Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

 

 

 

 

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00372 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Х.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 144 646 678 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, Ц.Ган-Од, Г.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 01 дүгээр сарын 03-ны өдөр 3012-2018/01 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж 109 200 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж, барьцаанд нь Х.Соёл-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 давхар, D-1/A тоот 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлээс 6 486 373.78 төгрөг, үндсэн хүү 9 162 656.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 869.62 төгрөг, нийт 15 752 900 төгрөгийг төлсөн. Гэвч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээл, түүний хүүг хугацаанд төлөөгүй тул банк удаа дараа зөрчлийг арилгахаар харилцан тохиролцож шаардаж байсан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг нэг талын санаачилгаар, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь мөн өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 102 713 626 төгрөг, зээлийн хүү 39 728 153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 204 899 төгрөг, нийт 144 646 678 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Х.С- нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, талууд уулзаж байсан. Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж гэрээний үүрэгт 127 576 139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байсан тул энэ өдрөөр гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Харин товлогдсон хуралдаа нэхэмжлэгч ирээгүй учир шүүх нэхэмжлэлийг нь буцаасан, энэ захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Иймд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ цуцлагдсан бөгөөд энэ хүртэлх зээл, хүүг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна.

Манай тооцооллоор үндсэн зээл 102 713 626 төгрөг, хуримтлагдсан хүү 23 955 530 төгрөг, нийт 126 669 157 төгрөг төлөх үүрэгтэй гэж үздэг. Мөн жилийн 24 хувийн хүүгийн хэмжээ өндөр байна. Нийтэд илэрхий үйл баримтаас харахад жилийн 3 хувийн хүүтэй байхад 24 хувийн хүү төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ. Иймд хүүгийн 23 955 530 төгрөгийг 50 хувиар бууруулж 11 977 765 төгрөг болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцох нь буруу бөгөөд хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тохиолдолд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш тооцох тул нэмэгдүүлсэн хүү 2 204 899 төгрөгийг зөвшөөрөхгүй. Харин үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 114 691 391 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 29 879 732 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд тусгайлан хэлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.С-эс 133 120 131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 450 992 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.С- нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “К Б” ХХК-ийн барьцаанд байгаа, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 дугаар давхар, D-1/A тоот 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 951 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч Х.С-эс 893 751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зээлийн гэрээ цуцлагдсан хугацааг зөв тогтоосон боловч тооцоололд алдаа гаргасан. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүрэгт 127 576 139 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх 133 120 131 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрт 5 543 992 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байгааг зөвтгөн, тооцооллын өөрчлөлт оруулав. 

 

Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Х.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 102 713 626 төгрөг, хүү 39 728 153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 204 899 төгрөг, нийт 144 646 678 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаарлага гаргасныг, хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 34-35/

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбар зэргээс үзвэл, талууд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3012/2018/01 дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “К Б” ХХК нь зээлдэгч Х.С-д 109 200 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн хүү 24 хувь, нэмэгдүүлсэн хүү 4.8 хувь байх нөхцөл тохиролцож, үүргийн гүйцэтгэлд зээлдэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж 51/7 дугаар байр D-1/A тоот 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбарыг  улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 9-15/

 

 Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтөд маргаагүй бөгөөд уг гэрээ тус бүр нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Хэрэгт авагдсан “К Б” ХХК-аас Х.С-д хүргүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 02, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл”-үүд /хх23-24/, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр талууд уулзалт хийсэн тэмдэглэл /хх25/ 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Х.С-эс “К Б” ХХК-д гаргасан хүсэлт /хх18/ зэргийг харьцуулан үзвэл, зээлдэгч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөн талаар нэхэмжлэгчээс хариуцагчид мэдэгдэж байсан, хариуцагч нь цаашид гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн гэх үндэслэлээр шүүхэд хандаж зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлтийг нэхэмжлэгч талд гаргаж байжээ. Улмаар “К Б” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 102 713 626 төгрөг, хүү 24 126 938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 575 төгрөг, нийт 127 576 139 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл /хх41-42/ гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7141 дугаар захирамжаар буцаасан байна. /хх 43-44/

 

Дээрх тохиолдолд зээлдүүлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5, 10 дугаар зүйлийн 10.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцласан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тооцож, өмнө нь шүүгчийн захирамжаар буцаагдсан нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 127 576 139 төгрөгийг нэмэгдүүлж 144 646 678 төгрөг гэж тодорхойлсон нь хэргийн үйл баримт, талуудын байгуулсан гэрээ, дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

 

Анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан болон түүний хугацааны талаар зөв дүгнэлт хийсэн атлаа гэрээнд заасан үүргийн тооцооллыг хийхдээ нэхэмжлэлийн шаардлагад заасан үндсэн зээлийн үлдэгдэл 102 713 626 төгрөгийг, зээлдэгчийн анх зээлсэн мөнгөн хөрөнгийн дүн болох 109 200 000 төгрөгөөр тодорхойлж, түүнд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, зээлийн гэрээний үүргийг тооцоход, хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 102 713 626 төгрөг, хүү 23 007 852 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920 114 төгрөг, нийт 126 641 588 төгрөг төлөхөөр байна. Гэвч хариуцагч Х.С- “шүүхийн шийдвэрээс нийт 5 543 992 төгрөгийг эс зөвшөөрсөн” агуулгаар давж заалдах гомдол гаргасан байх тул талуудын мэтгэлцэх зарчимд нийцүүлэн уг үнийн дүнгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар байна.   

 

Харин, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Иймд хариуцагч Х.С-эс зээлийн гэрээний үүрэгт нийт 127 576 139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 070 539 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.С-эс зээлийн гэрээний үүрэгт нийт 127 576 139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 070 539 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 951 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-эс 795 831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.С-эс төлсөн 103 654 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО                                                            

                                       ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                                         Т.ТУЯА