Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2024/00176

 

2024         09         26                                         157/ШШ2024/00176

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Г 1-110 тоотод оршин суух, Б овогт Дашбалжирын Зийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 48 дугаар байрны 8 тоотод оршин суух, Э.Жт холбогдох

“Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,520,652 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад  

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2024 оны 05 дугаар сарын 30-нд орой 19 цагийн үед ажил тараад гэртээ иртэл Жагдаг согтуу ирж миний эрх чөлөөнд халдаж биед 5,6 дугаар хавирганы хугарал, духанд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан. Иймд 1 сар хөдөлмөрийн чадвар алдсан юм. Жагдаг нь тухайн үед ямар ч мөнгөн төлбөр өгөөгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Иймд гэм хорын хохиролд 2,520,652 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч Э.Ж 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Зийн нэхэмжилсэн 2,520,652 төгрөгийг өгнө. Гэхдээ хувийн асуудлаас хамаарч тодорхой хэмжээний хугацаанд өгч барагдуулна. /6 сарын хугацаанд/.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Э.Жт холбогдуулан гэм хорын хохиролд 2,520,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Ж нь хохирогч Д.Зийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна.

Хариуцагч Э.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Зийн нэхэмжилсэн 2,520,652 төгрөгийг өгнө. Гэхдээ хувийн асуудлаас хамаарч тодорхой хэмжээний хугацаанд буюу 6 сарын хугацаанд өгч барагдуулна...” гэх хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул түүний тайлбар нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Э.Жийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,520,652 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Зийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлага 2,520,652 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,280 төгрөг болж байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамж 55,280 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 27,640 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Зийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Жт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,520,652 (хоёр сая таван зуун хорин мянга зургаан зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.З нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 2,520,652 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,280 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 27,640 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ