Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00901

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00901

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 00 дугаарбагт оршин суух Боржигон овогт Мын М /РХ-000/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 17.511.329 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.М нь 2013 оны 3 дугаар сарын 14-нд Сум хөгжүүлэх сангаас Өлөнгийн цех ажиллуулахаар 20.000.000 төгрөгний зээл авсан. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд графикийн дагуу төлбөрийг төлж байсан боловч 2015 оны 00 дугаарсарын 02-ноос эхлэн төлбөрөө төлөхгүй байна. Төлүүлэх талаар 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна.

Иймд гэрээний дагуу М.М нь төсөл хэрэгжүүлэхээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч графикт хугацаандаа төлөхгүй байгаа зээл болох үндсэн зээл 17.511.329 төгрөгийг М.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би сум хөгжүүлэх сангаас өлөнгийн цех ажиллуулахаар 20.000.000 төгрөгний зээл 3 жилийн хугацаатайгаар авсан. 4.000.000 төгрөгийг тодорхой графикийн дагуу төлсөн. Үлдсэн 16.000.000 төгрөгийг хүү, торгуулийн хүүгийн хамт төлж барагдуулна. Нийт 17.511.329 төгрөг гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга нь хариуцагч М.Маас Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 17.511.329 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун хорин ес/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.М: ....үлдсэн 16.000.000 төгрөгийг хүү, торгуулийн хүүгийн хамт төлж барагдуулна. Нийт 17.511.329 төгрөгийг төлнө.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан ба нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газар, төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 17.511.329 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 245.506 төгрөгийн 50 хувь болох 122.753 төгрөгийг хариуцагч М.Маас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 17.511.329 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг хариуцагч М.М төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч М.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 122.753 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуун тавин гурав/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ