Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 883

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00520 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Д.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.О-т 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлж, гэрээг бичгээр байгуулж бэлэн мөнгө хүлээж авсан тухай баримт үйлдсэн. Үүнээс хойш хариуцагч нь төлбөрөө төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүг 3 сарын хүү тооцож 4 500 000 төгрөг, 100 хоногийн алдангид 15 000 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Д.О- хийж байгаа ажлаа надад үзүүлсэнээр би түүнд мөнгийг бэлнээр автомашин дотор зээлсэн гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Д.Б-ыг танихгүй, түүнээс мөнгө аваагүй, төрсөн ах Д.Баярмагнайтай нь хамтран ажилладаг байсан. Тендерийн ажил авах зорилгоор Д.Баярмагнай Д.О-т 90 000 000 төгрөг өгсөнийг буцаан төлсөн. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийн хүрээнд дүү Д.Б-тай нь зээлийн гэрээ байгуул гэсний дагуу байгуулсан. Бодитоор мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, эдгээр хүмүүсийн дарамт шахалтанд ороод 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Яг энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дэслэгч н.Баасанжаргал дээр шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Д.Б- 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг бусдад зээлдүүлэх санхүүгийн чадвартай байсан эсэх, санхүүгийн эх үүсвэртэй байсан эсэх үйл баримтыг тогтоовол мөнгө төгрөг өгсөн эсэх асуудал тодорхой болно. Энэ үйл баримтыг шүүхийн журмаар тогтоолгох гэж үзсэн. Нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах гээд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Өнөөдрийн байдлаар Д.Б- 30 000 000 төгрөгийн эх үүсвэртэй гэдэг нь тогтоогдоогүй. Өмгөөлөгч Н.Баттогтох нь гэрээний дагуу хариуцагчид мөнгөн хөрөнгө бодитоор шилжүүлээгүй гэдгийг мэддэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-аас 39 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 355 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэнд гомдолтой. Учир нь, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч бодитоор мөнгөн хөрөнгө аваагүй, 30 000 000 төгрөгийг хэзээ, хэрхэн өгсөн талаарх үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулах үед санхүүгийн чадамжгүй оюутан байсан ба зээлийн гэрээг өөрийн төрсөн ах Д.Баярмагнайгийн хүсэлтээр байгуулсан.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс уг гэрээг хуурамч, Д.Баярмагнайн шахалтаар үйлдсэн болон нэхэмжлэгч тухайн үед 30 000 000 төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй байсныг нотлох баримтыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан ч шүүх хангахаас татгалзсан атлаа хариуцагчаас 39 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Д.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийг бэлнээр олгох, сарын 5 хувийн хүү төлөх, хугацаа 3 сар байх, энэхүү хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох, хүү болон үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 4/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь дээрх гэрээ болон хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, дарамт шахалтаар гэрээг байгуулсан, нэхэмжлэгчийн төрсөн ах Д.Баярмагнайтай үүсгэсэн төлбөр тооцоотой холбоотой хэрэг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа, нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 30 000 000 төгрөгийг бусдад зээлдүүлэх санхүүгийн чадамжгүй байсан гэж тайлбарладаг.  

 

Гэтэл талууд зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг бэлнээр өгөх нөхцөлийг гэрээнд тухайлан зааж, уг гэрээндээ 20 000 төгрөгийн дэвсгэрт 1 500 ширхэг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж гарын үсэг зурж баталгаажуулсан нь баримтаар хэрэгт авагдсан болно. /хх 4/ Мөнгө хүлээн авсан талаарх уг бичвэрийг хариуцагч Д.О- бусдын дарамт шахалтаар хийсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэгчийг зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх тул Д.Б- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.    

 

Түүнчлэн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар хэрэгт цугларсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн Мөрдөгчийн болон Прокурорын тогтоол, уг тогтоолыг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт Д.Баярмагнайн гаргасан гомдол, гомдлын хариу гэх баримтуудаар иргэн Д.Баярмагнайн гомдлоор шалгагдаж буй эрүүгийн хэрэгт энэхүү иргэний хэргийн маргааны гол зүйл болсон Д.Б-, Д.О- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний талаар дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, өөр этгээдүүдэд хамааралтай, мөнгөн хөрөнгийн талаарх асуудал байгааг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох зорилгоор шинжээч томилуулах, гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг /хх 78, 107-108, 118/ шүүх хүсэлт тус бүрийн үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг банк болон цагдаагийн байгууллагаас гаргуулж, гэрчийн мэдүүлэг авсан байна. /хх 80, 94-105, 109-110, 112-113, 115-116, 147-148/

 

Харин, маргаж буй зээлийн гэрээг хуурамч болохыг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан зохицуулалтад хамаарахгүйн гадна, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө нэхэмжлэгчид байсан эсэх талаарх баримт гаргуулах хүсэлтийн дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилжааны банкнуудаас нэхэмжлэгчийн дансны мэдээллийн талаар тодруулах ажиллагааг хийжээ. Мөн санхүүгийн шинжээч томилуулах болон нэхэмжлэгчээс өөрөөс нь 30 000 000 төгрөгийн эх үүсвэрийн талаарх баримт гаргуулах хариуцагч талын хүсэлтийг шүүх хангахгүй орхисныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

 

Иймд хариуцагч Д.О-аас зээлийн гэрээний үүрэгт 39 500 000 төгрөг гаргуулсан нь зөв болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.О-аас төлсөн 362 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ                                                               

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА