 дугаар ангийн дэд ахлагч Б, хилийн 0146 дугаар ангийн тагнуулын ахмад З, мэргэжлийн хяналтын улсын байцаагч О нарын хамт уг машиныг шалгах үедээ дугуйг нь задлах гээд чадаагүй. Харин уг авто машины жолооч талын болон эсрэг талын урд гишгүүр доорх тавцанг хилийн 0146-р ангийн байлдагч Э.Жаар тайлуулж үзэхэд 57 ширхэг зээрийн эвэр гарч ирсэн” гэх мэдүүлэг, / хх-н 18 х /,

 

- Гэрч  Э.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2 дугаар хаалтан дээр цагийн манааны үүрэг гүйцэтгэж байх үед 15 цаг 50 минутын үед хошууч Б намайг лабораторийн урд яваад оч гэхээр нь очиход С жолоочтой истана маркын 49-05 сүа улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг машины жолооч тал болон эсрэг талын урд талын гишгүүр доорхи хөндий доороос 57 ширхэг зээрийн эвэр илэрсэн” гэх мэдүүлэг, / хх-н 21-22 х /,

           Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн  21/А дугаартай 

“1.Шинжилгээнд хүргүүлсэн ургамлын үндэс нь шүхэртэний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлын олон улсын нэршил буюу латин нэр нь Saposhnikovia divarivate, / Turcz / Schichk

2.Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын засгийн газрын тогтоол Жагсаалт батлах тухай /ховор ургамлын жагсаалт/ 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн болно.

3.Уг ургамал нь үндэсний системийн хөгжил сайтай хөрс бэхжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зэрэг экосистемд эерэгээр нөлөөлдөг тул үндсийг түүснээр элсний нүүдлийг түргэтгэх, цөлжилтийг эрчимжүүлэх зэргээр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөлтэй. Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамны одоогийг мөрдөж буй экологи эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр Жиргэрүү ургамлын 1 үндэс 50.000 төгрөг. Энэхүү экологи эдийн засгийн үнэлгээ нь тарьж ургуулах, нөхөн сэргээлт хийх зэрэг нэмэлт үйлчилгээ хийгдээгүй зөвхөн байгалийн ургамлын түүхий эдийг бэлтгэхэд хэрэглэх /оногдуулах/ тодруулбал байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тооцох үнэлгээ юм. Шинжилгээнд ирүүлсэн үндэс нь гүйцэд хатаагүй чийгтэй, хөгцөрсөн байдалтай байгаа нь түүгээд удаагүй 2017 оны шинээр бэлтгэсэн үндэс гэдгийг илтгэж байна” гэх дүгнэлт 

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,

 

- Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай акт 2017.08.31, / хх-н 3-5 х /

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг 6-11 х /

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р багийн Засаг даргын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 08/01-25 дугаартай албан тоот, / хх-н 34 х / 

 

- Т.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35 х /

 

-  Т.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 38 х / 

 

- Монгол улсын засгийн газрын жагсаалт батлах тухай 1995.08.25-ны өдрийн 153 дугаартай тогтоол, / хх-н 39-40 х /зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: 

 

 Шүүгдэгч Т.С нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх 5 кг ургамал, 57 ширхэг цагаан зээрийн эврийг 49-05 сүа улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрний доод хөндийд нууж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт дэх боомтоор Монгол улсын хил,  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 

Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Ж.О, С.О, Э.Ж  нарын мэдүүлгүүд, Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай акт 2017.08.31, / хх-н 3-5 х / Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг / 6-11 х /, Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн  21/А дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Т.С нь Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох Зээрийн эвэр, Дэрэвгэр жиргэрүү ургамал зэргийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” худалдан авсан,тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай байна.

 

 Шүүгдэгч Т.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч М.Борчулуун, гэрч Ж.О, С.О, Э.Ж  нарын мэдүүлгүүд, Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай акт 2017.08.31, / хх-н 3-5 х / Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг / 6-11 х /, Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн  21/А дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Сыг Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох Зээрийн эвэр, Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  зохих зөвшөөрөлгүй ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүүг” худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв. 

Шүүхээс шүүгдэгч Т.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна. 

 

        Шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,  хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх  боломжтой гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 

Шүүгдэгч Т.С нь гэмт хэргийн улмаас байгаль экологид 250.000 /хоёр зуун тавин мянган / төгрөгийн хохирол учруулсан ба энэ учирсан шууд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг хураан авч, байгаль экологид учруулсан хохирол 250.000 төгрөгийн төлбөрийг төлүүлж илүү гарсан хэсгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хураан авч улсын орлого болгож, 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үлдээж, №01165254 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халиу овогт Тогтохын Сад хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сад  оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Т.Сад зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг хурааж, байгаль экологид учруулсан хохирол 250.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, илүү  гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, №01165254 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэхь хэсэгт зааснаар  эд мөрийн баримтаар хураагдсан 5  кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 57 ширхэг зээрийн эврийг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Т.Сын өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдтал хэвээр байлгасугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР