Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/830

 

С.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, Г.Бат-Отгон,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2106 03172 0831 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн С-ын Э, 1977 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Г” хараа зүйн төвд захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

С.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод байрлах Хараа зүйн төвд хохирогч Ч.А-ийг тус ажлын байр руу оруулахгүй хэмээн маргалдаж, улмаар тус байрны гадаа үүдний хаалгаар биеийг нь хавчиж, эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: С.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т  овогт С-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Э-ээс 227.500 төгрөг гаргуулж хохирогч Ч.А-т олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүх хуралд гар утас дээрээ байгаа бичлэгийг сидинд хуулж өгсөн байдаг. Хохирогч Ч.А нь уг үйл явдал болсон өдөр нүдэн тус газраа хөхөрсөн байдалтай ирсэн нь сиди дээр сайн буугаагүй байж магадгүй боловч эх бичлэг дээр тодорхой харагдана. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй. Намайг Ч.А-ийн нүдэн тус газарт цохиогүй гэдгийг гэрч Д.М харж байсан боловч тэр талаар гэрч Д.М-оос асуугаагүй. Дотор байсан Ч.М гэдэг хүнийг гэрчээр асууж, түүний үгээр намайг буруутгаж байгаа. Ч.А нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байрны хашааг давж орж ирсэн. Өмнөх шүүх хуралдаанд прокурорын зүгээс хохирогч Ч.А-ээс “Та хашаа давахдаа гэмтээгүй юу” гэж асуухад хохирогч Ч.А “Хашаа их намхан болохоор би бараг алхаж орж ирсэн” гэх хариултыг өгсөн байсан. Тэгэхээр нь би тэр хашааг очоод хэжиж үзэхэд 1 метр 80 сантиметр өндөртэй байсан. Тэр хашааг давахдаа зүүн сугандаа гэмтэл авсан байдаг бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Зүүн хавирга хугарсан нь хашаа давахдаа авсан гэмтэл байх гэж бодож байна. Хашаа давж орж ирээд намайг хаалга дараад зогсож байхад 2 гараас минь зулгааж, татаад хөл рүү өшиглөж байгаад шууд хаалга онгойлгож орж ирсэн. Би өөрөө хүнд зодуулчихаад гүтгүүлээд зогсож байгаадаа гомдолтой байна. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй, миний хувийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул гомдолтой байна. Намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх болон улсын яллагчийн зүгээс нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр С.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон хэмээн шийтгэх тогтоолд дүгнэж бичсэн байдаг. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл нь хүний биед хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгтэй ямар хамааралтай болох нь тодорхойгүй байна. Зөвхөн Ч.М, Б.Э нарын мэдүүлэгт тулгуурлан С.Э-ийг буруутгаж байгаа юм. Д.М, Ч.М нарын мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй. Мэдүүлгийн зөрүүг огт гаргаагүй атлаа Ч.М-ийн мэдүүлгийг иш татаж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байна. Д.М-ийн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Хүний мэдүүлэгт үндэслэж хүнийг буруутгаж болох эсэх асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Гэрч гэдэг нь тухайн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлдэг. С.Э нь Ч.А-тэй маргалдаад зогсож байхад хажууд нь зөвхөн Д.М байсан. Ч.М мэдүүлэгтээ “Хохирогч Ч.А надад С.Э намайг цохичихлоо” гэсэн байдаг. Ч.М нь зөвхөн хохирогчийн хэлсэн зүйлийг сонссон болохоос тухайн үйл явдлыг хараагүй гэрч юм. Мөн хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь шууд нотлох баримт биш. Шинжээчийн дүгнэлтэд “Тус гэмтлийг тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаанд авсан байх боломжтой. Энэ гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн болохоос С.Э-ийн үйлдлийн улмаас Ч.А-ийн биед хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэлт гаргаагүй. Мөн тухайн хавтаст хэрэгт Б.Э гэх хүний мэдүүлгийг үнэлээд авчихсан. Б.Э гэдэг хүн нь хохирогчийн төрсөн дүү учраас эгчийнхээ талд орж мэдүүлэг өгөх нь ойлгомжтой. Шууд бус нотлох баримтуудад тулгуурлан хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Тухайн үйл явдал болсноос хойш 2 сарын дараа “хүндэвтэр зэргийн гэмтэл” гэх шинжээчийн дүгнэлт гаргасан. 2 сарын дараах дүгнэлтээр 9 дүгээр сарын 02-ны үйлдэлд буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв хохирогч өөр байдлаар өөр цаг хугацаанд гэмтэл авсан байвал яах вэ. Хохирогч нь “С.Э намайг хаалгаар хавчсан” гэж мэдүүлдэг. Хаалгаар хавчсан гэх үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт тэр талаар ямар ч нотлох баримт авагдаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан хаалгаар хавчиж гэмтээсэн гэх дүгнэлтийг гаргасан. Гэрч нар дандаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хохирогч эхний мэдүүлэгтээ хавирганыхаа талаар огт дурдаагүй. Гэтэл сарын дараа гэнэт хавирга нь хугарсан талаар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 20 дугаар хуудаст байгаа Ч.А-ийн мэдүүлэгт “Хаалгаар оруулахгүй, гаргахгүй гэж түлхэлцсэн” гэдэг болохоос хаалгаар хавчсан гэж огт мэдүүлээгүй. Дараа дараагийн мэдүүлгүүд нь бүгд өөрчлөгдсөн. Хэргийн газарт очиж үзэхэд тухайн хаалга нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн рүү онгойж байсан. Орохын тулд зүүн талаас нь зүтгэхээр байгаа юм. Хэрвээ гэмтэл авахаар бол баруун талдаа гэмтэл авахаар харагдаж байгаа юм. Мөн хавтаст хэргийн 25 дугаар хуудаст С.Э-ийн мэдүүлэг байгаа. Миний үйлчлүүлэгч “Хохирогч Ч.А-ийн зүүн нүд хөхөрсөн байсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Харин Ч.А мэдүүлэгтээ “Намайг чулуугаар цохисон” гэсэн байдаг. Хэргийн газарт очиж үзлэг хийхэд тэр хавьд ямар ч чулуу байхгүй байсан. Тэр чулуу хаанаас гарч ирсэн талаар огт тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн гэрч Ч.М “Өрөөнөөсөө харсан” гэсэн байдаг. Ч.М-ийн байсан өрөөний цонхоор шууд гадагш, хаалган дээр юу болж байгааг харах боломжгүй. Тухайн өрөөнд тагт байдаг боловч тэр тагтан дээрээ ханын зураг наачихсан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Э нь хохирогч Ч.А-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Яллах дүгнэлтэд анхнаасаа “Чулуугаар цохисон” гэж дүгнээгүй ба “Хаалганд хавчуулагдсaнаар тухайн гэмтлийг авсан” гэж дүгнэсэн. Хаалганы аль ч талаар орох гэж зүтгэх боломжтой. Заавал хэргийн газарт үзлэг хийх шаардлагагүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, талуудын мэтгэлцээнд  тулгуурлан түүний үйлдэл, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзэж шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулсан. Нотлох баримтыг үнэлэх, харьцуулах аргачлалаар үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

С.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... дугаар байрны ... тоот байрлах “Хараа зүйн төв”-д хохирогч Ч.А-ийг тус ажлын байр руу оруулахгүй хэмээн маргалдаж, улмаар тус байрны гадна үүдний хаалгаар биеийг нь хавчиж, эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ч.А-ийн: “....2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Хараа зүйн төвд ажилладаг Ч.М эмч утсаар яриад “Д.М дайрч орж ирээд ажил хийлгэхгүй хаалга түгжээд юмаа аваад одоо гар гээд байна. Энэ хүнтэйгээ ирж уулзаад учраа олж өг, ажил хийлгэхгүй байна” гэсэн. Тэгээд би 12 цагт ирэхэд гадна хашааны хаалга цоожтой "Яах гэж байгаа” юм гээд Д.М-ийн эхнэр С.Э нь оруулахгүй байсан. Тэгэхээр нь би “Ажил руугаа орох хэрэгтэй байна. Ч.М эмчтэй уулзах гээд байна” гэж хэлсэн. Тэгтэл оруулахгүй цаашаа явуулсан. Тэгэхээр нь би хашаа даваад дотогшоо орсон. Тэгэхэд Ч гэгч миний өөдөөс ирээд бичлэг хийсэн. Тэгэхээр нь би чулуу аваад хаалганы цоожийг онгойлгох гээд цохисон. Тэгээд дотогшоо орох гэхэд Ч нь түрүүлж очоод намайг оруулахгүй гээд хаалгаа хаасан, би хаалгыг нь татах үед гарч ирээд намайг түлхээд “Чамайг оруулахгүй” гээд байхаар нь хажууд нь гарсан зайгаар орох гэхэд миний зүүн нүдний доод хэсэг рүү чулуугаар цохисон. Тэгээд миний өмсөж явсан цамцыг урсан. ...Миний зүүн нүд халуу дүүгэж өвдөөд, мөн зүүн суга хөндүүрлэж өвдөж байна. ...” /хх 20/,

гэрч Б.Э-ийн: “...2021 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө ажилдаа явах гэж байхад манай эгчийн нүд нь зүгээр байсан. Манай эгч надад таньдаг хүн нь зодсон гэж хэлж байсан. Яг юу болсныг нь би сайн мэдэхгүй байна. “Толгой өвдөөд байна” гээд толгойны эм уусан. Бас “Зүүн гар өвдөөд байна” гээд зүүн талаараа хэвтэж чадахгүй зовиуртай байсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа бид 2 гэмтлийн эмнэлэг ороод зургийг нь авахуулсан чинь хавирга нь хугарсан байна гэж хэлж байсан. ...” /хх 98/,

гэрч Ч.М-ийн: “...Ч.А-ийн нэг нүд хөхөрчихсөн, улайчихсан байсан. ...Ч.А-ийн биеийг нь төмөр хаалганд хавчуулчихаад түлхээд байсан. “Боль” гэсэн ч болихгүй, нөхөр Д.Мягмардорж нь арай гэж зулгааж байж С.Э-ийг болиулсан. Тэгэхэд Ч.А-ийн хавирга нь гэмтсэн байх. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ч.А-ийн эрүүл мэндэд зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрөөгүй далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд энэ нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэх боломжтой болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 788 дугаартай дүгнэлт /хх 45-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч С.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тэдгээрийн ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, харьцуулан шинжлэн судлах замаар шүүх үнэлж, дүгнэлт хийдэг.

Хохирогч Ч.А нь хаалганы завсраар хавчуулагдсан байхад С.Э нь түлхсэн, мөн анх мэдүүлэг өгөхдөө түүний зүүн суга хэсгээр нь хөндүүрлэж өвдөж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Ч.М-ийн “...С.Э нь Ч.А-ийг оруулахгүй гээд хаалгаар биеийг нь хавчаад түлхээд байсан...” гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Ч.А нь дүү Б.Э-даа зүүн гар нь өвдөж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 8219 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ч.А-ийн эрүүл мэндэд зүүн доод зовхинд цус хуралт, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой талаар дүгнэсэн байх боловч Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр хохирогчид цээжний томограммууд дээр зүүн талын 5, 6, 7 дугаар хавирга “LAA” шугамаар зөрүүгүй хугарсан болох нь тогтоогдсон байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 788 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогчид 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрөөгүй далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, энэ нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь тогтоогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Ч.А, гэрч Б.Э, гэрч Ч.М нарын мэдүүлгүүдээр энэхүү гэмтэл нь шүүгдэгч С.Э-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

С.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэмт үйлдэл нотлогдон тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүйгээс гадна “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах”-аар гаргасан шүүгдэгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нь 4 хүүхэдтэй, ахуй амьдралын байдлыг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр тогтоолгох тухай хүсэлтийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тус тус тохирсон байна.

Иймд, шүүгдэгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ