Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00609 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Э- миний бие “Бизнесийн оргил” ХЗХ-ноос 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөгийг хувийн бизнес эрсдэлд орсны улмаас хугацаандаа төлж чадаагүй. Ингээд Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Булгийн 4 дүгээр гудамж, 1 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, 16 408 200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хамаагүй доогуур болсон. Энэ хашаа байшинд миний аав, ээж амьдардаг. Хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь Зар мэдээ сонинд газар дангаараа 8 000 000 төгрөгийн үнэтэй байна. 25 000 000 төгрөгөөр зарна гэсэн хашаа, байшингууд төв замаас хол, уулын бэлд байрладаг. Гэтэл манай үл хөдлөх эд хөрөнгө төв зам дагуу байршилтай. Иймд 16 408 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00681 дугаартай захирамжаар Б.Э-аас 11 844 232 төгрөгийг гаргуулж “Бизнесийн Оргил” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046574, Г-2201010441 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Булгийн 4 дүгээр гудамж, 1 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хурааж, Б.Э-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал хүргүүлэхэд 55 000 000 төгрөгийн санал өгсөн. Төлбөр авагч “Бизнесийн Оргил” ХЗХ нь дээрх үнийн саналыг эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Талууд үнийн саналын талаар харилцан тохироогүй тул 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 16 408 200 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг Б.Э-д 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/23970 дугаартай мэдэгдлээр хүлээлгэн өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Баянмодот” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХОС19/14 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үнэлгээний зүйл болох хувийн орон сууц барих барилгын материал нь л одоогийн ханшаар 16 000 000 төгрөг болно. Гэтэл гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар нь үнэгүй юм шиг үнэлгээ гаргасныг шүүх дэмжиж шийдвэрлэсэн нь шудрага бус. Тухайн хашаа байшин төв зам дагуу байрладаг, худаг нь хажуудаа, агаарын бохирдолгүй хэсэг бөгөөд сүүлийн үед газрын үнэ ханш нь өсч байгаа. Шинжээч хэдийгээр хөндлөнгийн гэж байгаа боловч төлбөр авагч “Бизнесийн Оргил” ХЗХ, Шүүхийн шийдэр гүйцэтгэх газар нь ажил үүргийн болоод бусад талаар холбоотой хэмээн үзэн нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Мөн шинжээч нь шүүх хуралдаанд асуусан асуултанд ойлгогдохгүй нэр томъёо, тоо зэргийг дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Баянмодот” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХОС19/14 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч Б.Э- нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/06681 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн /хх30/ дагуу “Бизнесийн-Оргил” ХЗХ-д 11 829 232 төгрөгийг төлөх, үүнээс 5 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 3 500 000 төгрөгийг мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 3 329 232 төгрөгийг 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.

 

 Нэхэмжлэгч Б.Э- нь дээрх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх28/ бичигдэж, хариуцагч тал 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх31/, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулжээ. /хх 38,39,41,42/ Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч хүсэлт /хх52/ гаргаснаар үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон /хх53/ байна. Хариуцагч байгууллагаас явуулсан дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Хэрэгт авагдсан “Баян модот” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХОС19/14 дугаартай үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Булгийн 4 дүгээр гудамж, 1 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт зах зээлд 16 408 200 төгрөгөөр үнэлэгдэх боломжтойг тооцоолон гаргажээ. /хх56-64/ Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасны дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал зах зээлийн ханшнаас хэт доогуур гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тэрээр “Зар мэдээ” сонины мэдээлэл бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн нь хугацааны хувьд үнэлгээ хийгдсэн үетэй тохирохгүй, хаяг байршил тодорхойгүй, үнэ бичигдээгүй, маргаж буй үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо шинж байдал тогтоогдоогүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э-аас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО                                                            

                                       ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                                         Т.ТУЯА