Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох 1705004660198 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Орхон аймгийн Хутаг- Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан хийдэг гэх, ам бүл 2, төрсөн эхийн хамтаар оршин суудаг /хх 20,26/, улсаас авсан гавъяа шагналгүй, уьд ял шийтгэлгүй. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б  нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн М.Долгорсүрэнгийн эзэмшлийн гар цүнхийг нууцаар хулгайлан авч 610,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Хохирогч М.Долгорсүрэн мэдүүлэхдээ: “миний хувьд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Б  надад миний хохирол мөнгөнд 800,000 төгрөг бэлнээр өгсөн. Б  миний эд зүйлсийг өгөөгүй зөвхөн бэлэн мөнгөөр хохирол барагдуулсан. Надад одоо хэн нэгэнд ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ./хх 9-10, 36-37/ Гэрч Э.Төгөлдөр мэдүүлэхдээ: “..би 2017 оны 8 дугаар сарын 10-ны орой найз нартайгаа Сеа бааранд ороод үйлчлүүлж байсан чинь манай гэрийн ойролцоо байдаг зүс таних Б  найзуудтайгаа явж байсан. Тэгээд бид нар хамт бүжиглэж байсан чинь Б  миний сууж байсан ширээн дээр суучихсан байсан. Тэгээд би нэг их тоогоогүй бүжиглэж байсан чинь хамгаалагч нар намайг цүнх хулгайлсан хүний найз гээд барьж авсан. Тэгээд би камерын бичлэгийг нь үзсэн чинь Б  тэр эмэгтэйгийн гар цүнхийг нь хулгайлж байгаа бичлэг харагдсан...” гэжээ. /хх 13-14/ Эд зүйлийн үнэлгээ /хх 6/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 Бэлэн мөнгө хүлээлгэн авсан өгсөн тэмдэглэл /хх 29-30/ зэрэг болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б  нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн М.Долгорсүрэнгийн эзэмшлийн гар цүнхийг нууцаар хулгайлан авч 610,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 36-37/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б  нь иргэн М.Долгорсүрэнгийн эзэмшлийн гар цүнхийг нууцаар хулгайлан авч 610,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Долгорсүрэн /хх 9-10, 36-37/, гэрч Э.Төгөлдөр /хх 13-14/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 6/, бэлэн мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 29-30/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б г будсын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч М.Долгорсүрэн нь гомдол санал байхгүй /хх 37/ гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б г будсын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ