Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0801/3 |
Дугаар | 128/шш2024/0124 |
Огноо | 2024-02-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 128/шш2024/0124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А******* м*******” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга,
Маргааны төрөл: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралда: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Э.П*******, Д.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Үйл баримтын тухайд,
1.1.Анх “А******* м*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дүгээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1.2.”А******* м*******” XXК-д Өмнөговь аймгийн Г******* сумын нутаг Т нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-0*******917 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *******3 дугаар шийдвэрээр, Өмнөговь аймгийн Г******* сумын нутаг Я усны хяр нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр, Өмнөговь аймгийн Г******* сумын нутаг Ш-1 нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр тус тус олгожээ.
1.3.Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх тул “А******* М*******” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын "Ш-1 нэртэй MV-02, "Т" нэртэй *******917A, "Я усны хяр" нэртэй MV-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан байна.
1.3.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “А******* М*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан.
1.4."А******* м*******" XXК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “А******* м*******” ХХК-ийн “Т” нэртэй МV-0*******917, Ш-1 нэртэй МV-02 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Я усны хяр нэртэй MV-01 дугаартай зөвшөөрлийг цуцлах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
1.5.Харин Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар магадлалаар “...хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байх тул Яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсээс тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Т нэртэй MV-0*******917” гэснийг хасаж, мөн заалтын “...Я” гэсний өмнө “Т нэртэй MV-0*******917,” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.
1.6.Үүний дараа “А******* м*******” ХХК-аас Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлт, мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 006 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 006 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоож...” шийдвэрлэжээ.
1.7.Улмаар “А******* м*******” ХХК нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3-д заасан үндэслэлээр хүсэлт гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 788 дугаар тогтоолоор “А******* м*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, “А******* м*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 299 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.
2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Манай компани Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* гэсэн дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай А/3******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл яам болон агентлаг мөн орон нутгийн байгууллага Захиргааны ерөнхий хуулийг огт мөрдөөгүй, биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллага баримтлах зарчмуудыг бол зааж өгсөн. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн байх бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх мөн 4.2.6-д эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүдэд бол урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг яам, агентлаг огт баримтлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдал болон нотлох баримт цуглуулах үйл ажиллагааг огт мөрдөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Мөн захиргааны байгууллагууд Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас гэдэг зүйлийг хангаагүй. Энэ захиргааны шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийг огт биелүүлээгүй гэж үзэж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн дүгнэлт болон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь заалтыг үндэслэлээ болгож цуцалдаг. Энэ үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д юу гэж заасан гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хор нөлөөлөлтэй эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны нэгжүүдийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан гэж байгаа юм. Үндэслэн биш харгалзан гэсэн байгаа. Мөн харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлт төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гэж үзэхэд хэцүү дүгнэлт биш гэж манай байгууллагын зүгээс бол үзэж байгаа. Хууль зүйн хувьд бол дүгнэлт биш байна. Дүгнэлт нь өөрөө хэрэгт авагдсан байгаа. А4-ийн цаасан дээр гаргасан. Ямар нэгэн байгууллагын лого тэмдэг байхгүй байгаа. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоол байгаа архивын тухай хуулийг үндэслэж гарсан. Төрийн байгууллага тамга тэмдэг, баталгааны маягт, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар гэж байгаа. Тухайн үед маргаан бүхий үйл баримт явагдаж байх үед бол мөрдөгдөж байсан. 2020 оны сүүлээр Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль гараагүй байсан. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлд хэвлэмэл хуудас нь зориулалтын хувьд албан бичгийн болон захирамж гэсэн 2 төрөлтэй байна. Тэгэхээр төрийн байгууллага 2 төрлийн хэвлэмэл хуудас ашиглана гэж байгаа юм. А4-ийн цаас ашиглахгүй гэсэн агуулгатай. Энэ тогтоолын 11 дүгээр хавсралтад байгууллага, албан тушаалтны албан бичгийг хэвлүүлэх хуудс байгууллагын зохион байгуулалтын нэгж болон албан тушаалтны нэр, хаяг, байршил, регистрийн дугаар, шуудангийн хаяг нэр байна гэж байна. Мөн 13 дугаар зүйлд А4-ийн цаасан дээр зориулалтын хэвлэмэл хуудсан дээр сайн чанарын цаасан дээр стартын дагуу хэвлэж гаргана гэсэн утга агуулгатай зохицуулалт байна. ******* дүгээр зүйлд хэвлэмэл хуудасны бүрдүүлэлт нь түүнд дүрсэжсэн сүлд, соёмбо буюу хар өргөөр стартын дагуу хэвлэгдэнэ. Мөн журмын 3 дугаар хавсралтын 3.32-т хэвлэмлийг газар, хэлтэс, тасаг, албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичигт дарна. Өөрөөр хэлбэл хэвлэмэл хуудаст тэмдэг дарна гэсэн зохицуулалт байгаа. Энэ 3.38 –т байгууллагын бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр нь ангилж, хэвлэмэл хуудасны баруун доод өнцөгт дугаарлалт дарна гэсэн байна. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлт А4-ийн цаасан дээр тамга дарсан, төрийн байгууллага, Засгийн газрын тогтоолд заасан лого тэмдгийг тавиагүй. Ажлын хэсгийн дүгнэлтийн төсөл байгаа, албажуулаагүй, хэвлэмэл хуудсан дээр буулгаагүй дүгнэлтийг явуулсан. Засгийн газрын тогтоолд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2020 оны 05 дугаар сарын 26-нд А/42 дугаартай тушаалаар журам баталсан. Маргаан бүхий захиргааны акт гарахаас 3 сарын өмнө гаргасан. Энэ журам хүчинтэй үйлчилж байгаа. Уг журам аймаг, нийслэлийн засаг дарга ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг яаж үнэлэх, хэрхэн яам хүлээж авах, яаж хэлэлцэх вэ гэдгийг зохицуулсан журам байгаа. Энэ журмыг бүхэлд дүгнэлт гаргасан ажлын хэсэг зөрчсөн байгаа. Энэ журамд орон нутаг ямар бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлэх вэ гэдгийг заасан. Гэтэл орон нутаг журамд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлээгүй байна. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд санал ирүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирүүлнэ гэж заасан. Журмын 2.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн аймаг, нийслэлийн ажлын хэсгийн жил бүрийн дүгнэлтийн хуулбар, 2.1.3-т байгаль орчинд тогтвортой нөлөөлж байгаа талаарх бичиг баримтууд, эрх бүхий байгууллагын шалгалтууд, тооцооллууд,мөн фото зураг, дүрс, хэмжилт шинжилгээний дүн зэргийг ирүүлнэ гэсэн байна. Энэ баримтууд ирээгүй байдаг. Мөн уул уурхайн олборлолттой холбоотой эвдэрсэн газартай холбоотой бичиг баримтуудыг ирүүлнэ гэсэн байна. Энийг ирүүлээгүй. Журмын 2.1.4, 2.1.5-д заасан хууль хяналтын эрх бүхий байгууллагаас тухайн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллага хийсэн хяналт шалгалттай холбоотой баримт бичиг, акт, шийдвэр, танилцуулга авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх нотлох баримтыг ирүүлнэ гэснийг ирээгүй байж байгаа. Тэгэхээр нотлох баримт нь ирээгүй, сонсох ажиллагаа хийсэн баримтуудыг ирүүлээгүй. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй уулзаж, мэдэгдсэн талаарх баримтуудыг ирээгүй. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаарх бичиг баримтуудыг ирээгүй. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, иргэдийн гарын үсгийг ирээгүй байж байдаг. Тэгээд бичиг баримт ирээгүй ажлын хэсэг нь орон нутгаас ирсэн саналыг буцаана гэсэн зохицуулалттай байна. Энэ журам заасан бичиг баримтууд нь дутуу байхад буцаагаагүй байгаа. Энэ тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах журам гэж байгаа. Уг журам дээр ажлын хэсэгт ямар хүмүүс орох вэ гэдгийг заасан. Яамны хүрээлэн буй орчны газрын дарга, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга ороогүй байгаа. Тэгэхээр тушаал энэ журмаа зөрчсөн байгаа. Мөн ойн болон усны бодлого хариуцсан мэргэжилтнүүд орно гэсэн энэ мэргэжилтнүүд ажлын хэсэгт ороогүй. Ажлын хэсэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газрын дарга орсон, тусгай хамгаалалттай газрын дарга орно гэсэн зохицуулалт журамд байхгүй байгаа. Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын тогтоол, мөн сайдын 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан журмыг бүхэлд нь зөрчсөн. Ажлын хэсэгт ямар нэгэн хурлын тэмдэглэл байдаггүй. Энэ журам дээрээ хурлаа 3 хоногийн дотор зарлаж ажлын хэсэгтээ мэдэгдэнэ гэсэн байдаг. Тэгэхээр хэзээ хурал нь зарлагдсан тухай мэдээлэл байдаггүй. Ажлын хэсгийн гишүүд ямар санал гаргасан, зарчмын зөрөөтэй санал гаргасан бол тэрийг нь хурлын тэмдэглэлд тусгана гээд журамд заасан. Гэтэл зарчмын зөрөөтэй санал гаргасан үгүйг мэдэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг хяналтын дагалдах хуудас байдаггүй. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг яамны хуулийн хэлтэс, эрх бүхий албан тушаалтнууд нь хянаж, шалгасан уу, хууль зүйн хувьд бичиг баримтын стартын хувьд үг үсэг, найруулгын зүйн хувьд болж байгаа юм уу гэдгийг нь хянасан зүйл байдаггүй. Зөвхөн хэдэн хүмүүс хэзээ, ямар өдөр, хэдэн тоот өрөөнд хэдэн цагт хуралдсан гэдэг нь байдаг. Хурлын тэмдэглэл байдаггүй. Энэ хууль бус гэдэг нь нотлогдож байна. Агентлагийн даргын тушаалд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-г заагаад, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмууд, 28 дугаар зүйл 28.1.1 1.2-г заагаад, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн 2020/******* дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн шийдвэрлэх нь гэсэн байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д яамны дүгнэлтийг буюу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн гэсэн байгаа юм. Байгаль орчин аялал жуулчлалын яам 2 төрлийн хэвлэмэл хуудас байдаг. Гэтэл энэ дүгнэлт яамны хэвлэмэл хуудсан дээр буугаагүй дүгнэлт байгаа. Хариуцагч 2 байгууллагаас манай байгууллагад мэдэгдсэн, оролцоог хангасан, тайлбар мэдүүлгийг авсан зүйл байдаггүй. Тийм учраас нэхэмжлэл гаргаад явж байгаа. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаад хоёр шатны шүүхээр яваад манай байгууллагын нэг зөвшөөрөл хүчинтэй хэвээр үлдсэн. Тэр нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн. Бид нар асуудлыг дахин шалгаад Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхэд асаг 2 үндэслэлээр хсан Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гарсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон нөхөн сэргээлтийн ажил, сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн ажлын хэсэг болбол байгаль орчны төлөвлөгөө болон нөхөн сэргээлтийн ажлыг дүгнэхдээ нотлох баримт цуглуулсан, ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна. Зөвхөн шууд тоогоор илэрхийлэх дүн тавьсан байна. 10 үзүүлэлтээр дүгнээд байгаа нэг үзүүлэлт нь ямар оноотой, яагаад бага оноо авсан, газар дээр нь очиж ажилласан уу, ямар байгууллагуудын хяналт шалгалт, дүгнэлтийг үзсэн юм гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн тоо татаж дүгнэсэн байна. Энэ нь хууль бус болжээ. Мөн байцаагч дүгнэлт гаргахдаа компанийг төлөөлөх эрхгүй, ямар нэгэн бүртгэлгүй хүнийг захирал гэж дуудаж тайлбар авч торгосон нь хууль бус байна гэж дүгнэсэн. Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэрт хариуцагчид гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Энийг үндэслээд шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас дахин хянуулахаар шүүхэд хаад, захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тогтоол гаргаад, захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Тухайлбал яам, агентлаг хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Тухайн орон нутгаас ирүүлж байгаа албан бичгүүд, санал дүгнэлтүүдийг хуулийн дагуу хийгдсэн гэдгийг хянаж шалгаагүй, бодит нөхцөл байдлыг нь тогтоогоогүй, газар дээр нь ажиллаагүй. Зөвхөн сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг дагаж шийдвэр гаргасан. Гэтэл орон нутаг нь хуулиа зөрчөөд шийдвэр гаргасныг нь шүүхийн байгууллагаар тогтоогдсон байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоол, сайдын журмыг бүхэлд нь зөрчсөн байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актуудыг бол хүчингүй болгож өгнө үү. Мөн нэмж хэлэхэд “А******* м*******” ХХК 2008-2023 он хүртэл хугаца Улсад 121 тэрбум төгрөгийн татвар төлсөн байгаа. Ус ашигласны төлбөр 108 сая, цалинд 9,9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,1 тэрбум, хувь хүний орлогын албан татварт 1.1 тэрбум, лицензийн төлбөрт 3,3 тэрбум төгрөг, хайгуулын ажлын зардалд 63 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Манай байгууллага 3 лицензийн 1 лицензийг ашиглаж байсан. 2 лиценз дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хөрс хуулалт хийгээгүй байсан. Гэтэл 3 лицензийг хууль бусаар дүгнэж шийдвэр гаргасан” гэв.
2.2.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******оос: “Хариуцагчийн зүгээс шүүхэд хариу тайлбараа гаргаад өгсөн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан байгаа. Үүний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам төрийн захиргааны байгууллагад дүгнэлтийг ирүүлсний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны А/3******* дүгээр шийдвэр гарсан. Нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байдлуудыг дурдсан байгаа. захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-г үндэслэсэн байгаа. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
2.3.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******оос: “Энэ дүгнэлтийн хувьд хэд хэдэн баримтыг үндэслэсэн байдаг. Ажлын хэсгийн зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаар нэхэмжлэгч ярьж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 425 дугаар тушаалын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан дүгнэлт гаргах байнгын ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг холбогдох хууль журам, аймгаас ирсэн саналыг үндэслээд дүгнэлтийг гаргасан. Байгаль орчин аялал жуулчлалын яам нутгийн захиргааны байгууллагаас удаа дараа “А******* м*******” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг холбогдох баримт бичгүүдийг үндэслээд Байгаль орчин аялал жуулчлалын яам дүгнэлтээ гаргасан. Нэгж талбар талбай дээр дурдсан нэлээн хэдэн баримтууд байгаа. нэг бүрчлэн дурдахгүй товчхон яриад явъя. Тухайн баримтуудыг үндэслээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны ажлын хэсгээс дүгнэлтээ гаргасан байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах журмын 3.3 дахь хэсэгт ажлын хэсэг нь шаардлагатай тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь очиж ажиллах бөгөөд нутгийн захиргааны байгууллага холбогдох эрх бүхий байгууллагаас нэмэлт тайлбар материал гаргуулан авч болно гэж заасны дагуу орон нутгийн байгууллагуудаас ирсэн удаа дараагийн хүсэлт зэргийг үндэслэж тухайн газар дээр нь хяналт шалгалт хийхэд Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан удирдамжийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газар, Алтайн өвөр багийн сав газрын хамгаалалтын захиргаа хамтарсан ажлын хэсэг нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт, шалгалт хийж танилцсан. Тус ажлын хэсгийн хяналт шалгалтаар “А******* м*******” ХХК нь ашигт малтмалын 020*******91701 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2 удаагийн дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн. Мөн уулын болон хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй зөвшөөрөлгүй талбайд хайгуул, олборлолт явуулсан, улмаар байгаль орчинд хохирол учруулсныг тогтоогдож, эрх бүхий мэргэжлийн байгууллагын хохирлын үнэлгээний тайл дурдсанаар *******3 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байх тул “А******* М*******” ХХК-ийн эзэмшиж, байгаа Ш-1, Х, Я усны Х нэртэй ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь хэрэгт авагдсан ажлын хэсгийн илтгэх хуудсаар нотлогдоно. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн дүгнэлтийг гаргахдаа бодит нөхцөл байдалд тулгуурлан орон нутгийн байгууллагуудаас ирсэн удаа дараагийн хүсэлт, мөн аймгийн Засаг даргын гаргасан хүсэлтүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан хүсэлт, албан даалгавар, албан бичиг зэрэг бүх нотлох баримтуудыг үндэслээд хуульд заасны дагуу тухайн дүгнэлтийг гаргаж, Ашигт малтмал газрын тосны газарт явуулсан байгаа. Тухайн дүгнэлтийг хууль бус, гаргах эрхгүй этгээд гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралда гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх тул “А******* М*******” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын "Ш-1 нэртэй MV-02, "Т" нэртэй *******917A, "Я усны хяр" нэртэй MV-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 1 дүгээр зүйлд “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэжээ.
1.2. Дээрх дүгнэлтэд
- Өмнөговь аймгийн Г******* сумын 3асаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/325 тоот "Хүсэлт гаргах тухай" албан бичиг,
-Өмнөговь аймгийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1-21******* тоот албан бичиг,
-Өмнөговь аймгийн Засаг даргын "Материал хүргүүлэх тухай" 2019 оны 12
дугаар сарын 10-ны өдрийн 1-3073 тоот албан бичиг,
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын "Хүсэлт уламжлах тухай" 2020 оны 04
дүгээр сарын 30-ны өдрийн ХЭГ/1161 тоот албан бичиг, хавсралтаар Монгол Улсын Ерөнхий сайдад хсан Их Хурлын гишүүн Н.Агийн "Арга хэмжээ авах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29******* тоот албан бичиг, Г******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Оын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 тоот албан бичиг, Г******* сумын Гоёот багийн Засаг даргын “Хүсэлт хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот албан бичиг болон “А******* М*******- ХХК-ийн Ты алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж буй нийт 531 иргэний гарын үсэг бүхий нэрсийн жагсаалт;
-Өмнөговь аймгийн Засаг даргын "Санал уламжлах тухай" 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1-1*******4 тоот албан бичиг, хавсралтаар Г******* сумын Засаг даргын "Хүсэлт уламжлах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/187 тоот албан бичиг, Г******* сумын Гоёот багийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 62 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг"-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “А******* М*******” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд төлөвлөгөөнд тусгагдсан 8-н бүрэлдэхүүн хэсэг ажлыг 50.58 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт болон “А******* М*******” XXК-ийн Ты алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж буй нийт 531 иргэний гарын үсэг бүхий нэрсийн жагсaалт,
-Өмнөговь аймгийн Г******* сумын Засаг даргын "Хүсэлт гаргах тухай" 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/299 тоот албан бичиг,
-Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын "Мэдээлэл хүсэх тухай" 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/16 тоот албан бичгүүдийг дурджээ.
1.3.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг"-ийн дүгнэлтүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 006 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоожээ.
1.4.Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугаца хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
1.5.Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон дээрх ажлын хэсгийн дүгнэлтүүд шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон тул тус шүүх дээрх ажлын хэсгийн дүгнэлтүүдэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
1.6.Харин бусад үндэслэл болох уулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөнд заагаагүй их хэмжээний газар буюу уулын салаа болгоныг дур мэдэн ухаж, шүүрдэж, олборлосон элсийг угаан баяжуулж байгаль орчинд хортой нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, дүгнэлтэд нэхэмжлэгчийн МV-0*******917 /дүгнэлтэд бичсэнээр/ тоот тусгай зөвшөөрлийн талбайд зөрчил гэх зүйл дурдагдаагүй, МV-01 тусгай зөвшөөрлийн талбайд зориудаар худаг гаргасан байх магадлалтай, уулын ажлын төлөвлөгөөнөөс гадуур олборлолтын үйл ажиллагаа явуулсан, уулын салаа, ам болгоныг ухсан, зориудаар том чулуунуудыг тараан байрлуулсан гэж, МV-02 талбайд ажилласан талаар огт дурдаагүй байна.
1.7.Гэтэл дүгнэлт хэсэгт нэхэмжлэгчийн МV-0*******917, МV-01, МV-02 дугааруудтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлтийг гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
1.8.Учир нь дээрх дүгнэлтэд нэхэмжлэгчийн МV-0*******917, МV-01, МV-02 дугаар тусгай зөвшөөрлийн талбайнуудаас зөвхөн МV-01 тусгай зөвшөөрлийн талбайд зориудаар худаг гаргасан байх магадлалтай, уулын ажлын төлөвлөгөөнөөс гадуур олборлолтын үйл ажиллагаа явуулсан, уулын салаа, ам болгоныг ухсан, зориудаар том чулуунуудыг тараан байрлуулсан гэх зөрчлийг дурдсан атлаа бусад талбайг ямар үндэслэлээр цуцлах үндэслэл бүрдсэн талаар дурдаагүй, МV-01 тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан гэх зөрчлийг нэхэмжлэгч эсхүл бусад иргэн, хуулийн этгээд гаргасан эсэхийг нягталаагүй, зөвхөн илтгэх хуудсын 1 дэх заалтад дурдсан “М м” ХХК-ийн байгаль орчны хохирлын үнэлгээ болон бусад төрийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдэд хөтлөгдсөн гэж үзэхээр байна.
1.9.Тодруулбал, нэхэмжлэгчийг байгаль орчинд хохирол учруулсан гэх “М м” ХХК-ийн дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчил бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/186 дугаар захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн, уг дүгнэлтэд мөн л зөвхөн Я усны хяр нэртэй МV-01 дугаартай талбай хамрагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, дүгнэлтэд дурдсан зөрчлийг гаргаагүй, хууль бусаар алт олборлогч нар учруулсан, уг асуудлыг Өмнөговь аймгийн Г******* сумын Цагдаагийн хэлтэс шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20/081 тоот албан бичгээр гаргасан өргөдөлд дурдсан атал уг асуудлыг шалгаагүй, эцэслээгүй, хөндлөнгийн буюу ашиг сонирхлын зөрчилгүй этгээдээр дүгнэлт гаргуулаагүй байна.
1.10.Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн А/590 дүгээр тушаалаар дахин ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд маргаан бүхий талбайд ажиллажээ.
1.11.Уг дүгнэлтэд нэхэмжлэгчийн Я усны хяр нэртэй MV-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2.01 га талбайд хууль бусаар уулын ажил явуулсан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй үнэлэгдсэн, *******3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж, Т MV-0*******917 тусгай зөвшөөрөл бүхий талбайн хувьд Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор төлөвлөгөөнд тусгагдаагүй Хуримын ордон гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, зөрчлийн шинжтэй гэж үзэж эрх бүхий байгууллагад шилжүүлсэн гэж, Ш-1 нэртэй MV-01 талбайд ямар нэгэн ашиглалт явуулаагүй гэж тус тус дүгнэжээ.
1.20.Гэтэл Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоол, түүний үндэслэсэн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 006 дугаар шийтгэлийн хуудсыг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр дүгнэж, хууль бус байсан болохыг тогтоожээ.
1.21.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг"-ийн дүгнэлтүүд хүчингүй болсон, байгаль орчинд хохирол учруулсан гэх “М м” ХХК-ийн дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчил бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/186 дугаар захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн, MV-01 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар хууль бусаар эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч эсхүл бусад этгээд учруулсан эсэхийг эцэслээгүй, уг зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.22.Харин дүгнэлтэд дурдсан бусад Сумын болон аймгийн Засаг дарга нарын албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг, Сумын Иргэдийн хурлын албан бичгүүд нь санал, хүсэлтийн шинжтэй байх тул тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэжээ.
2.1.Шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг дүгнэлтийг үндэслэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр тушаалыг мөн хүчингүй болгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн
ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “А******* м*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/******* дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3******* дүгээр тушаалуудыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ