Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.З,

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Маргааны төрөл: “” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. “” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09 өдрийн А/189 дүгээр тушаалаар “” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн нүхтийн задгай нэртэй газарт 0.36 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “” ХХК нарын хооронд дугаар бүхий “Улсын хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулан, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар газар ашиглах гэрчилгээ олгосон байна.
  3. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Год хандан “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль зэрэг бусад салбар хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв.” гэжээ.
  4. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “...187 иргэний мэдээллийг дахин нягтлан шалгаж 170 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах саналыг дахин хүргүүлж байна.” гэж хандсаны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалжээ.
  5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр газрын эрхийг цуцалж, хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
  6. Нэхэмжлэгчээс Байгаль орчин аялал жуулчны сайдад 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №22/010 дугаар албан бичгээр газрын эрхээ сэргээлгэхээр хандсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10/1208 дугаар албан бичгээр хариу өгчээ.
  7. Тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0371 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
  8. Улмаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэхээр 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсний дагуу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.
  9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““” ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, БОНХАЖЯ-ны УТХН-ийн удирдлагын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тоот гэрчилгээ зэргийг үндэслэн дугаар бүхий “Улсын хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан болно. Тус гэрээгээр Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор № ******* тоот гэрчилгээтэй 0.36 га бүхий талбайг 5 жилийн хугацаатай байгуулсан. Тухайн газар дээр 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №******* дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу зочид буудлын барилгын төслийн ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Загвар зураг”-ийг батлуулсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  ******* тоот “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан тоотоор мэдсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлаагүй мөн хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” тушаалыг бидэнд ирүүлээүй, цахимаар болон утсаар, баталгаат шуудангаар аль ч хэлбэрээр мэдэгдээгүй болно. Бид 2022 ны 04 дүгээр сарын 07-н өдөр эскиз зургийн өөрчлөлтийг батлуулахаар явж байхдаа газраа цуцалсныг сонссон бөгөөд үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулсны дагуу 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 358 тоот албан бичгээр хариу ирүүлсэн болно. Тус албан тоотод “” ХХК нь газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5, ашиглах эрх авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн А/ дүгээр “Газар ашиглэх эрхийг дуусгавар болгосон”  тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна гэх албан тоотыг хүлээн авсан. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №******* дугаартай Байгаль орчин, аялал жуулчны сайдад “Газрын эрхээ сэргээлгэх тухай” албан тоот хүргүүлсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр “…гомдолд дурьдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн хариу ирүүлсэн байх тул ийнхүү Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно. Бид зочид буудлын батлагдсан эскиз зургаар барилга барихаар төлөвлөсөн боловч холбогдох техникийн нөхцөлүүд маш удаашралтай гарахгүй байсны улмаас “Барилга хөгжлийн төв”-өөр ажлын зургаа магадлалаар батлуулж чадахгүй байгаа болно. Учир нь “яармагийн бохирын ф600 шугам одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа тул УСУГ-аас олгодог техникийн нөхцөл гацсан” гэх мэт шалтгаанууд байсан. Энэ хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас ажил зогсонги байдалд орсон ч “Ч*******” ХХК-тай тохиролцон цэвэр усны шугам болон дулааны шугамыг тус тус 2021 онд татаж газар шорооны ажил болон хашаа шинээр барих ажлууд хийгдэж байсан. Бид “Ч*******” ХХК-ийн 2021 онд ашиглалтад орсон ХТП6655-аас цахилгааны эх үүсвэрээ авах мөн тухайн компаний бохирын цооног руу бохир усаа хийхээр тохиролцсон, ногоон байгууламж, хашаа барьж дууссан буюу барилгажих талбайгаас бусад ажил бүрэн хийгдэж дууссан болно. Газар дээр барилга барихаас өмнө бичиг баримтын хувьд зөвшөөрлүүдийг авахгүй бол шат шатандаа ажил хийхийг зөвшөөрдөггүй тул бид шат дараалалтайгаар ажлаа эхлүүлээд байгаа болно. Манай компани цаг хугацаандаа төлбөрөө төлж байсан бөгөөд сүүлийн жилүүдийн хорио цээрийн улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан төлж чадахгүй байсан хэдий ч газрын төлбөрөө төлөх гэсэн боловч газар цуцалсан гэсэн шалтгаанаар төлбөр төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай  А/ дүгээр тушаалын хүчингүй өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
  10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаал, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, удирдлагын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тоот гэрчилгээ зэргийг үндэслэн   дугаар бүхий “Улсын хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гуравласан гэрээ”-г байгуулсан.

            Гэрээг байгуулсан цагаас хойш манай компани гэрээнд заасан нөхцөл, үүргийг биелүүлж байсан бөгөөд 2017 онд МЗХ2017/08-19 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авсан. Эскиз зураг зуруулах “Д*******” ХХК-тай гэрээ байгуулж 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эскиз зургийг батлуулж, 2019 онд “Ч*******” ХХК-тай ус ариутгах татуурга, дулаан болон цахилгаан тэжээлээр холбохоор тохиролцсон. Уг тохиролцсон ажлынх нь дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гадна дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын угсралтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээг “*******” ХХК-тай гэрээ байгуулж ажлыг гүйцэтгүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээг “А*******” ХХК-тай гэрээ байгуулж ажлыг гүйцэтгүүлсэн.

            Гэтэл Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/******* тоот тусгай хамгаалалттай газар нутагт гэрчилгээг хураалгах тухай албан тоотоор 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн. Мэдсэн даруйдаа бид сайдад болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гомдол гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Иймд шүүхийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт болон хариуцагчийн тайлбараас үзэхэд Газрын тухай хуульд заасан хугацаандаа төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газар 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэдэг нь хангалттай тогтоогдож байна.

            Нэгдүгээрт: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэдэг нь харагдаж байна. Газрын төлбөрийг төлж байсан нь тооцоо нийлсэн актуудаас харагдана. Газрын төлбөрийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан Газар зохион байгуулалтын алба болон Татварын алба нэхэмжлэл үүсгэж байсан. Энэ нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

            Хоёрдугаарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд тайлбар хэлье. Сайд тогтоохгүй, чиг үүргийнхээ дагуу Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын захиргаа бодит байдлыг тогтоох ёстой гэж тайлбар хэлж байгаагаас үзэхэд тухайн үед бодит байдлыг тогтоогоогүй, баримт байхгүй гэдгээ өөрөө илэрхийллээ. Тодорхой ажлууд хийгдсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. 2 жилийн хугацаанд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг техникийн нөхцөлөө батлуулсан. Ингээд барилгын ажил эхлүүлэх гэж байтал газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан талаар мэдсэн.

            Тодорхой ажил хийсэн гэдгийг ч Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын захиргаа баталгаажуулж өгснийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Эрүүгийн цагдаагийн газрын саналыг үндэслэн хүчингүй болгох үндэслэл бас тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг нь цуцлах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаны албан бичгийг үндэслэж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Захиргааны байгууллагаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах, мөн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг баримтжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй. Асуулт хариултын шатанд акт гарахаа өмнө сонсох ажиллагаа явуулаагүй, акт гарсны дараа мэдэгдээгүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалын “” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцэн бодит нөхцөлд тохирсон 4.2.6 бусдын эрх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцох, хангах зарчмыг баримтлаагүй, 43 дугаар зүйлийн 43.4 хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус үндэслэлгүй акт гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/ тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/ тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах... мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй... 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” “Мөн зүйл, хэсэгт заасан”... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 110-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 18 ны өдрийн А/ дугаар "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаартай тушаалаар “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тушаал гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг үндэслэсэн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсээс ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдоно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д 2 жил ашиглаагүй гэдэг нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2020 оны 11и-3/5988 тоот албан бичгээр нотлогдоно. Тухайн газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан боловч газар дээр барилга байгууламж бариагүй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг ирүүлсэн. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн саналыг ирүүлсэн. Энэ саналын дагуу газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Эдгээрийг үндэслэн газрын эрхийг цуцалсан тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.
  2. Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтааас үзвэл (нэгд) хүндэтгэн үзэх шалтаангүй байх; (хоёрт) газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх; (гуравт) 2 жил ашиглаагүй байх нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн тохиолдолд тус хуулийн дагуу гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
  3. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдсанчлан “” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосны дагуу 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2016/124 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулж, ******* дугаар гэрчилгээг олгожээ.
  4. Нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглахаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр МЗХ2017/08-19 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авч, загвар зургаа батлуулсан, мөн “Вармхаус констракшн” ХХК-тай ““Ч*******” ХХК-ийн ерөнхий дулааны шугамаас шинээр огтолгоо хийж гадна дулааны хангамж, цэвэр ус, ариутгах татуургын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулан, газар шорооны ажлыг хийж, зам талбай тохижуулах зэрэг ажил хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
  5. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.“Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2.“Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4.“Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”, 5.“Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж заажээ.
  6. Газрын төлбөрийн хуульд дээрх өөрчлөлт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орсноор холбогдох газрын алба төлбөр ногдуулж илгээснийг татварын алба төлүүлэхээр байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэх ирсэн төлбөрийг бүгдийг төлсөн болох нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/174 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
  7. Гэтэл тус хуулийн дагуу газрын төлбөрийг ногдуулж нэхэмжлээгүй атлаа газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хуульд нийцэхгүй байна.
  8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заажээ.
  9. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10-17/64 дүгээр албан бичиг болон мөн оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10-17/131 дүгээр албан бичгүүд, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт (хэрэгт хавсралтаар авагдсан нотлох баримтын 166 дугаар хуудас), 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2016, 2017, 2018 онуудад газрын төлбөрт нийт 9,504,000 (есөн сая таван зуун дөрвөн мянга) төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйг тогтоосон баримт байхгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/300 дугаар албан бичгээр нотлогдож байна.
  10. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.
  11. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичгээр ирүүлсэн асуудал нь шууд нотлох баримт болохгүй ба Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргах эрх бүхий этгээд түүнийг гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол нөхцөл байдлыг захиргааны гаргахаас өмнө тогтоох үүрэгтэй.

Гэтэл хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгохгүйгээр тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасантай нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН