Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

Д.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолтой,

Шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн 2213000390056 дугаартай, 3 хавтастай хэргийг иргэний нэхэмжлэгч С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Е.Ай-ийн өмгөөлөгч Х.Ержаны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен /томилолтоор/, шүүгдэгч Д.А-, хохирогч А.Тө, хохирогчийн өмгөөлөгч С.Алтай, иргэний нэхэмжлэгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ****оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** **** оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар /нэмж нэгтгэн 2 жил, 5 сар, 22 хоног/ тус тус шийтгүүлж байсан Д.А- /**********/.  

1.1.Шүүгдэгч Д.А- нь эд зүйл буюу цэргийн цоохор хувцас ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч А.Д-эд өөрийгөө цэргийн ангид ажилладаг хэмээн танилцуулан, түүнийг аймгийн онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг авч залилсан,

1.2. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.Ж-ын ****УБЕ улсын дугаартай “Тоёота спасио” загварын тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, мөнгийг нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилж, хохирогч С.Ж-д 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

1.3. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Тө-ий Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан мэхэлж түүнд  9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.С-ээс **** БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдаж авъя, машины мөнгийг нь маргааш өгье гэж түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж автомашиныг нь авч яван залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар яллах дүгнэлтээр Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн  2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолоор:

3.1. Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-т 2 (хоёр) жил, 6 (зургаа)-н сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

3.З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1,2,4 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа)-н сарын хорих ял дээр урьд тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил, 5 (тав)-н сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил, 19 (арван ес) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил, 6 (зургаа)-н сар, 19 (арван ес) хоногоор тогтоож,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 4 жил, 6 сар, 19 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

3.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.А-оос гэмт хэргийн хор уршигт

-5.000.000 (таван сая) төгрөг гаргуулж, хохирогч С.Д-эд, 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.А-д, 4.750.000 (дөрвөн сая долоон зуун тавин мянган) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Е.Ай-т, 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Б нарт тус тус олгож,

-Иргэний нэхэмжлэгч М.А-ийн эзэмшилд байгаа, 6.100.000 (зургаан сая нэг зуун мянга)-н төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий ****УБЕ улсын дугаартай “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг М.А-ээс буцаан гаргуулж, хууль ёсны эзэмшигч, хохирогч С.Ж-д,

-Цагдаагийн байгууллагын журмын хашаанд хадгалагдаж байгаа 9.000.000 (есөн сая) төгрөгийн үнэлгээ бүхий ****БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч, хохирогч А.Тө-д,

-Иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн эзэмшилд байгаа 3.800.000 (гурван сая найман зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, **** БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, хохирогч А.С-т тус тус олгож,

3.6. Шүүгдэгч Д.А- нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СО-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж,

3.7. Иргэний нэхэмжлэгч М.А-ийн эзэмшилд байгаа, хохирогч С.Ж-ын, 6.100.000 (зургаан сая нэг зуун мянга)-н төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий ****УБЕ улсын дугаартай “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаад хадгалагдаж байгаа, хохирогч А.Тө-ий өмчлөлийн 9.000.000 (есөн сая) төгрөгийн үнэлгээ бүхий ****БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоол, иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн эзэмшилд байгаа, хохирогч А.С-ийн эзэмшлийн, 3.800.000 (гурван сая найман зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ай-ийн өмгөөлөгч Х.Ержаны давж заалдах гомдлын агуулга:

4.1. С.Т нь Д.А-т холбогдох хэргийн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн ажлаар Улаанбаатар явах зорилгоор явж байгаад золгүй байдлаар автын осолд орж нас барсан байх юм. Ийнхүү С.Т нас барснаар Д.А-т холбогдох хэрэгт түүний эхнэр Е.Ай-ийн хүсэлтээр түүнийг иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон.

4.2. Холбогдогч Д.А- нь С.Т-т приус маркийн **** БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 4.750.000 төгрөгөөр үнэ тохирч зарсан байх ба тохиролцсон мөнгийг А-т бүрэн төлж өгснөөр уг тээврийн хэрэгслийг С.Т-т хүлээлгэж өгсөн байх юм.

4.3. Иргэний хуулийн 243.1 “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөөс хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 250.1 “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй”, 248.2 “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, 90.1  “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд энэхүү хуулийн заалтуудаас харахад приус маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь С.Т болох юм. С.Т нь нас барсан хэдий ч тус тээврийн хэрэгсэл гэр бүлийн дундын хөрөнгөд тооцогдох юм. С.Т нь Өвөрхангай аймагт осолд орж нас барсан одоогоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд С.Т-ийн эхнэрийг тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилон шалгаж байгаа болно. Е.Ай бага насны 0-5 насны 3 хүүхэдтэй бөгөөд нөхөр нь нас барснаар хүүхдүүдийн асрамжийн бүх асуудлыг ганцаараа зохицуулж байх тул /хүүхдүүдээ цэцэрлэгт зөөвөрлөх гэх мэт/ өнөөгийн нөхцөлд тэдэнд нааш цааш ирж очих гэх мэт унаа зайлшгүй шаардлагатай байгаа юм.

4.4. Иргэний хуулийн 10.1.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн эд хөрөнгийг хураах, битүүмжлэх талаар огт тусгагдаагүй  байгаа нь Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан эд хөрөнгийн халдашгүй байдалтай холбоотой гэж ойлгоно.

            4.5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан **** БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Т-ийн эхнэр болох иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Е.Ай-т олгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Е.Ай-ийн өмгөөлөгч К.Ержаны гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

9. Шүүгдэгч Д.А- нь цэргийн цоохор хувцас ашиглан итгүүлж, хуурч хохирогч А.Д-эд өөрийгөө цэргийн ангид ажилладаг хэмээн танилцуулан, түүнийг аймгийн онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг нь авч залилсан,

- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.Ж-ын ****УБЕ улсын дугаартай “Тоёото спасио” загварын тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, мөнгийг нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилж, хохирогч С.Ж-д 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Тө-ий Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар хуурч, уг тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах зэргээр өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч залилан мэхэлж түүнд  9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.С-ээс **** БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдаж авна, мөнгийг нь маргааш өгнө гэж хуурч, автомашиныг нь авч яван залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд дээрх үйл баримтуудыг эргэлзээгүй тогтоосон нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцжээ.

 

10. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.А-ын дээрх үйлдлүүдийг нэгтгэн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Д.А-т хуульд заасан төрөл, хэмжээний дотор хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус хангасан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хуульд зааснаар баримталсан байна.

 

11. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоол, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцооны хуудсыг тус тус үндэслэн Д.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сар 22 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шүүгдэгч Д.А-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сар, 19 хоногоор тогтоосон нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нийтлэг журам, хууль ёсны зарчимд нийцжээ.

 

12. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ай-ийн өмгөөлөгч К.Ержанаас “**** БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Т-ийн эхнэр болох иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Е.Ай-т олгон шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч Д.А- нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Тө-ий Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг “бусдад худалдан борлуулах” зэргээр өөртөө шилжүүлэн авч, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч, талийгаач С.Тэ-д 4.750.000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч А.Тө-ий өмчлөлийн дээрх тээврийн хэрэгслийг өмчлөгчийн өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Д.А-оос 4.750.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Е.Ай-т олгохоор шийдвэрлэж хохирол, хор уршгийг эд хөрөнгийн биет байдлаар болон мөнгөн хөрөнгөөр нь бүрэн барагдуулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, өмчлөгчийн шаардах эрх болон эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Е.Ай-ийн өмгөөлөгч Х.Ержаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК