Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/665

 

 

 

 

 

 

 

     2022           06            28                                          2022/ДШМ/665                          

 

 

П.С, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Д,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Н,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор П.С, Б.Б нарт холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.С, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сард их сургуулийн тэнхимийн эрхлэгч Н.Б-ийн гэрийн хаяг, утсыг олж авахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа мөрдөн мөшгисөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, П.С нарыг бүлэглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 / ес / сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 / долоо / сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар П.С-од оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.С нь 61 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэж, П.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/392 дугаарт шийтгэх тогтоолтой 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдөр танилцлаа. Би гэм буруугаа хүлээн байнга гэмшиж байсан. Мөрдөн байцаалтын шатанд ч мөн гэм буруугаа бүрэн хүлээн 2 удаа үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин нэг үйл явдал дээр тайлбар хийсэн. Үүнийг маргаж байна гэж шүүх буруугаар ойлгожээ. Миний бие одоо ч гэм буруугаа хүлээн, зүйл ангиа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэмшиж байна. Үйлдсэн гэмийг минь өршөөн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч олон жил гадаад улсад амьдарсан учир өөрийгөө бусдад ойлгуулах тал дээр тааруухан байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн үйлдлээ үнэнээр нь мэдүүлсээр ирсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад Б.Б“...гэмт хэрэг гэж мэдээгүй, хэрвээ мэдсэн бол би энд ингээд байж байхгүй...” гэснийг шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж буруу ойлгосон. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруу дээр маргаж оролцсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн бусдын гэрийн хаягийг олоод өгөөч гэж хүнд захисан үйлдэл нь мөрдөн мөшгисөн гэмт хэргийн шинж байхгүй. Мөрдөн мөшгих гэмт хэрэг гэдэг нь бусдын зургийг нууцаар дарах, тодорхойлолт гаргуулж, холбогдох хүмүүсээс асуух зэрэг зүйлсийг багтаасан илүү том ойлголт юм. Миний үйлчлүүлэгч эдгээр ажиллагаануудыг хийгээгүй учир гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Өршөөлийн хуульд хамруулан, оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Гэм буруугийн шүүх хуралдааны үеэр Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа мэдүүлсээр ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр мэдүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Анхан шатны шүүхээс Б.Б-г гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийн хэрэгсэхгүй болгосон байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс заавал цагаатгана гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Үүнээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагдаж байна. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргадаг учир түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй гэж үзсэн. Хохирогч маш их гомдолтой байгаа” гэв.

Прокурор Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б нь  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргасан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Н.Н нь шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэдэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл биш бөгөөд 2 удаагийн гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.С, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сард ............их сургуулийн тэнхимийн эрхлэгч Н.Б-ийн гэрийн хаяг, утсыг олж авахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа мөрдөн мөшгих гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

иргэн Н.Б-аас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдолд хавсаргасан баримтууд /1хх 4-59/,

хохирогч Н.Б-ийн “...2018 оны 10 дугаар сараас олон нийтийн сүлжээ фэйсбүүк, .............. их сургуулийн и-мэйл хаяг, сургуулийн бусад багш нар, сургуулийн удирдлага, БСШУЯ-ны удирдлага, сайдад хүртэл миний талаар худал гүтгэлэг мэдээг системтэй үе шаттайгаар 2019 оны 04 дүгээр сарыг дуустал янз бүрийн гүтгэлэг сэтгэлзүйн дарамт учруулсан. Мөн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэрийг барьж хуурамч и-мэйл хаягаар удаа дараа илгээж байсан. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр манай гэрийн хаалгыг хөшиж эвдсэн. Түүний дараа 04 дүгээр сарын 05-ны өдөр үл таних 2 этгээд шөнийн цагаар нүүрээ далдалж хар маск зүүсэн 2 хүн гэрт ирж Б мөн үү гэж хаалга нүдэж онгойлгохыг шаардсан. Яах гэж байгаа талаар асуухад “СӨХ-с явж байна. Судалгаа авах гэсэн юм” гэж хэлсэн. Түүнээс гадна миний утас руу танихгүй дугаараас уулзъя гэж дандаа оройн цагаар мессеж бичиж, “ Багшаа тантай уулзъя, ярих юм байна. Цэцэг хүргэлт байна” гэх мэтээр янз бүрээр залгах, мессеж бичих зэргээр дарамтлах болсон. ...Дараа нь бас манай тэнхимд 2018 оны 09 дүгээр сараас Б.Б гэдэг багшийг дадлагажих багшаар 5 сар ажиллуулж гэрээ хийгдээд ажиллаж эхэлсэн. Энэ багш Япон улсад докторын зэрэг хамгаалсан багш байсан. Энэ багш хэдийгээр докторын зэрэг хамгаалсан ч мэргэжлийн хувьд анхан шатны зохих ойлголт байхгүй. Хичээл заах ур чадваргүй, харилцаа хандлагын талаар нэлээн асуудалтай, урд нь асуудал үүсгэж байсан. Хичээл зааж байхад нь би орж хичээл заах ур чадвар, шинжлэх ухаанч, мэргэжлийн онолын ур чадвартай байх талаар маш муу байсан учир хичээлийн дараа дуудаж уулзсан. Доктор хүн байж чанаргүй, мэргэжлийн бус хичээл зааж байгаа талаар өөрт нь хэлсэн. Харамсалтай нь хүлээж авч чадахгүй зөрөөд байсан. Үзэг бал авчирч бичиж тэмдэглэж ав гэхэд цаасан дээр сараачаад эхэлсэн. Дараа нь манай дүрмийн дагуу нээлттэй хичээл заалгуулсан боловч хичээлд сууж дүгнэлт өгсөн 3 доктор багш хангалтгүй гэдэг үнэлгээ өгсөн. Тэнхимийн хамт олон санал өгөхөд түүний талаар түүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэж эсрэг санал өгсөн. Ур чадварын үнэлэлт дүгнэлт өгөх захирлын тушаалаар томилогдсон 5 профессорын баг ажиллаад Б.Б-гийн ажилд 100 хувийн саналаар их сургуульд ажиллах шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ хооронд Б-ийн талаар оюутнууд болон сургалтын албаны ажилтнуудаас харилцаа хандлагын талаар гомдол ирж байсан. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллах гэрээг нь дуусгавар болгосон. Тийм учраас энэ хүнд бас гомдолтой гэж бодож байна. ...” /1хх 60-61/,

хохирогч Н.Б-ийн “...Би урд нь мэдүүлэгтээ тодорхой дэлгэрэнгүй мэдүүлсэн. Миний талаар худал мэдээлэл олон нийтэд тараасан сэтгэл санааны хохирол болон хаалга эвдэж, эд хөрөнгийн хохирол учруулсан этгээдийг олж тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. ...” /1хх 64/,

гэрч Г.Э-ны “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “........” гэх нэртэй фэйсбүүкээр надтай харилцаад нэг юмны төлбөр хийх гэсэн юм гэж хэлээд 25.000 төгрөг миний Япон улсаас машины сэлбэг авдаг данс руу 1577 иенийг шилжүүлсэн. Түүний оронд би 25.000 төгрөгийг түүний надад хэлсэн Хаан банкны....................... тоот Д гэдэг данс руу шилжүүлсэн. Дараа өдөр нь буюу 03 дугаар сарын 11-ний өдөр 175 иенийг Япон улсын сэлбэг авдаг данс руу шилжүүлээд намайг Худалдаа хөгжлийн ..............тоот С гэдэг данс руу 40.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Тэр хүн мөнгөө шилжүүлсэн баримтаа фэйсбүүкээр шилжүүлээд би Монгол данс руу түүний хэлсэн мөнгөнүүдийг шилжүүлж байсан. Япон улсаас сэлбэг авдаг mitsubishu UFJ Seijou salbar ......................гэдэг манай найзын данс руу мөнгийг шилжүүлж авч байсан. ...Энэ “....................” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчийг би огт танихгүй уулзаж байгаагүй. Өмнө ямар нэгэн харилцаа холбоо байхгүй хүн байсан. 03 дугаар сард 2 удаа надтай харилцаад түүнээс хойш надтай ахиж харилцаагүй бөгөөд би энэ хэрэгт ямар нэгэн оролцоо холбоо байхгүй. Миний фэйсбүүк хаягт харилцаж байсан чат болон дансны хуулгыг хуулбарлан авч баримт болгон үлдээж байна. ...” /1хх 65-66/,

гэрч Б.Б-ийн “...Миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сарын эхээр нөхөр бид хоёр фэйсбүүкийн “...........” гэх группээс өндөр цалинтай, цагийн ажилд хүн авна гэсэн зарыг олж хараад “...............” гэх хаягтай хүн рүү чат бичиж холбогдсон. Манай нөхөр С миний “…………” гэсэн хаягаар тэр хүнтэй холбогдсон. Би юу бичиж байгааг нөхрөөсөө сонсдог байсан. Нөхөр надад хэлэхдээ “ Энэ хүн …………-ийн нэг багшийг мөрдүүлээд гэрийн хаягийг нь мэдэж чадах юм бол 500.000 төгрөг, гар утсыг нь аваад өгөх юм бол 2.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн ……………. дугаарыг андройд үйлдлийн системтэй, ухаалаг гар утсанд хийж ашигладаг байсан. Нөхөр болохоор товчлууртай “Нокиа” загварын гар утас ашиглаж байсан. Тэгээд тэр хүнтэй чатаар харилцаж байхын тулд миний гар утсыг аваад явсан. Фэйсбүүкийн “………” гэх хаягтай хүн манай хүнтэй чатаар харилцаж, тэр багшийг ………-ийн хаана суудаг, хэдэн давхарт байдаг гээд хувийн мэдээллийг нь хэлж өгсөн байсан. Би нөхрөөсөө гэртээ ирэхэд нь юу болсон талаар сонсож мэддэг байсан. Миний хувьд хүүхдээ хараад гэртээ үлддэг байсан. Нөхөр надад хэлэхдээ хоёр хоног тэр багшийг дагасан. Тэр багш нь нэг бол номын санд ороод гарч ирдэггүй, эсхүл найз нартайгаа ч юм уу машинд суугаад явчихдаг гэсэн. Манай нөхөр машингүй болохоор араас нь такси бариад явах гэсэн ч мөнгөгүй учир ажлаас нь гарахаар л алдчихдаг гэсэн. Би сүүлдээ нөхөртөө хандаж “ наадах чинь худлаа юм биш үү. боль “ гэж хэлдэг байсан. ...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр тэр багшийг дагасан ба тэрнээс хойш дагахаа больж, өөр ажил хийдэг болсон. Гэтэл 11-ний өдөр байх манай нөхөр рүү дахин чат бичиж тэр багшийн гэрийн хаягийг нь мэдээд өгчих гээд гуйсан. Нөхөр “Би мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой. Энэ ажил чинь бүтэхгүй юм байна” гэж хэлэхэд нөхрийн данс руу 50.000 төгрөг хийе гэж хэлсэн боловч 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхэд нь би “одоо боль, чамд 50.000 төгрөг өгье гэж хэлчихээд 40.000 төгрөг өгч байгаа юм чинь чамд юу боллоо гэж 500.000 төгрөг болон 2.000.000 төгрөг өгөх вэ дээ” гэж хэлээд болиулсан. ...Нөхөр ямар ч байсан хоёр өдөр ……….. дээр очиж тэр багшийг дагасан боловч амжилттай болж чадаагүй. Тэр 40.000 төгрөг шилжүүлэхээс өмнө 20.000 төгрөгийг бэлнээр нэг нүүрээ халхалсан хүнээр ………..-ийн тэнд сааданд дуудаад өгүүлсэн гэсэн. Тэр хүнээс нийт 60.000 төгрөг л авсан. Өөр мөнгө аваагүй. Дагуулаад байгаа хүнийх нь гар утас дээр “……...” гэх хаягтай хүний талаар чухал баримт байгаа гэж хэлсэн байсан. ...” /1хх 67-71/ гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч П.Сын 453170884 дугаарын дансны хуулга /1хх 87/,

“...Гомдолд хавсарган өгсөн материалын 8-1, 8-2 хэсгийг шалгахад [email protected] гэх хуурамч и-мэйл хаягаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, мөн 28-ны өдөр тус тус түүний и-мэйл хаягт мэдээллийг илгээсэн боловч энэ илгээсэн мэдээлэл нь түүнийг хуурч төөрөгдүүлэн иргэн Н.Б-ийн и-мэйл хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авах гэсэн зальт этгээдийн хийсэн үйлдэл байж болзошгүй. Иймд тухайн и-мэйл хаягаар илгээсэн мэдээлэл дотор байх .... бичлэг бүхий зүйлээр түүнийг хуурахаар төлөвлөсөн байна. Иймд энэ зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт хамаарах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Уг и-мэйл хаягийг хуурамчаар үүсгэсэн учир ОХУ-ын Yndex веб сайтаас [email protected] нэртэй и-мэйл хаягийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байдаг тул хэн гэдэг этгээд уг и-мэйл хаягийг хэзээ, хэн гэдэг нэр хаягаар нээснийг тогтоох боломжгүй болно. ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 88/,

 “...Гомдолд ikon.mn сайтад Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа гэх нийтлэлийн коммент хэсэгт …………-ийн ………-д эрхлэгч, Н.Б-ийн талаар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийтэлсэн мэдээллийг 104.238.51.78 интернэт протокол /IР/ хаягийг шалгахад VPN программ ашиглан интернэт протокол /IР/ хаягаа төөрүүлсэн байх тул тогтоох боломжгүй болно. ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 97/,

……………” хаягаас харилцсан зурвасууд /1хх 125-135/,

шүүгдэгч Б.Б-ийн “...Би 2018 оны 9 дүгээр сараас ………-ийн ………..-ийн ……… тэнхимд дадлагажигч багшаар ажиллаж эхэлсэн. Намайг тус сургуульд дадлагажигчаар ажиллаж байхад тус тэнхимийн эрхлэгч Н.Б нь 2019 оны 02 дугаар сард ажлын ур чадваргүй, цаашид хамтран ажиллах боломжгүй гээд ажлаас халах саналыг сургуулийн ерөнхий захиралд гаргаж, уг саналын дагуу намайг ажлаас халсан. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан бөгөөд Н.Б багштай ажил дээр нь биш гэрт нь юм уу, эсвэл гэрийнх нь гадаа очиж уулзаад ажлаас халахгүй байх тулаар гуйж ярилцах гэж шийдсэн. Тэгээд гэрийнх нь хаягийг мэдэх шаардлагатай болсон боловч өөрөө 8 сартай жирэмсэн том гэдэстэй дагаад явж чадахгүй болохоор хүн хөлсөлж гэрийнх нь хаягийг мэдэхээр шийдсэн. Ингээд цахим орчинд “………..” гэсэн хуурамч хаяг 2019 оны 03 дугаар сарын эхээр байна уу, 02 дугаар сарын сүүлээр нээж уг хаягаасаа фэйсбүүк орчинд ажилд авна гэсэн зар тавьсан. Миний зарын дагуу чатаар нэг хүн холбогдож, би түүнээс ………… багшийн гэрийн хаягийг олж өгөөч гэж гуйж, хөлсөнд нь 500.000 төгрөг өгөхөөр тохирч …………. багшийн ажлын газрын өрөөний дугаар, өрөөний зураг болон өөрийнх нь зургийг нь чатаар явуулж ийм хүн байгаа дагаж яваад гэрийнх нь хаягийг мэдчих гэж хэлсэн. Ингээд уг хүнд эхний ээлжид 2019 оны 03 дугаар сарын 10-ны үед МУИС-ийн 3 дугаар байрны хашаанд бэлнээр 20.000 төгрөгийг, дахиад мөнгө нэхээд байхаар нь 40.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Би мөнгө өгөхдөө царай нүүрийг хараагүй. Тэгээд тэр хүн надад гэрийн хаягийг нь олж өгөхгүй байсан хэрнээ мөнгө нэхээд байхаар нь дахиж харьцаагүй юм. Би утсыг нь аваад ир тэгвэл 2.000.000 төгрөг өгье гэж гэрийнх нь хаягийг мэдэх хөшүүрэг болгох гэж хэлсэн. Түүнээс биш өөр санаа зорилго байгаагүй. Миний хувьд …………. багшийн эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн байдлаар заналхийлэх санаа бодол агуулаагүй. Харин гэрт нь эсвэл гэрийнх нь гадаа уулзаж ний нуугүй ярилцаж гуйгаад ажилтайгаа үлдэх санаа бодол агуулж байсан. ...” /1хх 221-222/,

шүүгдэгч П.С-ын “...Би …………… гэдэг фэйсбүүк хаягийг мэднэ. Фэйсбүүк дээр цагийн ажил хийх хүн байна уу гэсэн зар байршуулсан байсан юм. Би чатаар холбогдож “ямар ажил байгаа юм бэ” гэхэд надад “Нэг хүнээс утсыг нь булаах ажил” гэсэн. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм, ямар учиртай юм бэ” гэж асуухад “Миний ажил амьдралтай холбоотой мэдээлэл байгаа юм. Ажил амьдралыг минь сүйтгэх гэж дарамтлаад байна” гэсэн. Би хариуд нь “ утсыг нь булааж чадахгүй” гэтэл “Надад ядаж гэрийн хаягийг нь мэдээд өг” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг хаана байдаг юм гэж асуусан. Тэгтэл ………-ийн багш доктор хүн гэж хэлсэн. Надад сургуулийг нь зааж өгөөд Б гээд багшийн зураг, өрөөний дугаарын зургийг явуулсан. Надад ажлын хөлс гэж 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би нэг өдөр дагаад үзье гэж хэлээд сургууль дээр нь очсон. “Надад гол нь утас нь хэрэгтэй байна” гэж байсан. Мөн “машиных нь дугаарыг ядаж олоод өг” гээд байсан. Тэгээд би нэг өдөр тэр Бурмаа багшийг дагаад “Номын сан руу орчихлоо, яах вэ” гэтэл тэр хүн надад “Гэр нь 10-р хороолол хавьцаа байдаг гэсэн “гэж хэлсэн, “би тэгээд яах юм бэ” гэхэд “наашаа гарч иртэл нь хүлээж бай, оройтвол би таксины мөнгө явуулъя” гэж байсан. Автобус зогсох гээд байсан учир би яваад өгсөн. Би бараг гэртээ ирж байтал надад “би очиж байна, ямар хүмүүстэй орсон бэ” гэж асуусан. Би “хоёр эгчтэй орлоо” гэж хэлэхэд “чи яг хаана байна, би очиж байна” гэсэн. Тухайн үед би гэртээ ирсэн байсан болохоор яг энд тэнд гэж хэлж чадаагүй. “дотор үүдэнд хүлээж байна” гэж худлаа хэлсэн. Маргааш нь над руу дахиад “хаана байна” гэсэн чат бичсэн. “Би гэртээ байна” гэтэл “сургууль дээр нь очих болоогүй юм уу” гэхээр нь би "надад өнөөдөр дагах таксины мөнгө байхгүй, одоо болъё гэсэн. Тэгтэл “………-ийн ХЗС-ийн тэнд хүрээд ир” гэхээр нь очтол нэг эмэгтэй хүрч ирээд надад 20.000 төгрөг өгөхөөр нь тухайн өдөр такси бариад дагах ёстой байсан боловч хүлээж байгаад орой болохоор нь гэр рүүгээ явсан. Тэр үед над руу нөгөө хүн “чи хаана байна” гэж чат бичээд байхаар нь гадаа нь хүлээгээд сууж байна, гарч ирэхгүй байна, өнөөдөртөө харилаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл “чи алдчихсан юм биш үү” гэхээр нь “би одоо яах вэ дээ” гэтэл утас руу нь залгаад “багшаа танаас ном авах” гэсэн юм гээд ярь гэсэн. Тэгэхээр нь би яриагүй “багшаа та хаана байна” гэсэн мессеж явуулсан. Тэгтэл хэн бэ гэх хариу явуулахаар нь ном авах гэсэн юм гэхэд дахиж хариу ирээгүй. ...Нөгөө хүн “өнөөдөр хэд гэж очих вэ” гэхээр нь би “өөр ажил хийлээ, худлаа юм байна” гэтэл “надад чи дансаа өгчих, 40.000 төгрөг өгье. Өнөөдөр заавал гэрийг нь мэдээрэй” гэсэн. Би дансаа явуулаад эхнэртээ “40.000 төгрөг явуулна гэнээ” гэж хэлтэл одоо боль гэхээр нь за за гэж хэлээд нөгөө хүний чатанд хариу өгөөгүй. Тэгтэл нөгөө хүн “яачихав аа” гэсэн чат бичсэн. “Би хариу өгөөгүй" /1хх 227-235/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б, П.С нарыг бүлэглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Б, П.С нарыг бүлэглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн үйлдлүүдийг буюу П.С-ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх, шүүгдэгч П.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр оногдуулсан ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь:

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байх тул шүүгдэгч П.С-од ял шийтгэл оногдуулахгүй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож зөвтгөж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

Мөн шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч тэрээр “...миний бие гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, зарим заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, П.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ