Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч М  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006100133 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Дархан Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч М  нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наwk arena” тоглоомын газар үйлчлүүлж байсан Ч.Чинтогтохын Samsung LG g5 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар 06- ны орой тоглоомын газар ороод өглөө гарахдаа текэн дээр цэнэглэж байсан гар утсыг аваад гаръя гэж бодоод авсан” гэв. Шүүгдэгч М  нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наwk arena” тоглоомын газар үйлчлүүлж байсан Ч.Чинтогтохын Samsung LG g5 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Эд мөрийн баримтаар “Hawk arena” комьпютер тоглоомын газрын хяналтын камерийн бичлэгийг дискэн хуулж хураан авсан” тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 7 дугаар хуудас/ Камерын бичлэгт үзлэг хийсэн “... hawk arena гэх нэртэй компьтер тоглоомын газрын бичлэгээр 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 07:50:47 секундэнд хар бараан өнгийн хувцастай, саравчтай малгайны саравчийг хойш нь харуулж өмссөн, 18-21 орчим насны эрэгтэй ганцаараа ирээд хүн харж зогсож байгаад 07:50:56 секундэнд тухайн газрын текэн дээгүүр нь биеийн цээж хэсгийг давуулж 2 гараараа текнээс бариад эд зүйл хайж байв. 07:51:09 секунтэнд баруун гараар цэнэглэж байсан гар утсыг залгуураар нь салгаж аваад 07:51:11 секундэнд уг эрэгтэй нь өмсөж явсан куртикны баруун халаас руу гар утсыг хийгээд 07:51:14 секундэнд камерны тусгалаас гарав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 9 дүгээр хуудас/ Хохирогч Ч.Чинтогтохын “Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай ах Мөнхсайханы ажиллуулдаг тоглоомын газарт сууж байхдаа өөрийн гар утсаа текний ард тавьсан байсан юм. Тэгээд гарчихаад ороод ирэхэд гар утас байхгүй байсан. Камерын бичлэг шүүхэд М  гэж дууддаг тухайн тоглоомын газраар тогтмол ирдэг нэг залуу хулгайлж байгаа бичлэг байсан. Би гар утсаа Теди төвөөс 500.000 төгрөгөөр 2017 оны 03 дугаар сард худалдаж авч байсан юм. Би гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/ Эд зүйлийн үнэлгээ “... LG-g5 маркийн гар утсыг 380.000 төгрөг” /хэргийн 18 дугаар хуудас/ Шүүгдэгч М ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн үед комьпютер тоглоомын газраас би найз Батмагнайгийн хамт гарах гэж явж байхад тек дээр нь LG брэндийн G-5 маркийн гар утас цэнэглэж байхаар нь салгаад аваад гарсан. Би хулгайлсан гар утсаа 200,000 төгрөгөөр ломбарданд тавиад тухайн гар утсыг авч чадахгүй байж байгаад алдсан. ... Нөгөө гар утасны эзэн Чинтогтох гэх залуутай уулзаж гар утсныхан оронд Самсунг Эс 6 маркийн гар утас, бэлэн 130.000 төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Иймд шүүгдэгч М ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч М  нь энэ гэмт хэргийг шунахай зорилгоор санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч М ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гарсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч М ээс мөрдөн байцаалтад гаргасан хүсэлтэндээ “2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чинтогтохын гар утсыг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна. Чинтогтохтой сайн дураар эвлэрсэн хохирлыг төлж барагдуулсан” гэжээ. /хэргийн 40 дүгээр хуудас/ Хохирогч Ч.Чинтогтохын мөрдөн байцаалтад гаргасан хүсэлтэндээ “Чулуунтогтох овогтой Чинтогтох миний бие М ээс хохирлын мөнгө болох 130.000 төгрөг, “Самсунг Эс 6 эдж” гар утсыг хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн гомдол байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлмээр байна. Сайн дураар эвлэрсэн” гэжээ. /хэргийн 41 дүгээр хуудас/ Иймд шүүгдэгч М  нь хохирогч Ч.Чинтогтохтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан тул М ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан М ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг буцаан хэрэглэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, М  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ