Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0160

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******,

Маргааны төрөл: “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгчээс Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд аялал жуучлалын зориулалтаар 0.6 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ. /Хавтас хэргийн 41 хуудас/
  3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “Э*******” ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг байгуулжээ.
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар дээрх олгосон газрыг 2026 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “Э*******” ХХК нарын хооронд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг байгуулсан байна.
  5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар “санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, (2023 оны 2-4 улирал) хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 3 жил дараалан ашиглаагүй гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25 дугаар сарын А/******* дугаар тушаалаар “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байна.
  6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1290 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг мэдэгджээ.
  7. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9269 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай “Э*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /цаашид “БОАЖС” гэх/ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/225 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 0.6 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах зөвшөөрөл авсан.

            Үүний дараа биднээс үл хамаарах шалтгааны улмаас дээрх газраа тодорхой хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүрсэн. Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон төрийн байгууллага, албан тушаалтан болон зөвшөөрөл эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгалт явууллаа. Иймд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд 18.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт барилга барих хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид барилгын ажлын зөвшөөрөл олгох ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч хамтран ажиллана уу…” гэх мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсний дагуу манай “Э*******” ХХК-ийг газраа аливаа хэлбэрээр ашиглахгүй байхыг даалгаж, ийнхүү ашиглахад зайлшгүй шаардлагатай төрийн байгууллагаас гарах зөвшөөрөл олгохоос тухай бүр татгалзаж байсан.

Дээрх нөхцөл байдал нь нэгэнт тодорхой байсан тул Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /цаашид “Хамгаалалтын захиргаа” гэх/-аас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 686 дугаартай албан бичгээр “Солбилцол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй ...” гээд газар ашиглах эрхийн хугацааг дахин сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан. Уг саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сунгасан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаар тушаалаар “Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр манай “Э*******” ХХК-д олгосон 6003 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба энэ талаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй гэх тухайд,

Маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /цаашид "ТХГНтХ" гэх/-ийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэг дэх эрх зүй зохицуулалтыг хэрэглэх хэм хэмжээний урьдчилсан нөхцөл бодит байдал дээр үүсээгүй.

Тухайн зүйл заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10 дахь хэсгээр “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр …” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно…” гэж тайлбарласан байдаг.

Дээр дурдсанчлан газар ашиглах хугацааг сунгах хүртэл буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр бид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. Үүнийг ч Хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүлээн зөвшөөрсөн учир газар ашиглах эрхийг дахин 5 жилээр сунгасан. Хэрэв энэхүү “Э*******” ХХК-ийн ашиглаагүй байдал нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн бол тийнхүү сунгахгүй байсан.

Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэх тухайд,

Нэг талаас Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хамгаалалтын захиргаа нөгөө талаас “Э*******” ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2022/341 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г 2.3 дугаар зүйлийн б/-д газрын бүгд төлбөрийн хэмжээг нэг жилд 10,733,274 (арван сая долоон зуун гучин гурван мянга хоёр зуун далан дөрөв) төгрөг байхаар тусгаж мөн зүйлийн г/-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахаар зохицуулсан.

2019 оноос эхлэн газрын төлбөрийг зөвхөн харьяалах газрын алба болон холбогдох татварын албанаас хамтарсан дундын мэдээллийн сангаар дамжуулан иргэн, этгээдэд цахимаар төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэсэн тохиолдолд л төлөх боломжтой болсон.

Гэтэл Хан-Уул дүүргийн татварын хэлтэс болон тухайн дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тухай бүр гэрээнд заасан үнийн дүнгээс зөрүүтэй төдийгүй хоорондоо өөр өөр нэхэмжлэхүүд үүсгэж байсан тул /хүснэгтээр харуулан чухам аль нэхэмжлэхийг төлөх нь зүйтэй, аль үнийн дүнгээр төлбөрийг гүйцэтгэх нь тодорхойгүй нөхцөл үүссэн.

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэх

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэх

 

1.

Огноо

Үнийн дүн

Харгалзах улирал

Огноо

Үнийн дүн

Харгалзах улирал

2023-01-22

538,588.00

2023-1

2022-01-22

720,225.00

2023-3

 

2.

Огноо

Үнийн дүн

Харгалзах улирал

Огноо

Үнийн дүн

Харгалзах улирал

2023-01-22

2,441,709.00

2023-2

тодорхойгүй

Тодорхойгүй ирсэн ба ирүүлсэн бар кодыг уншуулахаар 9,858,116.00 гарч ирсэн.

2022-?

2023-?


 

3.

Сүүлд 2023 оны 10 сард тооцоо нийлэхээр очиход нэмэгдэж гарсан байсан 2 удаагийн нэхэмжлэхийн залруулга

2 удаагийн нэхэмжлэхээр 439,731 дээр нэмэх 2,161,215.00 гарсан байсныг илүү төлөлтөө хасуулан засуулж 1,606,520.00 төлсөн.

 

Ингээд манай компани тус тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулах зорилгоор удаа дараа дээрх төрийн захиргааны байгууллагуудад хандаж байсан хэдий ч бүрэн шийдэгдэхгүй байсаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг хоёр талаас баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөөгүй нь төрийн захиргааны байгууллагын цахим системээс шууд шалтгаалснаас бус манай “Э*******” ХХК-нас хамаарсан зүйл байхгүй.

Энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус захиргааны актын улмаас “Э*******” ХХК-ийн тухайн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд зогсох, улмаар нэгэнт оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт үнэгүйдэх цаашлаад компани санхүүгийн хямралд хүргэх, дампуурах нөхцөлд хүргэж хууль ёсны эрх, ашиг сонирхол маань ноцтойгоор зөрчигдөөд байна.

Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн А/******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Чандманийн аманд хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалттай 0,6 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл авсан. 2019 оны 03 дугаар сард газар ашиглах тухай гэрээ байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул газрыг аливаа хэлбэрээр ашиглах, ашиглахтай холбоотойгоор барилга барих зөвшөөрлийг олгохгүй байхыг эрх бүхий байгууллагуудад даалгасан.

2022 онд газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа дуусаж байгаа гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэж байсан учраас бид газар ашиглах эрхийг нь сунгая гэдэг саналыг гаргасан. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилээр сунгаж, 2022 оны 12 дугаар сард газар ашиглах гэрээг байгуулсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчаас газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн байна гэж цуцалсан. Үндэслэл нь юу вэ? гэхээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6 буюу газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн 2 жилийн турш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцалсан. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа.

Тодруулбал, газрыг 2 жилээс дээш хугацаанд дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх тухайд тайлбарлая. Авлигатай тэмцэх газраас 2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар руу албан бичгүүд явуулсан байсан. Уг албан бичигт тодорхой хугацааны туршид мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай байна. Тиймээс олгогдсон газруудад барилга эхлүүлэх аливаа хэлбэрийн зөвшөөрөл олгохгүй байна уу гэж дурдсан байсан. Үүний дагуу Барилга хот байгуулалтын газраас архитектур төлөвлөлтийн даалгавар болон холбогдох барилга эхлэхэд шаардлагатай урьдчилсан зөвшөөрлүүдийг олгохгүй байх талаар “Э******* ХХК-д 2021 оны 05 дугаар сард мэдэгдсэн байдаг.

Энэ хугацаанд “Э*******” ХХК тодорхой хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 06 дугаар сард авсан. Тухайн газартаа цахилгаан эрчим хүчний холбогдох техникийн нөхцөлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр авсан. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт авсан. Төсөл боловсруулсан зэрэг ажлууд хийгдээд явж байсан. 2 жил дараалан ашиглахгүйгээр цуцлах нөхцөлийг бүрдүүлчихсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх 2 дахь үндэслэлийн тухайд тайлбар хэлье. 2019 оноос эхлээд Татварын ерөнхий хууль батлагдсан. Энэ хуультай холбоотойгоор өмнө нь Төрийн санд газрын төлбөрийг тушаадаг байсныг больсон. Харьяа дүүргийн татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас төлбөрийн нэхэмжлэх үүсгээд түүнийх нь дагуу төлдөг болсон. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь 2 өөр төлбөрийн даалгавар үүсгэсэн байдаг. Нэхэмжлэхийн дугаарыг нь яг адилхан. Үнийн дүн нь өөр өөр. Эдгээр баримтыг нотлох баримт шинжлэн судлах явцад судлуулна. 4 нэхэмжлэхийн дугаартай, 9 өөр үнийн дүнтэй нэхэмжлэхүүд үүсгэчихсэн. Яг аль үнийн дүнгээр төлөх вэ гэж асуухад систем нь ажиллахгүй байна, мэдэхгүй байна гэдэг тайлбар өгдөг. Ингээд 6, 7 сар болж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нийтэд сонсгох ажиллагааны тухай мэдэгдэл явуулж газрыг цуцалсан.

Энэ нэхэмжлэхийн дагуу төлөвлөсөн мөнгөн дүн нь эргэлзээтэй. Яагаад гэвэл нэхэмжлэхийн дагуу 2023 оны төлбөр гэж 15.165.058 төгрөг төлсөн. Гэтэл шинэчилж байгуулсан 2022 оны 12 сард байгуулагдсан газар ашиглах гэрээн дээр газрын төлбөрийг 10.733.300 төгрөг байна гэж зааж өгсөн. Ямар нэгэн өөрчлөлт орсон зүйл байхгүй. Газрын төлбөрөө хугацаа хожимдуулж төлсөн нь газар ашиглагч “Э*******” ХХК-ийн ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй. Төрийн захиргааны байгууллагын системийн алдаанаас хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн хувьд газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ямар нэгэн газрын төлбөр тооцооны үлдэгдэлгүй. Гэхдээ төлбөрийн нэхэмжлэхүүдийн зөрөө нь арилсан зүйл байхгүй. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”Э*******” ХХК-ын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны А/225 дугаар тушаалаар “Э*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт 0.6 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй…” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот саналаар нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Э*******” ХХК-д 2017 оны А/225 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6 дах заалт. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 1 дүгээр улирлаас 3 дугаар улирал хүртэл газрын төлбөрийг төлөөгүй гэсэн саналыг яаманд ирүүлсэн.

Гэрээнд газрын төлбөрийг тухайн улирал бүрийн 20-ны өдрийн дотор төлөхөөр заасан. Мөн Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу улирал бүр төлнө гэж тогтоосон байхад энэ үүргээ биелүүлж газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт тайлбар хэлье. Анх 2017 онд газар ашиглах эрх авсан. Үүнээс хойш тухайн газар дээр нэг ч үйл ажиллагаа явуулаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт тухайн газар дээр нь гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор тодорхой үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл тийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад газрыг ашиглаж чадаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэтэл энэ талаар яаманд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдэгдсэн зүйл байхгүй. Сонсох ажиллагаа 2023 оны 6 сард хийхэд энэ талаараа мэдэгдээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

1.1 Тодорхойлох хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* дугаар захирамжаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар 5 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэжээ.

1.2 Харин газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд заасан тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх зохицуулалтад нийцээгүй байна.

1.3 Мөн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/******* дугаар албан тоот, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07/******* дугаар тоот, Хот байгуулалт, хөгжлийн газрын  2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03/******* дүгээр тоотуудаас үзэхэд тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар хандаж байсан байсан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар зөвшөөрөл олгогдоогүй байна.

  1. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч компаниас үл хамаарах шалтгаанаар зөвшөөрөл олгогдож байгаагүй, 2021 онд “Гадна цахилгаан хангамжийн ажлын зурга төсөл”-ийг боловсруулж, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв”-өөс “Магадлалын ерөнхий дүгнэлт”, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Улаанбаатар цахилгаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас “Техникийн нөхцөл” зэргийг гаргуулсан байгаа нь нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
  2. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20/9 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 2021, 2022, 2023 онуудын төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж, тус газраас нэхэмжлэгч “Э*******” ХХК-д “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1290 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.
  4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27.2.1.“хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;”, 27.2.2.“хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, газар ашиглагч нэг этгээдэд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бол түүний цахим хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байхыг ойлгох энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсох нөхцөл байдал үүсээгүй байна.

Учир нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаар тушаалаар зөвхөн нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Гэтэл хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлэхгүйгээр сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН