Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00940

 

К.Алишагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар шийдвэр,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалтай,

          К.Алишагийн нэхэмжлэлтэй,

            Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох         

            Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 1987 оноос эхлэн боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байсан юм. Гэвч сүүлд Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвд ажиллаж байсан миний номын санчийн орон тоо цомхтгогдсон гэсэн үндэслэлээр би ажлаас халагдсан бөгөөд би өнөөдөр шүүх хуралдааны танхимд бүх үнэнийг хэлэхийг хүсэж байна. Нэг өдөр би ажлын байрандаа сууж байтал Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал намайг дуудаж, надад “таны ажиллаж байгаа номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтны орон тоо цомхтгогдсон. Иймд та цаашид сургуулийн дотуур байрны багшаар ажиллах уу?” гэж хэлэхээр нь би ажиллахгүй гэж хэлээгүй бөгөөд захиралд “Надад танд хэлэх хүсэлт байна. Одоо манай гэрт 85 настай хөгшин хадам аав маань байгаа. Сургуулийн дотуур байрны багш нар 24 цагаар ажиллана гэдгийг би мэднэ. Иймд та намайг сургуулийн дотуур байрны ахлах багшаар 8 цагаар ажиллахаар томилж өгнө үү. Би урд өмнө сургуулийн дотуур байрны менежерээр ажиллаж байсан” гэж хэлэхэд үүнийг захирал хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би захирлын өрөөнөөс гараад сургуулийн гадаа гарч машинд суугаад явах гэж байтал захирал надад “та дахиж миний өрөөнд орж ирнэ үү” гэж хэлэхээр нь яваад очтол “Таныг сургуулийн дотуур байранд 8 цагаар ажиллуулах боломжгүй байна. Хэрэв та сургуулийн дотуур байранд ажиллахаар бол заавал 24 цаг ажиллах ёстой” гэж хэлэхээр нь би гэр бүлийн хүмүүстэй ярилцаад маргааш өглөө хариуг нь өгөх тухай хэлээд гадаа гарч машиндаа суугаад гэртээ харьсан. Би гэрт очоод нөхөр болон хадам аавтай энэ тухай ярилцаад сургуулийн захирлын хэлсэн саналыг хэлэхэд хадам аав маань “Чи надаас болж ажлын байрнаас татгалзаж болохгүй. Чи тэнд 24 цаг ажиллахад надаас санаа зовох зүйл байхгүй. Ажлаа хийгээрэй” гэж хэлсэн болохоор маргааш өглөө нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвд ирээд захиралтай уулзаж, “Би таны саналыг хүлээн авч, сургуулийн дотуур байрны багшаар 24 цагаар ажиллахад бэлэн байна” гэж хэлэхэд захирал надад “таны оронд сургуулийн дотуур байрны багшаар өөр хүнийг ажиллуулахаар болж, тушаалыг нь гаргачихлаа” гэж хэлсэн юм. Миний бие Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвд ажиллаж байгаа нийт багш нарын дунд ганцхан докторын зэрэгтэй хүн бөгөөд би энэхүү докторын зэргийн дипломыг Казахстан улсад 5 жил зовж явж байгаад өөрийн хүч хөдөлмөрийн үндсэн дээр хамгаалсан хүн. Би Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захиралд “Би сайн муу ч гэсэн докторын зэрэгтэй хүн. Та энэ байдлыг харгалзан үзэж, намайг энэ сургуульд нэг олигтой ажилд томилж өгнө үү” гэж хүсэлт тавихад үүнийг захирал хүлээж авсан. Тэгж байтал Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал надад “сургуулийн дэд захирлын орон тоог сэргээлгэх гэж байна. Уг дэд захирлын орон тоонд таныг томилон ажиллуулах болно” гэж хэлэхэд би баярлаад явсан. Тэгж байтал дараа нь захирал надад сургуулийн нийгмийн харилцаа, эрдэм шинжилгээний ажилтны орон тоонд таныг томилон ажиллуулахаар болж, энэ орон тоог батлуулахаар Хөдөлмөрийн яаманд албан бичгээр санал хүргүүлэх гэж байна гэхээр нь би дахин баярлаад явж байсан. Дараа нь дахиж сургуулийн захирал надад “Би Хөдөлмөрийн яаманд шинээр орон тоо батлуулахаар санал хүргүүлэх гэж байгаа. Уг саналаар таныг сургуулийн арга зүйчээр томилуулахаар болж байна” гэж хэлээд надад яаманд хүргүүлэх гэж байгаа албан бичгийг харуулахаар нь дахин баярлаад явсан. Би энэхүү Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирлын хэлсэн зүйлүүдийг хүлээсээр асуудалд хүлээцтэй хандаад байхад 3 сарын хугацаа өнгөрсөн боловч намайг ямар нэгэн ажилд томилоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх юм бол 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. Тухайн үед Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал надад “Та эхлээд хүлээж байгаад болохгүй бол таныг ажлаас халах тушаал гаргасан өдрөөс хойш 30 дахь хоног дээр нь шүүхэд гомдол гаргаарай. Хэрэв та Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны багшаар ажиллах гэж байгаа бол шүүхэд хандсан чинь зүйтэй байх. Хэрэв шүүхийн шийдвэр таны талд гарвал та дотуур байрны багшаар ажиллах боломжтой” гэж хэлсэн болно. Би ямар нэгэн зүйлийг санаанаас зохиж хэлээгүй бөгөөд зөвхөн болсон бодит байдлыг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлж байна. Би үндэслэлгүй ажлаас халагдсан гэж шүүхэд хойш өнөөдрийн байдлаар 3 сарын хугацаа өнгөрч байгаа. Би хамгийн анх 1987 онд Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж, 2009 онд Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны менежерээр томилогдон ажиллаж байсан. Би анх Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны менежерээр томилогдон ажиллахад тэнд дотуур байрны багшаар н.Айгүл гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд менежерийн орон тоо нэмэгдсэнээр би 2 дахь хүн нь болж дотуур байранд ажиллаж байсан. Иймд би цаашид Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны багшаар ажиллах хүсэлттэй байна. Би 2009 оноос эхлэн Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны менежерээр ажиллаж байсан боловч уг орон тоо хасагдсан учраас тус сургуульд багшаар ажиллаж байгаад сүүлд номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Би ажиллаж байх үед Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны багшийн орон тоо 1 байсан боловч одоогийн бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь нэмэгдэж, 4 болсон байна. Би хамгийн анх Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны менежерээр ажиллаж байсан учраас одоогийн тус сургуулийн дотуур байрны багшаар томилогдон ажиллаж байгаа н.Айгүлээс бусад 3 багшаас давуу эрх эдлэх ёстой. Би боловсролын салбарт 30 жил ажилласан боловч ажлаас халагдаад сүүлийн 3 сард ямар ч эрхэлсэн ажилгүй гэртээ байгаа нь надад ч хэцүү байна. Надад ажил хийх нь амьдралын нэн чухал асуудал. Сүүлд Р.Гүлстан нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирлаар томилогдсоны дараа сургуульд бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор халаа сэлгээ хийж, шинээр ажилд ороод 1 жил ч болоогүй байсан Х.Еркежаныг сургуулийн хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр, жижүүрээр ажиллаж байсан н.Рымжаныг сургуулийн менежерээр томилон ажиллуулж байгаа боловч докторын зэрэгтэй би ажилгүй гэртээ сууж байна. Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал намайг албан тушаал дэвшүүлэн ажиллуулах бүрэн боломжтой хэдий ч одоогийн шинээр ажилд орсон хүмүүсийг ямар шалгуур үзүүлэлтийг үндэслээд албан тушаал дэвшүүлэн ажиллуулж байгааг ойлгохгүй байна. Уг нь тэр хүмүүс ч гэсэн миний адил цомхтголд орж, орон тоо нь хасагдсан хүмүүс юм. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу тэр хүмүүсийн ажиллаж байгаа орон тоонд намайг ч гэсэн томилон ажиллуулах бүрэн боломжтой. Гэвч Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захиралд намайг ажиллуулах талаар хэлэхэд янз бүрийн шалтаг хэлээд уг орон тоонд яагаад өөр хүмүүсийг томилон ажиллуулж байгааг ойлгохгүй байна. Баян-Өлгий аймаг дахь МСҮТөв бол сургалт явагдаж байгаа сургуулийн орчин. Аливаа сургуульд багш ажилчдын боловсролын зэргийг харгалзаж үзэх ёстой. Боловсролын салбарт зэрэг дэв нь бакалавр, магистр, доктор гэж ялгагддаг. Гэвч би өнөөдөр докторын зэрэг хамгаалсан ч гэсэн ажилгүй гудамжинд явж байгаа. Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал нь бүтцийн өөрчлөлт хийхэд энэ бүх байдлыг харгалзаж үзсэнгүй. Би урд өмнө ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, нөөцөд бүртгүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь МСҮТөв нь хэдийгээр төрийн үйлчилгээний байгууллага ч гэсэн уг сургуульд удирдах ажилтны орон тоо гарахад нэн тэргүүнд нөөцөд байгаа намайг томилон ажиллуулах ёстой гэж үзэж байгаа. Одоо Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байранд н.Айгүл, н.Өнербек, х.Ерболат, х.Нурсауле нарын 4 багш ажиллаж байгаа. Би хамгийн анх Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны менежерээр томилогдон ажиллахад н.Айгүл нь уг дотуур байранд багшаар ажиллаж байсан учраас тэр хүний талаар би юм хэлэхгүй. Гэвч уг сургуулийн дотуур байранд ажиллаж байгаа нөгөө 3 багш болох н.Өнербек, н.Нурсауле, н.Ерболатын нарыг бодоход би давуу эрхтэй учраас тус дотуур байрны багшаар би томилогдон ажиллах ёстой. Тус дотуур байранд багшаар томилогдон ажиллаж байгаа н.Ерболат, н.Өнербек нар нь урд тус сургуульд жижүүрээр, н.Нурсауле нь цагийн багшаар ажиллаж байсан хүмүүс юм. Энэ хүмүүсийг бодоход ажлын туршлага, боловсролын зэрэг дэв нь бүгд илүү байгаа гэдгийг та анхаарч үзэхийг хүсэж байна. Би одоогийн улс орны эдийн засаг хямралтай байхад ажил голохгүй хийнэ. Гэвч Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал нь хууль бус тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн. Би Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны багшаар томилогдон ажилламаар байна.” гэжээ.

         Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан би гомдол гаргагч К.Алишагийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад түүний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Тус төвийн бүтэц бүрэлдэхүүнийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагаас баталдаг ба хөдөлмөрийн сайдын 2013 оны А/104 тоот тушаалаар төвийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орсон бөгөөд өөрчлөлтөөр дотуур байрны багшийн тоог цөөрүүлэн нэг багш болгосон юм. Орон тоо нь цомхтгогдсон багш К.Алишад ажил олгогч миний бие хөдөлмөрийн хуулийн 36.2 заасны дагуу номын санчийн орон тоог санал болгож улмаар 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан юм. Харин Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаалын хавсралтад номын санчийн тоог цөөрүүлсэн ба 2 номын санчийг 1 болгосон байна. Ажил олгогч миний бие Хөдөлмөрийн хуулийн дагуу дотуур байрны багшийн орон тоог санал болгосон боловч К.Алиша нь тус албан тушаалыг хаших боломжгүй гэж хариулт өгсөн учир тус орон тоонд цомхтголд орсон өөр багшийг томилсон болно. Дотуур байрны багшийн орон тоо уг маргаанд хамаарахгүй бөгөөд К.Алишагийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Еркежаны гаргасан тайлбарт: “2013 онд Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн дотуур байрны багшийн орон тоо цомхтгогдож, нэг багшийн орон тоо үлдсэн. Тухайн үед нэхэмжлэгч К.Алишагийн докторын зэрэгтэй байдлыг харгалзан үзэж, Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтнаар томилон ажиллуулж байхад Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн номын санчийн орон тоог цомхтгосон. Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн номын санчийн орон тоог цомхотгосон нь тус сургуулийн захирлын буруутай үйл ажиллагаа биш бөгөөд манай Баян-Өлгий аймаг дахь МСҮТөв нь Хөдөлмөрийн яаманд шууд харьяалагддаг байгууллага учраас тус яамны сайдын гаргасан тушаалыг заавал биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу ажил олгогч буюу Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал нь нэхэмжлэгч К.Алишад Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар сургуулийн дотуур байрны багшаар ажиллахыг санал болгосон. Гэвч тухайн үед К.Алиша нь сургуулийн дотуур байранд өдрийн ажлын 8 цагаар ажиллах талаар хэлсэн боловч манай сургуулийн дотуур байранд ажиллаж байгаа багш нар 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг учраас К.Алишаг сургуулийн дотуур байранд 8 цагаар ажиллуулах боломжгүй болсон. Дараа нь нэхэмжлэгч К.Алишаг ажиллах орон тоо бий болгож өгөх талаар Хөдөлмөрийн яаманд 2 удаа санал хүргүүлсэн боловч нэгэнт цомхтголоор ажлаас халагдсан хүнд дахин орон тоо бий болгож, ажиллуулах боломжгүй, улс орны эдийн засаг хямралтай байхад дахин шинээр орон тоо нэмж өгөх боломжгүй гэж утсаар мэдэгдсэн. Өмнө Баян-Өлгий аймаг дахь МСҮТөв нь 108 багш, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байсан боловч сүүлд бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог хасаж, багш ажилчдын орон тоог 92 болгож цөөрүүлсэн. Үүнтэй холбоотой хавтаст хэрэгт Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирлын Хөдөлмөрийн яаманд К.Алишаг ажиллуулах талаар санал хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаартай албан бичиг болон 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 234 дүгээр албан бичгүүд авагдсан байгаа. Нэгэнт дээд байгууллагаас К.Алишаг ажиллуулах орон тоо байхгүй гэж хэлсэн учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.

         Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Калигийн Алишаг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

           Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч К.Алишагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгохгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг хэрэглэх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч К.Алиша миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй’’, 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан юм. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулиар ногдуулсан үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй асуудалд ажилтан Х.Алиша миний буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Ажил олгогч хэрвээ ажилтан надтай тухайн үед гэрээ байгуулсан бол орон тооны цомхтгол, өөр ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх зэрэг нөхцөл байдлыг тодорхой заагдсан байх ёстой юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй’’ гэжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаар тушаалын хавсралтаар баталсан байгууллагын орон тоо, бүтцэд К.Алиша миний ажиллаж байсан номын санчийн орон тоог цомхтгосон учраас ажилтан К.Алиша би тухайн өдөр захиралтай тохиролцон дотуур байрны багшаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Ажилтан К.Алиша миний хүсэлт үндэслэлгүй эсвэл худлаа гэдгийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй гэж үзэж байна. Энэ нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гулстан шүүхэд ирүүлсэн тайлбартаа ажил олгогч миний бие Хөдөлмөрийн хуулийн дагуу дотуур байрны багшийн орон тоог санал болгосон боловч К.Алиша нь тус албан тушаалыг хаших боломжгүй гэж хариулт өгсөн учир тус орон тоонд цомхотголд орсон өөр багшийн томилсон болно ...” гэснээр болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Еркежанаас шүүх хуралдаанд өгсөн тайлбарт “...Үүний дагуу ажил олгогч буюу Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирал нь нэхэмжлэгч К.Алишад Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар сургуулийн дотуур байрны багшаар ажиллахыг санал болгосон. Гэвч тухайн үед К.Алиша нь сургуулийн дотуур байранд өдрийн ажлын 8 цагаар ажиллах талаар хэлсэн боловч манай сургуулийн дотуур байранд ажиллаж байгаа багш нар 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг учраас К.Алишаг сургуулийн дотуур байранд 8 цагаар ажиллуулах боломжгүй болсон... “ гэснээр тус тус миний хувьд ажиллаж байсан орон тоо хасагдсан боловч дотуур байрны багшийн ажилд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсныг нотолж байна. Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” А/126 дугаар тушаалын хавсралтын Хоёрт. Сургалтын алба гэсэн хэсгийн 29-т "Дотуур байрны багш-ТҮМБ-2-4” гэж бичигдсэн байна \хэргийн 33-34-р талд авагдсан\ Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны А\126 дугаар тушаалын хавсралтаар тус төвд шинээр дотуур байрны багшийн 4 орон тоо нэмэгдсэн болохыг баталж байна. Хариуцагч ямар үндэслэлээр зарим багш нарыг шинээр бий болсон дотуур байрны багшаар томилсон, ямар шалгуурыг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Ажилтан К.Алиша намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн үр дагавар бий болгодог эрхийн акт болохын хувьд эрх зүйн актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байх, ажлаас нь чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой юм. Хариуцагч тус аймгийн МҮСТ-ийн захирал намайг ажлаас чөлөөлсөн тушаалд ажлаас үндэслэл болгосон Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог батлах тухай Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А\126 тоот тушаалын хавсралтаар батлагдсан байгууллагын орон тоог хамт олонд танилцуулсан, ажилтан нараас энэ талаар хүсэлт авсан эсэх нь эргэлзээтэй, ажил олгогч маргаан бүхий тушаалдаа байгууллагын дотоод журмын 3.9 дэх хэсэг, 9.2.2 дахь заалт, 9.2.7 дахь хэсгүүдийг үндэслэл болгосон боловч энэ талаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, ажилтны тайлбар бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй юм. Миний ажиллаж байсан номын санчийн орон тоо хасагдсан боловч ажил олгогчийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Албан тушаалын зэрэглэл тогтоох, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 37 дугаар тушаалын 2-т “Номын санч К.Алишад Эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгүүлсүгэй. 3-т “Эрдэм шинжилгээний ажлыг хавсарган гүйцэтгүүлсэн ажил үүргийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгосугай. 4-т Номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан К.Алишаг ТҮСУ-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжуулж, дэд докторын нэмэгдлийг 15 хувиар ур чадварын нэмэгдлийг 15 хувиар, хавсарган гүйцэтгүүлсэн ажил үүргийг 20 хувиар тус тус үндсэн цалингаас бодож олгохыг ерөнхий нябо \Х.Бауыржан\-д зөвшөөрсүгэй 5.Уг тушаалын 3,4-р хэсгүүдийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй …” гэжээ. Ажил олгогчийн энэхүү тушаал нь хүчингүй болоогүй ба ялангуяа намайг эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгүүлсэн заалтууд хэвээр байгаа юм. Дээр дурдсан нөхцөл байдал нь ажил олгогчийн “Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль зүйн үндэслэл муутай гэдгийг нотолж байна. Иймд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалыг хүчингүйд тооцон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар Кажигын Алишаг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшаар ажиллуулахыг ажил олгогчид үүрэг болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

          Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баян- Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасныг тус тус баримтлан “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй 77 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд бүрэн нийцсэн боловч хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх 206/МА2016/00060 дугаар магадлалын үндэслэх нь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, дээрх хэргийн нөхцөл байдлуудыг тогтоож нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх ямар эрхийг ажил олгогч зөрчсөн эсэх асуудлыг шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс хэргийг нэг мөр шийдвэрлээгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжпэгч хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө тодруулж шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуулгыг шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэгэнт өөрийн шаардлагын хүрээнд нотлох баримтаа бүрдүүлсэн учир шүүх уг хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй болох нь тогтоогдож байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг баримтлан энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой байтал давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зөвхөн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шинээр нотлох баримт бүрдүүлэх зэргээр нэхэмжлэгчид эрх олгох хэлбэрээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалын тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтад “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай” гэсэн өөрчлөлт оруулж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч К.Алиша нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тус төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлоо үндэслэхдээ “...захирал Р.Гүлстаны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 тоот тушаалаар намайг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвийн сургуулийн номын санч, эрдэм шинжилгээний ажилтны ажлаас халж,  хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дотуур байрны багшийн ажлыг санал болгосныг зөвшөөрсөн ...” гэжээ.

К.Алиша нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2009 оны 11 сарын 02-ны өдрөөс дотуур байрны менежерээр ажиллаж байгаад орон тооны цомхотголоор 2010 оны 09 сарын 01-ний өдрөөс дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажилласан ч дахин цомхотголд орж, 2013 оны 09 сарын 04-ний  өдрөөс номын санч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан бөгөөд ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 тоот тушаалаар ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.

         К.Алиша Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд томилуулах,  тус сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй нийцээгүй гэж дүгнэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд ажилтан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 тоот тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээг цуцалсныг маргаж байгаа эсхүл ажил олгогч орон тоо цөөрүүлсэн тул өөр адил чанарын ажил, албан тушаалд томилоогүйд гомдол гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

          Ажилд эгүүлэн томилох гэдэг эрх зүйн ойлголт нь урьд эрхэлж байсан ажилд буцаан томилох гэсэн агуулгатай атал нэхэмжлэгч номын санч, эрдэм шинжилгээний ажилтны орон тоон дээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байхад түүнийг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т нийцжээ.

           Түүнчлэн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан баримтуудаас ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн гэх 2 үндэслэлийн алийг баримтлан ажлаас чөлөөлсөн, тухайлбал урьд номын санчийн хэдэн орон тоотой байсан нь одоо хэд болж, дотуур байрны багшийн хэдэн орон тоотой байсан нь шинээр хэдэн орон тоо бий болсон, эдгээр орон тоонд ямар хүмүүсийг томилсон, цомхтголоор чөлөөлөгдсөн ажилтныг ажлын байраар хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан үүргээ ажил олгогч биелүүлэх боломж байсан эсэх зэрэг хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. 

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00060 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д, хариуцагч дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН