Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1705007240158 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, “Номун” эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, ялгүй, Б Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч Б  2017 оны 9 дүгээр сарын 7-ны орой 21 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Кентаур” зочид буудлын паб-ын ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Галбадрахыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийн талаар яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байгаа тул дахин мэдүүлэхгүй. Хохирогч Галбадрахад нийт 2.020.000 төгрөг өгсөн гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Гомбожавын Галбадрах “... 2017 оны 9 дүгээр сарын 7-ны орой 21 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кентаур зочид буудлын 2 давхарт байрлах пабад 10 жилийн ангийн эмэгтэй Мөнхзаяатай хамт сууж байхад 18-19 цагийн үед уг пабад гаднаас 2 эрэгтэй хүн тэр пабад орж ирсэн чинь надтай хамт сууж байсан Мөнхзаяа “энэ хоёрын нэг нь Намуун эмнэлгийн мэс заслын эмч байгаа юм, намайг Намуун эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд эмчилж байсан эмч байна” гэж хэлж байсан. Тэгээд би найзын хамт юм яриад сууж байгаад тэр пабад 200 грамм виски болон 5-6 шил пиво уусан. Надтай хамт байсан Мөнхзаяа эмчилгээ хийлгэж байгаа гээд пиво уугаагүй, 150 орчим грамм виски уусан. Би тэр үед гадаа гараад тамхи татчихаад ороод ирсэн чинь зөөгч нь та 00 руу орохгүй бол болохгүй, 00 руу орсон нь дээр байхаа гэж надад хандаж хэлэхээр нь сууж байсан ширээ рүү харсан чинь хамт байсан эмэгтэй байхгүй байхаар нь араас 00 руу орсон чинь гаднаас орж ирсэн хоёр залуугийн нэг нь надтай хамт байсан эмэгтэйн араас эмэгтэй 00 руу орчихсон гаргахгүй байгаа бололтой байхаар нь би 00-н хаалгыг онгойлгоод юу болоод байгаа юм бэ гэсэн чинь дуугарахгүй байхаар нь нөгөө залууг наад 00-оосоо гараад ир гээд учрыг нь асуухыг нь асуухын завдалгүй нөгөө залуу миний өөдөөс хөмсөг рүү гараараа цохьсон чинь хөмсөг задарч цус гарахаар нь тэр залууг заамдаж аваад эмэгтэй 00-н өрөөнөөс чирч гаргахад хамар руу цохиод хамар хугалсан. Тэгээд зууралдаад байж байхад нөгөө хамт байсан залуу нь ирээд салгах гээд голоор ороод ноцолдож байх хооронд нөгөө залуу дахин миний уруул руу цохиод үүдэн хоёр шүд хөдөлгөөд, уруул, хацрын дотор талын зөөлөн эд няцарсан. Цагдаа дууд гээд хэлсэн чинь буудлын ажилтан цагдаа дуудаад удаагүй цагдаагийн албан хаагч нар ирсэн ба нөгөө хоёр залууг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Миний зүүн хөмсөгний дээд хэсэг задарсан, зүүн нүд цус хуралттай, баруун нүдний доод хэсэг цус хурж, хамар хугарсан, зүүн нүдний доод хэсэг урагдаж шалбарсан, дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, дээд доод уруул болон зүүн талын хацрын дотор талын зөөлөн эдүүд няцарсан баруун хөлийн дотор талын гуя руу өшиглөсөн, тархи хөдөлсөн гэмтэлтэй байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлсэн, тархины зураг авахуулсан, 10 хоног СХД-д байрлах мэдрэлийн “Жинст” гэсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа. Гомдолтой байна” /хх-н 7/ “... би 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 20-ны хооронд Сонгинохайхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах тархи мэдрэлийн “Жинст” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гараад 9 дүгээр сарын 20-ноос 29-ний өдөр хүртэл ажилаар БНХАУ-д албан томилолтоор 9 хоног ажиллаад 10 дугаар сарын 1-ний өдрөөс Батлан хамгаалах сургуульд суралцах тушаалтай байсан тул хамрын мэс заслын хагалгааг хийлгэж амжаагүй. Намайг зодсон Б гэх залуу эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо цаашид хөмсөг задарч оёдол тавиулсан шархны соривыг арилгуулах хүсэлтэй байна. Өөр эмчилгээ үйлчилгээний зардалд ямар нэг гомдол саналгүй” /хх-н 9/ гэж, гэрч Очирсүхийн Дөлгөөн “... би найз Б ын хамт 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Намуун” эмнэлгийн замын урд талд байдаг пабад ажил тараад ороод сууж байгаад 10 гаруй пиво уусан. Тэгсэн чинь тэр пабад сууж байсан нэг эмэгтэй манай найз Б тай ширээн дээр ирж мэндлээд байсан. Тэгсэн чинь Б тэр эмэгтэйг манай эмнэлэгт энэ эмэгтэй хагалгаандд орж байсан юм гэж танилцуулсан. Тэгээд бид хоёр пиво уугаад сууж байгаад гадагш гараад тамхи татаад зогсож байсан чинь баарны бармен гарч ирээд цуг явсан залуу чинь жорлон дотор хүн зодоод байна ш дээ гэхээр нь 00-н өрөө рүү орсон чинь манай найз Б нэг залуутай зодоон хийж байхаар нь би ороод салгасан. Тэр залуу нь нилээн согтуу байсан. Юунаас болж зодоон хийсэн талаар мэдэхгүй. Бид хоёр ширээн дээр сууж байгаад би тамхи татахаар гадагш гарсан юм. Тэр үед 00 руу ороод хоорондоо муудалцсан юм шиг байна лээ. Тэрнээс өмнө Б ямар нэгэн хүнтэй маргаан үүсгээгүй. Б тай зодоон хийсэн залуу болохоор эмнэлэгт нь хагалгаанд орж байсан гэж өөрийгөө танилцуулж байсан эмэгтэйтэй хамт явсан залуу байсан тэр залуу бааранд сууж байхдаа нилээн согтсон байдалтай ширээ дэрлээд унтаад байгаа харагдсан. Хэдий заванд нь 00 ороод зодоон хийснийг нь мэдэхгүй, нэг мэдсэн чинь манай найзтай хэрүүл хийгээд зодоон хийсэн байсан. Намайг 00 ороход Б нөгөө залуутай барилцаад авсан, нэг нэгийгээ гараараа цохиод байсан, нөгөө залуугийнх нь нүүрнээс цус гарсан харагдсан. Хаана нь юугаар цохиж зодсоныг би хараагүй. 00 оронгуутаа тэр хоёрыг салгасан тэгээд баарны ажилтан нь цагдаа дуудаад манай найзыг нөгөө зодоон хийж байсан залуутай нь аваад явсан” /хх-н 10-11/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч Г.Галбадрахын гэмтэлтэй холбоотой “Г.Галбадрахын биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, 2 нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын цус хуралт, язрал, үүдэн дээд өмнөд 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх-н 14/ гэсэн 11447 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо. Шүүхээс шүүгдэгч Б д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, гэрч Очирсүхийн Дөлгөөний “... Б надтай найзалж нөхөрлөснөөс хойш ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан үүсгэж байсныг би дуулаагүй, зан байдлын хувьд их даруухан хүн байгаа юм. Өөрөө эмнэлгийн салбарт ажилладаг болохоор хүнтэй зодоон хийж байна гэж миний хувьд дуулаагүй. Яагаад тэр бааранд хүнтэй хэрүүл хийснийг би сайн ойлгохгүй байна. Уг хүний хувьд зан байдлын хувьд ямар нэгэн доголтой зүйл байхгүй” /хх-н 11/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ. Шүүгдэгч Б  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.Галбадрахын зүгээс “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ... хохиролд нийт 2.020.000 төгрөг авсан, өөрсдийн хүсэлтээр эвлэрсэн” гэсэн байна. /хх-н 49/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2. Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Б д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Б  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Б  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Галбадрах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ