Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг шүүгдэгч: Б ,

түүний өмгөөлөгч Ц.Амар /2563/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 1705 0080 70148 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 6-16 насны 2 хүүхдийн хамт оршин суух. Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” 105 дугаар байрны гадаа иргэн Д.Содномдаржаагийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт Б  мэдүүлэхдээ: Би бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг цохих болсон шалтгаан нь тэр хүн хавар манай байрны тогийг тасалсан байсан. Тэгээд тухайн үед архи уусан байсан болохоор яагаад айлын тог тасалдаг юм гээд гарынхаа араар нэг удаа цохисон. Миний буруу. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй. Маш их гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 800 000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч цаашид хохирол нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Хохирлыг төлөхийн тулд манай эхнэр маань зээл авсан юм. Хөнгөн ял оногдуулна уу гэв. Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Содномдаржаа мэдүүлэхдээ: ...2017 оны 9 дүгээр сарын 20-нд 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Нарлаг” 105 дугаар байрны жижүүрээс ажлын өрөөний түлхүүрээ аваад гарч явтал орцны үүдэнд үл таних 160 см орчим өндөртэй, 30 орчим насны залуу миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Надаас юу ч асуугаагүй, юу ч яриагүй. Тэр цохихоор нь би “яаж байна” гэтэл “2-3 жилийн өмнө тог салгасан” гээд байсан. Б  эмчилгээний зардалд надад 795 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дураараа эвлэрсэн гэжээ. (хэргийн 6-7, 35 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12092 тоот дүгнэлтэд: 1. Д.Содномдаржаагийн биед тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, 2 нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Б  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” 105 дугаар байрны гадаа хохирогч Д.Содномдаржаагийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, 2 нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Содномдаржаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12092 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Баянгол дүүргийн прокурорын газраас Б д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй болно. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Содномдаржаад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураараа 800 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж тус тус заажээ. Гэтэл шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн эхнэр А.Насанжаргал, дүү Ж.Чагдарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахдаа дээрх хуулийн заалтуудыг тайлбарлаагүй, мөн шүүгдэгч нь боловсролгүй, бичиг бичиж чадахгүй гэж мэдүүлж байхад энэ талаар тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “.монгол хэл, бичиг мэдэхгүй этгээдэд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулсан буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН