Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 953

 

 

 

 

 

 

 

 

 

“У А”- УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00614 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “У А”- УТҮГ нь хариуцагч М.М-оос 4 133 180.20 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, хариуцагч М.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М.М- нь Удирдлагын академийн Эдийн засгийн тэнхимд Доктор, профессорын шатлалд ажиллаж байсан. Багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох талаар тус академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам байдаг, үүний дагуу цалинг бодож олгодог. Удирдлагын академийн нэг багш нэг хичээлийн жилд 530 цагийн ногдолтой ажилладаг, нэг сард 53 цагийн ногдол хийснээрээ цалин авдаг. Цагийн ногдлыг сар бүр тооцож болдоггүй, учир нь тухайн багш цагийн ногдлоо энэ сардаа биелүүлээгүй байсан ч дараа сардаа гүйцээх боломжтой. Сургалтын үйл ажиллагааны онцлогоос хамаарч сар болгон цагийн ногдлыг тооцох боломжгүй бол тухайн хичээлийн жилийн эцэст тооцон гаргах боломжтойг журмаар зохицуулсан. Хэрэв 530 цагийг ногдлыг бүрэн гүйцэтгэсэн бол цагийн өргүй гарах, илүү гүйцэтгэсэн бол илүү цагийн хөлс тооцох, гүйцэтгэлдээ хүрээгүй бол цаг тооцох журмын 3 дугаар зүйлийн 14-т зааснаар суутгал хийгддэг.

Урьдчилаад өгсөн цалингаас хийгээгүй ажилд нь олгосон цалингаа эргүүлэн авдаг. Багш 530 цагийг гүйцэтгэхдээ хичээл заах, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээ эрхлэх байдлаар тооцож болдог. Хариуцагчийн хувьд 2016 оноос эхлэн сүүлийн 3 жил хичээлийн цагийн өртэй гарсан. Хариуцагч цагийн гүйцэтгэлдээ зөвхөн хичээл зааж байсан. Бусад үйл ажиллагааг хариуцагч огт хийгээгүй тул цагийн өртэй байсан. Хариуцагч өмнөх 2 жилийн үүссэн өрөө үл маргах журмаар төлж барагдуулсан. Харин 2018-2019 оны хичээлийн жилд 123 цагийн өртэй гарсан учир суутгал хийснээр 4 133 180.20 төгрөг дутуу байгааг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний хувьд Удирдлагын академид багшаас, дэд захирал хүртэл ажиллаж байсан. Сургалтын цагийн ажил, өрийг 3 төрлийн ажлаар гүйцэтгэх ёстой. Гэтэл 2016 онд удирдлага солигдсоноос хойш эрдэм шинжилгээний зөвлөлөөс хасч эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй болгосон. Мөн миний заадаг хичээлийг 5 багшид хувааж заалгахаар болсон тул цагийн өрөнд орсон, өр гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тиймээс хичээлийн цагийн өр 4 133 180.20 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Ажил олгогч ажлаар хангаагүй байж илүү өгсөн цалин гэж нэхэмжлээд байна. Цагийн өрний асуудлыг сургууль комисс байгуулж шийддэг атал тийм шийдвэр ч байхгүй. Ажлаас чөлөөлсөн бөгөөд тойрох хуудсаар тооцоогүй гэсэн. Удирдлагын академийн 2017-2018 он, 2018-2019 оны хичээлийн жилд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, бусад суутгал тухай бүр хийж 2 000 000 төгрөгийн цалингаас 500 000 төгрөг бэлнээр гарт олгогдож байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М-оос 4 133 180.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У А”- УТҮГ-т олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх, хариуцагч М.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 81 081 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байгаа. 2018-2019 оны хичээлийн жилд нэхэмжлэгчээс олгосон 1 сарын дундаж цалин 768 437 төгрөг бөгөөд 2, 3 сарын цалинтай тэнцэх өрийн хэмжээ нь нийт 1 767 405.1 төгрөг болно.  Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ багшийн ажлын цагийн дутуу гүйцэтгэл 123 цаг болохыг тогтоосон боловч мөнгөн дүнг хэрхэн тооцсон, миний тайлбар болон Удирдлагын академийн 2019 оны санхүүгийн тайланд М.М-оос авах авлага ч тусгагдаагүй байгааг зөв үнэлээгүйгээс илүү 2 365 775.1 төгрөг гаргуулах үндэслэлгүй шийдвэр гаргасан.  Мөн цагийн өрийн мөнгөн дүнг зөв тооцсон эсэх, энэ нь Удирдлагын академийн санхүүгийн тайланд хэрхэн үнэн зөв тусгагдсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “У А”- УТҮГ нь хариуцагч М.М-од холбогдуулан 2017-2018 оны хичээлийн жилд 127.90 цаг, 2018-2019 оны хичээлийн жилд 123 цаг, нийт 250.90 хичээлийн цагийн төлбөр 4 133 180.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх1-4/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаадлагаа өөрчлөн тодруулж 2018-2019 оны хичээлийн жилд дутуу гүйцэтгэсэн 123 цагийн төлбөр 4 978 056 төгрөгөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цалингаас нь суутгасан 844 875.8 төгрөгийг хасч, үлдэх 4 133 180.20 төгрөгийг гаргуулна гэснийг /хх 30/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 26, 78/

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзвэл, хариуцагч М.М-од урьдчилан олгосон цалин хөлснөөс хийгээгүй ажилд нь тооцсон цалинг буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

Хэрэгт ажил олгогчоос хариуцагч М.М-од бодитоор урьдчилан олгосон гэх цалин хөлсний хэмжээг тодорхойлсон талаар баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйл болж буй хийсэн ажил, түүнд олгосон цалингийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд илүү олгосон цалингийн хэмжээг тооцон гаргах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг баримтаар нотлох, шүүх зохигчдын маргаж буй үйл баримтын талаар тодруулах, энэ хүрээнд талуудыг мэтгэлцүүлж, улмаар тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үйл баримт тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зөрчлийг засах боломжгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж эрх зүйн дүгнэлт хийх, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан тооцооллыг үнэлэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР                                                                      

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА