Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/701

 

 

 

 

 

  2022             7              5                                          2022/ДШМ/701

 

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.М,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Д.Э-д холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16-17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Х-ны авч явсан цүнхтэй эд зүйл болох “түрийвч, “Төрийн” банкны карт, “Хаан” банкны тэтгэврийн дансны карт, автобусны зорчигчийн карт, “Монос” бонус карт, бэлнээр 30.000 төгрөг, 460.000 төгрөг, 2 ширхэг том пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү, 1 хайрцаг тамхи, Монгол даатгал гэсэн логотой байрны 2 ширхэг түлхүүр” зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх явцдаа түүний толгой цээжин хэсэгт хэд хэдэн удаа цохин халдаж, улмаар түүний эрүүл мэндэд “баруун нэгдүгээр шүдний булгарал, баруун 10 дугаар хавирганы цууралт, дээд урууланд язрал, дагзны хуйх, нүүр, баруун ташаанд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ы цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Хатуучулуун нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, 273.465 төгрөгийг төлсөн учир бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Д.Э нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хишигмандах” хүнсний дэлгүүрийн орчимд 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Х-ы эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Х-ы эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор “Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж” шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “..бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон бол...” гэмт хэрэг нь хүч хэрэглэсэн, шунахайн сэдэлттэй, бусдын хууль ёсны өмчлөл, эзэмшил дэх эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго бүхий үйлдэл буюу довтолгоо хэрхэн, яаж төгссөнөөс үл шалтгаалж хохирогчийн эсрэг чиглэсэн бодит довтолгоо эхэлснээр дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцох, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн үйл баримтаас дүгнэхэд Д.Э-ы зүгээс тухайн цаг хугацаанд хохирогч Б.Х-ы авч явсан цүнхтэй эд зүйлийг өөрийн хууль бус өмчлөлдөө шилжүүлэх шунахайн сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эсрэг довтолсон үйл баримт тогтоогдсон. Уг довтолгоо эхэлсэн цаг хугацаанд дээрэмдэх гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдах бөгөөд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн идэвхтэй үйлдэл хийх боломж буюу эсэргүүцэл үзүүлэх чадварыг бууруулах, дээрэмдэх гэмт хэргийг төгс үйлдэх зорилгоор хохирогч Б.Х-ы толгой, цээжин хэсэгт хэд хэдэн удаа цохин халдаж, улмаар түүний эрүүл мэндэд “баруун доод 1-р шүдний булгарал, баруун 10-р хавирганы цууралт, дээд урууланд язрал, дагзны хуйх, нүүр, баруун ташаанд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт мөн тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг 1 удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй хууль зүйн хувьд зөрүүгүй байхад шүүхээс шүүгдэгч Д.Э-г зөвхөн “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх зорилготой байсан, харин “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдэх зорилгогүй байсан гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд “шунахайн сэдэлтээр, бусдын эд зүйлийг дээрэмдэн авах үйлдлээ хялбарчлах зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр” үйлдэгдсэн гэж үзэж байгаа болохыг дурдаж Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

              Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Э-ы хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэргийн сэдэл зорилгогүй байна гэж үзэж анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн сэдэл, зорилго зэрэг нь шунахайн сэдэлтэй бусдын эд зүйлийг дээрэмдэн авах үйлдлээ хялбарчлах зорилгоор санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж байна.  Хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн үйл баримтаас дүгнэхэд Д.Э-ы зүгээс тухайн цаг хугацаанд хохирогч Б.Х-ы авч явсан цүнхтэй эд зүйлийг өөрийн хууль бус өмчлөлдөө шилжүүлэх шунахайн сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эсрэг довтолсон үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Д.Э нь хохирогчид хүч хэрэглэн эд хөрөнгийн хохирол учруулах явцдаа дээрэмдэх гэмт хэргээ хялбарчлан хохирогч Б.Х-ы толгой, цээжин хэсэгт хэд хэдэн удаа цохин халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

              Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

              Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогч Б.Х-ы биед хөнгөн хохирол санаатай учруулах сэдэл, зорилго байгаагүй. Хохирогч Б.Х-ы цүнхэнд байсан архийг авах зорилготой байсан. Үүнээс үзэхэд дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж байгаа нь үндэслэлгүй. Миний зүгээс “хүч хэрэглэсэн” гэдэг шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар зүйчлэх гэж байгаа бол хүч хэрэглээгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16-17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Х-ы авч явсан цүнхтэй эд зүйл болох “түрийвч, “Төрийн” банкны карт, “Хаан” банкны тэтгэврийн дансны карт, автобусны зорчигчийн карт, “Монос” бонус карт, бэлнээр 30.000 төгрөг, 460.000 төгрөг, 2 ширхэг том пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү, 1 хайрцаг тамхи, “Монгол даатгал” гэсэн логотой байрны 2 ширхэг түлхүүр” зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

яллагдагч Д.Э-ы “...нөгөө залууг гудамжны үзүүр хальт өнгөрөв үү үгүй юу би тэр залуугийн үүрч явсан цүнхийг араас нь шууд татаад шүүрсэн. Тэгтэл тэр залуу цүнхээ шүүрүүлэхдээ хойшоогоо газар саваад унасан. Тэгээд би тэр чигээрээ зугтаад явсаар байгаад Налайх дүүргийн ... дугаар хороо Бадрал ... тоот гэртээ харьсан. Гэртээ ороод цүнхийг нь онгойлгож үзэхэд дотор нь нэг арьсан түрүүвч дотор 460.000 төгрөг бэлнээр, банкны картууд, автобусны карт, 1 савтай сүү, 2.5 литрийн том савтай пиво 2 ширхэг, 1 хайрцаг тамхи зэрэг байсан. 460.000 төгрөгтэй цуг 2 том савтай пиво, 1 хайрцаг тамхи, 1 хайрцаг сүү зэргийг аваад бусдыг шууд гал руугаа хийж шатаагаад хаячихсан юм. Ингээд байж байтал ардаас манай найз Г.Г орж ирээд “чи чинь намайг хаяад явчхав аа” гээд асуухаар нь би түүнд юу болсон талаар хэлэлгүйгээр 100.000 төгрөг өгөөд “чи энэ мөнгийг авах уу” гэхэд үгүй гэж хэлээд татгалзсан. Тэгээд бид хоёр тэр том савтай пивыг нь хувааж уусан юм. ...460.000 төгрөгийг нь би тухайн үедээ хоол унд, нүүрс түлээ аваад хэрэглээд дуусгачихсан. 2 том савтай пивыг тэр өдрөө уугаад дуусгасан. Сүүг нь бас уучихсан. 1 хайрцаг тамхийг нь татаж дуусгасан. ...” /хх 52-53/,

хохирогч Б.Х-ы “...Хишиг мандах дэлгүүрийн явган хүний замаар алхаж явахад “хөөе, байж бай” гээд араас нөгөө 2 залуу дуудаад байсан. Тэгэхээр нь би тоохгүй цаашаа явж байтал ард ирчихсэн миний дагз руу хүчтэй цохитол эргээд харахад миний эрүү нүүр лүү хэд хэдэн удаа цохиход би дээшээ хараад унасан. Тэр хооронд миний цүнхийг шүүрч аваад явсан. Би араас нь яваад барьж авч чадаагүй. Тэр хоёр залууг тэр хавиар нэлээд хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ ирээд ээж, ах, эгч гуравтаа би “дээрэмдүүлчихлээ, яаралтай цагдаа дууд” гэж хэлсэн. “...Цүнхэнд түрүүвч, “Төрийн” банкны карт, ээжийн “Хаан” банкны тэтгэврийн дансны карт, автобусны зорчигчийн карт, Монос бонус карт, Номин бонус карт, түрүүвчинд байсан 30.000 төгрөг, ээжийн тэтгэврийн 460.000 төгрөг, 2 ширхэг том пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү, 1 хайрцаг тамхи, Монгол даатгал гэсэн логотой байрны 2 ширхэг түлхүүр байсан. ...” /хх 15/,

гэрч В.Д-,н “...өдөр зодуулсан гэх хүний ар гэрээс явна гээд 2 хүн орж ирээд, өдөр танай дэлгүүрээс юм авч байхад таньтай юм яриад байсан залуу манай дүүгийн юмыг аваад явсан гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр зодуулсан гэх хүнийг очиж харъя, ямар хүн байна гээд хорооныхоо цагдаатай хамт явсан. Тэгээд гэрт нь очоод уулзахад өдөр манай дэлгүүрээс юм авсан нүдний шилтэй, өндөр залуу байсан. Тэгсэн тэр зодуулсан гэх хүн “та сайн таниад нүүр ам чинь яасан юм” гээд асуугаад байсан хүн намайг ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд би тэр үед санахгүй байсан, харин маргааш нь бодоод байсан чинь Б-тай тэгж ярьж байснаа санаад хорооны цагдаад утсаар хэлэхэд хорооны цагдаа ирсэн. Хорооныхоо цагдаад Б-н гэрийн хаяг, ээжийнх нь талаар хэлж өгсөн. ...” /хх 20/,

гэрч Г.Г-н “...Би дэлгүүрийн худалдагч Д эгчийг таньдаг юм. Намайг Д эгчтэй юм яриад байж байхад нөгөө залуу нэг шил архи аваад бид хоёр хамт гарч Э ах бид 3 цэцэрлэгийн хойд талын гудамжинд архиа уусан. Тэгээд архиа ууж дуусаад нөгөө залуу явлаа гээд явсан. Тэр залуугийн араас Э ах дагаад явсан. Би хөлөө хугалчихаад гипсээ аваад удаагүй байсан болохоор араас нь зөөлөн алхаад явж байтал Э ах нөгөө залууг араас нь татаж унагаагаад цүнхийг нь аваад зугтсан. Би юу болов гэж бодоод Э ахын гэрт нь очиход Э ах нөгөө залуугийн цүнхнээс хоёр ширхэг пиво бас 400.000 төгрөг байна гэж гаргаж ирээд надад 100.000 төгрөг өгөхөөр нь би аваагүй. Тэгсэн Э ах буцаж гараад нэг шил архи авч ирээд тэрийг нь хувааж уучихаад би гэртээ харьсан. ...” /хх 22/,

иргэний нэхэмжлэгч Ц.Л-н “...манай хүү бусдад зодуулсан бололтой амнаас нь цус гарчихсан хувцас хунар нь шороо тоостой, гэрээс авч гарсан цүнх нь байхгүй орж ирсэн. Ингээд хүүгээсээ юу болсон тараар асуухад Налайх дүүргийн 2 дугаар хороо Очир худалдааны төвөөс гарч яваад замдаа үл таних 2 хүнтэй тааралдаж тэр хоёрыг гуйгаад байхаар нь “Хишиг мандах” хүнсний дэлгүүрээс 1 шил архи авч өгөөд буцаад харилаа гээд тэр хоёроос салаад явж байтал нөгөө хоёр залуугийн арай настайвтар нь араас хүрч ирээд цохиж унагаагаад цүнхийг нь булааж аваад зугтаачихсан гэсэн. Ингээд манай хүү цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...Би өөрийнхөө тэтгэврийн мөнгө болох 460.000 төгрөгийг төлүүлж авмаар байна. Уг мөнгө нь миний тэтгэврийн мөнгө байгаа юм. Манай хүүгийн бусдад дээрэмдүүлсэн цүнхэн дотор нь байсан. ...” /хх 29/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Д.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон гэж үзэв.

Прокурор Г.Баясгалан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг 1 удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй хууль зүйн хувьд зөрүүгүй байхад шүүх шүүгдэгч Д.Э-ыг зөвхөн “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх санаа зорилготой байсан, харин “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдэх санаа зорилгогүй байсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Х-ы биед баруун доод 1 дүгээр шүдний булгарал, баруун 10 дугаар хавирганы цууралт, дээд урууланд язрал, дагзны хуйх, нүүр, баруун ташаанд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй дүгнэлт хийж шүүгдэгч Д.Э-ыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх боловч 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрчлөлтийн дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ хуулиар хязгаарлагдсан учраас дахин хэлэлцүүлэх боломжгүй юм.

Харин шүүгдэгч Д.Э-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  авахаар довтолсон” гэмт хэрэг нь 2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд  2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаах солино.” гэсэн заалтад тус тус хамаарагдаж байна.

Иймд шүүгдэгч Д.Э-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурор Г.Баясгалангийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Д.Э-д Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Э-ы цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Д.Э-ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнийг нэн даруй сулласугай.

6. Прокурор Г.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ