Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 327

 

“А с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч

Л.Н, Д.Днарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Днарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 тоот актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0289 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Х.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ын өмгөөлөгч Э.Б,

Хариуцагч: Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Туул, Х.Номинсувд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-тзаасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А с” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 тоот актыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан төлбөрөөс 1,650,100.0 төгрөгийн торгууль, 2,212,900.0 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0289 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А с” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Д.Днарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхишийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Туул, Х.Номинсувд нарын гомдол: ... Нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчдын актыг хууль зүйн үндэслэлгүй гарсан тухай дурдан заасан байхад шүүхийн шийдвэрт улсын байцаагчдын актыг үндэслэж баримтыг дурдаж, улмаар маргаж байгаа актаас “А с” ХХК-д 12291084 тоот падаанаар 55,004,636.40 төгрөгийн хуурамч борлуулалт хийж НӨАТ-ын падаан бичиж өгсөн гэж дурдсан нөхцөл байдал” гэх зэргээр дурдан зааж актад  “А с” компанийн тухайн бүтээгдэхүүний худалдан авалттай холбоотой санхүүгийн нэг ч баримтыг үндэслэл болголгүй зөвхөн ЦЕГ-аас Татварын байгууллагад хүргүүлсэн албан тоотыг гол үндэслэлээ болгон актыг үйлдсэн. Улмаар  “Алтжин  санаа”  ХХК  болон “Болор гоулд” ХХК-ийн хооронд бодит худалдан авалт хийгдээгүй бөгөөд 55,004,636.40 төгрөгийн шатахууны борлуулалт хийсэн мэтээр хий бичилт хийж, 12291084 падааныг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон.

4. Улмаар маргааны нөгөө тал болох төрийн болон хүчний байгууллагуудын баримтад үндэслэн татвар төлөгчийн нэхэмжлэлийг анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” үндсэн эрхийг зөрчсөн.

5. Шүүхийн шийдвэр нь урьдчилан тогтоосон захиргааны актад бус нотлох баримтад үндэслэсэн бодитой байх ёстой. Ялангуяа татвар, санхүүгийн маргаантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ санхүүгийн баримт болон татварын хуулийн холбогдох заалтад үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой.

6. Гэтэл хуурамч гэж байгаа падааны дугаар, барааг борлуулагч тал болох “Болор гоулд” ХХК-ийн улсын бүртгэлийн дугаарыг улсын байцаагч падааны дугаар болгон ашиглаж акт тогтоосон. “А с” ХХК-ийн худалдан авалтыг хийгээд түүнийг хүлээн авсан “Суробан” ХХК-ийн санхүүгийн баримт болох бэлэн мөнгөний кассын зарлагын падаан, “Болор гоулд” ХХК-ийн нэхэмжлэх, кассын орлогын баримт зэрэг санхүүгийн нотлох баримтууд, худалдан авсан шатахуунаа орлогод бүртгэж авсан бараа материалын орлогын тайлан, “Болор гоулд” компани 2012 оны 9 сард “А с” компанид дизелийн түлшний борлуулалт хийж олсон орлого /55.004.636.40/ төгрөгийн дүнтэй НӨАТ-ын тайланг харъяа татварын албанд /Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/-т НӨАТ-ын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд тайлагнасан тухай БЗД-ийн Татварын хэлтсээс ирүүлсэн татварын албаны НӨАТ-ын тайлангийн хавсралт бүхий албан тоот зэрэг баримтуудыг шүүх авч хэлэлцсэнгүй.

7. Шүүх нотлох баримтыг бодитойгоор шалган нэг татварыг хоёр байгууллагаас давхардуулан авах болсныг тогтоохгүйгээр “Шатахууны худалдан авалт нь хий бичилттэй, хуурамч гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх улсын байцаагчийн акт хууль бус гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй” хэмээн үндэслэх хэсэгт дурдан дүгнэж татвар төлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүгч шууд хариуцагч талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэг талд үйлчилсэн гэж харуулах хангалттай үндэслэл болно.

8. Шүүгч, татвар төлөгчийн Татварын шалгалтанд хамрагдсан үйл ажиллагааны хүрээ, хугацаа  /2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний/ өдрийг хамарч хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн 11.3.3 -т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг акт хүчингүй болох хууль зүйн үндэслэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хууль зөв хэрэглэх, маргааныг бодитой хууль зүйн дагуу шийдвэрлэх хуулиар тогтоосон зарчмыг зөрчсөн.

9. Шүүгч шийдвэр гаргахдаа татварын хууль тогтоомж, тухайлбал Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 зэрэг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

10. Нийслэл дэх Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрийг хүлээн авах боломжгүй үндсэн шалтгаан нь:

11. Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нь аливаа төрийн байгууллага /хүчний болон яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага/-аас ирүүлсэн албан тоотыг үндэслэн татварын улсын байцаагчийн акт үйлдэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэдгийг нягтлан үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

12. Татварын байцаагчийн үйлдсэн актын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 29.1.1-ийг дурдсан нь тухайн заалтад байгаа зүйлээс татвар төлөгчтэй зөвхөн ярилцлагын тэмдэглэл үйлдсэн бөгөөд зөрчилтэй холбогдуулан “Болор гоулд” компаниас бичиж өгсөн НӨАТ-ын падан нь ТЕГ-аас БЗД-ийн татварын   хэлтэст хуваарилсан жинхэнэ падаан мөн эсэх талаар тодруулга аваагүй, “Болор гоулд” ХХК нь тухайн сарын НӨАТ-ын тайлангаа тайлагнасан эсэх зэрэг Татварын байгууллагаас авах лавлагаа, тодорхойлолтыг авч болох байсан боловч огт аваагүйгээр акт үйлдсэн нь зөвхөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичигт тулгуурлан актыг үйлдснийг нотолж байна.

13. Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.3-ийг үндэслэсэн тухайд уг заалт нь бараа материалыг худалдан авч талд төдийлөн хамааралгүй харин худалдагч тал /орлого олсон/ буюу “Болор гоулд” компанид шууд хамааралтай заалтыг “А с” компанид хэрэглэн худалдан авагч талд акт үйлдсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн нь нотлогдож байна.

14. НӨАТ-ийн хуулийн 14.3 дахь заалтыг үндэслэсэн тухайд: “А с” ХХК нь “Болор гоулд” компаниас худалдан авсан дизелийн түлшний НӨАТ-тай үнэ болох  60.505.100.04 төгрөгийг “Сурабан” ХХК-иас шилжүүлснийг батлах “Болор гоулд” компаниас ирүүлсэн санхүүгийн баримт нэхэмжлэх, төлбөрийг хүлээлгэн өгсөн,    хүлээн авсан холбогдох ажилтнуудын гарын үсэг, байгууллагын санхүүгийн тамга,   дугаар бүхий кассын зарлагын падаан, Сурабан ХХК-ийн “А с” ХХК-иас /60.505.100.04/ төгрөгийн авлага үүсгэсэн харьцагчдын авлагын дэлгэрэнгүй    бүртгэл зэргийг тусгасан санхүүгийн баримтууд байсаар байхад байцаагч нар үзээгүй /шаардаагүй/ нь хуулийн заалтыг буруу хэрэглэснийг нотолж байна.

15. Борлуулагч тал болох Болор гоулд компани нь олсон орлогоосоо улсын төсөвт төлбөл зохих НӨАТ татвар болох 5,500,463.64 төгрөгийг төсөвт төлөхөөр өр үүсгэн тайлагнасан байтал худалдан авагч талд татварыг давхардуулан акт үйлдсэн нь Олон улсад баримталдаг “Татварыг давхардуулан ногдуулахгүй" гэдэг татварын нийтлэг зарчмыг зөрчсөн.

16. Баянгол дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Л.Н, Д.Днарын бичсэн актад Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 9д/171 тоотыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 26-нд 260016446 тоот актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийг зөрчиж шалгалт хийсэн тул актыг хүчингүйд тооцох бүрэн үндэслэлтэй байхад шүүгч түүнийг шалгаж тогтоогоогүй.

17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гаргасан магадлалд дээр дурдсан хууль хэрэглээний алдаа дутагдлыг давтан мөн хууль бус баримтад үнэлэлт өгсөн төдийгүй хэргийг бүрэн уншиж судлахгүйгээр гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

18. Магадлалд “талууд хяналт шалгалт явагдсан гэх үйл баримт, процессын талаар маргаагүй, бодитой худалдан авсан эсэх талаар маргасан” тухай тэмдэглэсэн атлаа “Бодит байдалд гүйлгээ хийгээгүй ажээ” гэх “сураг”-аар шийдвэр, магадлалаа гаргасан. Улмаар “худалдаа хийх чиглэл байхгүй болох нь тогтоогдсон”, “хэзээ, хэрхэн ямар маркийн машинаар шатахууныг авсан болох нь тогтоогдоогүй” гэх зэрэг акт болон маргаан, нэхэмжлэлд ач холбогдолгүй аж ахуйн үйл ажиллагааны процесст үндэслэжээ.

19. Бидний гомдол бол асуудлыг бодитой бус мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэх ёсгүй тул хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхийг зөрчөөд байгааг залруулахыг хүсэж байгаа билээ.

20. Иймээс захиргааны хэргийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            21. Шүүхүүд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.

          22. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Днар “А с” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар актаар “... 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Болор гоулд” ХХК-иас ... 55,004,636.40 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчил тогтоон, 5,500,463.64 төгрөгийн нөхөн татвар, 1,650,100.0 төгрөгийн торгууль, 2,212,900.0 төгрөгийн алданги, нийт 9,262,711.1 төгрөгийн төлбөр ногдуудсан, нэхэмжлэгчээс ...санхүүгийн баримтыг бус зөвхөн цагдаагийн албан тоотыг үндэслэж акт тавьсан, ... Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн, ... “Болор гоулд” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авалт хийснээ тусгасан байхад нэхэмжлэгч компанийг давхардуулан 5,5 сая төгрөг төсөвт төлүүлэхээр акт тавьж байгаа нь давхар татвар төлөхгүй байх олон улсын зарчимд нийцэхгүй” гэж, хариуцагч нараас “... нэхэмжлэгч компани бодит худалдан авалт хийгээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ... /хийсэн шалгалтаар/ тогтоогдсон, ... актаар төлбөр ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            23. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Болор гоулд” ХХК нь “... 2012 онд ... 2838931 регистрийн дугаартай “А с” ХХК-нд 12291084 тоот падаанаар 55004.6 мянган төгрөгийн ... хуурамч худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 240042 дугаар дүгнэлт, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 18, 1161 дүгээр тогтоолуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “А с” ХХК-ийг 2012 онд “Болор гоулд” ХХК-иас  худалдан авсан гэх 55,004,636.40 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

24. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч “А с” ХХК-ийг хэн нэгнээс шатахуун худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн болно.

25. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

26. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөнөөр хийгдсэн нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

27. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “А с” ХХК нь “Болор гоулд” ХХК-иас “...55,004,636.40 төгрөгийн шатахуун худалдан авсан” гэх боловч уг гүйлгээ нь “А с” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй байх тул “....“Суробан” ХХК-иас Болор гоулд ХХК-нд бэлэн мөнгө шилжүүлсэн анхан шатны баримт , “Суробан” ХХК-ийн бэлэн мөнгөний кассын зарлагын падаан, “Болор гоулд” ХХК-ийн нэхэмжлэх, кассын орлогын баримт зэрэг санхүүгийн нотлох баримтууд, худалдан авсан шатахуунаа орлогод бүртгэж авсан бараа материалын орлогын тайлан” зэргийг үндэслэж, “...нэг татварыг хоёр байгууллагаас давхардуулан авах болсон” гэж дүгнэх шүүх боломжгүй, маргаан бүхий актыг энэ үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй юм.

28. Иймд, нэхэмжлэгчийн “...шүүгч шууд хариуцагч талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэг талд үйлчилсэн, ...  холбогдох хуулийг буруу тайлбарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

29. Хариуцагч нараас “А с” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий 260016446 дугаар акт үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх” гэснийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “...Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, ... 11.3.3 -т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ... /хяналт шалгалт хийсэн/” гэх гомдол үндэслэлгүй.

30. Түүнчлэн, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “... актаар тогтоосон 1,650,139.10 төгрөгийн торгууль, 2,112,108.40 төгрөгийн алданги, нийт 3,762,347.50 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж, ... 5,500,463.60 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх”-ээр маргаан бүхий актыг өөрчлөн тогтоосон, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор дээрх Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 22 дугаар тогтоолыг хэвээр баталсан байх тул Татварын маргаан таслах зөвлөлөөс нэгэнт хүчингүй болгосон төлбөрийг шүүх дахин хүчингүй болгох үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь зөв тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... давж заалдах шатны шүүх ... гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна. 

31. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0289 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.Н нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “А с” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА