Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 25

 

 

                                           

     2022          08           08                                   2022/ДШМ/25

 

 

 

Ч.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Ганбатад холбогдох эрүүгийн 2236000000037 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр,  3 хүүхдийн хамт амьдардаг,  Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух хаягтай,  тус аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 39В тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Засгаахан ургийн овогт Чакиарын Ганбат ПБ72080679 регистрийн дугаартай,

2. Шүүгдэгч Ч.Ганбат нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 39В тоотод байрлах гэртээ эхнэр Б.Даваанямыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн Прокурорын газраас: Ч.Ганбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Засгаахан ургийн овогт Чакиарын Ганбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чакиарын Ганбатыг 700/ долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.Ганбатад тайлбарлаж,

4.4 Шүүгдэгч Ч.Ганбат нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.5 Эрүүгийн 2236000000037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Ч.Ганбат түүний өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Би анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, манай эхнэр буюу хохирогч Ц:Давааням надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Харин гомдолтой гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн.

Миний бие эрүүл саруул зун, намрын улиралд хар ажил хийж амьдралаа залгуулдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.      

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд  анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй  байх  хуулийн шаардлагыг хангасан байна. 

8. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ганбатыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

9. Шүүгдэгч Ч.Ганбат нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 39в тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Даваанямтай маргалдах явцад түүний биед халдаж, гараараа нүүр хэсэгт нь цохиж, орон дээр унагааж өшиглөж зодож хохирогчийн эрүүл мэндэд доод уруул, баруун завж, зүүн эрүү, зүүн гарын бугалганы ард, дунд, зүүн суганы урд, зүүн бөөр, хэвлийн зүүн, зүүн гуя, баруун гуянд тус бүр цус хуралтууд, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

10. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр нөхөр”-ийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилжээ.

 Шүүгдэгч Ч.Ганбат, хохирогч Б.Давааням нар нь хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд  хохирогч, шүүгдэгч нарыг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.

11. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Даваанямыг согтуурсан үедээ “хардлаа” гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байна.

12. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай,бүрэн гүйцэд,бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ч.Ганбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн” гэсэн шинжээр прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

13. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлаж хэрэглэсэн  байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ганбатын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршиг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан  түүнийг Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж   шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн  гэмт хэрэг,гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

14. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ганбатын “Миний бие эрүүл, саруул, зун, хавар, намрын улиралд хар ажил хийж амьдралаа залгуулдаг, шүүхээс намайг 700 /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна.” гэх  давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА