Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 

 

 

Э.У-, М.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/00357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Т- нь “О К”- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 30 465 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э.У- нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсэгт хамаарах 7 м.кв талбайг чөлөөлүүлэх, улсын комисст хүлээлгэн өгсөн зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц, хаалга гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.У- нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний үүрэгт илүү төлсөн 36 800 000 төгрөг, “Хаан банк” ХХК-д 3 жилийн хугацаанд төлсөн хүү 23 846 000 төгрөг, мөн 60 046 000 төгрөгийг арилжааны банкинд 14 сарын хугацаанд хадгалуулж олох байсан орлого 5 094 262 төгрөг, “Шувууны хайрга” ХХК-д хэмжилт хийлгүүлсэн зардал 350 000 төгрөг, нийт 66 090 264 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар өөрийн өмчлөлийн талбайд хамаарахыг тогтоолгох, талбайг чөлөөлөхийг даалгах, улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалга гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч уг шаардлагаа өөрчилж, 2 давхрын үйлчилгээний талбайд нэвтрэхийн тулд М.Т-ын 1 давхрын хаалгаар дамжин зориулалтын бус шатаар ордог тул тухайн иргэн өөрийн өмчлөлийн зарим талбайг зориулалтаар нь ашиглаж чаддаггүй. Нэхэмжлэгч нар 1, 2 давхрын үйлчилгээний талбайг бусдад худалдан борлуулах, түрээслүүлэхэд хүндрэл учирч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өсөхгүй улмаар тэдний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул барилгын зургын дагуу 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлж, барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагч өөрийн хөрөнгөөр гаргахыг даалгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Т- шаардлага, тайлбартаа: “О К”- ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт илүү төлсөн 22 500 000 төгрөг, үүнийг арилжааны банкинд 59 сар хадгалуулж олох байсан орлогод 7 965 000 төгрөг, нийт 30 465 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч Э.У-ын нэхэмжлэлийн шаарлагад дурдсан 7 м.кв нь хариуцагчийн өмчлөлийн 14 м.кв талбайд хамаардаг нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон. Түүнд худалдсан талбайд хамааралгүй тул чөлөөлөх үндэслэлгүй. Үүдэн хэсгийн 5 м.кв талбайг чөлөөлөх боломжтой, нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулахад ямар нэг саад учрахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар хуульд зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан боловч хариуцагчийн зүгээс галын аюулгүй байдлын эрсдлийг ухамсарлан улсын комисст хүлээлгэн өгсөн зургийн дагуу гарц, хаалга гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “О К”- ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрийн зардлаар гаргахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч М.Т- 30 465 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгох,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зураг төслийн дагуу шатны хонгилруу нэвтрэх талбайг чөлөөлөхийг хариуцагч “О К”- ХХК-д даалгах,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.У-, М.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх, нэхэмжлэгч Э.У-аас 70 196 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хариуцагч “О К”- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хоорондын эрх зүйн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эцсийн байдлаар “барилгын зургийн  дагуу  201 тоотын  үүдэн  хэсгийн 7 м.кв  талбайг чөлөөлөх, 201 тоотод барилгын стандартад нийцсэн гарц, хаалга гаргахыг даалгах” гэж тодорхойлсон. Үндэслэлээ 2 давхрын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг шилэн хаалтаар хааж, Э.У-ын өмчлөлийн талбайд гарц, хаалга гаргаагүй тул 2 давхраас 1 давхар руу буух 1 гарцтай байгаа нь галын аюулгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлж байна гэжээ. Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх гэж буй үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 14.9 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн хэсэг бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Гэтэл нэхэмжлэгч дээрх талбайн зарим хэсэг буюу 7м.кв талбайг чөлөөлүүлэхийг шаардсан байхад анхан шатны шүүх 201 тоотын талбайг ... барилгын зургийн дагуу шатны хонгилруу нэвтрэх талбайг чөлөөл гэж даалгаж шийдвэрлэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, үүдэн хэсгийн хариуцагчийн өмчлөлийн 14.9 м.кв талбайг бүхэлд нь чөлөөлөхийг даалгасан мэт ойлгогдож байгаа бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй, шаардлагын үндэслэлд бүрэн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн 1 дэх шаардлага болон үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй, энэхүү шаардлага нь дангаараа нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй бөгөөд 2 дах шаардлагын үндэслэл болох тул бие даасан шаардлага гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл уг шаардлага нь дангаараа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт хамаарахгүй. Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах ба хариуцагчаас галын аюулгүй байдлын эрсдлийг ухамсарлан анхнаасаа гарц хаалга гаргахыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Ийнхүү хаалга-гарц гаргаж өгснөөр галын аюулгүй байдлын эрсдлийг бууруулж, харин 7 м.кв талбайг бус хариуцагч өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан өмчлөлийн талбайн зарим хэсэг буюу шилэн хаалтын өргөнийг явган шатруу буухаар 3-4 метрээр чөлөөлж (2 давхраас явган хүний шатны өргөн 1 метр гаруй байдаг), хүн орж гарах, 2 давхраас явган шатаар буухад чөлөөтэй болгохоор хүлээн зөвшөөрсөн. Энэ нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Отгонтөгс оролцсон ба “...заавал 7 м.кв талбайг чөлөөлж байж галын аюулгүй байдлын эрсдэл арилна гэсэн үг биш, хариуцагчийн зөвшөөрснөөр гарц хаалга гарган 3-4 метр талбайг чөлөөлснөөр дээрх  эрсдлийг  арилгаж  чадна...” гэж  тайлбарласан атал нэхэмжлэгчийн зөрчигдөөд байгаа эрхийн үндэслэл, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд юу саад болж буйд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн өмчлөлийн талбайг бүхэлд нь чөлөөлж шийдвэрлэсэн.

Уг иргэний хэрэг өмнө нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн, хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж байж хэргийг шийдвэрлэх талаар дүгнэлт хийж анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгч өмнө нь 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбай нэхэмжлэгч Э.У-ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгох, тус талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 201 тоотод барилгын зургийн дагуу гарц хаалга гаргахыг шаардаж байсан. Хэргийг бүхэлд нь авч үзвэл нэхэмжлэгч үүдэн хэсгийн 7 м.кв талбайг өөрийн болгох, талбайг нэмэгдүүлэх хүсэл, сонирхолтой байсан. Хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруул гэсэн байхад анхан шатны шүүх тодруулаагүй.

Маргаан бүхий 7 м.кв талбайг өөрийн өмчлөлийн талбай болгох хууль зүйн үндэслэлгүй нь өмнөх шийдвэрүүдээр тодорхой болсон тул энэ шаардлагаасаа татгалзсан ч уг шаардлагатай холбоотой 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлага нь хэвээр байгааг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгч өмчлөлийн талбайгаа ашиглаж чаддаггүй, бусдад түрээслэхэд хүндрэлтэй байна гэдэг ч тэрээр өөрийн өмчлөлийн 128 м.кв талбайг бусдад түрээсэлж, уг талбайн ашиглалтын зардал төлсөн түрээслэгчийн баримт, шүүхийн хийсэн үзлэгээр кофе шоп ажиллуулж байгаа нь нотлогддог. Э.У- гэрээний зүйлийг хүлээн аваад 6 жилийн хугацаанд доголдол гэх хаалга гарцгүй талаар маргаан гаргаагүй. Харин барилгын зургийг олж авснаар үүдэн хэсгийн талбайн өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн.

Гэрээнд хавсаргасан 2 давхрын план зургаар Э.У-ын өмчлөлийн талбайд консоль хэсэгт хаалга гарц хийгдээгүй нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдол бөгөөд энэ нь анхнаасаа байсан, хожим бий болоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхгүй ч “О К”- ХХК нь галын аюулгүй байдлын эрсдлийг ухамсарлан анхнаасаа гарц хаалга гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг хөндөгдсөн, түүнийг хэрхэн сэргээх талаар шүүх дүгнээгүй, нэхэмжлэгчийн хувьд үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотолж чадаагүй, 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагын тухайд нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөөгүй.

Харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж, хаалга-гарц гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.У- нь хариуцагч “О К”- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 66 090 264 төгрөг гаргуулах, нэхэмжлэлд дурдсан хаягт байрлах 201 тоотод барилгын стандартад нийцсэн гарц-хаалга гаргахыг даалгуулахаар шаарджээ. Харин нэхэмжлэгч М.Т- нь гэрээний үүрэгт нийт 30 465 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас /1хх1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар татгалзлыг нь баталсан байна. /2хх142/

 

Нэхэмжлэгч Э.У-ын хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ удаа дараа өөрчилсний эцэст, тухайн барилгын өөрийн өмчлөлд хамаарах 2 давхрын 201 тоотын үүд хэсгийн 7 м.кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар чөлөөлөх, мөн зурагт зааснаар барилгын стандартад нийцсэн гарц-хаалга гаргахыг хариуцагчид даалгах гэжээ. /2хх89-90/

 

Хариуцагч дээрх шаардлагаас 7 м.кв талбайг чөлөөлөх шаардлагыг нь эс зөвшөөрч, үндэслэлээ уг талбай нь хариуцагчийн өмчлөлийн талбай бөгөөд нэхэмжлэгч Э.У-т хамааралгүй гэж тайлбарлаж, харин барилгын зургийн дагуу гарц-хаалгыг өөрийн зардлаар гаргах шаардлагыг зөвшөөрсөн байна. /2хх100/

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн татгалзал бүхий тайлбар, тэдгээрийн агуулгыг харьцуулан үзвэл, талууд Э.У-ын өмчлөлийн 201 тоотын үүд хэсэгт хариуцагчийн байрлуулсан гэх шилэн хаалт нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан “... дээрх газарт үзлэг хийж хэргийн бодит байдлыг тогтоолгох, тэмдэглэлээр бэхжүүлэх тухай...” хүсэлтийг хангаж, үзлэг хийх ажиллагааг явуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /2хх108, 113-114, 126-128/ Гэвч тухайн ажиллагаа болон тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй. Тодруулбал, үзлэг хийсэн тэмдэглэлд уг ажиллагаанд оролцсон гэх хөндлөнгийн гэрч нарын овог, эцгийн нэр, нэр, хаяг бүхий мэдээлэл тусгагдаагүй, ажиллагааны дараалал, явц бичигдээгүй, хөндлөнгийн гэрч нарт хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагын талаар тайлбарлаагүй, үзлэгт тухайн газрын бодит байдал тусгагдаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын 2 дах үндэслэлийн талаарх талуудын тохиролцоог тэмдэглэжээ.

 

Үзлэг хийх ажиллагааны явцад гаргасан дээрх зөрчлийн улмаас хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хуульд заасан журамд нийцээгүй байх тул тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй болно. Дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүйн улмаас “7 м.кв талбайг чөлөөлөх” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх үндэслэлгүй.

 

Түүнчлэн маргааны зүйл болох 2 давхрын 201 тоотыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад дундын эзэмшлийн талбай ямар хэмжээтэй байх ёстой болон дээрх шилэн хаалт нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хэрхэн зөрчиж байгаа гэдэг үйл баримт үзлэг хийсэн ажиллагаагаар бүрэн тогтоогдоогүй, маргааны үйл баримт тодорхой бус байна.

 

Анхан шатны шүүх ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Отгонтөгсийг шинжээчийн хувьд шүүх хуралдаанд оролцуулсан байх бөгөөд түүний мэдүүлгээс үзвэл, ОБЕГ-аар батлагдан, Барилгын хөгжлийн газраар магадлагдсан тухайн барилгын зураг төслийг өөрчилж галын аюулгүй байдлын авралтын зам, гарц хаасан талаар тайлбарлажээ. /2хх 167/ Энэ тохиолдолд 201 тоотод ямар нэгэн осол гарсан тохиолдолд өөр гарц хаана бий болгох боломжтой эсэхийг тодруулснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл байгаа эсэхэд дүгнэлт хийх учиртай.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/00357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “О К”- ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                                                                        

                                 ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       Т.ТУЯА