Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/832

 

С.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Далайхүү, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/478 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2105 00819 1271 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн С-ийн Г, 1971 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

С.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.Б-г зодож, түүний биед баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн 2, 3, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: С.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я овогт С-ийн Г-т холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Г-т оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон 59 /тавин ёс/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Б-д төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдолдоо: “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч О.Б болон түүний гэр бүлээс уучлалт гуйсан бөгөөд цаашид тусалж дэмжиж байх болно. 2013 онд миний хань П.Э сахарын өвчний улмаас хүндээр өвчилж, нас барсан. Охин Г.О-ийн хамт өрх толгойлон өнөөг хүртэл амьдарч байна. Уг хэрэг гарахаас өмнө 2020 онд цар тахлын улмаас сургуулийн хичээл орохгүй байсан тул охин Г.О-ийг өөрийн төрсөн дүүгийнд түр амьдруулахаар Архангай аймгийн Өндөр-Улаан сум руу явуулсан байсан. Шийтгэх тогтоолд ам бүл 1 гэж буруу бичсэн. Охин Г.О-д асран хамгаалагч албан ёсоор тогтоолгоогүйд гомдолтой байна. Би 2014 оноос цусны даралт ихсэх, баруун, зүүн хоёр бөөр архаг үрэвсэлтэй гэх оноштойгоор байнга эмнэлгийн хяналтад байдаг. Миний гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, хэргээ хүлээсэн, хохирогчид болон бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, ар гэрийн хүндрэлтэй байдал, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Г нь ам бүл 2, охины хамт амьдардаг гэж давж заалдах шатны шүүхэд ярьж байна. Ам бүл ганцаараа гэж хэрэгт авагдсан байдаг. Түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, өмнө нь хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдэж байсан зэргийг нь харгалзан үзэж түүн тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод хохирогч О.Б-г зодож, түүний биед баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн 2, 3, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч О.Б-ийн: “...С.Г-тай хамт хоол хийж идчихээд 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. С.Г гэнэт надад хандаж “Чи гэрийнхээ хойно байрлах барилга руу ордог, тэнд уулздаг хүн байгаа юу” гэж байснаа намайг зодсон. Намайг гэрээсээ гаргахгүй хаалгаа цоожилж байгаад дахин зодсон. Би харих гэсэн боловч гарч чадахгүй айгаад тэндээ үлдсэн. Маргааш нь 9 цагийн үед би гэртээ харьсан бөгөөд гэртээ очоод амарч байхад манай том охин энэ талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 17/,

гэрч Б.Ж-ын: “...2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ээж над руу залгаад “С.Г ахтай нь уулзана, оройтох байх” гэж хэлсэн. Орой утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь ээж залгаад “С.Г ах чинь өчигдөр зодчихсон, ажилдаа явж чадахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ очиход ээжийн нүүр, гар, өгзөг, зүүн хөл гээд хөхөрч хавдсан байсан. Тэгэхээр нь би айгаад цагдаад дуудлага өгсөн бөгөөд шууд эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гэсэн ба хагалгаанд орж магадгүй, 9 хавирга хугарсан байна гэж хэлсэн. ...” /хх 22/,

шүүгдэгч С.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. ...” /хх 167/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн 2, 3, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зүүн мөрний зүсэгдсэн шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5626 дугаартай дүгнэлт /хх 38-40/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2578 дугаартай өвчний түүх, гэрэл зургууд /хх 68-81/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангахгүй буюу хохирогч О.Б нь шүүгдэгч С.Г-ын эхнэр, хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий этгээд биш гэж дүгнэж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хохирогч О.Б-ийн “...Бид хоёр уулзаад 2 жил гаруй болж байгаа. Заримдаа нэг уулзаж, тэдний гэрт хонодог байсан. ...” /хх 17/, гэрч Б.Ж-ын “...С.Г нь манай ээж О.Б-тай харилцаад 3 жил болж байгаа. ...Миний мэдэхээр үерхдэг юм шиг харагддаг. ...” /хх 22/ гэх мэдүүлгүүдээр С.Г, О.Б нар нь дотно харилцаатай боловч хамтран амьдардаггүй, гэр бүл болоогүй нь гэр бүлийн харилцан хамааралтай гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ялаас хоёр жилийг хасахаар заасан бөгөөд шүүгдэгч С.Г-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жилээр тогтоож Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь зөв болжээ.

Иймд, хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий шүүгдэгч С.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/478 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/478 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ