Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0210/З |
Дугаар | 128/ШШ2024/0297 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0297
2024 04 03 128/ШШ2024/0297
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж,
нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би, “Э*******” ХХК, “М*******” ХХК, “Г*******” ТББ-иудын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э*******” ХХК, “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй “Э*******” ХХК, “М*******” ХХК нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний бие нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж дараах хүсэлтийг гаргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Э*******” ХХК, “М*******” ХХК нар нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гаргасан байдаг. Үүнд:
1. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,
2. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн П.Г*******гийн загвар зургийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах,
3. П.Г*******д барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БА- дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г хүчингүй болгуулах.
... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу дээрх гурван шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэсний дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасныг бүрэн ойлгож байгаа болно” гэжээ.
Нэхэмжлэгч “Г*******” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “Г*******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О миний бие нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж дараах хүсэлтийг гаргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Г*******” ТББ нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гаргасан байдаг. Үүнд:
1. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ГБМЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,
2. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан М ХХК-ийн оффис үйлчилгээний барилга өргөтгөлийн загвар зургийг хүчингүй болгуулах,
3. Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 000*******, ******* зөвшөөрлийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах.
... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу дээрх гурван шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/0425 дугаартай “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Онцгой байдлын газрыг тус тус шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт ирүүлэх хүртэлх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Мөн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/2079 дугаартай захирамжаар “М*******” ХХК, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох 128/2022******* индекстэй захиргааны хэрэгт, “П.Г*******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох 128/2022******* индекстэй захиргааны хэргийг нэгтгэсэн.
Нэхэмжлэгч “М*******” ХХК, “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маас тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, нэхэмжлэгч “П.Г*******” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэлээс татгалзах хүсэлтээ ирүүлжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т “Энэ хуулийн 65.1-д заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ” гэж зааснаар уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан ба нэхэмжлэгч “М*******” ХХК, “Э*******” ХХК, “П.Г*******” ТББ-иуд нь 2024 оны 03 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр ирүүлсний зэрэгцээ түүнээс гарах үр дагаварыг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот албан бичгээр Б.Мд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхийг 2 жилийн хугацаагаар, “М*******” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот албан бичгээр Б.Мд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхийг 3 жилийн хугацаагаар, “П.Г*******” ТББ-иас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14/30 тоот албан бичгээр Э.Од Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, төлөөлөгчийн эдлэх хариуцагчтай эвлэрэхээс бусад эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус олгожээ.
Нэхэмжлэгч “М*******” ХХК, “Э*******” ХХК, “П.Г*******” ТББ-иуд нь 2024 оны 03 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М*******” ХХК, “Э*******” ХХК, “П.Г*******” ТББ-иуд нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:”, 45.1.2-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр”, 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө” гэж заасан.
Иймд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/0425 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн зардалд нэхэмжлэгч “Э*******” ХХК, “М*******” ХХК-иас урьдчилан төлсөн 723,974 төгрөгийг, мөн нэхэмжлэгч “М*******” ХХК, “Э*******” ХХК, “П.Г*******” ТББ-иудаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг баримтлан “Э*******” ХХК, “М*******” ХХК, “Г*******” ТББ-иудын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК, “М*******” ХХК, “Г*******” ТББ-иудаас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн П.Г*******гийн загвар зургийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, П.Г*******д барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БА- дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г хүчингүй болгуулах”, “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ГБМЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан М ХХК-ийн оффис үйлчилгээний барилга өргөтгөлийн загвар зургийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 000*******, ******* зөвшөөрлийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч “Э*******” ХХК, “М*******” ХХК-иас урьдчилан төлсөн 723,974 төгрөгийг, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ