Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2024/0146

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ф*******” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Маргааны төрөл:  “Ф*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэхтэй  холбоотой ашигт малтмалын маргааныг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******, С.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*******, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Ф*******” ХХК-аас Ашигт малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ф*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” ******* дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргажээ.

3.“Ф*******” ХХК-д Хэнтий аймгийн Ц******* сумын “М*******” нэртэй газарт 474 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 13*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

          4.Нэхэмжлэгчээс 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  “Талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн буцаах тухай” 14/03 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучнаар/ өргөдөл, хүсэлтийг гаргасан, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр “Ф*******” ХХК-ийн 13*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 473.82 гектар талбайгаас 67.97 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 405.85 гектар талбайг 13*******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь хавсралтад бичиж тэмдэглэсэн.

          5.Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 536 дугаар шийдвэрээр “Ф*******” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Ц******* сумын “М*******” нэртэй 351.99 гектар талбай бүхий XV-013******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс тооцож, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

          6.Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 730 дугаар шийдвэрээр тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 53.85 га талбайг “М*******” нэртэй MV-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, 351.99 га талбай нь “М*******” нэртэй XV-013******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр үлдээж шийдвэрлэжээ.

          7.Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/002 дугаар албан бичгээр “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох агуулгатай...” хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад хүргүүлсэн.

          8.Харин Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шаардлага хангахгүй үндэслэлээр “Ф*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан байна.

          9.“Ф*******” ХХК -аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:

          1/“Ф*******” ХХК нь 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших “М*******” нэртэй XV-013******* тоот дугаартай 474 гектар талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин хайгуулын ажлыг хийж эхэлсэн.

          Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Тусгай зөвшөөрлийн талбайгаас ойн давхцал хэсэгчлэн буцаан өгч, уг хайгуулын бүхий хэсгээс 67.97 гектар талбайг талбайгаас 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 53.85 гектар талбайд нөөц тогтоон Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулан "М*******" нэртэй MV-01 тоот ашигт малтмал ашиглалын тусгай зөвшөөрөл эзэмшсэн.

          ХѴ-013******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үлдсэн 351.99 гектар талбайд үргэлжлүүлэн хайгуул хийж 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл болгох өргөдөл гаргасан үед Ковид-19 өвчний хорио цээрийн улмаас болж, шинжээч томилуулах, тайлан ЭБМЗ-н хурлаар оруулах Эрдэс баялгийн мэргэжлийн хугацаа хойшлогдон 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрдэс зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлж нөөц батлуулан улмаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний геологийн албаны даргын тушаал гарч улсын нэгдсэн тоо бүртгэлд нөөц бүртгэгдсэн болно.

          2/Тус компани нь 2016-2020 онуудад XV-013******* тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд далд аргаар олборлох, суурин судалгаа болон хайгуулын туршилт судалгааны бүхий л шатны ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 1 850 000 000 /нэг тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийн зардал хөрөнгө зарцуулсны үр дүнд Гянтболдын ордын нөөцийг батлуулсан.

          Бид энэ хугацаанд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээр хүсэлтэд цар тахал болох Ковид-19 өвчний хорио цээрийн улмаас болж хойшлогдсоор 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр "Байгаль орчны ерөнхий үнэлгээ" гарч Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн “С в” ХХК-аар хийлгэсэн.

          “Ф*******” ХХК нь уурхайн ашиглалт, олборлолтын ажлыг далд аргаар ашиглахаар нөөцийн болон үр дүнгийн тайлан, холбогдох бүх дүгнэлт, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ дүгнэлт, тайлан зэрэгт тусгаж Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийг дагаж мөрдөх журам, Засгийн газрын 2015 оны 235 дугаар тогтоолын 3.4-т заасан "Далд уурхайн олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн талбайд олборлолт явуулж болно гэсэн зохицуулалтад хамаарч байгаа болно.

          Манай компанийн нөөцийн тайлангийн урьдчилсан техник эдийн засгийн тооцоонд уг судлын ордыг далд аргаар олборлох технологид тохиромжтой гэж тооцонд тусгасан.

          Учир нь тус судлын гянт болдын ордыг далд малтмалын аргаар олборлохоос өөр боломжгүй тул далд аргаар олборлох усны нөөцийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний 146 тоот дүгнэлтийг Усны газраар гаргуулсан өргөдөл хавсаргаж мөн "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт", Үндэсний геологийн албаны даргын тушаал зэрэг 2016-2020 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, хавсралт материал, зураг төсөл, нөөц батлуулахтай холбоотой бүх баримт материалыг Геологийн баримтын төв архивт хүлээлгэн өгсөн болно.

          Одоогоор Ашигт малтмалын тухай хуульд заасан дагуу далд аргаар олборлох Техник Эдийн Засгийн Үндэслэл хийлгэн батлуулах ажил хэрэгжүүлэхээр хүлээгдэж байна.

          Манай компанийн зүгээс XV-013******* талбайд хайгуулын ажлыг бүрэн хийж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг Ашигт малтмал газрын тосны газарт хандаж хүсэлт гаргахад Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодорхойлолт авч ирэхийг шаардсан бөгөөд бидний зүгээс Байгаль орчин Аялал жуулчлалын яаманд энэ талаар албан бичгээр хандан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/3364 дугаар бүхий албан бичгийг Ашигт малтмал Газрын Тосны газрын кадастрын хэлтэст хувийг хүргүүлсэн болно.

          Гэтэл өнөөдрийг хүртэл үндэслэлгүйгээ "Ашигт малтмал ашиглалын тусгай зөвшөөрөл”-ийг олгохгүй эс үйлдэхүй гаргаад байсан тул 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргын нэр дээр гомдол гаргасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмал, Газрын Тосны газрын даргыг тур орлон гүйцэтгэгч Л.Б 1/4604 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан болно.

          Уг өргөдлийг хангахаас татгалзсан үндэслэлээ танай ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.4.2-т заасан "... ашиглахыг хориглосон талбай буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай" хуулийн хориглосон талбайд хамаарахаар байна гэсэн үндэслэл заагаад байгаа нь хууль болон журмын нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй өөрөөр хэлбэл Засгийн газрын 235 дугаар тогтоолын 3.4-т харилцааг илүү нарийвчлан зохицуулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах заагийг тодорхой ялган "Далд уурхайн олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн талбайд олборлолт явуулж болно" гэж заасан дагуу манай компани нь тогтоосон нөөцөө 100 хувь далд аргаар буюу ойн сан бүхий газрын доор, байгаль орчинд ямарваа нэгэн сөрөг нөлөөгүйгээр ашиглахаар Текник Эдийн Засгийн үндэслэлээ боловсруулан, энэ талаар Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэн холбогдох материалын бүрдүүлэн ашигт малтмал ашиглах бүхий л болзол шаардлагыг хангасаар байтал илт хууль бус өөр үндэслэл буюу хэрэглэх ёсгүй хэм хэмжээг үндэслэл болгоод хангахаас шийдвэрлээд байгаа нь илт хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Татгалзан Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 11дүгээр сарын 9-ний өдрийн 10/5467 тоот албан чигээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талаар мэдэгдэхдээ тус газрын 2022.11.09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг үндэслэл болгосон талаар дурдсан байдаг бөгөөд дээрх ******* дугаар бүхий албан бичгийг өнөөдрийг хүртэл бидэнд гаргаж өгөөгүй, үзүүлээгүй байгаа болно.

Уг мэдэгдэл хүлээн авсан даруйдаа Кадастрын хэлтсийн дарга дээр орж манай компани далд аргаар ашигт малтмал олборлох ТЭЗҮ хийгдсэн талаар материалаа бүрдүүлэн хүсэлт гаргасан болохыг тайлбарлаж танай ашиглалтын чинь манай талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл хамаарахгүй, 2022.10.3-ний өдөр Сонсох ажиллагаа хийж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн талаар хэлэхэд кадастрын хэлтсийн дарга Байгаль орчны Төлөв байдлын үнэлгээгүйг авч ирэхийг шаардсан.

Дээрх шаардсаны дагуу 2022 оны 12 дугаар сарын 3-нд Байгаль орчны Төлөв байдлын үнэлгээг Кадастрын хэлтэст хүргүүлсэн.

Ингээд хариу өгөхгүй байсан тул 2023 оны 6 дугаар сард дахин уулзахад Байгаль Орчин аялал жуулчлал яамнаас тодорхойлолт авч ирэхийг шаардсан.

Уг шаардлагын дагуу Монгол улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  06/3364 тоот албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт хувийг хүргүүлсэн.

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас хуульд нийцүүлэн сонсох ажиллагаа хийж манай компанид ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох болсон талаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэнээс хойш тус газрын Кадастрын хэлтсийн даргын шаардсан баримт материалыг бүгдийг бүрдүүлж өгсөөр байтал зөвшөөрөл олгохгүй байсан тул 2023 оны 9 дүгээр сард Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандсан дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярм******* дарга 1/4604 тоот албан бичгээр зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэр гэж заасан байсан энэ талаар манай компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч Д.Б гүйцэтгэх захирал Д.Э нар 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/4604 тоот албан бичигтэй 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр танилцаж манай компанийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот шийдвэрээр шийдвэрлэсэн гэдгийг анх удаа мэдсэн ингээд бидний зүгээс дээрх шийдвэрийг илт хууль бус шийдвэр болохыг шүүхээр тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд манай компанийн зүгээс 2008 онд Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших “М*******” нэртэй XV-013******* тоот дугаартай 351.99 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин хайгуулын ажлыг хийж, хуульд заасан холбогдох бүхий л баримт бичгийг бүрдүүлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн материалд цугларсан баримтуудаас ерөнхийдөө 2016-2020 онд хийсэн хайгуулын тайлангуудаа нотариатаар баталгаажуулаад, нотлох баримтын шаардлага хангуулаад өгсөн. Урт нэртэй хууль 2009-2014 онд мөрдөгдөж байсан. Энэ хугацаанд манайх хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын ажлаа хийгээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тайлагнаад явж байсан. Энэ баримтаас үзэхэд Урт нэртэй хуульд холбогдуулж хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан, цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн баримт байхгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хүлээж авсан баримт хэрэгт авагдсан байгаа. Хуульд заасан үндэслэл байсан бол 2014 онд тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бүрдсэн байсан. Гэтэл ******* дугаар тогтоол Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын сайдын 20 дугаар тушаалын, Ашигт малтмалын тухай хуульд тавигдах шаардлагын 8.2, 8.3, 8.4-д заасан заалтуудыг хэрэглэхгүйгээр, хуульд заасан үндэслэл байхгүйгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий ашигт малтмалын ордын онцлог нь хүдрийн биет газрын 20-25 метрийн гүнд, 25-28 метрийн өргөнтэй олборлох хүдэр гараад байдаг. Энэ хүдрийг олборлохдоо Ашигт малтмалын тухай хууль буюу Газрын хэвлэлийн тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг мөрдлөг болгож олборлох үйл ажиллагааг явуулахаар хуульчлагдсан байна. Эдгээр хэм хэмжээнээс харахад ашигт малтмалын онцлогоос хамаараад далд аргаар болон ил аргаар олборлох 2 арга байдаг. Ингээд ил аргаар олборлох техник эдийн засгийн үндэслэл хийгдээд, Урт нэртэй хуульд хамрагдах, тэр хуулиар зохицуулагдах харилцаа байсан. Гэтэл анхнаас нь хайгуул хийгээд, нөөц тогтоогоод энэ ашигт малтмал нь Газрын хэвлийн тухай хууль, мөн Ашигт малтмалын тухай хуулиудаар зохицуулах хэм хэмжээ байсан гэдгийг шүүх анхаарч үзээрэй. Тэгээд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь бол Урт нэртэй хуульд хамрагдахгүй, газрын гүнд олборлолт явагдах байсан учраас хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэж захирамж гаргасан. Ашиглалтын лицензтэй байх хугацаанд тодорхой хэмжээний зардал гаргаад яваад байдаг. Энэ хугацаанд мөн энэ хууль үйлчилж байсан Ашигт малтмал газрын тосны газар эдгээр хууль тогтоомж хэрэгжих боломжгүй байсан юм бол яагаад тэр үед нь таслан зогсоогүй юм бэ? Компани маш их хэмжээний зардал гаргаад, нэг талбай нийт 476 га талбай байсныг 2008 он, 2014 онд 53 га талбайд ашиглалтын лиценз авсан байгаа. Үлдсэн талбайд ашиглалтын лиценз авахад эдийн засгийн хувьд боломжгүй байсан. Мөн хайгуул хийх шаардлагатай басан учраас Ашигт малтмал газрын тосны газартай тохиролцоод хайгуулаа хийгээд байсан. Одоо хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд, нөөцөө тодорхойлуулаад, үлдэгдэл талбай дээрээ ашиглалтын зөвшөөрөл авах зүйл яригдаж байгаа. Нэг талбай дээр үргэлжлүүлж ашиглалтын лиценз авах гэж байгаа юм. хэрэглэх ёсгүй хуулийг үндэслэж захиргааны акт гаргаад байгаа нь компанийг үнэхээр хохироож байна. Хуулийг ялгавартай хэрэглэж байна. шүүх шийдвэр гаргахдаа дээрх үндэслэлүүдийн анхаарч үзнэ үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

          1/Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших “М*******” нэртэй 473,82 га талбай бүхий XV-013******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр АМГТХЭГ /хуучин нэрээр/-ын Кадастрын даргын 474 тоот шийдвэрээр анх “Ф*******” ХХК-д олгосон байна. Уг талбайгаас 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 67,97 га талбайг хэсэгчлэн буцаан өгсөн байна. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 730 тоот шийдвэрээр тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 53.85 га талбайг "М*******” нэртэй MV-01 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, 351.99 га талбай нь " М*******” нэртэй XV-013******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлд үлдсэн байна.

          2/Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасныг үндэслэн “Ф*******” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-013******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлжээ.

          Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан өргөдлийг хүлээн авч хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т "тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй" мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-т "хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх." Гэсэн шаардлагыг тус тус хангаагүй тул мөн хуулийн 26.3.4-т "хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх" гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

          Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг тус тус хориглосон ба мөн хуулийн 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан тул Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

          3/Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. 

          4/Мэдээллийн сангаас хайгаад үзэхээр ХБ-13******* дугаартай М******* нэртэй 358,99 га газарт анх тусгай зөвшөөрөл 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, хугацаа дуусах нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байна. Ингээд төлбөр төлөгдсөн хугацаа 2008-2019 он хүртэл төлбөр төлөгдсөн. Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан төлөвтэй байна. Хариуцагч байгууллагын зүгээс шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж оролцож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-г аваад үзэхээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргаж байна. Тэгэхээр энэ хуульд заасан үндэслэл байгааг манайх хариу тайлбар, татгалзлын үндэслэл дээрээ Урт нэртэй хууль, Ашигт малтмалын тухай хуулиа барьж хариу тайлбар, нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.“Ф*******” ХХК-аас Ф*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шаардлага хангахгүй үндэслэлээр “Ф*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд,  25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.6-т “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж тус тус заажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  235 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.4-д “Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно” гэжээ.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ф*******” ХХК нь 2008 оноос хойш Хэнтий аймгийн Ц******* сумын “М*******” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 13*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон.

4.Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/002 дугаар албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлж, улмаар “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох”-оор гаргасан өргөдөл, хүсэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасантай нийцжээ.

5.Учир нь “Ф*******” ХХК-ийн 2018-2020 онд гянтболдын ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших М******* -II гянтболдын ордод 2018-2020 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай” ХХ-06-11 дугаартай дүгнэлтийг гаргасан, уг  дүгнэлтийг үндэслэн Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай” А/98 дугаар тушаалын 3 дахь заалтад Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших М******* -II гянтболдын ордод 2018-2020 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайлан, хээрийн судалгааны анхдагч материал, тайлангийн бичвэрийг дискийн хамт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны дүгнэлт, түүний дагуу гаргасан Үндэсний геологийн албаны даргын шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан, Геологийн баримтын төв архивт хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн.

6.Түүнчлэн Үндэсний геологийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/04 дүгээр албан бичгээр  “Ф*******” ХХК-ийн Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших М******* -II гянтболдын XV-013******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайланг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/236 дугаар албан бичгээр “Ф*******” ХХК-ийн эзэмшлийн XV-013******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Гянтболдын ордыг далд аргаар ашиглах” төсөлд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13/3298 дугаар албан бичгээр 2021/Е59 дугаартай байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

7.Гэтэл хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй”,  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”,  47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”,  47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заажээ. 

8.Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу ашигт малтмалын хайгуулын XV-013******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашигласан ба улмаар дээрх тусгай зөвшөөрлийг ашиглалтын хайгуулын зөвшөөрөл болгуулахаар холбогдох баримтуудыг хавсарган хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус гэж шүүх дүгнэлээ. 

9.Хэдийгээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж  боловч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 20217 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Т/17-05-02 дугаар дүгнэлтээр, Ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Т/17-05-02 дугаар тэмдэглэлээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт орших М*******-II гянтболдын ордод 2018-2020 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай” ХХ-06-11 дугаартай дүгнэлтээр, 2021/Е59 дугаартай байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтээр, Усны ашиглах боломжит нөөцийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 146 дугаар дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийг гянтболдын ордыг далд аргаар олборлох боломжтойг тогтоосон атал дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна” гээд 26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна “ гэж заажээ. 

10.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан өргөдөл хүсэлтийг нягталж шалгалгүй, дээр дурдсан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу далд аргаар олборлолт хийх боломжтой эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шууд татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

11. Харин тус шүүх энэхүү шүүхийн шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу дээр дурдсан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6тус тус баримтлан “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ф*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ