| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0044/З |
| Дугаар | 128/ШШ2024/0184 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.М*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т*******, Б.Б*******,
Маргааны төрөл: 1988-1989 онд гагнуурчнаар суралцаж төгссөн 2 жилийн хугацааг ажилласан жилд оруулж тооцохгүй байгаа үйлдэл нь хуульд нийцсэн эсэх талаарх тэтгэвэр тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар акт албан бичгийг хууль бус нотолж хүчингүй болгож, 1988-1989 онд гагнуурчнаар суралцаж төгссөн 2 жилийн хугацааг ажилласан жилд оруулж тооцохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах;
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний суралцсан хугацааг ажилласан жилд оруулж тооцохгүй гэсэн учир ажилласан жил дутаж тэтгэвэрт гарах эрх үүсээгүй. Энэ 2 жилийг оруулах боломжгүйгээс тэтгэвэрт чадахгүй, тэтгэвэрт гарах хугацаа маань хойшилж хохирч байгаа тул хохирлыг барагдуулж С.М******* 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 55 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн цагаас эхэлж тэтгэврийг нөхөж бодож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хот дахь барилгын 5 дугаар техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дүгээр тушаалын дагуу иргэн С.М*******г барилгын техникийн мэргэжлийн 5 дугаар дунд сургуулийн цахилгаанчин хийх гагнуурчны ажилд авч суралцуулахаар элсүүлсэн байна.
Улмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хот дахь барилгын 5 дугаар техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тушаалаар 1990-1991 оны хичээлийн жилд Цахилгаан хийх гагнуурын 306 ангийг төгссөнийг баталжээ.
3. Иргэн С.М*******гаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “1988, 1989 онуудыг ажилласан жилд тооцуулж өгөх” талаар нэхэмжлэл гаргах байх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20544 дүгээр захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
4. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан суралцсан хугацааг ажилласан жилд тооцуулах тухай өргөдөл гаргасныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хууль”-д шимтгэл төлсөн хугацааг баримтлан тэтгэвэр тогтоох тул техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй болохыг үүгээр мэдэгдье.” гэсэн хариу өгсөн байна.
5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10277 дугаар захирамжаар “...захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар..., Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, эсхүл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн аль нэгэнд хандаж ...гомдлоо шийдвэрлүүлсэн эсэх...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.
6. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан мөн өргөдөл гаргасан байх ба тус өргөдлийн хариуг Нийгмийн даатгалын газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/401 дүгээр албан бичгээр “ ...таны 1988-1991 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцож өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй. Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний ******* тоот албан бичгээр хүргүүлсэн хариу үндэслэлтэй байна.” гэж өгсөн байна.
7. Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0212 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
8. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Суурийн М******* РД:/*******/ миний бие 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны хооронд БНМАУ-ын Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хот дахь барилгын 5 дугаар техник мэргэжлийн дунд сургуулийг гагнуурчнаар ажиллангаа сурч төгссөн.
Тухайн онуудад сургуульд ажиллангаа суралцаж байсан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд оруулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-д шимтгэл төлсөн хугацааг баримтлан тэтгэвэр тогтоох тул техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн /ажилласан/ хугацаанд оруулан тооцох боломжгүй гэж хууль бус хариу өгсөн.
Үүнийг эсэргүүцэж дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн нийгмийн Даатгалын газарт хандсан боловч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр 1994 оны 6 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацааг баримталдаг тул техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн /ажилсан/ хугацаанд оруулан тооцож өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Эдгээр хариу нь хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаан дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно гэж заасан бөгөөд хуулийн агуулга үзэл санааг мушгин тайлбарлаж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төрийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно” гэж хуульчилжээ.
1991 оны БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль гарахаас өмнө өндөр насны тэтгэврийг тогтоохдоо шимтгэл төлсөн хугацаагаар нь биш улсад ажилласан хугацаагаар нь тэтгэвэр тогтоохтой холбоотой харилцааг хуульчлан зохицуулж байсан байх ба энэ ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулах эсэхийг дээрх дурдсан хуулиар зохицуулаагүй бөгөөд энэ нь улсад ажилласан хугацааг тэтгэвэр тогтоох хугацаанд оруулахгүй гэсэн ойлголт биш юм.
Миний ажиллаж суралцаж байсан үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 406-р тогтоолын хавсралтын Хоёрдугаар хэсгийн П заалтаар техник-мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг улсад ажилласанд тооцно”, гэж заасан бөгөөд суралцсан хугацааг улсад ажилласан жилд оруулан тооцож уг суралцсан хугацаанд суралцагчийн улсад ажилласан хугацааг тасраагүйд тооцохоор хуульчлан нарийвчлан зохицуулсан байжээ.
БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор дээрх 1974 оны 406 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шинэчлэн баталсан 1991 оны Засгийн газрын уг 13 дугаар тогтоол болох “Ажилласан хугацааг тооцох журам”-р улсад ажилласан хугацаанд тооцохоор мөн адил хуульчлан зааж өгч зохицуулж өгсөн байна.
С.М******* би 2023 оны 11 дүгээр сарын 19-нд 55 нас хүрээд тэтгэвэр авах эрх үүссэн. БЗД ндх суралцсан хугацааг ажилласан жилд оруулж тооцоогүйн улмаас хохирч ажлын жил хүрээгүй шалтгаанаар тэтгэвэр авах эрх үүсээгүй. Иймээс 2023 оны 11 дүгээр сарын 19-нд 55 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн цагаас эхэлж тэтгэврийн мөнгийг тооцож нөхөж бодож өгнө үү.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны зарчимд нийцүүлэн Монгол Улсын иргэн Суурийн М******* миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр БНМАУ-ын Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хот дахь барилгын 5 дугаар техник мэргэжлийн дунд сургуулийг гагнуурчнаар ажилласан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцуулж өгөхийг хүсье.” гэжээ.
9. Нэхэмжлэгч С.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тэтгэвэрт гарах ёстой байсан. Нийгмийн даатгалын хэлтэст би удаа дараа хандаж гомдол, өргөдөл өгч байсан. Тухайн үед Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. 5, 6 жилийн хугацаанд миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Амаар болон утсаар хариу өгдөг байсан. Цахимаар хүсэлт өгдөг болсноос хойш гарт баригдах бичиг баримттай болсон юм. Одоо би 56 настай. Тэтгэвэр авахгүй байгаа нь надад маш хүнд байна. Би 2 уушгиндаа хоёуланд нь мэс засал хийлгэсэн. Байнгын хяналтад байдаг. Хариуцагч байгууллага хүнд суртал гаргаж байна гэж би бодож байгаа. Би ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийнхээ хууль тогтоомжийн дагуу хэргээ шийдвэрлүүлмээр байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн 1974 оны 406 дугаар тогтоолын хавсралт 2 дахь хэсгийг п-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
... 56, 57 нас хүрчихсэн хэрнээ тэтгэвэр авахгүй байх нь ямар хэцүү гэдгийг та нар яагаад ойлгодоггүй юм бэ? Тухайн үед өргөдөл гаргаж байхад холбогдох хууль дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. Би өвчтэй хэдий ч өргөдлөө шийдвэрлүүлэхээр олон жил явсан. Уушгины өвчин бол мартамхай болгодог өвчин. 2 удаа хагалгаанд орсон болохоор танай байгууллагад хандахаа мартаж явсан үе бий. Гагнуурын мэргэжлийг үнэлдэггүй юм шиг надад санагдлаа. Барилга байгууламж гагнуургүйгээр баригддаггүй юм. Тиймээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын 1974 оны 10 сарын 12-ны өдрийн энэ 406 дугаар тогтоол хавсралт 2 дахь хэсгийг п-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Т.Т******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан С.М******* /*******/ нь 1988-1989 онд БНМАУ-ын Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хот дахь барилгын 5 дугаар техник мэргэжлийн дунд сургуулийг гагнуурчнаар сурсан хугацааг, 2023 оны 07 дугаар сарын 07 өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн гуравдугаар бүлгийн 23 дугаар зүйлд тусгагдаагүй тул С.М*******гийн 1988-1989 онд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй болно.
Иргэн С.М******* /*******/ нь 2023 оны 11 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох 55 нас хүрсэн боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараас нэмэгдүүлнэ гэж заасны дагуу ажилласан жилийн болзлыг хангаагүй байна.
Иймд С.М******* нь 56 нас 6 сартай буюу 2025 оны 05 сарын 19-ны өдрөөс өөрөө хүсвэл 5.1-д заасны дагуу өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах эрхтэй болно.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “1988-1989 онд сурч байсан хугацааг ажилласан жилд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 406 дугаар тогтоол нь Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэнээр хүчингүй болсон тул бид суралцаж байсан хугацааг ажилласан жилд тооцох боломжгүй гэж үзсэн. Тиймээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулиар нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтооно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.”Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.1.”тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч;”, 5.1.2.”тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;”, БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын Хоёр дахь хэсгийн 8-д “Ажилласан хугацаанд дор дурдсан хугацааг оруулан тооцно: … п) техник-мэргэжлийн сургуульд суралцсан хугацаа;” гэж заажээ.
Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь 1988-1989 онд Барилгын техник мэргэжлийн 5 дугаар сургуулийн цахилгаан-хийн гагнуурчнаар суралцсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримттай хариуцагч маргаагүй байна.
Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл өлснөөр тооцох хугацаанд хамаарахгүй тул 1988-1989 онд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй гэж мэтгэлцэж байна.
Дээр дурдсанаар БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журамд зааснаар техник-мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцохоор заасан тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй талаар мэдэгдсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний ******* дугаар албан бичгээр өгсөн техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй гэх шийдвэрийг хууль бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.”“нийгмийн даатгалын байгууллага” гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг;” гэж зааснаар даатгуулагчид тэтгэвэр олгох нь хариуцагчийн чиг үүрэг байх тул нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний суралцсан хугацааг ажилласан жилд оруулж тооцохгүй гэсэн учир ажилласан жил дутаж тэтгэвэрт гарах эрх үүсээгүй. Энэ 2 жилийг оруулах боломжгүйгээс тэтгэвэрт чадахгүй, тэтгэвэрт гарах хугацаа маань хойшилж хохирч байгаа тул хохирлыг барагдуулж С.М******* 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 55 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн цагаас эхэлж тэтгэврийг нөхөж бодож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагыг “С.М*******г 1988-1989 онуудад Барилгын 5 дугаар техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасныг баримтлан С.М*******гийн нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний ******* дугаар албан бичгийг хууль бусад тооцож, нэхэмжлэгч С.М*******г 1988-1989 онуудад Барилгын 5 дугаар техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН