Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Б.Юмчмаа

Шүүгдэгч Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Ц -т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705006760093 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн оюутан, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Ц . Шүүгдэгч Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 2017 оны 8 дугаар сарын 30-нд шилжих шөнө гэртээ согтуугаар эхнэр Б.Юмчмааг хардаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц  мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө манай эхнэр найзынхаа төрсөн өдөрт явчихсан байсан. Тэр хооронд би найзыгаа дуудаад, ирнэ гэхээр нь архи пиво авчихсан байсан. Тэгээд найз маань ирээгүй би ганцаараа уусан. Тэгээд согтоод эхнэрийгээ ирэхэд нь хардаад муухай аашлаад цохисон юм шиг байна лээ. Гэр бүлийн харилцаа үргэлжилж байгаа. Би гэм буруугаа маш сайн ойлгож байгаа гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Юмчмаа мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 29-нд орой 9 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт явсан. 30-нд шилжих шөнө Ц  согтуу байсан. Хоёулаа жаахан маргалдаад сууж байсан намайг цохисон. Үүнээс хойш хохирлоо бүрэн барагдуулсан. Бид хоёр эвлэрсэн байгаа. Ц  анх удаа гар хүрсэн. Одоо гомдол санал байхгүй. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц ийн өгсөн: “... 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр Юмчмаагийн найзын төрсөн өдөр болоод эхнэр гэрээсээ 21 цаг болж байхад гараад явсан. Тэгээд би хүүхдээ харж үлдсэн. Би найз Оюунбатыг дуудсан чинь ирнэ гэхээр нь хоёр лаазтай пиво, нэг 0.33 литрийн архи авсан байсан. Тэгсэн Оюунбат ирээгүй, би нөгөө авсан архи пивоо өөрөө уучихсан. Тэгсэн согтсон байсан ба эхнэр рүүгээ залгахад утсаа авахгүй болохоор нь уур хүрсэн. Тэгсэн шөнө 1 цаг өнгөрч байхад утсаа аваад удахгүй очно гэсэн. Тэгээд 3 цаг өнгөрч байхад ирээд бид хоёр маргасан. Би хэсэг Эрдэнэтэд байж байгаад ирсэн бөгөөд тэр хооронд эхнэр гадуур хонож найзуудтайгаа уулзаж явсан гэж надад хэлсэн. ... Тэгээд уурлаад эхнэрийнхээ нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд гараад яваад өгсөн. Эргээд шгөнө гэртээ ирэхэд оруулахгүй болохоор нь цонхоо хагалж ороод унтаад өгсөн. ... Эхнэрийн эмчилгээний зардлыг эцэг эх маань гаргаж өгсөн. Эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Б.Юмчмаагийн өгсөн: “... Ц тэй 2010 онд анх танилцаад 2012 оны сүүл үеэс хамт амьдрах болсон. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Гэхдээ 5 жил хамт амьдарч байгаа. 3 настай хүүхэдтэй. Би нөхөртөө зодуулсан учраас мэдүүлэг өгнө. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчим би найзынхаа төрсөн өдөрт явсан. Тэгсэн Ц  хүүхэд уйлаад гээд утасдаад байсан. Тэгсэн Ц ийн хэл, ам ээдрээд согтуу байгаа юм уу гэхэд “пизда” энэ тэр гээд согтуу шинжтэй байхаар нь би 03 цагийн орчим гэртээ харихад ер нь нилээн согтуу байсан. Тэгээд манай нөхөр орилоод өөрийнхөө найзуудтай хардаад хашгичаад байсан. Тэгсэн тэр чимээнээр хүүхэд сэрээд “унтая ээжээ” гээд байхаар нь том өрөөрүүгээ хүүхдээ унтуулчихаад ирэе гэсэн чинь түлхээд суулгачихсан. Би хүүхдээ тэврээд сууж байснаа “чи юу яриад байгаа юм, найзуудтай чинь ярья эсвэл ээж, аавтай чинь ярья” гэсэн чинь миний утсыг аваад шидчихсэн. Тэгээд хүүхдээ тэврээд сууж байтал гэнэт нүүрэнд тас 3 гээд л цохьчихсон. Тэгээд миний хамарнаас цус гараад, би айгаад больё, чи яв гэсэн. Өмнө нь манай ээжийн эгч нөхрийг байшин саваа янзалж чадахгүй байна, хүний юм хийж байгаа юм шиг уурлаад хадам ээжийнхээ л байшинг янзалж байгаа биз дээ гээд загнасан чинь яваад өгсөн байснаа эргээд ирсэн юм. Тэгээд тэр шөнө би “чи намайг зодох гэж ирсэн байна, одоо яв, яв” гээд явуулчихсан. Тэгээд манай нөхөр шөнө гарч явсан. Би хаалгаа түгжээд унтаж байтал нөхөр эргэж ирээд хаалга нүдээд хашгираад байхаар нь би “би оруулахгүй, айгаад байна яв” гэсэн. Явж архиа нэмж уучихаад ирсэн юм шиг байсан. Бүр аймар согтчихсон байсан. Хүүхэд ч сэрээд уйлаад байсан. Би хүүхдээ тэврээд зогсож байтал манай нөхөр гал тогооны цонх хагалаад цонхоор орж ирэх гээд байж байхаар нь айгаад хүүхдээ тэврээд эмээгийнхээ байшин руу гүйсэн. Би нөхрийгөө хаалга нүдэж байхад нь цагдаа дуудчихсан байсан. Тэгээд цагдаа 05 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд би цагдаатай хамт гэртээ орсон чинь манай нөхөр хувцастайгаа орон дээр унтаж байсан. Өглөө 08 цагт хүргэн ах нь над руу утасдаад “Ц  эрүүлжүүлэхэд байгаа, 10 цагт очино” гэсэн. Удалгүй Амартүвшин гэж цагдаа утасдаад “гомдолтой бол ирж өргөдлөө өг, гомдолгүй бол ирж нөхрөө эрүүлжүүлхээс ав” гэж хэд хэдэн удаа утасдаад би цагдаа дээр эгчийн хамт ирсэн. Амартүвшин цагдаа утасдаад “нөхөр чинь зугатаачихлаа, нөхрөө дагуулаад ир, тэгээд өргөдлөө өгчих” гэсэн. Тэгээд маргааш нь ахтайгаа хамт ирээд цагдаад өргөдлөө өгсөн. Манай нөхөр ч цагдаа дээр ирсэн байсан. Би 8 дугаар сарын 30-ны өдөр гэмтэлд үзүүлээд компьютер томограффикийн зургаа авахуулахад хамрын зүүн хажуу хянганы ясны хэсэгт зөрүүтэй хугаралтай гэсэн. Цаашид даруйхан хагалгаа хийлгэж янзлуул гэсэн. Гэмтэл хагалгаа хийхээ больчихсон. Хувийн эмнэлэгт сая орчим төгрөгөөр хийдэг юм байна. Удаж цаг алдвал яс бэхжээд хагалгаа хүндрэнэ гэж эмч хэлсэн ... Миний хамарт хянганы яс дээшлүүлж тэгшлэх мэс ажилбар хийсэн зардлыг манай нөхрийн ар гэрээс төлж өгсөн. Мөн байшингийн цонх хагалсан байснаа янзалж өгсөн. ... Одоо надад ямар нэг гомдол санал алга ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Э.Жавзанпагмын өгсөн: “... 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн үед нойрон дунд пис пас гэх чимээ гарсан. Тэгээд хүн хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд дүү Юмчмаа хүүхдээ тэврээд уйлчихсан орж ирсэн. Би яасан гэхэд нөхрийгөө агсам тавиад цонхоо хагалсан гэж байсан. Нөхрийгөө зодсон, цохисон гэж юм хэлээгүй. Гэхдээ л Юмчмаагийн хамар нь хавдаад, хөхөрсөн, цээж хэсэгт бас хөхөрсөн харагдсан. Тэгээд байгаа байдлаас нь нөхөр нь зодсон байна гэж ойлгосон. Бас Юмчмаа цагдаа дуудсан гээд бид хоёр цонхоор цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал цагдаа ирсэн. Тэгээд ирэхээр нь бид хамт нөгөө байшинд ороход байшингийн гал тогооны цонхны том тал нь хагарч, шалан дээр, ширээн дээр шилний хагархай тарсан, нөхөр Ц  нь орон дээрээ унтаж байсан. Тэгээд цагдаа Ц ийг аваад явсан. Өглөө нь Юмчмаа руу цагдаагаас утсаар яриад ирж уулз гэсэн. Тэгээд Юмчмаа нөхрийгөө өөрийг нь цохисон гэдгийг хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 11132 тоот: 4 1. Б.Юмчмаагийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тархи доргилт хамрын гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээжний гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ - Эмчилгээний төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ - Хохирогч Б.Юмчмаагийн эвлэрсэн гэх хүсэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ Шүүгдэгч Ц ийн хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч О.Ганзамын өгсөн: “... Манай хүү Ц  1993 онд айлын 4 дэх буюу бага хүү болж мэндэлсэн. Хүү Ц  бага зэрэг огцом хурц зантай, гэхдээ занг нь мэддэг хүн тэр үед нь асуудлыг дэврээхгүй, хурцдуулахгүй өнгөрөөчихвөл амархан тайвширч уучлал гуйдаг. Эхнэр Юмчмаатай 2012 оноос хамт амьдарч байгаа. Манайх Эрдэнэтэд байдаг боловч Юмчмаа нь айлын ганц охин, уг нь дөлгөөн зантай. Тэгээд хүү маань хотод оюутан болохоор сургуулиа төгстөл нь эхнэр Юмчмаагийнд нь амьдруулж байсан. Уг нь хүү маань Эрдэнэтэд өөрийн гэсэн байр орон сууцтай. ... Хүүгээ эхнэртээ гар хүрснийг буруу гэж үзэж байна. Угаасаа тэгэж эхнэр, хүүхдээ элэг барьж болохгүй. Бэрийнхээ эмчилгээний зардлыг гаргана ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Д.Хүрэлхүүгийн өгсөн: “... Ц  миний төрсөн эгч Ганзамын хүү байгаа юм. Би нагац ах нь юм. ... Ц  дуу цөөтэй, даруухан. Том хүний өөдөөс үг сөрөхгүй, сайн хүүхэд ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ - Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ - АСАП сангийн лавлагаа /хх-н 26/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. 5 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 2017 оны 8 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард аюушийн 3 дугаар гудамжны 69 тоот хаягт байрлах гэртээ согтуугаар эхнэр Б.Юмчмааг хардаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц ийн “... 2017 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө манай эхнэр найзынхаа төрсөн өдөрт явчихсан байсан. Тэр хооронд би найзыгаа дуудаад, ирнэ гэхээр нь архи пиво авчихсан байсан. Тэгээд найз маань ирээгүй би ганцаараа уусан. Тэгээд согтоод эхнэрийгээ ирэхэд нь хардаад муухай аашлаад цохисон юм шиг байна лээ. Гэр бүлийн харилцаа үргэлжилж байгаа. Би гэм буруугаа маш сайн ойлгож байгаа ...” гэх, ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20,21 дүгээр хуудас / хохирогч Б.Юмчмаагийн “...2017 оны 8 дугаар сарын 29-нд орой 9 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт явсан. 30-нд шилжих шөнө Ц  согтуу байсан. Хоёулаа жаахан маргалдаад сууж байсан намайг цохисон ...” гэх мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад гэрч Э.Жавзанпагмын өгсөн “... 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн үед нойрон дунд пис пас гэх чимээ гарсан. Тэгээд хүн хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд дүү Юмчмаа хүүхдээ тэврээд уйлчихсан орж ирсэн. Би яасан гэхэд нөхрийгөө агсам тавиад цонхоо хагалсан гэж байсан. Нөхрийгөө зодсон, цохисон гэж юм хэлээгүй. Гэхдээ л Юмчмаагийн хамар нь хавдаад, хөхөрсөн, цээж хэсэгт бас хөхөрсөн харагдсан. Тэгээд байгаа байдлаас нь нөхөр нь зодсон байна гэж ойлгосон ...” гэх мэдүүлэг, б Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 11132 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Ц -т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Хохирогч Б.Юмчмаа нь эмчилгээний зардал болон хагалсан цонхны хохирлыг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Ц -т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 6 шүүгдэгч бусдад төлөх төлбөрийн нэхэмжлэлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц -т торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц -т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ