Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 457

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Чанцалдулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т******* овогт Б*******ийн А*******. /РД: УК*******/;

Х овогт Ггийн С. /РД:УС/;

Г овогт Тгийн Ч*******. /РД:ШЖ/;

Б овогт Сгийн С. /РД:УЮ/;

Б овогт Бгийн Ж. /РД: ШЖ/;

Т овогт Нийн Д*******. /РД: УС/;

Т овогт Д*******гийн Э. /РД: ШЖ /;

Х овогт Сийн Ж******* / РД:ШЖ/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2008 оны 108 дугаар тушаалаар “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох; 

-нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.А*******, Г.С, Т.Ч*******, С.С, Б.Ж, Н.Д*******, Д.Э, С.Ж******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 3 болон 4 дүгээр хэсэг болох Зайсангийн аманд оршин суудаг найман иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. 

Нэхэмжлэгч нар нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө, Эмнэлгийн ажилчдын байр, Халдвартын клиникийн эмнэлгийн байр гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн байдаг. 

Дээрх иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. 

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан боловч зөвшөөрөл олгодоггүй байсан. 

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар захирамжаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан байдаг.

Үүний дагуу Зайсангийн аманд оршин сууж байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг  хийж, улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх найман иргэнд кадастрын давхцалтай гэдэг шалтгаанаар газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй байна.

Нэхэмжлэгч найман иргэн нь тухайн газар дээр он удаан жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад “М” ХХК-д газрын кадастрыг давхцуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч нарын оршин суух эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. 

Нэхэмжлэгч нар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан боловч ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй бөгөөд кадастрын давхцалтай гэсэн шалтгаанаар газар ашиглах гэрчилгээг гаргахгүй байгаа болно. 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Байгаль орчин,  ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б*******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“ ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. 

Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон. 

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь: 

нэгд, хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн; 

хоёрт, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. 

Гэтэл эдгээр иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасан “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан. 

Монгол Улсын иргэний хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан Монгол Улсын иргэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;” үүргээ биелүүлээгүй болно. 

Мөн иргэн Б.А*******, Г.С, С.С, Б.Ж, Д.Э нарын оршин суугаа гэх газар нь “М” ХХК-ийн 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/81 дугаар газар ашиглах гэрчилгээ бүхий 1 га газартай давхцалтай байна. “М” ХХК нь хууль ёсны дагуу газар ашиглах эрхийг авсан тул газар ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй. Харин Т.Ч*******, Н.Д*******, С.Ж******* нарын 3 иргэний талаарх мэдээлэл газар ашиглах эрх олгох боломжгүй иргэдийн жагсаалтад ороогүй байх тул хүсэлтээ дахин нягтлуулах шаардлагатай. 

Иймд иргэн Б.А*******, Г.С, С.С, Б.Ж, Д.Э нарт газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ. 

Дөрөв. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч найман иргэний амьдарч байгаа газартай давхцуулан “М” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг олгосон байдаг. 

“М” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 39.1.2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”-ыг хориглосон. Гэтэл “М” ХХК нь хориглосон үйл ажиллагааг буюу газрыг ашиглахыг зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулсан. 

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа. Гэвч нэхэмжлэгч иргэд нь “М” ХХК-ийн газрыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Зөвхөн эдгээр нэхэмжлэгч найман иргэний газартай давхцаж байгаа хэсгийг л хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Мөн нэхэмжлэгч иргэдэд газар ашиглах гэрчилгээг олгохыг хариуцагчид буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгөхийг хүссэн.

...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 6 дугаар сард нэгдсэн байдлаар иргэдийн газрын кадастрын зургийг хийлгэсэн. Кадастрын зургийг хийлгэхэд иргэд төлбөрийг нь төлсөн байгаа. Тэгэхээр иргэдийн газар “М” ХХК-ийн газартай хэрхэн давхцаж байгаа нь кадастрын мэдээллийн санд орсон байгаа. Нэхэмжлэгч иргэд 2015 оны 6 болон 8 дугаар саруудад нэгдсэн байдлаар газар ашиглах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтэд ямар нэгэн байдлаар хариуцагчаас хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нар шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Тав. Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“М” ХХК-ийн газартай давхцалтай учраас иргэдэд газар олгох боломжгүй байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын газар ашиглах тушаал, гэрчилгээ гарч, гэрээ хийгдэж б******* иргэдийн кадастрын зураг баталгаажих ёстой. “М” ХХК-ийн кадастрын зураг баталгаажсан, гэрчилгээ олгогдож, гэрээ хийгдсэн байгаа.” гэв. 

Зургаа. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2004 онд “М” ХХК нь хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн, гурвалсан гэрээ байгуулан газрыг ашиглаж ирсэн. 

...Маргаан бүхий тухайн газарт нийтийн байр байсан. Нийтийн байранд оршин суугчид иргэдийг оруулсан байдаг. Хуульд зааснаар “М” ХХК-ийн хууль ёсны дагуу ашиглаж буй газар дээр иргэд газар ашиглах боломжгүй болсон байгаа.

2015 онд тусгай хамгаалалттай газар нутагт нарийвчилсан судалгаа хийгдэж, иргэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн давхцалгүй бол газрыг олгосон. Эдгээр нэхэмжлэгч иргэд нь хуулийн дагуу хүсэлт гаргаж газрыг аваагүй учраас газар ашиглах эрхгүй байгаа. 

“М” ХХК нь кадастрын зургийн хэмжээгээр байшингийн сууриар газрыг авахгүй. Иргэдийн эрх ашгийг бодолцон эвлэрэх санал тавьж байгаа. 

Нэхэмжлэгчээс байшингийн суурьт тулгаж кадастрын зураг хийсэн гэж байна. Кадастрын зураг байшингийн сууриас 2 метр зайтай хийгдсэн байгаа. Харин сүүлд 2008 онд барьсан, иргэдийн барилгууд манай кадастрын зургаар тусгагдсан талбайд орсон байгаа. Нэгэнт иргэд хөрөнгөө гаргаад байшин барьсан учраас иргэдтэй тохиролцоод аль, аль талаа хохироохгүйгээр шийдвэрлээд явах саналтай байна.” гэв. 

Долоо. Нэхэмжлэгч С.С, Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Нэхэмжлэгч нар энэ газарт олон жил амьдарсан бөгөөд байраа хувьчилж авсан. Халдвартын клиникийн ажилчдын байр байгаа юм. 2008 онд иргэд газраа эзэмшиж авах гэтэл дархан цаазат газар гээд бидэнд олгоогүй. Гэтэл “М” ХХК нь 65 жил болж буй ажилчдын байрны суурь хүртэлх газрыг авч байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин ...нэхэмжлэгч С.С нь гуравдагч этгээд “М” ХХК-тай эвлэрэх асуудлаар 9 сар хөөцөлдөж, холбогдох хүмүүстэй уулзах гэсэн боловч чадаагүй. Өмнө нь эвлэрэх хугацаа хангалттай байсан. Эдгээр иргэд тухайн газар дээрээ бүгд оршин сууж байгаа. Иймд “М” ХХК-аас иргэдтэй очоод уулзах бүрэн боломж байсан тул эвлэрэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

       Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.” гэв.

Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2008 оны 108 дугаар тушаалаар “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2008 оны 108 дугаар тушаалаар “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчмыг хариуцагчаас зөрчиж, нэхэмжлэгч С.С, С.Ж*******, Н.Д*******, Б.А*******, Г.С, Т.Ч*******, Б.Ж, Д.Э нарын хүсэлт гаргасан буюу 15-аас 43 жил оршин сууж буй газар  нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцаж байна гэсэн үндэслэлээр газар ашиглуулах тухай шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэгч нарын газар нь “...”М” ХХК-ийн 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/81 дүгээр тушаалаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээтэй 1 га газартай давхцалтай ..., гуравдагч этгээд газар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй.” гэж маргаж байгаа боловч хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “М” ХХК-ийн нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан хууль зүйн баримтуудаас  дүгнэхэд: 

нэгд, гуравдагч этгээд “М” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт 1 га талбайг “аялал жуулчлалын төв” зорилгоор ашиглах эрхийн 1/81 дүгээр гэрчилгээг  2004 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргаас 5 жилийн хугацаагаар олгожээ. 

Харин “М” ХХК-тай газар ашиглах гэрээг хуульд заасан газар ашиглуулах шийдвэр болон дээр дурдсан газар ашиглах 1/81 дүгээр гэрчилгээ гараагүй байхад 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу шийдвэрийг үндэслэн ...аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг ...байгуулна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Түүнчлэн 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны сайдын “М” ХХК-д “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 108 дугаар тушаал  гарсан байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх заалтад заасан “Хамгаалалтын захиргаа болон ...дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн ...газар ашиглах гэрчилгээ олгоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул “М” ХХК-д газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй байна.

хоёрт, “М” ХХК-аас Байгаль орчны яаманд хандсан 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрчилгээ шилжүүлэх тухай” 01/25 дугаар албан бичигт  “...иргэн Д.Занданбаттай 1.1 га газрыг ...хамтран эзэмшиж байгаа. “Монос” групп ихэнх хөрөнгө оруулалтыг хийж ...байгаа тул уг газрын гэрчилгээг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү.” гэсэн хүсэлт, мөн хариуцагчийн 2008 оны 108 дугаар тушаалын хавсралтад дурдсан “иргэн Д.Занданбат ...“М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан”  гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдэд газар ашиглуулах тухай шийдвэр гаргасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй этгээд ашиглах гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг хориглосон байхад тус заалтыг хариуцагчаас зөрчиж гаргасан хууль бус шийдвэр байна.

гуравт, гуравдагч этгээд “М” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “дархан цаазат газар”, 8 дугаар зүйлийн 3 дахь заалтын “хязгаарлалтын бүс”-д, 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтын “хязгаарлалтын бүсийн дэглэм”-д гагцхүү захирагдаж үйл ажиллагаа явуулна гэсэн үндэслэлээр хариуцагчаас:

-2004 оны 1/81 дүгээр гэрчилгээ болон гэрээнд “...1 га талбайг “аялал жуулчлалын төв” /аялал жуулчлал эрхлэх/ зорилгоор газар ашиглахыг...” зөвшөөрсөн гэж; 

Байгаль орчны яамны 2004 оны “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт” -д “Төслийн нэр: “Монос” эмчилгээ-сувиллын олон улсын төв, Төслийн хүчин чадал, товч тодорхойлолт: “...100 ор бүхий уламжлалт эмчилгээ-сувилгааны эмнэлэг, наран шарлагын талбай, ...эмийн цэцэрлэг, цэцгийн хүлэмж, 50 хүний зоогийн газар, 10 автомашины гараaш, зочид буудал бүхий цогцолбор хэлбэрээр байгуулагдана.” гэж; 

-Байгаль орчны сайдын 2008 оны 108 дугаар тушаал, 2008 оны 561 дүгээр гэрчилгээ  болон 2/32 дугаар гэрээнд  “...1.1 га талбайг “аялал жуулчлал” эрхлэх зорилгоор үйл ажиллагаа явуулна.” гэж; 

-2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар ашиглах тухай” 2008/561 дүгээр гэрээнд  “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний хүрээнд ...“Рома-1” гэр бүлийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, амрах зориулалт бүхий ресторан, хүүхдийн цэцэрлэг, ажилчдын байр зэрэг байгууламж байна.” гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл, Аялал жуулчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “аялал жуулчлал” гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор ...өөр газар нутагт аялан явахыг” гэж ойлгохоор, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-аар заасан тул гуравдагч этгээд “М” ХХК нь хуульд заасны дагуу хариуцагчийн 2008 оны 108 дугаар тушаалд заасан аялал жуулчлал эрхлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахын тулд аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж барих үүрэгтэй байна.  

Гэтэл гуравдагч этгээд “М” ХХК нь маргаан бүхий газар дээр бодит байдалд хувь хүн байнгын оршин суудаг “Рома таун” хотхон барьсан, уг орон сууц нь 5 цогцолбороос бүрдэх 200 айлын орон сууцны барилга болох нь шүүхээс хийсэн үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь заалтад “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;” мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр ...үйл ажиллагаа явуулах”-ыг газар ашиглагчид хориглохоор заасан, мөн Үндэслэх хэсгийн 1.1-ийн нэг, хоёрт заасан “М” ХХК-д газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан заалтыг тус тус зөрчиж гаргасан хууль бус шийдвэр болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон орон сууцны хотхон барьсан “нийтэд илэрхий” үйл баримтаар нотлогдсон, түүнчлэн маргаан бүхий газар нь нэхэмжлэгчдийн олон жил оршин сууж байгаа газартай давхцалтай болох нь шүүхээс хийсэн үзлэг , хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан тус яамны кадастрын хэлтсийн  мэргэжилтэн О.Анхбаярын гарын үсэгтэй кадастрын зураг  болон бусад баримтуудаар  тогтоогдож байх тул “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2008 оны 108 дугаар тушаалаар “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр: “Нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар  Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, уг ажлын хүрээнд эхний ээлжинд 411 иргэнд оршин сууж байсан газрын ашиглах эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгосон  байна. 

Хариуцагчийн 2015 оны А/235 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, ...бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэсэн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн гаргасан байна.  

2015 оны А/235 дугаар тушаалын зорилго, уг тушаал гарах болсон бодит шалтгаан, үндэслэл нь:

-нэг талаас, Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасан “хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;” гэсэн Засгийн газрын болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нийтлэг чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн бодлоготой холбоотой;

-нөгөө талаас, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр “олон жил” оршин сууж байгаа иргэдийн газар ашиглах эрхийг хууль ёсны дагуу баталгаажуулж, улмаар хуульд заасан байгаль орчныг хамгаалах, газар ашигласны татвар төлөх үүргийг хүлээлгэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой байна. 

Дээрх тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тушаалын хавсралтад заасан “Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө” -ний дагуу:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Түвшинжаргалаас:

- газар ашиглах эрхийн 2 дугаар ээлжинд хамрагдах өрхийн нэрс буюу нэхэмжлэгч найман иргэний нэрсийг, мөн маргаан бүхий газар дээр олон жил оршин суусныг нотлох судалгааг гаргаж; 

-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам  болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд  нэхэмжлэгч С.С, С.Ж*******, Н.Д*******, Б.А*******, Г.С, Т.Ч*******, Б.Ж, Д.Э нарыг “газар ашиглах гэрчилгээний бүртгэлд бүртгэж авах”-ыг хүссэн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 244, 245 дугаар албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн.

2. Талбайн хэмжилтийг газар дээр нь хийж, газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах ажлын хүрээнд:

- “Классик Лэнд” ХХК-ийн хэмжигч А.Энхбаатар, Т.Бадамцэрэн нараар нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газрыг газар дээр нь хэмжүүлсэн нэгж талбарын зургийг  2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэгдсэн журмаар хийлгүүлж;

-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны кадастрын мэргэжилтэн Э.Анхбаяр, Г.Гт нар мэдээллийн санд нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу оруулсан болох нь мэргэжилтэн Э.Анхбаярын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нотлох баримтаар гаргасан кадастрын зургаар  нотлогдсон;

3. Нэхэмжлэгч нар оршин сууж байгаа газраа бүртгэлжүүлж, газар ашиглах эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажлын хэсэгт тус тус гаргасан байна.

  Иймд хариуцагчийн 2015 оны А/235 дугаар тушаалд заасан үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу Ажлын хэсэг хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалын зорилго, түүнд хүрэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Үндсэн хуульт ёсны тэнцвэрийн зарчимд нийцэж байгаа боловч:

 хариуцагчаас нэхэмжлэгч нарт гуравдагч этгээд “М” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцалтай байна гэсэн үндэслэлээр газар ашиглуулах тухай шийдвэр гаргахаас татгалзаж, нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хязгаарлаж байгаа эс үйлдэхүй нь дээр дурдсан зарчим болон Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэсэн зарчмыг тус тус зөрчсөн байна.

  Тодруулбал, нэгд, нэхэмжлэгч иргэд нь маргаан бүхий газар 15-43 жил оршин суусан болох нь тус хорооны Засаг дарга С.Түвшинжаргалын тодорхойлолт;  хоёрт, Д.Э, Т.Ч*******, Б.Ж нар нь тус газар төрж өссөн болох нь хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээс;  гуравт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2008 оны 05,  07,  2010 оны 15  дугаар тогтоолоор Халдвартын клиникийн эмнэлгийн 5-р байр, Эмнэлгийн ажилчдын 4-р байрны 1, 1-7 дугаар тоотуудыг тус тус хувьчилснаар нэхэмжлэгч С.С, С.Ж******* Б.А******* нар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан; дөрөвт, олон жил оршин сууж байгаа газрын ашиглах тухай хүсэлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт  болон холбогдох байгууллагад гаргаж байсан; тавд, хариуцагчаас гуравдагч этгээд “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газартай давхцалтай гэх үндэслэлээр гэрчилгээ олгож, бүртгэлжүүлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хариуцагчийн 2008 оны 108 дугаар тушаал нь Үндэслэх хэсгийн 1.1-ийн нэг, хоёр, гуравт заасан үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах нь зүйтэй гэж дүгнэв. 

  Иймд нэхэмжлэгчийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2008 оны 108 дугаар тушаалаар “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох; нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,  70.2.1, 70.2.4 дэх заалтад заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2008 оны 108 дугаар тушаалаар “М” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙСАЙХАН

                                           ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

                                                                                          Д.ЧАНЦАЛДУЛАМ