Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03463

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 22

182/ШШ2024/03463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,,,, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,580,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 490,909 төгрөг, нийт 9,070,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

243,291 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Радар менежент ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,580,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 490,909 төгрөг, нийт 9,070,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Радар менежмент компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Намайг хүүхэд хөөж гаргасан гэдэг зүйл яриад ажлаас халсан. Ажлаас халахдаа тодорхой шалтгаан хэлээгүй бөгөөд чамайг өнөөдрөөс ажлаас чөлөөлж байгаа тул ажлаа хүлээлгэж өг, хүүхдүүдээс гомдол ирсэн болохоор буцаалт хийнэ гэж хэлсэн. Энэ тухай надад Одхүү захирал утсаар хэлсэн. Би чатаар хариу бичсэн. Тэгээд би цалингаа авъя гэж мессэж бичсэн. Гэтэл чи манай компанийн нөүтбүүкийг авчирч өг, чамайг цагдаад хэлнэ, чамайг ажилласан газар болгонд чинь хулгайч гэж уламжилна гэж хэлсэн. Би эв зүйгээр асуудлаа шийдье үгүй бол хуулиар асуудлаа шийдвэрлүүлье гээд гурван талт хороонд хандсан. Гурван талт хорооноос Одхүү захирал руу удаа дараа залгахад утсаа аваагүй бөгөөд хуралдаа ирээгүй. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.2. Миний 2023 оны 08 дугаар сарын 28-31, 10 дугаар сарын 19-25-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан цалинг үндэслэлгүйгээр өгөхгүй байгаа. Би нэхэмжлэл дээрээ 9 өдрийн 490,909 төгрөгийн цалин гэж буруу бодсон байна. Нийт 11 өдрийн цалин 660,000 төгрөг өгөхгүй байгаа. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлын 15 хоног ажилласан. Үүнээс 5 хоногийн цалинг барьцаалж авсан. 10 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл 6 өдөр ажилласан бөгөөд нийт 11 өдрийн цалин юм. Миний нэг өдрийн цалин 60,000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн.

Хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх цалингаас зөөврийн компьютерын 390,000 төгрөгийг суутгаж, миний дансанд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 210,000 төгрөг шилжүүлсэн. Зөөврийн компьютер авахад компаниас 300,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, би өөрөө 390,000 төгрөгийг нь гаргасан.

Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 өдөр ажилласан цалин 600,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 11 өдөр ажилласан цалин 600,000 төгрөгийг надад өгсөн.

Анх ажилд ороход 1,200,000 төгрөгийг 2 хувааж олгоно. Үүнээс гадна эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж ойлгуулсан. Гэтэл ажиллаад 21 хоног болж байхад 5 өдрийн цалин барьцаална гэсэн. Үүнээс харахад миний цалингаас 390,000 төгрөг суутгасан нь тодорхой харагдаж байгаа. Хэрвээ зөөврийн компьютер компанийн эзэмшил байсан бол надад өгөхдөө хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бичгээр хүлээлгэж өгөх ёстой байсан.

1.3. Ажлаас халсан бол ажлаас халсан тушаалаа өгөөч гэж хэлэхэд ямар ч хариу өгөөгүй. Би өнөөдрийг хүртэл ажилгүй явж байгаа. Тус хугацааныхаа цалин хөлсийг гаргуулъя гэж байгаа. Ажлаас гарсны дараа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө харахад төлөгдөөгүй байсан. Намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа учир ажилдаа эгүүлэн томилуулах хүсэлтэй байгаа.

Анужин, Анар, Ананд гэх ах дүү гурвуулаа ирсэн. Анар нь 1 дүгээр ангийн 5 настай хүүхэд байсан. Нөгөө 2 хүүхэд нь 4, 5 дугаар ангийн хүүхдүүд байсан. Гурвуулааг нь суулгаж байгаад хичээл заасан. Дүү нь чадахгүй байсан. Мөнхцэцэг менежерт хэлэхэд гаргаад суулгачихъя гэсэн. Энэ талаар Мөнхцэцэгийн чатад байгаа. Гэтэл намайг хүүхэд хөөж гаргасан гэж яриад байгаа. Огт тийм зүйл болоогүй. Намайг сэтгэлгүй ажилласан гэж яриад байна. Би нэг ч удаа ажлаа тасалж, хоцорч үзээгүй. Би Одхүү захирал болон менежер Мөнхцэцэг нарт 1-5 хүртэл тоо мэддэг хүүхэд байхад болно, шаардлагатай ном, сурах бичиг аваад өгөөч гэж хэлсэн ч авч өгөөгүй. Намайг ажлаас шахаж гаргаж байгаа юм байна гэж бодсон гэв.

1.4. Анх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах үед ажилгүй байсан хугацааны цалин бодоход 9,070,909 төгрөг болж байсан. Тооцоог дахин гаргахад 2023 оны 10 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 9 сар 20 хоног буюу 12,000,000 төгрөг болж байгаа. Ингээд 11 өдөр ажилсан цалин 660,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг буюу нийт 12,660,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.5. Анх ажилд ороход гарт олгох цалин 1,200,000 төгрөг, үүнээс гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлнө гэж хэлсэн учир гэрээний дагуу төлүүлэх хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. нь манай байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд СУИС-н салбарын А рlus сургалтын төвд төгөлдөр хуурын багшаар ажилласан. ийн хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалин нь 1,200,000 төгрөг бөгөөд 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 1,200,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 11,5 хувь, ХАОАТ-н 10 хувь хасаад гарт олгох ёстой цалин 971,800 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалин нийт 22 хоногоос 20 хоног ажилласан 1,090,909 төгрөгөөс гарт олгох ёстой цалин нь 884,909 төгрөг, нийт цалин 1,856,709 төгрөг болно. Энэхүү цалинг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 210,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг нийт 1,410,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 2023 оны 09 сарын 18-ны өдөр ийг нөүтбүүк авахад нь зориулж урьдчилгаанд 690,000 төгрөгийг шилжүүлснээр манай байгууллага рүү нийт 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд компаниас цалин гэж илүү төлсөн 243,291 төгрөг болно. Иймд дутуу авсан цалин хөлсний шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Анужин гэх сурагчийг үсэг тоо мэддэггүй гэх шалтгаанаар хичээл заагаагүй. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ану-Үжингийн дүүг 7 хүртэлх тоо мэдэхгүй гэдэг шалтгаанаар ангиас хөөж гаргаад суулгасан байсан. Энэ асуудлуудаас үүдэж нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандаж, удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хүүхдийг ангиас гаргасан асуудал хоёр дахь удаагаа давтагдсан учраас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах болзошгүй байна гэдэг үүднээс зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь халсан. Эхний зөрчил нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Анужин гэх хүүхэд бүртгүүлсэн. Бүртгүүлсэн өдрөө үсэг, тоо мэдэхгүй шалтгаанаар хичээлд суухаа болиод 2024 онд нөхөж суусан. Ээж нь залгаад төлбөрөө төлсөн, бичиг үсэг мэдэхгүй хүүхдэд заах боломжгүй гэж багш нь хэлсэн. Тиймээс хичээлд нь явуулахаа больсон гэсэн. Хоёр дахь зөрчил нь Анар гэх хүүхдийг үсэг тоо мэдэхгүй гээд ангиас гаргасан.

2.3. Нөүтбүүкний үнэ 690,000 төгрөгийг манайх шилжүүлсэн. Үүний 300,000 төгрөгийг манайх гаргасан. 390,000 төгрөг нь ийн цалингаас суутгасан. Тав хоногийн барьцаа авсан гэж яриад байна. Ийм зүйл болоогүй. Байгууллагад нягтлан байхгүй байснаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээн дээр үндсэн цалинг 1,200,000 төгрөг гэж дурдсан байгаа. Хуулиараа үндсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэдгийг нэхэмжлэгч мэдэх байх. нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч, цалингийнхаа асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хугацаандаа гомдол гаргасан байдаг. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д заасан 30 хоногийн дотор хандаагүй гэдэг шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Радар менежмент ХХК нь илүү олгосон цалин хөлс 243,291 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

3.1. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ийг нөүтбүүк авахад нь зориулж манайх 690,000 төгрөгийг шилжүүлсэн. Зөөврийн компьютерийг нэхэмжлэгч өөрөө авна гэж байгаа учраас 690,000 төгрөгийг бүхэлд нь цалинд шилжүүлэн тооцоход 243,291 төгрөгийн цалин илүү олгосон байгаа юм. Иймд 243,291 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Буцалтгүй тусламжийг 2 жилээс дээш жил ажилласан хүмүүст олгодог. Гэтэл нэхэмжлэгч 2 сар ажилласан байж нөүтбүүкийг миний өмч байгууллагын хөрөнгө биш гэж байгаа нь учир дутагдалтай. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Зөөврийн компьютер 690,000 төгрөгөөр авснаас 390,000 төгрөгийг нь миний цалингаас суутгаж авсан. Нэг удаагийн буцалтгүй тусламж гээд компанийн зүгээс 300,000 төгрөг гаргасан. Зөөврийн компьютер нь 100% минийх болно гэдгийг мэдэж байсан. Хэрвээ энэ зүйл компанийн өмч хөрөнгө байсан бол надад бичгээр анхнаасаа хүлээлгэж өгөх байсан. Компанийн эд хөрөнгө байсан бол өөрийнхөө цалингаас 390,000 төгрөг суутгуулахгүй байсан. Тэгэхээр нөүтбүүк анхнаасаа минийх болно гэдгийг Одхүү захирал өөрөө хэлсэн, би ч мэдэж байсан, би тэгж ойлгосон, ажилчдын хурал дээр ч хэлж байсан, Мөнхцэцэг менежер ч мэдэж байгаа. Тэрнээс гадна 2 жил гэдэг зүйл ярьж байна. Огт ийм зүйл яриагүй, чинийх болно гэж хэлсэн. Би анхнаасаа урт хугацаанд ажиллана гэж байсан. Надаас 243,291 төгрөг шаардах үндэслэл байхгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/

5.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/

5.3. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх 6-10/

5.4. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар хуралдааны шийдвэр /хх 11-13/

5.5. Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023.11.30-ны өдрийн 1079 тоот албан бичиг /хх 14/,

5.6. Хаан банкны шилжүүлгийн баримт, дансны хуулга /хх 15-16, 83-88/,

5.7. ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 81-82/.

 

6.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1. Итгэмжлэл /хх 48/

6.2. Хариу тайлбар /хх 58, 113/,

6.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 59/,

6.4. Сөрөг нэхэмжлэл /хх 60/,

6.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 61/,

6.6. Радар менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.28-ны өдрийн 2310053 дугаар ийг ажилд томилох тухай тушаал /хх 62/,

6.7. Радар менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.25-ны өдрийн 2310048 дугаар ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 63/,

6.8. Цалингийн тооцоо /хх 64-65/,

6.9. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 66-68/,

6.10. Нано мета ХХК-ийн зарлагын баримт /хх 114/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр И.Амартөгсийн Чингүнжавын Маралгоотой 2023.11.15-ны өдөр Фэйсбүүкээр харилцсан чат, Мөнхбатын Мөнхцэцэгтэй 2023.11.06-ны өдөр Фэйсбүүкээр харилцсан чат, Радар менежмент ХХК-ийн захирал О.Одхүүтэй харилцсан чатад тус тус үзлэг хийсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Радар менежмент ХХК-ийн захирал О.Одхүүгийн гар утсанд И.Амартөгстэй харилцсан чатанд үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 100-112, 164-185, 193-201/

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр М.Мөнхцэцэгийг асуусан.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх нэхэмжлэгч И.Амартөгсөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргуулсан хөдөлмөрийн гэрээг гаргуулсан.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч өөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Радар менежмент ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 490,909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,580,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 490,909 төгрөг, нийт 9,070,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гэж тодорхойлсон.

 

Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зарим хугацааг нэмэгдүүлж, шаардлагаа дараах байдлаар тодруулжээ. Үүнд.

ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,000,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 660,000 төгрөг, нийт 12,660,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гэж тодруулсан.

 

1.2. Мөн нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ ... намайг хүүхэд хөөж гаргасан гэж ажлаас үндэслэлгүй халсан, халсан тушаалаа өгөөч гэж хэлэхэд ямар я хариу өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг 2310048 дугаар захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг мэдсэн, ажлаас халахдаа тодорхой шалтгаан хэлээгүй бөгөөд чамайг өнөөдрөөс ажлаас чөлөөлж байгаа тул ажлаа хүлээлгэж өг, гэсэн, миний 11 өдрийн цалинг үндэслэлгүйгээр өгөхгүй байгаа, анх ажилд ороход 1,200,000 төгрөгийн цалин олгоно, үүнээс гадна нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлнө гэсэн атлаа огт төлөөгүй байна ... гэж тодорхойлсон.

 

1.3. Хариуцагч Радар менежмент ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... сурагчийг үсэг тоо мэдэхгүй гэх шалтгаанаар хичээл заахгүй ангиас хөөж гаргасан үйлдэл хоёр удаа давтагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан удаа дараа зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Байгууллагаас 300,000 төгрөг гаргаж авсан нөүтбүүкийг авсан учир нөүтбүүк авахад зориулж төлсөн мөнгийг цалинд шилжүүлэн тооцох ёстой. ийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ суутган тооцоход манайх 243,291 төгрөгийн илүү цалин олгосон, 5 хоногийн барьцаа гэх зүйл байхгүй ... гэж маргасан.

 

Шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй гээд 155.1.3-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэж, 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж, 156.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.

 

Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалин хөлсийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:

158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах үед ажлаас чөлөөлсөн тушаалыг ажил олгогч өгөөгүй, танилцуулаагүй, хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад ажлаас халсан тушаалыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгснөөр танилцсан гэж тайлбарласныг хариуцагч талаас няцаан үгүйсгээгүй.

Иймд шүүх тус хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр болон бусад үндэслэлээр үүсэж, энэхүү харилцаагаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэх, ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлс олгох, бусад шаардлагатай нөхцөлөөр хангах үүргийг хүлээдэг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаатай байгуулж болох ба үүнээс бусад тохиолдолд хугацаагүй байгуулна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. /хх 6-10/,

 

Түүнчлэн энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан ба зохигчид хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хөдөлмөрийн гэрээнд Некствейв ХХК гэх тамга дарагдсан нь андуурч дарагдсан гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Иймд, талууд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус компанид 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс төгөлдөр хуурын зөвлөх багшаар ажиллаж байсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд хугацаагүй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

4. Хариуцагч Радар менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2310048 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийг тус тус зааж, нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сургалтын чанарын доголдолтой ажиллаж байгууллагын нэр хүнд, үйлчлүүлэгчдийн урсгалд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх 63/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасны улмаас ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно.

 

Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгохын сацуу зөрчил бүрийг тус тусад нь тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Анужин гэх сурагчийг үсэг тоо мэддэггүй гэх шалтгаанаар хичээл заагаагүй. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ану-Үжингийн дүүг 7 хүртэлх тоо мэдэхгүй гэдэг шалтгаанаар ангиас хөөж гаргасан, ажилдаа хайнга хандсан гэж тайлбарласан.

Гэтэл тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн тохиолдлыг нэрлэн заагаагүй буюу ноцтой зөрчил гэж юу болох талаар тусгаагүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч хэзээ, хаана, ямар зөрчил гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч шийдвэрийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй гэж үзэж нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Хариуцагчаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн дотор хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үндсэн үүрэгтэй, 83 дугаар зүйлийн 83.3-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заажээ.

 

Хуулийн дээрх шаардлагыг хариуцагч биелүүлээгүй болох нь хэрэгт нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан баримтгүйн дээр нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаалыг танилцуулаагүй, надад өгөөгүй гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлаас чөлөөлж байгааг мессежээр мэдэгдсэн учраас тушаал өгөх үүрэггүй гэж үзсэн гэх тайлбарууд болон 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , О.Одхүү нарын харилсан мессежээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар хуульчилсан бөгөөд Радар менежент ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалаа түүнд гардуулаагүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үндсэн үүрэгтэй.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 1,200,000 төгрөг, сард 2 удаа тогтоосон хуваарийн дагуу олгоно гэж заасан байх бөгөөд талуудын тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулгаар Радар менежмент ХХК нь 2023.09.18-ны өдөр 210,000 төгрөг, 2023.10.03-ны өдөр 600,000 төгрөг, 2023.10.18-ны өдөр 600,000 төгрөг, нийт 1,410,000 төгрөгийн цалин хөлсийг өд олгосон байна.

 

Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өд цалин хөлс олгоогүй болох нь тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацааны дутуу авсан цалин хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Цалин олгосон хугацаа болон хариуцагчийн 2023.09.18-ны өдөр өд 600,000 төгрөгийн цалин бодогдсон гэх тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгчийн эхний 5 хоногийн цалин хөлсийг олгоогүй гэх тайлбар үнэн зөв байна гэж дүгнэв.

 

Түүнчлэн талууд 690,000 төгрөгөөр нөүтбуук авснаас байгууллага болох хариуцагч нь 300,000 төгрөгийг, нэхэмжэгч нь 390,000 төгрөгийг цалингаасаа суутгуулж авсан талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь байгууллагаас 300,000 төгрөгийг ажилчиддаа нөүтбуук авахад нь зориулж буцалтгүй тусламж болгож өгсөн гэж,

хариуцагч нь буцалтгүй тусламжийг 2 жилээс дээш ажилласан хүмүүст олгодог. Нэхэмжлэгч нь 2 сар ажилласан учир буцалтгүй тусламж болохгүй, мөн нөүтбүүкийг нь өөртөө авсан учир нөүтбүүкний үнийг цалингаас нь суутгах ёстой гэж маргасан.

 

Гэрч М.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн .. Манай байгууллагаас нөүтбүүк авч болдог. Манай байгууллагаас 50 хувь, өөрөөс нь 50 хувийг гаргуулдаг ... манай байгууллагад 6 сар ажилласанаас хойш таных болно гэж хэлсэн ... захирал өөрөө хэлдэг гэх мэдүүлгээс дүгнэхэд буцалтгүй тусламжийг 2 жилээс дээш хугацаанд ажилласан хүмүүст олгодог гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч ийг ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдсон тул буцалтгүй тусламжаар олгосон нөүтбүүкний үнэ 300,000 төгрөгийг цалин хөлсөнд тооцон суутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх ажлын 43 хоногийн хугацаанд бодогдсон цалин хөлснөөс нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 48,837 төгрөг байна. /2,100,000:43хоног=48,837 төгрөг/

 

Иймд барьцаа болгон олгоогүй 5 хоногийн цалин болон 2023.10.18-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл нийт 5 хоног, нийт 10 хоногийн 488,370 төгрөгийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, дутуу олгосон цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 171,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 301 өдөр байх ба энэ хугацааны цалин хөлсийг тооцоолоход 13,604,899 төгрөг байх хэдий ч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 12,000,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д зааснаар ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах үндсэн эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл ажилтныг ажиллаж байх хугацаанд болон ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон аль ч үед ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2,288,370 төгрөгөөс /олгосон 1,410,000+нөүтбүүкний төлбөрт суутгасан 390,000+дутуу олгосон цалин хөлс 488,370 төгрөг/ тооцон нөхөн төлж, бичилтийг баталгаажуулах,

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 12,000,000 төгрөгөөс тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон нөхөн төлж, бичилтийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Радар менежмент ХХК нь илүү олгосон цалин хөлс 243,291 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ийг нөүтбүүк авахад нь зориулж манайх 690,000 төгрөгийг шилжүүлсэн. Зөөврийн компьютерийг нэхэмжлэгч өөрөө авна гэж байгаа учраас 690,000 төгрөгийг бүхэлд нь цалинд шилжүүлэн тооцоход 243,291 төгрөгийн цалин илүү олгосон байгаа гэсэн тайлбарласан.

 

Шүүх үндсэн шаардлагыг хангасан буюу цалин хөлсийг дутуу олгосон байна гэж дүгнэсэн, энэхүү дүгнэлтийн үндэслэл нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь няцааж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хангагдсан үнийн дүнд тооцогдох 214,763.92 төгрөгийг хариуцагч Радар менежмент ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И.Амартөгсийг урьд эрхэлж байсан төгөлдөр хуурын зөвлөх багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,000,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 488,370 төгрөг, нийт 12,488,370 төгрөгийг хариуцагч Радар менежмент ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 171,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

илүү олгосон цалин хөлс 243,291 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2,288,370 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 12,000,000 төгрөгөөс тус тус тооцон нэхэмжлэгч ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Радар менежмент ХХК-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч өөс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Радар менежмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 214,763.92 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА