| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0160/э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-12-24 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 158
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мд холбогдох 1730000790069 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, А.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.М нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох Дэрэвгэр жиргэрүү гэх 480.5 кг ургамлыг 05-58 ДОА улсын дугаартай Синотрак маркын тээврийн хэрэгслийн дугуйнд нууж 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 сард Булган сумын дуудлага худалдаанаас дэрэвгэр жиргэрүү ургалмыг худалдаж авсан. Тэгээд банкны зээл төлөх болохоор нь хятад улсад үнэтэй байдаг гэхээр нь би хилээр гаргах гэж машиныхаа дугуйн дотор хийгээд Бичигтийн боомт дээр очоод байхад эхнэр хүүхэд халуураад татаад байна гэхээр нь Дорнод аймаг руу явах ажил гарсан. Э таарахаар нь Эад хариуцуулж үлдээгээд би Дорнод аймаг руу явсан гэв.
- Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:.. “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газраас 500 килограмм Дэрэвгэр жиргэрүү нэртэй ургамлыг 1 кг 4.500 төгрөгөөр буюу 2.250.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний худалдаж авдаг учир нь Улаанбаатар хотод “Ноён ширхэнцэг” нэртэй эмийн ургамал бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм. Ингээд дээрх 500 килограмм ургамлыг худалдаж авчихаад байж байтал банкинд өгөх зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоод байсан бөгөөд БНХАУ-д үнэ өндөртэй байдаг гэхээр нь БНХАУ-ын хилээр гаргахаар шийдсэн юм. Ингээд гэрээгээр жолооддог 05-58 ДОА улсын дугаартай Синотрек нэртэй чиргүүлтэй авто машины дугуйнд нь дээрх ургамлыг хувааж хийгээд 2017 оны 08-р сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомтруу ганцаараа явсан. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Бичигт боомт дээр ирээд давхар ачаа аваад гарахаар тохирчихоод байж байтал манай хүүхэд халуураад татаад байна гэж эхнэр яриад байхаар нь урьд таньдаг байсан туслах жолооч Э явж байхаар нь миний машиныг жолоодоод хадлангийн өвс ачаад БНХАУ-руу орчих манай хүүхэд халуураад таталт өгөөд байна Дорнод аймаг руу явах ажилтай болчихлоо гээд авто машинаа үлдээгээд Дорнод аймаг руу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үдийн хойно замын унаагаар явсан. Э нь 2017 оны 08 дугаар 31-ний өдөр надруу яриад гаалийнхан машиныг чинь хяналтын талбай дээр шалгана гэхээр нь би сандарсандаа утсаа унтраачихсан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр утсаа нээж Эруу ярьсан чинь чиний авто машины хураагаад авчихлаа одоо яах вэ өөрөө ир гэхээр нь минийх биш хятад хүн хийсэн гэж хэлчих гэсэн. Удалгүй цагдаа шүүх болох юм байна гэхээр нь за за би өөрөө очиж учраа олно гээд ирж байгаа юм. Би дээрх ургамлыг 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн төвөөс хөдөө гарч байгаад автомашиныхаа дугуйнд гялгар уутанд хувааж хийж байгаад хийсэн. Олгой хаймаргүй дугуйн дотор эд зүйл хийгээд дугуйгаа хийлээд машин явахад чөлөөтэй байдаг гэдгийг сонссон юм. Э нь дугуйнд ургамал эд зүйл хийсэн талаар мэдээгүй юм. ...Би хилээр уг нь гарах ёстой байсан хэдий ч хүүхэд маань татаж унаад байна гэсэн учир Дорнод аймагруу явчихсан юм. Харин Эад хариуцуулаад үлдээсэн байсан. Э хадлангийн өвсөө ачаад бүртгүүлэх үедээ нарийвчилсан шалгалтанд орж эд зүйлийг хураалгасан байсан”гэх, / хх-н 33 х /,
- Иргэний нэхэмжлэгч М.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэсэг газраар ургадаг юм. Уг ургамал бол Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-ын 350 дугаарт бичигдсэн байдаг. Дэргэвэр жиргэрүү гэх ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 килограмм үндэс 50.000 төгрөг юм. Уг хэрэгт 480.5 килограмм гэж бодохоор 24.025.000 төгрөг болж байна. 480.5 килограмм ургамал хэдэн га талбай эзлэх талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу улсын орлого болгож, төлбөрийг Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын санд төвлөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг / хх-н 47 х /,
- Гэрч Б.Эын “...Би ажилгүй бөгөөд хүний машин хөлсөөр жолооддог юм. Бичигтийн боомт дээр Дорнод аймгийн машинууд өвс ачиж ирээд туслах жолоочийн ажил их олддог болохоор би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бичигтийн боомт дээр ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Бичигтийн боомтын дэлгүүр дээр явж байхад хуучин танил М ах надтай тааралдаад “чи миний машиныг Хятадруу жолоодоод явчих, би өөрөө ажилтай байна, чамд 100.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би М ахын “Хово” маркын 05-58 доа улсын дугаартай машиныг жолоодоод боомтын хойд талаас өвс ачсан. М ах надад машинаа өгчихөөд өвс ачаад яваарай гэж хэлээд ачих газрыг нь зааж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд би өвсийг нь ачуулчихаад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хилээр гарах гэсэн чинь бүрдүүлэлт хийдэг хүн нь байхгүй гээд гарч амжаагүй. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 01- ний 11 цагийн орчимд хилээр гарах гээд бүрдүүлэлт хийх гээд гаалийн талбайд очсон. Тэгээд хилээр гарах гээд байж байтал дахиж өвсийг чинь пүүлнэ гээд пүүн дээр аваачсан. Тэгээд өвсийг буулгасан. Өвс буулгасны дараа хяналтын талбай дээр очоод дахин машин шалгаад кабин болон ачаа тээшийг шалгасаар байтал орой болоод хил хаасан. Тэгэхээр нь би М ах руу утсаар залгаад “Машиныг чинь шалгаад хилээр гарч чадсангүй” гэсэн чинь “за, за” гэж хэлээд утсаа тасдсан. Эргээд залгасан чинь утас нь холбогдоогүй. Маргааш өглөө нь дахиад гаалийнхан машиныг шалгаад дугуйгаа задал гэхээр нь дугуйг задалсан чинь урд талын хоёр дугуйнаас бусад дугуйнаас сонин өвс шиг зүйл гарч ирсэн. Би сандраад М ах руу залгаад энэ талаар хэлсэн чинь тэр надад “Чи хоёр хужаа хийсэн гэж хэлээрэй, ах нь одоо очлоо” гэж хэлээд утсаа салгасан. Би сандраад дахин залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд машиныг хашаанд хийгээд нөгөө өвсийг хурааж авсан. Миний хувьд гаалийн байцаагч нарт М ахын хэлснээр “Хужаа хийсэн” гэж сандарсандаа хэлсэн шиг санагдаж байна ... гэх мэдүүлэг,/ хх-н 48-50 х /
Гэрч Н.Мийн “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаалийн, хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Б.Оээс СМНТС маркын 05-58 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирснийг нарийвчилсан үзлэг хийхээр гаалийн хяналтын бүсэд оруул гэсний дагуу гаалийн хяналтын бүсэд оруулж хонуулаад 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ албаны дарга Б.Оээр ахлуулан гаалийн байцаагч О.Ш, С.С, улсын орлогын барааны нярав Ш.Э, хилийн цэргийн 0146 дугаар ангийн байлдагч Ж.Б, Б.Э, Б.Эн гэх хүмүүс байлцуулан үзлэг хийсэн юм. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ эхлээд толгойн болон тэвшинд дараа нь дугуйнд нь үзлэг хийгээд запас дугуйг болон урд талын хоёр дугуйнд ямар нэг нуусан эд зүйл байгаагүй, харин үлдсэн 20 ширхэг дугуйг тайлж үзэхэд гялгар уутаар багцалж боосон модлог ургамал хийсэн байсныг илрүүлэн зөрчлийг шалгах ажлыг миний бие хийж гүйцэтгэсэн юм...” гэх мэдүүлэг, / хх-н 55-56 х /
Гэрч Б.Эгийн “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрчихөөд байхад хошууч Бнадад гаалийн ажилчдад туслаад өгөөч гэхээр нь очиход том улаан машины 20 ширхэг дугуйг задлаад дотроос нь ууттай ургамал гаргаж байсан. өвсийг багцалж уутанд боосон байсныг гаргаж уутанд хийсэн” гэх мэдүүлэг,/ хх-н 57 х /
Гэрч Т.Жгийн “...Би Э ахын хамт 2017 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Шүр зах дээр байж байхад Э ах нэг ахтай уулзаад зогсож байснаа надруу ирээд хоёулаа энэ хүнтэй цуг яваад дугуйг нь янзлаад ирье чи цуг явах уу хэдэн төгрөг өгнө гэсэн гэхээр нь би цуг явья гээд тэр ахын том машинд суугаад аймгаас хойшоо уурхайн цагаан шороон дээр гарч зогссон. Тэгээд тэр жолооч ах машиныхаа дугуй тус бүрийг тайлж дугуй тус бүрт бургас шиг зүйл жижиглээд скочоор боож машины дугуйнд хийгээд машиндаа дугуйгаа угсарсан. Ингээд бүх зүйлээ хийж дуусчихаад бид хоёрт 60.000 төгрөг өгөөд Э ах бид хоёр зах дээр бууж үлдсэн” гэх мэдүүлэг, / хх-н 58 х /
Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 9/231 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “1.Шинжилгээнд хүргүүлсэн ургамлын үндэс нь шүхэртэний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлын олон улсын нэршил буюу латин нэр нь Saposhnikovia divarivate, / Turcz / Schichk. 2.Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын засгийн газрын тогтоол Жагсаалт батлах тухай /ховор ургамалын жагсаалт/ 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн болно. 3.Уг ургамал нь үндэсний системийн хөгжил сайтай хөрс бэхжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зэрэг экосистемд эерэгээр нөлөөлдөг тул үндсийг түүснээр элсний нүүдлийг түргэтгэх, цөлжилтийг эрчимжүүлэх зэргээр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөлтэй. Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамны одоогийн мөрдөж буй экологи эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр Жиргэрүү ургамлын 1кг үндэс 50.000 төгрөг. Энэхүү экологи эдийн засгийн үнэлгээ нь тарьж ургуулах, нөхөн сэргээлт хийх зэрэг нэмэлт үйлчилгээ хийгдээгүй зөвхөн байгалийн ургамлын түүхий эдийг бэлтгэхэд хэрэглэх /оногдуулах/ тодруулбал байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тооцох үнэлгээ юм. 4.Шинжилгээнд ирүүлсэн үндэс нь гүйцэт хатаагүй чийгтэй, хөгцөрсөн байдалтай байгаа нь түүгээд удаагүй 2017 оны шинээр бэлтгэсэн үндэс гэдгийг илтгэж байна” гэх, /хх-н 70 х/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, / хх-н 45 х /
- Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн Засаг даргын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн тодорхойлолт, / хх-н 79 х /
- А.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 84 х /
- А.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 85 х /
- Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн 2017.11.14-ний өдрийн тогтоол, тэмдэглэл, / хх-н 104-105 х /зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч А.М нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох Дэрэвгэр жиргэрүү гэх 480.5 кг ургамлыг 05-58 ДОА улсын дугаартай Синотрак маркын тээврийн хэрэгслийн дугуйнд нууж 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Б.Э, Н.М, Б.Э, Т.Ж нарын мэдүүлгүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 9/231 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.М нь Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох Дэрвэгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч А.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Б.Э, Н.М, Б.Э, Т.Ж нарын мэдүүлгүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 9/231 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох Дэрвэгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүхээс шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас байгаль экологид 24.025.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 480,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хураан авч улсын орлого болгож үнийг төлбөрөөс хасч тооцох, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10.500.000 төгрөгний үнэлгээ бүхий 05-58 ДОА улсын дугаартай,“SlNOTRUK” маркийн машин нь иргэн Үнэнсолонгын эзэмшлийн машин байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг машиныг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт ирсэн бичиг баримт үгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Мыг хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 480.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Маас байгаль экологид учруулсан хохирол болох 24.025.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдсан 480.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг байгаль экологид учруулсан хохирол болох 24.025.000 төгрөгийг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 05-58 ДОА улсын дугаартай,“SlNOTRUK” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хавсарган ирсэн бичигт баримт байхгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР