Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хуралдааны тэмдэглэлийг

нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020535 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3; эх, ахын хамт , ялгүй, М  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч М  2017 оны 2 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Маск” нэртэй кароакед Б.Өсөхбаяртай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад холбогдох хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байгаа тул дахин мэдүүлэгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой уулзаж мөнгө төгрөг өгье гэсэн боловч утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Хохирлыг нь төлнө. Би саяханаас ажилд орсон. Цаашид ийм байдал гаргахгүй байж чадна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Батбаярын Өсөхбаяр “... 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 00:00 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Маск” кароакед ажилладаг найз охин Долгорцэндийг ажлаас нь тарахаар нь авах гээд очсон. Текэн дээр найз охинтойгоо юм яриад байж байсан чинь М  гэх залуу ирээд манай найз охин Долгорцэндийг тараад цуг явна шүү гэсэн. Тэгэхээр нь би үг яриа чинь ариа хэтрээд байгаа юм биш үү гэсэн чинь намайг заамнаас бариад аваад үүд рүү авч очоод намайг цээжинд нэг цохиод, нүүр рүү нэг удаа цохьсон. Манай найз охин гүйж ирээд салгаад болиулсан. Манай найз охин намайг текний ард оруулсан. Текний ард байхад над руу нилээн дайраад байсан. Тэгээд манай найз охины ажлын газрын захирал нь цагдаа дуудаад орж ирээд аваад явсан. Миний цээж рүү нэг удаа, уруул руу нэг удаа, нийт намайг 2 удаа цохисон. Текэнд ноцолдож байхад толгойгоор хана руу мөргүүлсэн. Намайг үг яриа чинь хэтрээд байгаа юм биш үү гэсэн чинь зодсон. Тэрнээс л болсон байх. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал болох 300.000 төгрөгөө нэхэмжилнэ. 300.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Зарим баримтаа байхгүй болгочихсон” /хх-н 12, 32/ гэж, гэрч Батсанаагийн Долгорцэнд “... би “Маск” караокед зөөгч ажилтай. Тухайн өдөр ажил дээрээ байхад намайг нэг залуу өдөж хоргоогоод юм асуугаад дагаад яваад байсан. Тэгээд тэкен дээрээ ирсэн чинь тарахаар чинь хамт явна шүү гэсэн. Гэтэл манай найз залуу Өсөхбаяр уурлаад үг чинь арай хэтрээд байгаа юм биш үү гэсэн чинь заамдаж аваад нүүр рүү нь нэг удаа цохисон. Би салгаад байж байсан чинь Өсөхбаярыг ахын дүү одоо хоёулаа зүгээр юм ярья гэж байгаад камергүй газар очоод нэг удаа цохисон. Манай захирлын найз нь салгах гэж оролдсон. Бид хоёр л харсан. Үг чинь хэтрээд байгаа юм биш үү гэж хэлэхэд нь үгийн зөрүүгүй цохисон. Эхэлж нүүр рүү нь нэг удаа, дараа нь шатны хажууд авч ирээд бас нүүр рүү нь нэг удаа цохисон. Текний ард байж байхад нь араас нь очоод толгойгоор нь галын хорын модон хайрцаг мөргүүлсэн” /хх-н 15/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч Б.Өсөхбаярын гэмтэлтэй холбоотой “Өсөхбаярын биед тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-н 14/ гэсэн 2385 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Гэвч шүүгдэгч М ын үйлдсэн дээрх гэмт хэрэг шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 3-нд үйлдэгдсэн нь түүний эрх зүйн байдалд эерэг нөлөөлөхөөр буюу түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарч, улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан заалттай нийцнэ. Иймд шүүгдэгч М т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. Хохирогч Б.Өсөхбаяр нийт 300.000 нэхэмжилнэ гэх боловч энэ нэхэмжлэлтэй нь холбоотой нотлох баримтууд бүрэн гүйцэт авагдаагүй байна. Гэхдээ хохирогч Б.Өсөхбаярын томографик үзлэгт хамрагдсан кассын зарлагын 95.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсаныг нотлох баримтаар үнэлж, энэ мөнгийг шүүгдэгч М аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Боржгон М ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүдэгч М ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М аас 95.0000 төгрөг гаргуулж хохирогч Б.Өсөхбаярт олгож, хохирогч Б.Өсөхбаяр нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М т урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ