Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

   Т.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Х-, О.Р нарт холбогдох эрүүгийн 2213000000068 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдлоор 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч Т.Х-, О.Р, тэдгээрийн өмгөөлөгч К.Ержан, С.Нургайып А.Серикжан /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, орчуулагч А.Ахмерей нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ***оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж овогт Т.Х- /РД: ********/;

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ** оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан С овогт О.Р /РД:********/ нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Н сумын 0З дугаар багийн нутаг дэвсгэр, “У” гэх газарт бэлчиж байсан иргэн М.Б-ы мал сүргээс 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

 

3. Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар яллах дүгнэлтээр Т.Х-, О.Р нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч Ж овогт Т.Х-, С овогт О.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Х-ыг 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Р-ийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч О.Р-т оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.           

 

5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдолд: 

5.1. Т.Х-, О.Р нар мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруу үйлдэл гаргаснаа ухамсарлан учирсан хохирол хор уршгийг арилгаж гэмшиж ирсэн.

5.2. Тэд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийн материалтай танилцах явцад гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарлан хуулийн хөнгөлөлт эдэлж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж тэмдэглэлд тусгаж байсан удаатай. Тэдний бусдад учруулсан нийт хохирол нь 240.000 төгрөг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5- дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй байгаа. Хэрэв 17.1 дугаар зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй байх юм. Харин мал хулгайлах гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ шаардахгүй боловч бага хэмжээнд хүрэхгүй байх бөгөөд Т.Х-, О.Р нарт оногдуулсан ял хүндэрсэн гэж үзнэ. Иймд Т.Х-, О.Р нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү.  

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Х- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ч маргаагүй. К.Ержан өмгөөлөгчийн зүгээс  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан гэж ойлгож байна.

6.2. Харин С.Нургайып, А.Серикжан өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Хэрэв энэ зүйлчлэлээр шийдвэл хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байдлаар тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчмуудыг баримталж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Т.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдлын  тал бүрээс харгалзан дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Хохирогч М.Бы хоёр ямааг шүүгдэгч нар хулгайлаад явж байхад араас нь мэдээд гэрч М-д хэлж, Мухамед шүүгдэгч нарт хэлээд энэ гэмт хэргийг таслан зогсоосон. Гэмт хэрэг таслан зогсоогдоод Болат гэдэг хүн тухайн хоёр ямаа хулгайн мал гэдгийг мэдээд цаашид ачиж явж чадахгүй гэж тухайн айлд буцааж өгсөн асуудал байна.

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн нөхцөл байдал буюу Рийн хувьд өмнө нь ял шийтгэгдэж байсан байдлыг харгалзсан байх. Гэхдээ энэ С.Нургайып өмгөөлөгчийн хэлснээр урьд нь ял шийтгэгдэж байсан гэдэг утгаар хүндрүүлсэн зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэн даруй нөхөн төлсөн асуудал байхгүй. Гэмт хэрэг таслан зогсоогдоод 2 тооны ямааг буцааж өгсөн нөхцөл байдал байна. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудлыг ярьж байна. Энэ зүйл ангийг шүүхээс яагаад байхгүй гэж үзсэн бэ гэхээр энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгчийн нэг нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан учраас тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дангаараа Т.Х-ад хэрэглэх боломжгүй.

6.4. Тийм учраас анхан шатны шүүх хэргийн бодит байдалд хангалттай дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Ержаны гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх                                           ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            8. Шүүгдэгч Т.Х-, О.Р нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 0З дугаар багийн нутаг дэвсгэр, “Усан хоолой” гэх газарт бэлчиж байсан иргэн М.Бы мал сүргээс 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар шүүгдэгч нар маргаангүй байна.  

 

            9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагчид, шүүгдэгчид, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлж,  шүүгдэгч Т.Х-, О.Р нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Бусдын малыг бүлэглэж хулгайлсан...”, 2.4 дэх заалтад заасан “...машин механизм ашиглаж үйлдсэн, ...” гэсэн хүндрүүлэх шинжээр нь зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

11. Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлын  шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийг даруй, биет байдлаар нь буцаан төлсөн байдал, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;...” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхээс хуулийн дээрх заалтыг хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тус тус хуульд зааснаар хөнгөрүүлж, тэдгээрийн тус бүрийг нь нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим хийгээд мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцнэ гэж дүгнэв. Энэ талаарх өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэлээ.

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нарын “шүүгдэгч нар нь бэлчээрт байгаа малаас 2 ямааг авахад тухайн малын эзэн нь харж байсан бөгөөд машинд ачаад аваад явахад араас нь хашхираад үлдсэн байсан. Тиймээс энэ гэмт хэрэг нь мал хулгайлах гэмт хэрэг бус, дээрмийн гэмт хэрэг мөн” гэх хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан санал нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэргийн зохих заалтуудаар зүйлчилж, Т.Х-, О.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр эрүүгийн эрх зүйн хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Хуульд зааснаар шүүгдэгч Т.Х-, О.Р нарын цагдан хоригдсон 50 хоногийн хугацааг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Т.Х-ыг 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Рийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял” гэснийг “шүүгдэгч Т.Х-ыг нэг /1/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Рийг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж, 3 дахь заалтын “Т.Х-ад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч О.Рт оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг” гэснийг “шүүгдэгч Т.Х-ад оногдуулсан нэг жилийн, шүүгдэгч О.Рт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-, О.Р нарын тус бүр цагдан хоригдсон 50 хоногийн хугацааг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК