| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00444/И |
| Дугаар | 138/ШШ2024/00529 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2024/00529
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хтоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Шарнууд овогт ******* *******
“Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* нь өөрийн хүү ******* 2010 оны 11-р сарын 22-ны өдөр өөрийн төрсөн аав ээждээ үрчлүүлсэн юм. Миний хүү одоо 17 настай бөгөөд үрчлүүлсэн цагаас хойш миний бие, хүү, аав, ээж бид бүгд хамт амьдарч байна. Би болон миний эцэг эх хоорондоо ярилцан хүүхдийнхээ ирээдүйг бодон цаашид гадагшаа их дээд сургуульд явахад төрсөн ээжээрээ овоглох нь зөв хэмээн ярилцан, миний бие хүүгээ өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна. Иймд 2010 оны 11 сарын 22-ны өдрийн *******ийн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь Э.******* 2010 оны 12-р сарын 22-нд үрчлэн авсан. Цаашдын ирээдүйг бодолцон өөрийн төрсөн ээж *******д үрчлэлт цуцалж, асрамжийг цуцлахад татгалзах зүйлгүй хэмээн хүсэлт гаргав гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Энхээ овогтой Энхтүвшин нь 2007 оны 07-р сарын 22-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж, өөрийн өвөө болох ******* овогтой Энхээд 2010 оны 11-р сарын 22-нд үрчлүүлсэн. Одоо өөрийн хүслээр үрчлэлтээ цуцалж байгаа учраас гомдол, дарамт шахалт байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, багийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, үрчилсэн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд “Хүү Э.******* өөрийн аав Ж.Энхээд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд энэ хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Нэхэмжлэгч ******* нь 2007 оны 07-р сарын 22-ны өдөр хүү ******* /РД: *******/ төрүүлсэн болох нь 2007 оны 07-р сарын 31-ний өдрийн 37/475 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Харин гуравдагч этгээд Ж.Энхээ, Ж.******* нар нь хүү ******* үрчилснийг 2010 оны 11 сарын 22-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 37-рт бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь 4031 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь хүү ******* одоог хүртэл бидэнтэй хамт амьдарч байгаа, одоо 17 настай, 12-р ангиа төгсөнө. Сургуулиа төгсөөд гадагшаа сургуульд сурахаар явах зорилготой байгаа юм. Иймээс төрсөн эхээрээ овоглох шаардлагатай байгаа мөн гуравдагч этгээд нь хүү ******* эхийн асрамжинд буцаан өгөхийг зөвшөөрч байгаа нь тогтоогдож байна.
Түүнчлэн зохигчдын хэн аль нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү ******* 2010 оны 11 сарын 22-ны өдөр *******гийн Энхээд үрчилснийг хүчингүйд тооцож, хүү ******* төрүүлсэн эх ******* *******гийн асрамжинд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.*******гийн “шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай” хүсэлт болон нэхэмжлэгч ******* нь “гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлага байхгүй, шүүх хуралдаанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт зэргийг үндэслэж гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Шарнууд овогт ******* Энхтүвшин /РД:*******/-ийг Шарнууд овогт *******гийн Энхээд үрчилсэн 4031 тоот үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар хүү Э.******* төрүүлсэн эх болох Шарнууд овогт ******* *******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, *******ийн төрсний бүртгэлийг сэргээхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцогч тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг болон шүүх хуралдаанд оролцоогүй талд 14 хоногийн дотор шийдвэрийг гардуулахыг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА