Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03013

 

 

 

 

 

      2024           05               30                                            184/ШШ2024/03013

 

   Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, Монреимпекс, 306А тоотод  байрлах “ Прогресскапитал ББСБ” ХХК /регистрийн дугаар:5366283/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо 22 дугаар гудамж, 7 тоот хаягт оршин суух, Д.******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

 “Зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 2,232,038.55 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             1.Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Прогресс капитал ББСБ“ ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 1,699,900 төгрөгийг, 1 сарын 3,3 % хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “Сайн Интернэшнл” ХХК-иас Galaxy A53 загварын гар утас, худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-нд шилжүүлсэн. Мөн Д.******* нь тус Galaxy A53 маркийн гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан “... Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах...” гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч Д.*******г зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,593,124.02 төгрөг, зээлийн хүү 593,631.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,283.2 төгрөг нийт 2,221,038.55 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,221,038.55 төгрөг мөн нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 2,232,038.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж болон Д.Эрдэнэмандал нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батнасан нь нэхэмжлэлийн төлбөр болох 2,232,038.055 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 2,232,038.55 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,232,038.55 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй  байна.

Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 50,663 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 25,331.5 төгрөгийг, улсын төсвөөс 25,331.5 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “ Прогресскапитал ББСБ” ХХК-д олгов.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.“Прогресскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал 11,000 төгрөг нийт 2,232,038.55 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 50,663 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 25,331.5 төгрөгийг, улсын төсвөөс 25,331.5 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                              

 

                              ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ