Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 910

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00349 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.М-э нь хариуцагч Б.А-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоногт тутамд үүргээ гүйцэтгээгүй мөнгөн дүнгээс 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед Б.Б-ийн хамт гэрээ байгуулсан, Б.А-ээс зээлийн хүү 1 050 000 төгрөг, үндсэн төлбөрт 1 000 000 төгрөг, нийт 2 050 000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээлээс төлөгдөөгүй 2 500 000 төгрөгийг алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг Б.А-, Б.Б- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А- тайлбартаа: С.М-ээс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3 сарын хугацаатай 3 500 000 төгрөг хүлээж авсан нь үнэн боловч өдөрт 40000-60000 төгрөгөөр төлөөд дуусгасан. Б.Б- энэ асуудалд хамааралгүй, зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээн авах үед хажууд байгаагүй. Нэхэмжлэгч нь миний унаж явсан автомашиныг булааж аваад 1 жилийн дараа буцааж өгсөн. Зээлийн төлөлт хийсэн нотлох баримт байхгүйг далимдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Б- тайлбартаа: Тухайн үед Б.А-ийн хүсэлтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө хүлээн аваагүй. Б.А- мөнгө өгөхгүй байна гээд гэрт ирэхэд нь тэднийг утсаар яриулсан, өмнө нь мөнгө зээлж байсан ч төлсөн, уг зээлд би хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Б.А-ээс 2 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М-эд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөг, хариуцагч Б.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс 58 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.М-ээс зээлсэн 3 500 000 төгрөгийг хүүгийн хамт өдөр өдөрт нь бэлнээр төлсөөр байгаад дуусгасан. Иймд С.М-ийг хохироосон, алдангид оруулсан зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.М-э хариуцагч Б.А-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 30, 31/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч С.М-э нь зээлдэгч Б.А-т 3 500 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үүргээ гүйцэтгээгүй мөнгөн дүнд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. /хх5/ Гэрээнд дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.А- хүлээн авсан талаар талууд маргаагүй. Хариуцагч Б.Б-ийн хувьд гэрээний зээлдэгч гэх хэсэгт гарын үсэг зурсан боловч тухайн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй учир гэрээний үүрэг түүнд хамааралгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч С.М-э, хариуцагч Б.А- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.  

 

Зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Б.А- дээрх зээлийн эргэн төлөлт буюу гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэхэд талууд маргасан. Хэрэгт хариуцагч Б.А- зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх баримт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А- нь зээлдүүлэгч талд төлбөр төлсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч энэ талаар ямар нэгэн баримтгүй гэж тайлбарлаж буй тохиолдолд шүүх тухайн этгээдийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00349 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А-ээс төлсөн 58 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО                                                            

                                       ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                                          Т.ТУЯА