Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 480

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А. Баясгалан,

Шүүгдэгч Б , Т  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б , Т  нарт холбогдох 1705006080159 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Корье кабел ХХК-д гагнуурчин ажилтай, урьд 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сар хойшлуулсан, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 333 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулсныг тэнсэж 2 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Корье кабел ХХК-д цахилгаанчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Б , Т  нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний автобусны буудлын орчим иргэн С.Өлзийбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Т ийн төрсөн өдрийг тэмдэглэж Ахуй үйлчилгээний автобусны буудлын ард талын бааранд орсон. Шөнө 3 цагийн үед гадаа гараад Өлзийбаяраас тамхи гуйгаад маргалдаад зодолдсон. Жавзандамба намайг салгасан. Тэгтэл цагдаа ирээд намайг бариад явсан” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө миний төрсөн өдрийг тэмдэглэсэн ба 3-4 цагийн үед Жавзандамба Өлзийбаяраас тамхи гуйгаад маргалдсан ба Б  очоод муудалцсан. Тэр 2 машин дотор зодолдохоор нь татаад би нүүр лүү нь өшиглөсөн. Удалгүй цагдаа ирээд биднийг барьсан” гэв. Хохирогч С.Өлзийбаяр мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний 04 цагийн үед дүүгийн хамт верна маркийн 35-45 УНЧ маркийн өөрийн машинаар таксинд явж байсан.Тэгээд хоёр хүн хорооллын ахуй үйлчилгээний тэнд очсон...Тэгснээ жолоочийн хаалгыг онгойлгоод “өө танидаг банди байна шдээ” гэхээр нь би “танихгүй” гэсэн чинь “өө том болчихсон байна” гээд шууд зодоод, машинаас татаж буулгаад өөр залуу нэмэгдээд гурвуулаа нийлээд намайг зодсон, Баясаа гэх залуу нь машинд сууж байхад гараараа нүүр рүү цохиод байсан. Тэгээд үсдээд татаж буулгахад би Баясааг доороо хийгээд хэвтсэн чинь танихгүй нэг залуу нь хажуунаас нүүр рүү өшиглөсөн, тэгсэн ухаан балартсан, миний өмсөж явсан малгайтай цамцны малгайнаас татаад нүүрээр газар чирээд зодоод байсан...” гэжээ. /хх 9-10 хуу/ түүний хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Түвшээ миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Б  нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Жамбаа намайг цохиж зодоогүй...” гэжээ. /хх-11-12 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11174 дугаартай дүгнэлт: “С.Өлзийбаярын биед тархи доргилт, баруун дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал,хамар ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цохны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 19 хуу/ Яллагдагч Б  мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед... Т , Батхүү, Жавзанжамба бид дөрөв... баарнаас гарч ирээд явах гэж байтал Жавзамжамба “Баясаа энд таньдаг хүүхэд чинь байна” гэхээр нь яваад очиход Өлзийбаяр өөр нэг залуутай машинд сууж байсан, Өлзийбаяр жолооны ард сууж байсан. Тэгээд хуучны танил Өлзийбаяр байхаар нь танимхайраад “тамхи өгчих” гэхэд “ чи муу хэзээ ийм том болсон уу” гээ бид хоёр хоорондоо маргасан. Жавзамжамба тамхи асуусан байсан. Тэгээд би жолоочийн хаалгыг нь онгойлгоод цохилцсон. Өлзийбаяр машинаасаа бууж ирээд намайг хавирч унагаасан. Тэгсэн манай найз Т , Жавзамжамба нар салгаад Т  бас Өлзийбаяртай муудалцаад байсан. Өлзийбаяртай явж байсан хүүхэд цаашаа гүйж яваад хэдэн залуучууд дагуулаад ирсэн, тэр залуучууд яг хаанаас гарч ирснийг хараагүй. Тэгээд хоорондоо бужигналдаж байтал цагдаа ирсэн...” гэжээ /хх-29-30 хуу/ Яллагдагч Т  мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 01-нд миний төрсөн өдөр болоод Батхүү, Б , Өлзийбаяр бид 4 бааранд ороод гарсан. Би тэр өдөр нэлээн согтсон. Өлзийбаяр гэж залууг зодсоноо санахгүй байгаа, гэхдээ тэр залуутай уулзахад намайг нүүр рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Би хүнд боолгоод сэргэсэн...” гэжээ. /хх-31-32 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа, ажлын газрын тодорхойлолт урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39, 40 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б , Т  нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний автобусны буудлын орчим иргэн С.Өлзийбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Өлзийбаяр /хх 9-10, 11-12/-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11174 дугаартай дүгнэлт /хх 19/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39, 40/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б , Т  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б , Т  нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч С.Өлзийбаяр нь гомдол санал байхгүй /хх 47/ гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б , Т  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т ийг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б , Т  нар нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01- ний дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б , Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ