Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0167

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.С,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Х, Г.Д,

Маргааны төрөл: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжаар “Б*******” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 9000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон бөгөөд 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

3. Нэхэмжлэгчээс 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хандан “Гэрчилгээ сунгуулах тухай” хүсэлтийг гаргасан байх ба тус дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 390 дүгээр захирамжаар дээрх газрыг 5 жилээр сунгасан байна.

4. Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 143 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны болгон өөрчилж, газар эзэмших эрхийг хугацааг яаралтай сунгаж өгнө үү.” гэж хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газрыг орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар сунгаж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

Харин тус захирамжийн 4 дэх заалтаар 2009 оны 390 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосонд тооцжээ.

5. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Э байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж буй бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших эрх дуусгавар болсон тул Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээг авахуулахаар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгавар үйлдсэн байна.

6. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/ дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг, мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15/1057 дугаар албан бичгээр гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглах, бетон зуурмагийн үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор зогсоохыг мэдэгдэж, зөрчлөө арилгаж хариу ирүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус мэдэгджээ.

7. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авахуулахаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бд хандсан байна. 

8. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/ дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны А/499 дүгээр захирамжаар нэгж талбарын дугаартай 8993 м.кв газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчиж эзэмшүүлсэн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

9. Харин тус захирамжийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан тэмдэглэл үйлдсэн байна.

10.  Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06/3312 дугаар албан бичгээр “...гомдол гаргах хугацаа дууссан байх тул шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.” гэж мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс дахин Нийслэлийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр хандан гомдол гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/4140 дүгээр албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06/3312 дугаар албан бичгээр хариу өгсөн нь хууль тогтоомжид нийцэж байх тул гомдлыг дахин хянан үзэх боломжгүй байна.” гэх өгсөн байна.

11. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6246 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна .

12. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Б” ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 4 дүгээр гудамж 1 тоот хаягт байрлах Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний №0, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэлтэй 8993 м2 газрыг “Орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байна. Тус Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” зарлагдах гэж байгаатай холбогдуулан Төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлсэн “Хэрлэн конкрит “ХХК-тай харилцан тохиролцон “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, холбогдох материалыг бүрдүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 15 өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд газрын эрхийг шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийн талаар ямар нэг тайлбар огт өгөлгүй байсаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №А/ тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрын эрхийг цуцалсан байна. Газрын эрх цуцалсан тухай шийдвэрийг2023 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр утсаар мэдэгдэж, тухайн өдөр нь гардаж авсан. Улмаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3/Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцэхүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно. /, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана/-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот захирамж нь хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэн тус захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандан 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 103 тоот албан бичгээр гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн засаг даргын тамгын газраас манай компанид ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 06/3312 тоот албан бичгийг 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч танилцахад “...Захиргааны ерөнхий хууль /ЗЕХ/-ийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариуг өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот захирамжийг манай компани 2023 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр мэдсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтад заасан хугацаа өнгөрөөгүй тул манай компанийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 121 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад дахин гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 03/4140 тоот бичгийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцахад “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06/3312 дугаар албан бичгээр хариу өгсөн нь хууль тогтоомжид нийцэж байх тул гомдлыг дахин хянан үзэх боломжгүй байна.” гэсэн хариуг өгсөн тул ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Захирамж хууль бус болох тухайд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

1. Газрын тухай хуулийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор томилогдсон газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, гэж заасан. Уг заалт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 /Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/ дахь заалтад хамаарах ба

а. 21.2.1 хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны тосол болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

в. 21.22. батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээ тогтоох;

с. 21.24 хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, гэж заасны дагуу шинээр газар олголтын асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл манай компани шинээр газар олголт хүсч газар аваагүй бөгөөд анх 2004 оноос эхлэн тус газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж ирсэн ба тухайн бүс нутагт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах барилгын төсөл хэрэгжихтэй уялдуулан нийцүүлж, газар эзэмших ойн гэрчилгээний зориулалтыг өөрчлөн эзэмшиж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн тус заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэлгүй байна.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, гэж заасан ба Баянзүрх дүүргийн Засаг дарга тус зүйлийн 40.1.1 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн дэх хэсгийг үндэслэжээ.

Тус зүйлээс эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, зөрчсөн гэсэн хэсгийг Газрын тухай хуулийн 21.2.3-т заасныг зөрчсөн гэж үзвэл дээр дурдсанчлан тус заалтыг үндэслэх үндэслэлгүй байна. Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн хэсгийг зөрчсөн эсэх талаар:

а. Манай компани тус газрын эрхийг шилжүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгсөн. Тухайн материалын бүрдүүлбэр дотор газрын гэрээ дүгнэсэн акт байсан. Тухайн акт нь газар зохион байгуулалтын албаны холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуран гэрээг дүгнэн баталгаажуулсан акт байдаг. Тус акт зөрчилтэй байсан тохиолдолд зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авсны дараагаар газрын эрх шилжүүлэх материалыг хүлээн авдаг. Манай компани Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 11 дүгээр сарын 06 өдөр байгуулсан “Иргэн, Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №№******* тоот гэрээ”-ны 7 дугаар зүйлийн 7.3. дахь заалтад “Газар эзэмшүүлэх гэрээн дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Манай компанийн эзэмшиж буй газар болон гэрээгээр хүлээсэн үүрэгт ноцтой алдаа, зөрчил илрээгүй тул гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулан авч холбогдох баримт материалуудын хамт газрын эрх шилжүүлэх хүсэлтийг Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Иймд Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэсэн заалт үндэслэлгүй байх ба ЗЕХ-ийн 24, 25 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №Α/ дугаар захирамж нь ЗЕХ-ийн дараах үндэслэл шаардлагыг хэрэгжүүлж хангаагүй байна.

Үүнд:

а. ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална.

4.2.1 хуульд үндэслэх;

4.2.2 шуурхай, тасралтгүй байх;

4.2.3.хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;

4.2.4.үр нөлөөтэй байх;

4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;

4.2.7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;

4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.

гэж заасан ба 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэсэн тусгайлан биелүүлэх зарчмыг биелүүлээгүй.

в. ЗЕХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 /Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно./

13.3 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна./-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй.

с. ЗЕХ-ийн 15 дугаар зүйлд заасан Оролцогчийн эрхийг эдлүүлж, боломжоор хангаагүй,

d. ЗЕХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.4 /Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно./-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

e. ЗЕХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1./ Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй/-т заасан үүргээ биелүүлээгүй.

f. ЗЕХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1/Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно./-т заасан эрхийг эдлэх боломж олгоогүй зэрэг зүйл заалтыг зөрчсөн ба ЗЕХ-ийн III бүлэг болох Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчин, нэг талыг барьж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан буюу Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2 /Ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн/ дахь заалт болох хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

            Иймд эрх зүйн зөрчилтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №A/ тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Б” ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 4 дүгээр гудамж, 1 тоот хаягт байрлах аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний №0, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэлтэй 8993м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байна. Тус Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” зарлагдах гэж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлсэн и*******”ХХК-тай харилцан тохиролцон “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 22 -ны өдөр байгуулж, холбогдох материалыг бүрдүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 15 өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд газрын эрхийг шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийн талаар ямар нэг тайлбар огт өгөөгүй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрын эрхийг цуцалсан байна. Газрын эрх цуцалсан тухай шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр утсаар мэдэгдэж, тухайн өдөр нь гардаж авсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот захирамж нь хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэн тус захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 103 тоот албан бичгээр гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн засаг даргын Тамгын газраас манай компанид ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06/3312 тоот албан бичгийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцахад “...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариуг өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот захирамжийг манай компани 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр мэдсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаа өнгөрөөгүй тул манай компанийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 121 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад дахин гаргасан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 03/4140 тоот бичгийг 2023 оны 07 дугаар сарын 05 -ны өдөр хүлээн авч танилцахад “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06/3312 дугаар албан бичгээр хариу өгсөн нь хууль тогтоомжид нийцэж байх тул гомдлыг дахин хянан үзэх боломжгүй байна.” гэсэн хариуг өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Захирамж хууль бус болох тухайд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан.  Уг заалт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэх заалтад хамаарах ба 21.2.1-тхотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус заасны дагуу шинээр газар олголтын асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл манай компани шинээр газар олголт хүсэж газар аваагүй бөгөөд анх 2004 оноос эхлэн тус газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж ирсэн ба тухайн бүс нутагт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах барилгын төсөл хэрэгжихтэй уялдуулан нийцүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалтыг өөрчлөн эзэмшиж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн тус заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалтыг үндэслэжээ. Тус зүйлээс эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн хэсгийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчсөн гэж үзвэл дээр дурдсанчлан тус заалтыг үндэслэх үндэслэлгүй байна.

Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэснийг зөрчсөн эсэх талаар: Манай компани тус газрын эрхийг шилжүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгсөн. Тухайн материалын бүрдүүлбэр дотор газрын гэрээ дүгнэсэн акт байсан. Тухайн акт нь газар зохион байгуулалтын албаны холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуран гэрээг дүгнэн баталгаажуулсан акт байдаг. Тус акт зөрчилтэй байсан тохиолдолд зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авсны дараагаар газрын эрх шилжүүлэх материалыг хүлээн авдаг. Манай компани Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 11 дүгээр сарын 06 өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №******* тоот гэрээ”-ны 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ.” гэж заасан байдаг. Манай компанийн эзэмшиж буй газар болон гэрээгээр хүлээсэн үүрэгт ноцтой алдаа, зөрчил илрээгүй тул гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулан авч холбогдох баримт материалуудын хамт газрын эрх шилжүүлэх хүсэлтийг Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Иймд Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн заалт үндэслэлгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн дараах үндэслэл шаардлагыг хэрэгжүүлж хангаагүй байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.3-т хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.4-т үр нөлөөтэй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.7-т ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан ба 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгайлан биелүүлэх зарчмыг биелүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно. 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлж, боломжоор хангаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.

Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй. гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно. заасан эрхийг эдлэх боломж олгоогүй зэрэг зүйл заалтыг зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 3 бүлэг болох Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчин, нэг талыг барьж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд эрх зүйн зөрчилтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/ дүгээр захирамж гарсан. Нэгдүгээрт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчиж “Б” ХХК-д эзэмшүүлснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон тул газар эзэмшихийг хүчингүй болгосугай гэж захирамжид дурдсан. 2020 онд газрын гэрчилгээг шинээр авахад гэрээ дүгнэсэн. Гэрээг дүгнэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан учраас гэрчилгээ олгосон. Маргаан байхгүй, хүчинтэй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт хариуцагч талын маргадаг Авлигатай тэмцэх газрын бичиг гэж ярьдаг. Хэдийгээр мөрдөн шалгаж байсан боловч гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэг хаагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалтаар хариуцагчийн тайлбар, захирамжийн үндэслэл нь няцаагдаж байна. Манай компани хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй. Хэн нэгэн газрын асуудалтай холбогдуулан гомдол гаргаж байгаагүй. Шинэ гэрчилгээ олгохдоо үйлдвэрлэлийн зориулалттай байсныг орон сууц болгон өөрчилсөн. Одоо “Г*******” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг даргаас батламж авч эрхээ хэрэгжүүлж байгаа. Газрын эрхийг цуцалбал их хэмжээний хохирол үүснэ. Үүнийг хэн барагдуулах вэ гэдэг асуудал яригдаж байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар хүсэлт өгсөн боловч шийдвэрлэхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Итгэл хамгаалах зарчмыг огт хэрэгжүүлдэггүй, эс үйлдэхүй бий. “Б” ХХК-тэй холбоотой газар эзэмших эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Гэрээ дүгнэсэн акт хүчинтэй гэдгээр нотлогдоно.

Манай компани газар эзэмших эрхийн гэрчилгээг зөрчсөн гэдэг үндэслэлээр биш, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан аймаг, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Гэвч тухайн газар дээр “Г*******” ХХК төсөл хэрэгжүүлж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн үед үйлдвэрээ барьсан. Одоо орон сууц барих гэж байгаа тул ямар нэгэн үйл ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс Засаг даргын захирамж хүчингүй юм. Шүүхийн шатанд мэтгэлцэж байгаа боловч бодит байдалд эвлэрлийн асуудал яригдаж л байгаа. Авлигатай тэмцэх газраас хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчмыг хэрэгжүүлэхгүй шийдвэр гаргасан гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.” гэжээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн 12 дугаар хороо жанжны 4 дүгээр гудамжинд 1 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 9000 м.кв газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар үйлдвэрлэлтийн зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг 2009 онд 390 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд “Б” ХХК-ийн эзэмшил газар дээр бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулж буй “Т*******т” ХХК-д 2018 оны ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж эрх бүхий албан тушаалтны үр дагавар арилгах тухай албан даалгавар хүргүүлснийг биелүүлээгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3095 дугаар шийтгэлийн хуудсыг албадан биелүүлэх захирамж гарсан.

Тус газраас дүүргийн Засаг даргад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусаж хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй мөн газар дээр “Т*******т” ХХК нь бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 27 дугаар зүйлийн 27, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон тул дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж арга хэмжээ авах тухай 02-03/3375 дугаар албан бичиг ирүүлсэн байдаг.

Гэвч тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан дүүргийн Засаг дарга нь дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй 2020 онд А/499 дүгээр захирамжаар хугацааг 15 жилийн хугацаатай газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчиж сунгасан нөхцөл байдал тогтоогдож Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар албан бичгээр мэдэгдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар албан бичиг ирүүлсэн.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15/1057 дугаар албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын 2022 оны А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.

Мөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06/3764 дугаартай албан бичгээр мөрдөгчийн тэмдэглэл ирүүлсэн бөгөөд тэмдэглэлд дээрх нөхцөл байдлыг шалгаж “Б” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэргийн үйлдэл тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 дүгээр захирамжийг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг мэдэгдэж байсан.”гэжээ.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Б” ХХК нь 2004 онд А/113 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай газрыг эзэмшсэн. 2009 онд А/390 дүгээр захирамжаар уг хугацааг 5 жилээр сунгасан байдаг. 2009 оноос хойш 5 жилийг тоолбол 2014 он болно. Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд “Б” ХХК-ийн эзэмшилтэй газар дээр бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулж буй “Т******* “ ХХК-д зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаад эрх бүхий албан тушаалтны үр дагавар арилгах тухай 02-03/3375 дугаар албан даалгаврыг ирүүлж байсан. Тухайн албан бичигт “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байхад хуулийн хугацааг сунгуулах хүсэлтэй холбогдох байгууллагад гаргаагүй. Мөн тус газар дээр “Т*******” ХХК нь бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газрын эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажилла гэдэг албан бичгийг ирүүлснийг нь тухайн үеийн Засаг дарга хэрэгжүүлээгүй байсан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Мэргэжлийн хяналтын газар нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар албан бичгээр одоогийн Засаг дарга буюу Н.Бд арга хэмжээ авах тухай албан бичиг дахин ирснээр бид 2018 онд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэдгийг мэдсэн.

Одоогийн дүүргийн Засаг дарга 2020 онд дахин газар эзэмших эрхийг нь сунгасан байсныг нь олж мэдсэн учраас өмнө нь байсан Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгож одоо “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл дахин ирсэн.

Засаг дарга нь өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлэн газар эзэмших эрхийг сунгасан байна гэдэг үйл баримт тогтоогдсон. Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч компанид удаа дараа газрын эрхийг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гарч зөрчлийн хэрэг үүссэн байсан учраас мэдээгүй байх боломжгүй гэж үзэж байна. Ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх заалтыг зөрчсөн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.”Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3.”хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих;”, 35 дугаар зүйлийн 35.1.”Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.1.”гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;”, 35.1.6.”газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;”, 37 дугаар зүйлийн 37.1.”Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 39 дүгээр зүйлийн 39.1.”Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1.”газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;”, 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1.”эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж заажээ.
  2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 390 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ 5 жилээр сунгуулсан бөгөөд тус хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байна.

2.1 Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 143 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтыг орон сууцын зориулалттай болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасантай нийцээгүй байна. 

2.2 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн хугацаа дуусахад хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхээ сунгуулаагүй байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болох ба нэгэнт дуусгавар болсон газар эзэмших эрхийн зориулалт өөрчилж, газар эзэмших эрхийг баталгаажуулах зохицуулалт хуульд байхгүй байхад Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 дүгээр захирамж гаргасан нь хууль бус болжээ. 

  1. Хариуцагч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны ******* дугаар албан бичиг болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 15 дугаар мэдэгдэл зэрэгт дурдсан асуудлын хүрээнд асуудлыг шийдвэрлэн Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 дүгээр захирамжийг хууль бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг болон Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр захирамж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.”Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасанд нийцсэн байна.
  2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглалгүй газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн газраа бусдад ашиглуулсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Эын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгавараар тогтоогдож байна. 
  3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 онд шинээр газар эзэмшсэн гэх боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/499 дүгээр захирамж шинээр газар эзэмшүүлсэн агуулгагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 143 дүгээр албан бичигт “...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны болгон өөрчилж, газар эзэмших эрхийг хугацааг яаралтай сунгаж өгнө үү.” гэснээс үзэхэд газар эзэмших эрхийг сунгуулахаар хандсан байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу шинээр газар эзэмших хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
  4. Маргаан бүхий захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны А/499 дүгээр захирамжийг хууль тогтоомж зөрчиж гарсан үндэслэлээр хүчингүй болгож, шийдвэрлэж байгаа тул тус захирамжийн дагуу олгосон эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН